| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/02566/И |
| Дугаар | 210/МА2025/01907 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 210/МА2025/01907
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/06228 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 282,786,960 төгрөг, алдангид 141,393,480 төгрөг, нийт 424,180,440 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.“*******” ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл нийт 6 удаагийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* гудамж, хотхон 10 дугаар байранд ажил гүйцэтгүүлэхээр тохиролцсон.
1.2.2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №82 тоот гэрээгээр амины орон сууц хотхоны 7, 9, 20 дугаар барилгын 3 айл, 26 дугаар барилгын 5 айл, 27 дугаар барилгын 1 айл, нийт 9 айлын цонхны амалгаа, гарнез, цонхны тавцан, шалны хүрээ, шатны иж бүрдэл, босоо хананы ажлыг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дотор гүйцэтгүүлэхээр, манай компаниас ажлын хөлсөнд 531,035,092 төгрөг төлөхөөр тохирсноос 296,184,593 төгрөг төлсөн бөгөөд уг ажлын хөлсөнд Audi Q5 маркийн тээврийн хэрэгслийг оролцуулсан өгсөн. Үүнээс гүйцэтгэгч нь цонхны рам, тавцан, билинтус, шат, явган хана, зэргийг хийгээгүй дутуу үлдээсэн. Нийт 154,000,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэснээс 141,861,293 төгрөгийн ажил гүйцэтгээгүй.
1.3.2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №2021/002 тоот гэрээгээр амины орон сууцны хотхоны барилгын модон хийцлэл буюу гипсэн хана, таазыг 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор гүйцэтгүүлэхээр, манай компаниас ажлын хөлсөнд 107,400,401 төгрөг төлөхөөр тохирсон бөгөөд ажлын хөлсөнд 37,590,144 төгрөг төлсөн. Үүнээс гүйцэтгэгч нь цонх, явган хана, шат зэргийг хийгээгүй дутуу үлдээсэн. Нийт 14,453,040 төгрөгийн ажил хийж гүйцэтгэснээс 23,137,100 төгрөгийн ажил гүйцэтгээгүй.
1.4.2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №028 тоот гэрээгээр амины орон сууцны хотхоны 16 дугаар барилгын 4 айлын цонхны амалгаа, гарнез, цонхны тавцан, модон шатны ажлыг иж бүрэн 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор гүйцэтгүүлэхээр, манай компаниас ажлын хөлсөнд 188,559,202 төгрөг төлөхөөр тохирсон. Уг ажлын хөлсний 88,000,000 төгрөгт улсын дугаартай “Mercedes benz E-350” маркийн тээврийн хэрэгсэл болон улсын дугаартай “Toyota prius 30” маркийн тээврийн хэрэгслийг тус тус шилжүүлсэн боловч гүйцэтгэгч нь ямар ч ажил гүйцэтгээгүй.
1.5.2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №82 тоот гэрээгээр амины орон сууцны хотхоны 20 дугаар барилгын хана, таазны обой, эмульс, шал шахах, наах, таазны хөөсөн хүрээ хийх будах, хана шалны чулуу болон плита наах ажлыг 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дотор гүйцэтгүүлэхээр, манай компаниас ажлын хөлсөнд 62,840,461 төгрөг төлөхөөр тохирсон. Ажлын хөлсөнд манай компани 53,852,138 төгрөг төлсөн. Үүнээс гүйцэтгэгч нь ханын обой, эмульс, таазны эмульс, шалны пракет, плита, зэргийг хийгээгүй дутуу үлдээсэн. Нийт 39,894,196 төгрөгийн ажил гүйцэтгэснээс 14,267,942 төгрөгийн ажил гүйцэтгээгүй.
1.6.2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №053 тоот гэрээгээр амины орон сууцны 9 дүгээр барилгын хана таазны замаск, хананы обой эмульс, таазны эмульс, шал шахах наах, плита наах, таазны хөөсөн хүрээ хийх ажлыг 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс шуурхай хийж гүйцэтгүүлэхээр тохирч, манай компаниас ажлын хөлсөнд 78,302,611 төгрөг төлөхөөр тохирсон. Ажлын хөлсөнд манай компани 24,945,920 төгрөг төлсөн. Гүйцэтгэгч нийт 43,079,200 төгрөгийн ажил гүйцэтгэж, төлсөн ажлын хөлснөөс 18,133,280 төгрөгийн ажлыг илүү гүйцэтгэсэн.
