Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/01998

 

 

 

 

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/06544 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болон алданги гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, ээлжийн амралтын цалин, алданги, урамшуулал нийт 723,151,196 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь *******-д 2015 оны 5 дугаар сараас үр дүнтэй ажиллаж ирсэн. *******-ийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 35/03 дугаар тушаалаар надтай байгуулсан Онцгой нөхцөлтэй гэрээ-г нэг талын санаачилгаар дуусгавар болгосон нь үндэслэлгүй байсан тул хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан. 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 35/06 дугаар тушаалаар намайг гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн томилсон. Гэтэл 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 35/08 дугаар тушаалаар хөдөлмөрийн харилцааг байгууллагын санаачилгаар дахин цуцалсан.

1.2 ******* болон түүний охин компани *******-иас гаргасан нийт ажилтнуудад компанийн хэрэгжүүлж буй төслөөс үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах боломж олгосон шийдвэр, сурталчилгаа явуулж борлуулалтаа хурдан хийх зорилгоор ******* хотхоноос худалдан авалт хийхийг уриалсан. Уг зар сурталчилгааны дагуу миний бие YT-K118 дугаартай үйлчилгээний талбай захиалгын гэрээний дагуу бусадтай адил зах зээлийн үнээр худалдан авсан. Худалдан авах захиалгын гэрээг 2020, 2021, 2023 онд байгуулсан. Тушаалд зөрчил гэж тооцож заах юм бол зөрчил илрүүлснээс хойш 30 хоногийн хугацаанд сахилгын шийтгэл тооцох хуулийн хугацаа өнгөрсөн.

1.3 Компани болон группийн эрх бүхий албан тушаалтан нийт 15 ажилтан, 32 үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан. Миний бие бусад 14 ажилтны нэгэн адил тухайн үеийн зах зээлийн үнээр, нэмэлт хөнгөлөлт өөртөө олгож, үнийн дүнгээс ашиг олоогүй худалдан авсан. Компанийн зүгээс төсөл бүрэн дууссан энэ цаг хугацаанд буюу онцгой нөхцөлтэй гэрээнд заасан урамшуулал олгох хугацааны өмнө ажлаас халах тушаал гаргаж байгаа нь надтай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын авах урамшуулал 604,000,000 төгрөгийг өгөхгүй байх хүсэл сонирхолтойн улмаас бусад 14 ажилтныг үлдээж, зөвхөн надад зориулан хөдөлмөрийн харилцааг цуцлах тушаал гаргасан нь илтэд ялгаварлан гадуурхсан үйлдэл гэж үзэж байна.

1.4 Миний бие байгууллагаас өөр газар хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулаагүй. Өөр байгууллагад хөдөлмөрлөөгүй, цалин аваагүй, нийгмийн даатгал төлөөгүй. Надад үүсгэн байгуулсан компани байгаа боловч ганцхан үүсгэн байгуулагч, ганц хувьцаа эзэмшигчтэй тул Компанийн тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар компанийн гүйцэтгэх захирал гэж явж байгаа. Намайг зэрэгцээ хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж хөдөлмөрийн гэрээ цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан бол компанийн зүгээс Хөдөлмөрийн дотоод журмын 12.2.2.2 болон 12.2.3 дугаарт тус тус зааснаар зэрэгцээ хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх талаар тайлбар авч, зөрчлийн хуудас бөглүүлэх, мөн компанийн зүгээс зэрэгцээ хөдөлмөрийн гэрээ байгуулсныг холбогдох нотлох баримтаар баталгаажуулсны үндсэн дээр сахилгын шийтгэл ногдуулах байсан.

Иймд ажилд эгүүлэн тогтоож, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 35/08 дугаартай Гүйцэтгэх захирлыг чөлөөлөх тухай тушаалаар хөдөлмөрийн харилцааг цуцалснаас хойших хугацаа буюу 2023 оны 11 дүгээр сараас 2025 оны 08 дугаар сар хүртэлх нийт 21 сарын цалин болох 189,000,000 төгрөг, мөн нийт 21 сарын хугацаанд үндсэн цалингаа аваагүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасны дагуу тус цалинг хоног тутмын 0,3 хувиар үржүүлэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн алданги 94,500,000 төгрөг, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, ээлжийн амралтын цалинг нийгмийн даатгалын тайланд баталгаажсан 58,525,140 төгрөгөөс, 35,423,672 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг хасаад 26,727,364 төгрөг болон түүний алданги 13,363,682 төгрөгийг гаргуулна.

1.5 Мөн төслийн 1 дүгээр ээлжийн урамшууллын дүнгээс дутуу олгосон 1 хувьтай тэнцэх цэвэр ашгийн урамшуулал 1,382,000 төгрөг, *******-ийн санхүүгийн тайланд баталгаажсан 2023 оны нийт цэвэр ашиг 52,460,349,187 төгрөг бөгөөд үүнээс 2023 оны цэвэр ашиг дахь 1 дүгээр ээлжийн ашиг 23,140,309,000 төгрөг, санхүүгийн тайланд баталгаажсан 2024 оны нийт цэвэр ашиг 10,497,774,813 төгрөг байна. Нийт 2 жилийн цэвэр ашгийн дүн 39,817,814,999 төгрөгөөс цэвэр ашгийн 1 хувь 398,178,150 төгрөгийг урамшуулалд гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр *******-ийн гүйцэтгэх захирал ******* нь толгой компани болох ******* тухайн үеийн *******-ийн ерөнхий захирал тай уулзаж, ажлаас гарах өргөдлөө өгөх тухайгаа илэрхийлсэн тул хувьцаа эзэмшигчдийн зүгээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох шийдвэр гаргасан. Гэтэл 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 35/03 дугаар шийдвэрийг ажилтан эс зөвшөөрч гомдол гаргасан. Ажлаас халах тушаал гаргасантай холбоотойгоор 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр *******-ийн хувьцаа эзэмшигчид ******* ажиллах хугацааны ажлын гүйцэтгэлийг шалгах ажлын хэсгийг 35/05 дугаар тушаалаар томилсон бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тайлан гарсан.