1.7.2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №056 тоот гэрээгээр амины орон сууцны 18 дугаар барилгын цонхны хацар рам, тавцан, цонхны дуб тавцан, плинтус, явган хана, шатны модон бэлдэц хийх ажлыг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний гүйцэтгүүлэхээр, манай компаниас ажлын хөлсөнд 103,230,230 төгрөг төлөхөөр тохирсон. Ажлын хөлсөнд манай компани 102,095,704 төгрөг төлсөн. Үүнээс гүйцэтгэгч нь цонхны хацар арам, тавцан, плинтус, явган хана, шатны мод зэргийг хийгээгүй дутуу үлдээсэн. Нийт 68,131,800 төгрөгийн ажил гүйцэтгэснээс 33,963,904 төгрөгийн ажил гүйцэтгээгүй.
Гүйцэтгэгч “*******” ХХК нь дээрх гэрээнүүдээр тохирсон ажлыг хугацаандаа бүрэн хийж гүйцэтгээгүй. Нийт ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 602,668,495 төгрөгийн хөлс төлсөнөөс 319,881,535 төгрөгийн ажил гүйцэтгэж, 282,786,959 төгрөгийн ажлыг огт гүйцэтгээгүй. Иймд огт гүйцэтгээгүй ажлын хөлсөнд авсан 282,786,959 төгрөг, алдангид 141,393,480 төгрөг, нийт 424,180,440 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч тайлбар, татгалзлын агуулга:
2.1.Нэхэмжлэгч компанийн үйлдлээс болоод гэрээт ажил удаарширсан. Нэхэмжлэгч компани ажлаа төлөвлөөгүйгээс бидний хийсэн ажлыг өөрсдөө дур мэдэн хуулж авснаас дахин шинээр хийж гүйцэтгэсэн. Гэрээт ажлын хөлсийг цаг тухайд нь тохиролцсон хэмжээгээр олгодоггүй байсан. Мөн ковидын нөхцөл байдал, тээвэр ложистикийн нөхцөл байдлаас болоод материалын үнэ өссөн. Бидний ажлын хөлсөнд материалын үнэ багтсан байсан. Дээрх нөхцөл байдлын талаар бид тухай бүрт нь тохиролцож байсан. Биднийг ажлаа хийхээр очиход дотогш оруулдаггүй, мөн манай ажилчдыг урвуулж өөрийн байгууллагадаа авч ажиллуулах зэрэг бизнесийн ёс зүйгүй үйлдэл гаргасан.
2.2.“*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байна. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг уг компанийг төлөөлөх эрхгүй этгээдүүд болох , нар байгуулсан. Гүйцэтгэх захирал аас ажил гүйцэтгэх зөвшөөрөл аваагүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй, компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан байх тул талуудын хооронд байгуулагдсан ажил гэрээнүүд нь бүгд хүчин төгөлдөр бус гэрээ байна.
2.3.Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гүйцэтгээгүй ажлын дүн, ажлын хэмжээнд маргахгүй. Мөн ажлын хөлсөнд нийт 602,668,495 төгрөг хүлээн авсан үйл баримтад маргахгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “*******” ХХК-иас 282,786,960 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 141,393,480 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2,278,853 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,571,884 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-иас 19,800,000 төгрөг, хариуцагч “*******” ХХК-иас 19,800,000 төгрөг тус тус гаргуулж шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1.Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар" гэрээ байгуулсанд тооцогддог. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээд нь удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцохоос гадна хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх шаардлага хангасан байхыг мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д заасан байна.
Гэтэл талуудын хооронд байгуулсан 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 82 тоот гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 82 тоот гэрээ, 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 56 тоот гэрээнүүдэд "" ХХК-ийн захирал , 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 28 тоот гэрээ, 2021 оны 09 дүгээр сарын 16-ны 53 тоот гэрээнд "" ХХК-ийн ерөнхий менежер , 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 002 тоот гэрээнд захиалагч талын гүйцэтгэх захирал нар тус тус гарын үсэг зурсан.
4.2.Дээрх ажил гүйцэтгэх 6 төрлийн гэрээнд "" ХХК-ийг төлөөлж , , нар гарын үсэг зурж, компанийн тамга дарагдсан байх боловч тус компанийг төлөөлж "*******" ХХК-тай гэрээ байгуулах бүрэн эрх олгогдоогүй. Мөн дээрх ажил гүйцэтгэх 6 төрлийн гэрээгээр тохирсон ажлыг "" ХХК-ийн гүйцэтгэх захирал болон тус компанийн ажилчид хийж гүйцэтгэсэн буюу "*******" ХХК-аас нэг ч ажилтан ажиллаж байгаагүй зэрэг нь талуудын тайлбар, гэрч , , , нарын мэдүүлэгээр тогтоож байна.
4.3.Анхан шатны шүүх талуудын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 82 тоот гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 82 тоот гэрээ, 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 56 тоот гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 28 тоот гэрээ, 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 53 тоот гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 002 тоот гэрээнүүд байгуулагдсан гэж үзээд хариуцагч "*******" ХХК-аас 282,786,960 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "*******" ХХК-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
4.4.Хэрэв шүүх талуудын хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бол шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хийж гүйцэтгэсэн ажлыг үнэлгээ болох 339,477,189 төгрөгөөс нэхэмжлэгчийн тодорхойлсон хийж гүйцэтгэсэн ажлын үнэлгээ болох 319,881,535 төгрөгийг хасаж зөрүү 19,595,654 төгрөгийн төлбөрийг илүү төлсөн ажлын хөлс болох 282,786,960 төгрөгнөөс хасаж тооцох ёстой байсан гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл 282,786,960 төгрөгөөс 19,595,654 төгрөгийг хасаж 263,191,306 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг нь нотлох баримт буюу нотолгооны хэрэгсэл болно. Хариуцагч тал бичгээр гаргасан тайлбар, татгалзлаа өөрчилж, гэрээний хүчин төгөлдөр байдалтай шууд маргаж, төлөөлөх эрхгүй этгээдтэй хэлцэл хийсэн гэх байдлаар маргасан. Шинжээчийн дүгнэлт болон гэрээний үндсэн төлбөр болон ажлын гүйцэтгэлтэй маргаагүй.
5.2.Гэрч , нар нь тухайн модон хийцлэлийн ажлыг хийж байсан болон ямар шалтгааны улмаас ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон, мөн нь гэх хүний зөвшөөрлийн дагуу гэрээ байгуулсан тухайгаа мэдүүлсэн.
Гэрч , нар нь хариуцагч “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд 100 хувийн хувьцаа эзэмшигч нь манай хүүхэд учраас гэрээ байгуулахаар тамга, тэмдгийг нь авсан гэж мэдүүлсэн.
5.3.”*******” ХХК-аас ажлын гүйцэтгэлийн төсвийг "*******” ХХК-д шилжүүлсэн. Бид хүүгийнхээ буюу "*******” ХХК-ийн дансаар болон интернэт банкаар дамжуулж авч байсан гэдэг мэдүүлгүүд 2 дугаар хавтаст хэргийн 63 дахь талд авагдсан. Гэрч , нарын мэдүүлгээс үзвэл, зөвшөөрлийн дагуу буюу өөрийн хүүхдийн тамга, тэмдэг болон дансыг нь ашиглах байдлаар тухайн гэрээг байгуулсан болох нь нотлогдож байна.
5.4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т хэсэгт гэрээний хүчин төгөлдөр байдлыг болон Иргэний хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасан хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, хэлцэл хийсэн байна гэх агуулгаар дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 282,786,960 төгрөг, алдангид 141,393,480 төгрөг, нийт 424,180,440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. “*******” ХХК болон “” ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр №82 тоот амины орон сууцны хотхоны барилгын модон хийцлэлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “” нь амины орон сууц хотхоны 7, 9, 20 дугаар барилгын 3 айл, 26 дугаар барилгын 5 айл, 27 дугаар барилгын 1 айл, нийт 9 айлын цонхны амалгаа, гарнез, цонхны тавцан, шалны хүрээ, шатны иж бүрдэл, босоо хананы ажлыг иж бүрнээр 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дотор хийж гүйцэтгэхээр, “*******” ХХК нь ажлын хөлсөнд 531,035,092 төгрөг төлөхөөр,
2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр №2021/002 тоот амины орон сууцны хотхоны барилгын модон хийцлэлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “” ХХК нь амины орон сууцны хотхоны барилгын 10 дугаар барилгын цонхны амалгаа, гарнез, цонх балконы хаалганы тавцан, шалны хүрээ, шатны иж бүрдэл, явган хананы ажлыг 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор гүйцэтгэхээр, “*******” ХХК нь ажлын хөлсөнд 107,400,401 төгрөг төлөхөөр,