Уг тайлангаар ******* нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж, төрсөн ах ын 100 хувийн эзэмшлийн хуулийн этгээд болох -тай 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр YT-K108 дугаартай гэрээг байгуулсан. Мөн ашиг сонирхлын зөрчил үүсгэж, өөрийн 100 хувийн хувьцаа эзэмшлийн хуулийн этгээд болох -тай 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр YT-K118 дугаартай гэрээг байгуулсан. Ийнхүү гэрээ байгуулахдаа Компанийн тухай хуулийн 89, Бизнесийн үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн дүрмийн 3.2-3.5-д заасан ашиг сонирхлын зөрчилтэй хэлцлийг хийх зөвшөөрлийг аваагүй, холбогдох этгээдэд мэдэгдэлгүй байгуулсан.

******* нь Хөдөлмөрийн гэрээний 7.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, өөр этгээдтэй хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд орж үүрэг гүйцэтгэсэн. Энэ тухайгаа үндсэн ажил олгогчид мэдэгдээгүй нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ. Иймд ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.

2.2 Нэхэмжлэгчийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 35/01 дугаар *******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр тус компанийн гүйцэтгэх захирлаар томилж Хөдөлмөрийн тухай хуульд заасан контракт буюу менежментийн гэрээ байгуулан хувьцаа эзэмшигч хамтран ажиллаж эхэлсэн болон 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шинэ Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ОНБХГ2022/01-19 тоот онцгой нөхцөлт хөдөлмөрийн гэрээ байгуулан гүйцэтгэх захирлын ажил үүргийг гүйцэтгүүлж байсан. Иймд *******-ийн хувьд 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэрийг Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 57.2.1, 65.4.4, ажилтантай байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ОНБХГ2022/01-19 тоот онцгой нөхцөлт хөдөлмөрийн гэрээний 2.1.12, 6.2.15, 6.2.16, 6.2.17, 7.1, 7.3, 8.2.4, 8.3.9, 8.3.10-т заасныг болон 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ажилтны гаргасан ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх удирдлагын баталгааг тус тус үндэслэн гаргасан.

2.3 Нэхэмжлэгч нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа удирдлагад буюу компанийн шийдвэр гаргах эрх бүхий этгээд болох хувьцаа эзэмшигчид ёс зүйн хороонд зохих ёсоор өөрөө өөртэйгөө ашиг сонирхлын зөрчилтэй Үйлчилгээний талбай захиалгын гэрээ, Автомашин зогсоол захиалгын гэрээ-г удаа дараа байгуулсан буюу нийт 1,078,786,000 төгрөгийн гэрээ хэлцэл байгуулсан, удирдлагад мэдэгдэж зөвшөөрөл авалгүй зэрэгцэн ажил эрхэлсэн зэргээр ажил олгогчийн итгэлийг алдсан дахин итгэл хүлээлгэх боломжгүй гэж компанийн хувьцаа эзэмшигч дүгнэсэн болон хувьцаа эзэмшигч өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн. ******* нь хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулж зөвшөөрөл авах үүрэг хариуцлагаа бүрэн мэддэг, хэрэгжүүлэх боломжтой албан тушаалтан болно.

2.4 ******* нь энэхүү компанийн ажлын төлөвлөгөө, борлуулалтын төлөвлөгөө, маркетингийн төлөвлөгөөг боловсруулах, үүнийгээ хувьцаа эзэмшигчийн өмнө хариуцан тайлбарлах эрх бүхий этгээд бөгөөд үүнээс үүдэн нэхэмжлэлд дурдаж буй урамшууллыг авах эрх бүхий этгээд болохыг дурдах нь зөв юм. Ийм учраас Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4, Бизнесийн ёс зүйн дүрмийн 3.6-д заасны дагуу мэдээлэх үүргээ хэрэгжүүлэх үүрэгтэй юм. Зэрэгцэн хөдөлмөрийн гэрээ байгуулах эрх нь онцгой нөхцөлт хөдөлмөрийн гэрээтэй тохиолдолд урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авахыг хуульд тусгайлан зааж өгсөн.

2.5 Мөн хувьцаа эзэмшигчдийн зүгээс *******д компанийн энгийн ажилтнаас илүү онцгой нөхцөл, хангамжийг олгон ажил үүргийг гүйцэтгүүлж байсан. Урамшууллын журамд заасны дагуу 2020 онд 25,205,157 төгрөг, 2021 онд 67,954,279 төгрөг, 2022 онд 80,878,351 төгрөг, 2023 онд 321,303,841 төгрөг нийт 495,341,629 төгрөг олгосон. Групп компанийн дотоод бодлогын хүрээнд гүйцэтгэх эрх бүхий албан тушаалтны хувьд нийт 149,832,422 төгрөгийг олгосон. Энгийн ажилтны хувьд сарын унааны хангамжид 20,000 төгрөг олгодог бол гүйцэтгэх захиралд 1800 км зам туулах шатахууны хангамж буюу 2,100,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний шатахууны хангамжийг олгож байсан. гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаа биелүүлж эхэлсэн цагаас том оврын Land cruiser-200 маркийн автомашин, жолоочоор хангасан.

Дээрхээс дүгнэвэл компанийн зүгээс үүрэгт ажлаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид зохих ёсоор бие даан хэрэгжүүлэх бүхий л нөхцөл бололцоог олгож, энгийн ажилтны эдлэх хөдөлмөрийн хангамжаас илүү хангамж олгож байсан. Гүйцэтгэх удирдлага нь энгийн ажилтнаас илүү хангамж эдлэх эрх бүхий албан тушаалтны хувьд энэ хэрээр илүү чиг үүргийг хэрэгжүүлж, хариуцлага хүлээж, ёс зүйтэй, ажил олгогчийн итгэлийг хүлээх этгээд юм.

2.6 Ажлаас гарснаас хойш тооцогдож байгаа бүх шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь *******тай байгуулсан менежментийн гэрээ буюу онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээнд заасанчлан гүйцэтгэх удирдлагын авах менежментийн урамшууллыг компанийн урамшууллын журмаар тооцдог. Компанийн урамшууллын журамд зааснаар ажилтныг ажлаас гарснаас хойш ямар нэгэн байдлаар урамшуулал олгохгүй гэж заасан байдаг тул урамшууллыг хүлээн зөвшөөрөхгүй. Ажлаас халсан тушаал үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 189,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. Алданги тооцох хууль зүйн зохицуулалт нь ажил олгогч нар тогтсон олгох ёстой байсан хугацаандаа цалингаа өгөөгүйгээс алданги тооцох зохицуулалт болохоос биш, ажлаас халсан шийдвэртэй холбоотойгоор талууд маргаж байгаа учраас алданги тооцох үндэслэлгүй.

2.7 Ээлжийн амралтын цалингийн хувьд ******* нь компанитай тогтвортой байдлын гэрээнд оруулаад 78,000,000 төгрөг авсан. Үүнтэй холбоотойгоор тогтвортой байдлын гэрээний дагуу хэрвээ ажилтан тогтвортой байдлын гэрээ дуусахаас өмнө ажлаасаа гарах юм бол ажиллаагүй хугацаанд ногдох төлбөрийг л компани буцаан төлөх үүрэгтэй тул нийт 18,000,000 орчим төгрөгийн өр төлбөр ******* захиралд байсан. Ээлжийн амралтын цалингийн 26,000,000 төгрөгийн 18,000,000 төгрөг нь тэр тогтвортой ажиллагааны үнийн өр төлбөрт суутгагдсан. Нэхэмжлэгчтэй байгуулсан тогтвортой байдлын гэрээнд зааснаар онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд эргэн төлөгдөх дүнгээс 2023 оны 11 дүгээр сараас хойш 13,321,875 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй тул хасч тооцуулна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас 27,817,939 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалин, алданги, төслийн 2 дугаар ээлжийн урамшуулалд нийт 695,333,257 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 297,040 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 ******* үүсгэн байгуулсан компани бий боловч, ганцхан үүсгэн байгуулагч, ганц хувьцаа эзэмшигчтэй тул Компанийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан компанийг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага болон Улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн этгээд шинээр үүсэн байгуулагдахад тавигдах шаардлагын дагуу компанийн дүрмийн бүртгэлээр гүйцэтгэх захирал гэж явж байгаа. Уг үүсгэн байгуулсан компани болон бусад ямар ч компанид Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлд заасан зэрэгцээ хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, цалин хөлс аваагүй, зэрэгцээ хөдөлмөрийн гэрээний дагуу эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй. ******* нь хувийн компанийг ямар зорилгоор байгуулж байгаа талаар хувьцаа эзэмшигч, дотоод аудитын захирал т мэдэгдсэн.

4.2 Тушаалд дурдсанаар би өөрийн ажиллаж байсан *******-иас компанийн бусад удирдах албан тушаалтан буюу хуульд заасан эрх бүхий албан тушаалтан 14 захирал, ажилтантай нэгэн ижил үнийн дүнгээр, нэгэн ижил гэрээний загвараар, адил төлбөрийн нөхцөлөөр үл хөдлөх хөрөнгө болон авто зогсоол худалдан авах захиалгын гэрээг байгуулсан.

Мөн үл хөдлөх хөрөнгө худалдаалах төслийн борлуулалтыг Таванбогд резиденс ХХК нь 100 хувь хариуцан хийсэн. Хувьцаа эзэмшигч , нар гэрээ байгуулсныг мэдэж байсан бөгөөд мэдээлэх үүргээ ******* гүйцэтгэсэн. Хувь эзэмшигчдийн хурал дээр танилцуулах, хэлэлцэх эсэх асуудал нь нэхэмжлэгчийн үүрэг биш.