2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр №028 тоот амины орон сууцны хотхоны барилгын модон хийцлэлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “” ХХК нь амины орон сууцны хотхоны 16 дугаар барилгын 4 айлын цонхны амалгаа, гарнез, цонхны тавцан, модон шатны ажлыг иж бүрнээр 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор хийж гүйцэтгэхээр, “*******” ХХК нь ажлын хөлсөнд 188,559,202 төгрөг төлөхөөр,
2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр №82 тоот амины орон сууцны хотхоны 20 дугаар барилгын заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “” ХХК нь амины орон сууцны хотхоны 20 дугаар барилгын хана, таазны обой, эмульс, шал шахах, наах, таазны хөөсөн хүрээ хийх будах, хана шалны чулуу болон плита наах ажлыг 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дотор хийж гүйцэтгэхээр, “*******” ХХК нь ажлын хөлсөнд 62,840,461 төгрөг төлөхөөр,
2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр №053 тоот амины орон сууцны хотхоны 9 дүгээр барилгын заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “” ХХК нь амины орон сууцны 9 дүгээр барилгын хана таазны замаск, хананы обой эмульс, таазны эмульс, шал шахах наах, плита наах, таазны хөөсөн хүрээ хийх ажлыг 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс шуурхай хийж гүйцэтгэхээр, “*******” ХХК нь ажлын хөлсөнд 78,302,611 төгрөг төлөхөөр,
2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр №056 тоот амины орон сууцны хотхоны 18 дугаар барилгын заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гэрээгээр “” нь амины орон сууцны 18 дугаар барилгын цонхны хацар рам, тавцан, цонхны дуб тавцан, плинтус, явган хана, шатны модон бэлдэц хийх ажлыг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний дотор хийж гүйцэтгэхээр, “*******” ХХК нь ажлын хөлсөнд 103,230,230 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.
3.2.Дээрх гэрээнүүдийн ажлын хөлсөнд нэхэмжлэгч “*******” ХХК-иас нийт 602,668,495 төгрөг төлснийг хариуцагч “” ХХК хүлээн авсан.
4.Талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдал болон нийт гүйцэтгэсэн ажлын хэмжээний талаар маргажээ.
4.1.“*******” ХХК болон “” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 82 дугаартай, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан 2021/002 дугаартай гэрээ тус бүрд “” ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.
4.2. 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 028 дугаартай, мөн оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 053 дугаартай, мөн сарын 24-ний өдрийн 056 дугаартай гэрээ тус бүрд “” ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурж, баталгаажуулжээ.
4.3. 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 82 дугаартай гэрээнд , нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
4.4. “” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр бүртгэлтэй байна.
4.5.Гэрч шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “... тухайн гэрээг захирлууд хоорондоо ярилцаж байгаад хувийн журмаар буюу хувиараа хийх талаар санал болгосон. НӨАТ-ын үнийн дүн өндөр учраас заавал компани оруулж ирэхгүй болохгүй” гэсэн шаардлагыг “*******” ХХК тавьсан. Тухайн үед миний хариуцдаг байсан “” ХХК нь татварын асуудалтай, данс хаагаад байсан учраас би хүүхдийнхээ компанийг өгсөн. ... манай хүүхэд гэрээ байгуулсан талаар мэдээгүй, ...тамга, тэмдэг хэрэглэхдээ зөвшөөрөл аваагүй, тухайн үед гэрээ хийж байгаатай холбоотой яалт ч үгүй гарын үсэг зурах, тамга дарах шаардлага үүсээд ашигласан, ... д гэрээнд намайг төлөөлөөд гарын үсэг зурчих гэж хэлсэн” гэж,
гэрч шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “...“” ХХК-ийн данс барилттай байсан тул хүүхдийнхээ компаниар гэрээ байгуулсан, ...манай хүүгийн компанийн тамга болон санхүүгийн баримт үйлдэх болон компанийн данснаас мөнгө авах эрх нь бидэнд байдаг. Манай хүү биднийг түүний компанийн нэрээр “*******” ХХК-тай гэрээ байгуулсан талаар огт мэдэхгүй. ...” гэж,
гэрч шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “ ...би “” ХХК-д менежерээр ажилладаг. Захирал ын хэлсний дагуу “*******” ХХК-тай гэрээ байгуулсан гэрээнд гарын үсэг зурсан” гэж тус тус мэдүүлжээ.
4.6.Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэж заасан.
Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнд “” ХХК-ийг төлөөлж , нар гарын үсэг зурж, тус компанийн тамга дарж баталгаажуулсан. Мөн дээрх гэрээнүүдийн дагуу “” ХХК нь ажлын хөлсөнд “Audi Q5” маркийн тээврийн хэрэгсэл, улсын дугаартай “Mercedes benz E-350” маркийн тээврийн хэрэгсэл болон улсын дугаартай “Toyota prius 30” маркийн тээврийн хэрэгслүүдийг оролцуулан нийт 602,668,495 төгрөг хүлээн авч, гэрээ хэрэгжсэн болох нь талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, “*******” ХХК-ийн эзэмшлийн, “” ХК-ийн тоот данснаас санхүүжилтийг “*******” ХХК-ийн эзэмшлийн, “” ХК-ийн тоот данс болон “” ХК-ийн 473033863 тоот данс руу шилжүүлсэн мөнгөн гүйлгээний баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. /1хх 77-88/
Хариуцагч “” ХХК нь , нарыг төлөөлүүлэхээс татгалзаж байгаа талаар нэхэмжлэгч “*******” ХХК-д мэдэгдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.
Дээрхээс дүгнэхэд, “*******” ХХК нь “” ХХК-ийг , нар төлөөлөх бүрэн эрхтэй гэж үзэн, тэдгээртэй гэрээ байгуулж, гэрээ хэрэгжсэн байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байна.
Өөрөөр хэлбэл, “*******” ХХК болон “” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцөлийн талаар харилцан хүсэл зориг илэрхийлэгдсэн гэрээг бичгээр хийж, гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.2, 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт зааснаар тэдний хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон, уг хэлцлийг хийгдсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэж, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон байна. Иймээс, дээрх гэрээнүүдийг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж хариуцагч тал хожим маргах нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт нийцэхгүй тул энэ талаарх хариуцагч талын гомдол хангагдахгүй.
5.Хариуцагч “*******” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнүүдийн дагуу ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй талаар маргаагүй, ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт нөхцөл байдал тогтоогдсон байх тул нэхэмжлэгч “*******” ХХК нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцалж, нийт шилжүүлсэн ажлын хөлс, гүйцэтгэсэн ажлын хэмжээний зөрүү гарсантай холбоотойгоор учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр хариуцагч “” ХХК-иас шаардах эрхтэй.
6.Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээг буруу тооцсон алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.
6.1.Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШЗ2024/22207 дугаартай шүүгчийн захирамжаар “” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 98 дугаартай дүгнэлтэд “гүйцэтгэгч “” ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 82 тоот гэрээний үүрэгт 9 дүгээр байрны модны, заслын ажил 33,001,808 төгрөг, 20 дугаар байрны модны шатны ажил чулууны модон хүрээ хийсэн 128,432,767 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/002 тоот гэрээний үүрэгт 10 дугаар байрны модны ажил хийсэн 38,259,552 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 28 тоот гэрээний үүрэгт огт ажил гүйцэтгээгүй, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 82 тоот гэрээний үүрэгт 20 дугаар байрны заслын 37,074,005 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 83 тоот гэрээний үүрэгт заслын ажил 35,417,594 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 56 тоот гэрээний үүрэгт модны шатны ажил 67,291,000 төгрөг, нийт 339,477,189 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байна” гэжээ. Энэ дүгнэлтэд зохигч маргаагүй.
6.2.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн ажлын хөлсөнд төлсөн 602,668,495 төгрөгөөс хариуцагч “” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс болох шинжээчийн дүгнэлтээр гарсан 339,477,189 төгрөгийг хасаж үлдэх 263,191,306 төгрөгийг хариуцагч “” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
Иймд хариуцагч талын “шинжээчийн дүгнэлтээр гүйцэтгэсэн ажлын хөлсийг 319,881,535 төгрөгөөр тогтоосныг зохигч зөвшөөрч маргаагүй байхад гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээг нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр тооцсоныг зөвшөөрөхгүй” гэсэн давж заалдах гомдлыг хангана.
7.Нэхэмжлэгч “*******” ХХК нь алданги 141,393,480 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй учир энэ талаар дүгнэлт хийхгүй байх нь талуудын зарчимд нийцнэ.
8.Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/06228 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтын “232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1” гэснийг “343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6” гэж, “282,786,960” гэснийг “263,191,306” гэж, “141,393,480” гэснийг “160,989,134” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын “1,571,884” гэснийг “1,473,907” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,571,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Б.АЗБАЯР