4.3 *******-ийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 35/05 дугаар хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор ******* 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш гүйцэтгэх захирлын ажил үүргээ гүйцэтгээгүй байхад 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр үүрэг болгосон. үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс өмнөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ёстой. Он, cap, өдрийн хувьд илт логикийн алдаатай тогтоол нөхөж гаргасан байна. Үүнээс үзвэл уг нотлох баримт нь нотлох баримтын шаардлагыг хангахгүй, хөдөлмөрийн харилцаа цуцлах тушаалын үндэслэл болох боломжгүй.

4.4 ******* нь ******* худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн гэрээг ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байна гэж үзэж, хөдөлмөрийн харилцааг цуцлах үндэслэл болгож байгаа бол мөн *******-ийн 14 удирдах зөвлөлийн баг буюу хуульд заасан эрх бүхий албан тушаалтнуудын хөдөлмөрийн харилцааг мөн өөрийн Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу цуцлах ёстой байсан. Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.2.7, 5.1.2.17, 5.1.2.21-т зааснаар гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээг цуцалж буй үндэслэлээ тайлбарлаагүй, мөн хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу шат дараалалтай процесс ажиллагаануудыг явуулаагүй.

Мөн хөдөлмөрийн дотоод журмын 12.2-т заасан сахилгын зөрчил бүртгэн шийдвэрлэх бүлэгт заасан шалган тогтоох журамласан ажиллагааг зөрчсөн, зөрчлийн хуудас бөглүүлээгүй.

4.5 Хариуцагч нь нэхэмжлэгчийг урамшуулал олгох гэрээний улмаас ялгаварлан гадуурхах үйлдэл гаргасан эсэхийг тодруулах ажиллагааг анхан шатны шүүх хийх ёстой байсан.

4.6 Бүх захиалгын гэрээг *******-иас Санхүүгийн албаны дарга, Хуулийн зөвлөх, Борлуулалтын хэлтсийн дарга нар шат дараалан дотоод хяналтыг хийж баталгаажуулдаг ба үүний дагуу гүйцэтгэх захирал гэрээг батална. Гэрээг байгуулсан нь хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод хэм хэмжээ зөрчиж байгаа зөрчил мөн байсан бол гэрээг батлахыг зогсоох, гарын үсэг зурахаас татгалзаж, зөрчлийг гаргасан өдрөөс 30 хоногт багтаан хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан байх ёстой.

4.7 Ажилтны тогтвортой байдлын гэрээ нь Онцгой нөхцөл байдал бүхий хөдөлмөрийн гэрээ-ээс тусдаа Иргэний хуулийн дагуу шийдвэрлэгдэх ёстой хөдөлмөрийн маргаанаас тусдаа гэрээ. ******* нь Ажилтны тогтвортой байдлын гэрээ нь Үндсэн хуулиар олгогдсон ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь заалтыг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл. Хариуцагч нь тус гэрээг компанийн санаачилгаар цуцалсны улмаас өөрийн компанид гэм хор учирсан гэж үзэж байгаа бол тус хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад Ажилтны тогтвортой байдлын гэрээ-г үндэслэн нэхэмжлэгч талд сөрөг нэхэмжлэл бичгээр гаргах ёстой.

******* нь тус Ажилтны тогтвортой байдлын гэрээ-ний дагуу тусламж үзүүлсэн гэх мөнгөн дүнг *******д шилжүүлсэн гэх нотолсон нотлох баримт, банкны хуулга бусад мөнгөн шилжүүлгийн баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргаагүй бөгөөд нотлох үүргээ мөн гүйцэтгээгүй.

Мөн Ажилтны тогтвортой байдлын гэрээ-ний дагуу *******-д 13,321,875 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байгаа нь хохирол нөхөн төлөх маргаан нь гэм хорын маргаан болно. Үүнийг шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжилж буй цалин хөлс, ээлжийн амралтын цалинг, цалинг олгоогүй алданги, нийт 41,139,841 төгрөгөөс Ажилтны тогтвортой байдлын гэрээ-ний үлдэгдэл төлбөр гэх 13,321,875 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.8 ******* нь ажилдаа эгүүлэн тогтоолгох хөдөлмөрийн маргааныг эхлүүлэн шүүхэд хандсан тухайн цаг хугацаанд ******* нь ******* эзэмшдэг -д худалдсан үл хөдлөх хөрөнгийн гэрээг ашиг сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн үндэслэлээр цуцлуулахаар нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ биш гэж дүгнэсэн. Тус гэрээнээс үүдэн *******-д учирсан хохирол байхгүй гэдгийг ******* худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн гэрээг *******-ийн удирдах 14 ажилтнуудын үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээтэй харьцуулан үзэж, шүүхээс ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ биш гэдгийг тогтоосон.

4.9 ******* нь *******-иас үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан удирдах 14 ажилтнуудын яг нэгэн адил нөхцөл, нэгэн адил үнийн дүнгээр, ижил гэрээний загварын дагуу үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Бусад компанийн удирдах 14 ажилтнуудын гэрээг *******-иас гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан боловч хангаагүй. Тухайн баримтыг авсан бол нэхэмжлэгчийн ажлаас халсан тушаалын гол үндэслэл болох компанид хохирол учруулсан, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хийсэн талаар нэхэмжлэгч мэтгэлцэх боломж бүрдэх байсан.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-д заасан үүргийг ноцтой зөрчсөн явдал юм. Үүнд 1-т /ашиг сонирхлын зөрчил бүхий гэрээ байгуулсан/ Нэхэмжлэгч өөрийн төрсөн ах болон өөрт хамааралтай этгээдтэй үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнд оролцон, компанийн эд хөрөнгөд хохирол учруулахуйц давуу байдал олгосон. 2-т /өөрөө өөртэйгөө гэрээ байгуулсан/ Нэхэмжлэгч өөрийн хамаарал бүхий компанийн нэр дээр компанийн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийг зөрчсөн. 3-т /зэрэгцсэн хөдөлмөр эрхэлсэн/ хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж нэхэмжлэгч нь компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа давхар -д гүйцэтгэх захирлаар ажилласан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.3, Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 7.1-т заасныг илт зөрчсөн бөгөөд ажил олгогчоос бичгээр зөвшөөрөл аваагүйгээр Хөдөлмөрийн тухай хуульд заасан хориглох арга хэмжээг зөрчсөн. Иймд сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй.

5.2 ******* нь ажлаас чөлөөлөгдөх тухайгаа ажил олгогчид илэрхийлсэн болох нь 1 дүгээр хавтасны 41 дүгээр талд авагдсан 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах хуралдааны тэмдэглэлд баталгаажсан байна. Үүний дагуу компанийн зүгээс түүнд холбогдох ажлыг хүлээлцүүлэх ажиллагааг зохион байгуулахаар комисс томилсон. Гэвч нэхэмжлэгч нь ажлаас гарах өргөдлөө бичгээр гаргаагүй тул тухайн шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй болсон бөгөөд хуулийн дагуу буцаан ажилд нь хэвээр үлдээсэн. ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 35/05 дугаар Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр-ээр нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулах комисс томилсон. Шалгалтын үр дүнд илэрсэн зөрчлүүд Компанийн тухай хууль, компанийн дотоод журмыг зөрчсөн шинжтэй бөгөөд ажил олгогчийн зүгээс уг зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгчид цаашид итгэл хүлээлгэн хамтран ажиллах боломжгүй байсан тул сахилгын хариуцлага ногдуулсан.

5.3 Нэхэмжлэгчийн гомдолд дурдсан ялгаварлан гадуурхсан гэх үндэслэл нь анхан шатны шүүхийн маргааны сэдвийн хүрээнд багтаагүй, нэхэмжлэлийн шаардлага болгон тавигдаагүй, нотлогдоогүй. Мөн ялгаварласан зүйлгүй, зөвхөн компанийн гүйцэтгэх захирал тул дүрэм журмын хүрээнд удирдлагад танилцуулан зөвшөөрөл авах ёстой байсан.

5.4 Компанийн тухай хуулийн ямар зүйл, заалтыг буруу хэрэглэсэн болохыг тодорхойлоогүй тул энэ талаар тайлбар өгөх боломжгүй. Нэхэмжлэгч өөрөө өөртэйгөө гэрээ хэлцэл мэдэгдэлгүйгээр байгуулах ёсгүй.

5.5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй болохоос үүрэгтэй гэж хуульд заагаагүй. Хариуцагч нь шаардлагатай нотлох баримтыг Ажилтны тогтвортой байдлын гэрээ-ээр шүүхэд бүрэн гарган өгсөн тул процессын зөрчил байхгүй.

5.6 Нэхэмжлэгчийн гомдолд дурдсан өөр маргааны шүүхийн шийдвэр нь одоогоор хүчин төгөлдөр болоогүй, зөвхөн анхан шатны шүүхийн түвшний шийдвэр тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн шаардлагыг хангахгүй.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 189,000,000 төгрөг, түүний алданги 94,500,000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, ээлжийн амралтын цалин 26,727,364 төгрөг, түүний алданги 13,363,682 төгрөг, төслийн 1 дүгээр ээлжээс дутуу олгосон урамшуулал 1,382,000 төгрөг, төслийн 2 дугаар ээлжийн үлдэгдэл урамшуулалд 398,178,150 төгрөг нийт 723,151,196 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /3хх 74-78/

3. Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай шаардлагын тухайд:

3.1 *******-ийн хувьцаа эзэмшигч ******* нь ажилтан *******тай 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ОНБХГ2022/01-19 дугаартай Менежментийн гэрээ /Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ/-г байгуулсан. /1хх 14-17/ *******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 35/05 дугаар тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирал албан тушаалтай ******* 2020 оны 03 дугаар сараас 2023 он хүртэл ажилласан хугацааны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалган шийдвэрлэх эрх бүхий ажлын хэсгийг байгуулсан. /2хх 236/ Уг ажлын хэсэг нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тайлан гаргасан /2хх 237/ үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон байна.

3.2 *******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 35/08 дугаар шийдвэрээр Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1, 65 дугаар зүйлийн 65.4.4, онцгой нөхцөлт хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.12, 6 дугаар зүйлийн 6.2.15, 6.2.16, 6.2.17, 7 дугаар зүйлийн 7.1, 7.3, 8 дугаар зүйлийн 8.2.4, 8.3.9, 8.3.10 дугаар зүйл, Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх удирдлагын баталгаа-д зааснаар удирдлагад мэдэгдэж, зөвшөөрөл авалгүй өөрт хамаарал бүхий этгээдтэй ашиг сонирхлын зөрчилтэй, өөрөө өөртэйгөө Үйлчилгээний талбай захиалгын гэрээ, Автомашины зогсоолын захиалгын гэрээ-г удаа дараа байгуулсан, удирдлагад мэдэгдэж зөвшөөрөл авалгүй зэрэгцэн ажил эрхэлсэн зэргээр ажил олгогчийн итгэлийг алдсан, дахин итгэл хүлээлгэх боломжгүй үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар нэхэмжлэгчтэй байгуулсан онцгой нөхцөлт хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /1хх 12, 2хх 248/

3.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4.4 дэх хэсэгт зааснаар хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг мөн хуулийн энэ хуулийн 80 дугаар зүйлд зааснаас гадна ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас ажил олгогчийн итгэлийг алдсан, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг давтан, эсхүл ноцтой зөрчсөн үндэслэлээр ажил олгогч санаачлан цуцалж болно. Өөрөөр хэлбэл, дээрх тушаалын агуулгаас үзвэл, хариуцагч нь нэхэмжлэгчийг удирдлагад мэдэгдэж, зөвшөөрөл авалгүй хийж гүйцэтгэж буй ажил үүрэгтэйгээ холбоотой, өөрт хамаарал бүхий этгээдтэй ашиг сонирхлын зөрчилтэй, мөн өөрөө өөртэйгөө үл хөдлөх эд хөрөнгө захиалах гэрээг удаа дараа байгуулсан, мөн удирдлагад мэдэгдэж зөвшөөрөл авалгүй зэрэгцэн ажил эрхэлсэн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас ажил олгогчийн итгэлийг алдсан гэж үзжээ.

3.4 Менежментийн гэрээ /Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ/-ний /цаашид гэрээ гэх/ 8.2.4-т гүйцэтгэх удирдлагын буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас ажил олгогчийн итгэлийг алдсан, групп, компанийн хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг давтан 2 буюу түүнээс дээш зөрчсөн, эсхүл энэхүү гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлах талаар заасан. Тухайн ноцтой зөрчилд гэрээний 8.3.10-т заасан тохиолдол буюу гэрээний 7.1-д гүйцэтгэх удирдлага нь группээс өөр бусад байгууллагад аливаа хэлбэрээр зэрэгцэн ажил үүрэг гүйцэтгэх, зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх, тэдгээрийн удирдах зөвлөл болон захиргааны гишүүн байхыг хориглоно гэж заасан хориглосон үйл ажиллагааг зөрчсөн тохиолдлыг, мөн 7.3-т ажил үүргээ хэрэгжүүлэхэд түүний нэгдмэл сонирхолтой болон хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхолд орохгүй байх, өөртөө болон бусдад давуу байдал бий болгохгүй байх, өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэх болон хэрэгжүүлснийхээ төлөө хөндлөнгийн этгээдээс бэлэг, хөнгөлөлт, урамшуулал авилга авахгүй, мөн компанийн үйл ажиллагаатай холбоотой нууц мэдээ, материалыг бусдад өгөхгүй байх тохиолдлыг, мөн гэрээний 8.3.9-т гүйцэтгэх удирдлага нь Монгол улсын хууль, бусад хууль тогтоомж, компанийн дүрэм журам, энэхүү гэрээ болон ёс суртахууны хэм хэмжээ, бизнесийн ёс зүй, ажил хэргийн хүрээнд тогтсон заншлыг зөрчсөнийг удирдлага ноцтой гэж үзсэн тохиолдлыг тус тус тооцохоор талууд гэрээгээр тохиролцсон байна.

3.5 Талууд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Хувийн ашиг сонирхлын эсрэг баталгаа-г үйлдсэн, уг баталгааны 5-д Давхар ажил, үүрэг гүйцэтгэхгүй байж компанидаа бүхий л талаар хувь нэмэр болохуйц ажиллана гэж заасан. Мөн Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх урьдчилсан мэдүүлэг-ийг хөтөлж, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр болон 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх удирдлагын баталгаа-г, мөн Хувийн ашиг сонирхлын эсрэг баталгаа-г тус тус гаргажээ. /1хх 221-225/

Тодруулбал, хариуцагч нь гэрээний дээрх зохицуулалт болон дээрх баталгааг тушаалын үндэслэл болгосон байна.

3.6 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар -ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ******* нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс бүртгэгдсэн. -ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байна. /2хх 28-31/

3.7 Гүйцэтгэгч *******-ийг төлөөлж Бизнес хөгжүүлэлтийн менежер , захиалагчийг төлөөлж ******* болон нар нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр YT-TBProK503 дугаартай Үйлчилгээний талбай захиалгын гэрээ байгуулж, хотхоны К5 блокийн 1 давхрын 64 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний талбайг 1 м.кв талбайн үндсэн үнэ 5,500 төгрөгийг 4,860 төгрөгөөр буюу нийт 311,040,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон. /1хх 237-241/ Улмаар, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр уг гэрээнд өөрчлөлт оруулах тухай YT-TBProK503-2 дугаартай нэмэлт гэрээг байгуулж, нэмэлтээр 40,36 м.кв талбайг 1 м.кв талбайн үндсэн үнэ 5,500 төгрөгийг 4,905 буюу нийт 197,965,800 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон. /1хх 242-243/ Түүнчлэн, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр YT-TBProK503-3 дугаартай нэмэлт өөрчлөлт гэрээг байгуулж, дээрх YT-TBProK503 дугаар болон YT-TBProK503-2 дугаар гэрээний захиалагч тал болох ******* болон нарын гэрээний эрх, үүргийг -д шилжүүлсэн. /1хх 245-247/ Ийнхүү, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр -ийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байна. /2хх 174/

- Гүйцэтгэгч *******-ийг төлөөлж гүйцэтгэх захирал ******* нь өөртэйгөө буюу захиалагч *******тай 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ГЖ-TBProF1243 дугаартай Автомашины зогсоол захиалгын гэрээ-г байгуулж, хотхоны F1 давхрын N30 дугаар автозогсоолыг нийт 35,000,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон. /1хх 248-249/

- Гүйцэтгэгч *******-ийг төлөөлж гүйцэтгэх захирал ******* нь захиалагч -тай 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ҮТ-К108 дугаартай Үйлчилгээний талбай захиалгын гэрээ-г байгуулж, хотхоны К1 блокийн, 1 давхрын, 74.38 м.кв талбайтай, худалдаа, үйлчилгээний талбайг нийт 468,594,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон. /2хх 12-15/

- Гүйцэтгэгч *******-ийг төлөөлж гүйцэтгэх захирал ******* нь өөртэйгөө буюу захиалагч *******тай 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр А1-026 дугаартай Агуулахын талбай худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, хотхоны К5-В1-17 байршилтай, В1 давхрын, 7.88 м.кв талбайтай агуулахыг нийт 15,760,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон./1хх 250, 2хх 1-3/

- Гүйцэтгэгч *******-ийг төлөөлж гүйцэтгэх захирал ******* нь захиалагч -тай буюу *******тай 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ҮТ-К118 дугаартай Үйлчилгээний талбай захиалгын гэрээ-г байгуулж, хотхоны К1 блокийн, 1 давхрын 92.16 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний талбайг 1 м.кв талбайн үндсэн үнэ 6,500 төгрөгийг 6,450 төгрөгөөр буюу нийт 594,432,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон. /2хх 4-11/

3.8 Дээрх үйл баримтаар нэхэмжлэгч ******* нь *******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа өөртэйгөө, мөн өөрийн хувьцаа эзэмшдэг, гүйцэтгэх удирдлагаар бүртгэлтэй, эцсийн өмчлөгч болох -тай дээрх гэрээг байгуулсан нь гэрээний 7.3-т заасан хориглосон үйл ажиллагааг зөрчсөн үндэслэлд хамаарч байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь *******-ийн эрх бүхий албан тушаалтны хувьд өөрийн ажил үүрэгтэй холбоотой эдийн харилцаанд оролцохдоо өөртэйгөө болон нэгдмэл сонирхолтой хуулийн этгээд болох -тай 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр YT-TBProK503 дугаар, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр YT-TBProK503-2 дугаар, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр YT-TBProK503-3 дугаар, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ГЖ-TBProF1243 дугаар, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр А1-026 дугаар, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ҮТ-К118 дугаар гэрээг тус тус байгуулсан нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгохгүй байх гэрээгээр хориглосон зүйлийг зөрчсөн буюу гэрээний 8.3.10-т заасан үндэслэлд хамаарч байна.

Мөн дээрх гэрээнүүдийг байгуулах болсон талаар Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх удирдлагын баталгаа-д заасан журмын дагуу эрх бүхий этгээдэд мэдэгдсэн, зөвшөөрөл авсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь *******-ийн хувьцаа эзэмшигч болон захирлын зөвлөлд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүсэлт гаргасан талаарх баримт хэрэгт авагдсан. /1хх 217-219/ Уг хүсэлтэд дээрх гэрээтэй холбоотой агуулга тусгагдсан байх боловч цаг хугацааны хувьд гэрээ байгуулсны дараа хүсэлт гаргасан гэж үзэхээр байх тул дээрх журамд заасны дагуу мэдэгдсэн, зөвшөөрөл авсан гэж үзэхгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч нь гэрээний 6.2.16-т заасан журмын дагуу дээрх гэрээний талаар удирдлагад мэдэгдсэн гэж үзэх үндэслэл үзлэгийн тэмдэглэлээр нотлогдохгүй байна. /3хх 88-95/

3.9 Нэхэмжлэгч нь *******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс -ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүргүүлсэн байх бөгөөд энэ нь гэрээний 7.1-т заасан хориглосон үйл ажиллагаанд хамаарч байхаас гадна мөн гэрээний 8.3.10-т заасан ноцтой зөрчилд тооцогдохоор байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь ажил олгогчийн итгэлийг алдсан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4.4 дэх хэсэг болон гэрээний 8.2.4-т заасан үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эгүүлэн тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгчийн ...хувьцаа эзэмшигч , нар гэрээ байгуулсныг мэдэж байсан буюу мэдээлэх үүргээ ******* гүйцэтгэсэн. ...хувийн компанийг ямар зорилгоор байгуулж байгаа талаар хувьцаа эзэмшигч, дотоод аудитын захирал т мэдэгдсэн, ...зэрэгцээ хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, цалин хөлс аваагүй, зэрэгцээ хөдөлмөрийн гэрээний дагуу эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй, ...бусад удирдах албан тушаалтны адил үл хөдлөх эд хөрөнгө захиалан бариулах гэрээг байгуулсан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчийг ялгаварлан гадуурхаж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн эрх зүйн харилцааг цуцалсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй. Мөн нэхэмжлэгчийн гаргасан сахилгын зөрчил нь нэгэнт тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийн ...хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгож буй үндэслэлээ тайлбарлаж, танилцуулах үүргээ биелүүлээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

3.10 Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эгүүлэн тогтоолгох хэсгийг үндэслэлгүй гэж дүгнэсэн тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болон мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахаар тус тус шаардах эрхгүй. Мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацаанд олгох цалин гэх 189,000,000 төгрөгөөс 94,500,000 төгрөгийн алданги шаардах эрхгүй.

4. Төслийн 2 дугаар ээлжийн үлдэгдэл урамшуулал 398,178,150 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

4.1 *******-ийн ерөнхий захирлын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/А-32 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Урамшууллын журам-ын 4.3.3-т хөдөлмөрийн гэрээ цуцалсан, эсхүл ажил олгогчийн зүгээс цаашид уг ажилтныг ажиллуулахгүй байх шийдвэр гарсан тохиолдолд урамшуулал олгохгүй байхаар заажээ. Талуудын байгуулсан гэрээг цуцалсан *******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 35/08 дугаар шийдвэрийг шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4.4 дэх хэсгийг зөрчөөгүй гэж дүгнэсэн тул дээрх журмын 4.3.3-т зааснаар нэхэмжлэгч нь урамшуулал 398,178,150 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй. Анхан шатны шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

5. Ээлжийн амралтын цалин 26,727,364 төгрөг, түүний алданги 13,363,682 төгрөг, төслийн 1 дүгээр ээлжээс дутуу олгосон урамшуулал 1,382,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

5.1 Хариуцагч нь ээлжийн амралтын цалин хөлсөнд нийт 26,727,364 төгрөгийг нэхэмжлэгчид олгоогүй талаар маргаагүй. Анхан шатны шүүх дээрх шаардлага болон цалингийн алданги 13,030,450 төгрөг, мөн төслийн 1 дүгээр ээлжийн урамшууллаас дутуу олгосон 1,382,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 104 дүгээр зүйлийн 104.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт нийцсэн байхаас гадна үүнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн энэ талаар эрх зүйн болон үйл баримтын дэлгэрэнгүй дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

5.2 Харин анхан шатны шүүх дээрх үнийн дүн болох 41,139,814 төгрөгөөс тогтвортой байдлын гэрээнд заасан эргэн төлөгдөх 13,321,875 төгрөгийг хасаж тооцсон нь үндэслэлгүй болжээ.

5.3 Талууд 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ТБГ-01/20 дугаартай Ажилтны тогтвортой байдлын гэрээ /Менежмент гэрээний 3.12/-г байгуулж, компани нь ажилтны ажилласан болон цаашид тогтвортой ажиллах хугацаанаас хамаарсан нийт 78,750,000 төгрөгийн тусламжийг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хооронд ажилласан хугацаанд ногдох 45,937,500 төгрөгийг буцалтгүйгээр, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд тогтвортой ажиллах хугацаанд ногдох 32,812,500 төгрөгийг талуудын хооронд байгуулсан Менежментийн гэрээ цуцлах, дуусгавар болох аль нэг тохиолдолд буцаан төлөх нөхцөлтэйгөөр олгохоор харилцан тохиролцсон байна. /3хх 105-106/

5.4 Хариуцагч нь тухайн гэрээнд зааснаар эргэн төлөгдөх 13,321,875 төгрөгийг гаргуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад анхан шатны шүүх 13,321,875 төгрөгийг хасаж тооцсон нь буруу болсон байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт хариуцагчаас нийт 41,139,814 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагчаас 14 ажилтны 29 үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбарыг гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШЗ2024/24822 дугаар захирамжаар ...нэхэмжлэлийн шаардлагын үйл баримтыг нотлох эсэх нь тодорхойгүй гэх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн. /1хх 64/ Мөн нэхэмжлэгч нь компанийн нийт 14 ажилтны 29 үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбарыг гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШЗ2025/06284 дугаар захирамжаар ...хүсэлт нь хэрэгт хамааралгүй гэх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчөөгүй. Иймд нэхэмжлэгчийн ...тухайн баримтыг авсан бол нэхэмжлэгч тал мэтгэлцэх боломжоор хангагдах байсан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6.1 *******-ийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 35/05 дугаар хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг нөхөж гаргасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгчийн ...он, cap, өдрийн хувьд илт логикийн алдаатай тогтоол нөхөж гаргасан, уг нотлох баримт нь нотлох баримтын шаардлагыг хангахгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6.2 Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд хамаарч байх шүүгч хэргийг дангаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэгчийн ...хэргийг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх байсан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6.3 Нэхэмжлэгчийн ...хариуцагч нь нэхэмжлэгч болон -д холбогдуулан худалдсан үл хөдлөх хөрөнгийн гэрээг ашиг сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн үндэслэлээр цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарч байх тул уг гомдлыг хангахгүй.

7. Анхан шатны шүүх шийдвэрт хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг дутуу баримталсныг давж заалдах шатны шүүх залруулж, тогтоох хэсгийг өөрчлөн найруулна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/06544 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 124 дүгээр зүйлийн 124.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-иас 41,139,814 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх *******-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, алданги, төслийн 2 дугаар ээлжийн урамшуулалд нийт 682,011,382 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын 297,040 гэснийг 363,649 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

М.БАЯСГАЛАН