| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 1535 |
| Огноо | 2019-10-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 1535
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч Г.Цэрэнжамц,
өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэг,
өсвөр насны шүүгдэгч Э.А , тэдний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянян шийдвэрлүүлэхээр ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Э.А д холбогдох эрүүгийн 1906 04052 1610 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Э.А .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Өсвөр насны шүүгдэгч Э.А нь 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 4А хэсгийн 1575 тоотод оршин суух иргэн Д.Шинэтуяагийн гэрт хоол хийж байхдаа эрэгтэй монетон бөгж 1 ширхэг, эмэгтэй монетон бөгж 1 ширхэг, монетон ээмэг 1 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 1.140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Э.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэг мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тухайн үед шүүх хурал нь маргааш болн гэж байхад ”Нарантуул” худалдааны төв дээр явж байхдаа 00 орно гээд алга болсон. Хүүхдийнхээ талаар хэлэх зүйлгүй.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Шинэтуяагийн өгсөн мэдүүлэг /хх-6-7/, гэрч Ш.Мөнхсайханы өгсөн мэдүүлэг /хх-11/, өсвөр насны яллагдагч Э.А гийн өгсөн мэдүүлэг /хх-29-30/, цахим үнэмлэхний хуулбар /хх-34/, өсвөр насны шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40/, 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн “Тод үнэлгээ” ХХК-д зүйлийн үнэлгээний тайлан /хх-14/, өсвөр насны шүүгдэгчийн байдлын тухай баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Өсвөр насны шүүгдэгч Э.А нь 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Сургуулийн 4А хэсгийн 1575 тоотод оршин суух иргэн Д.Шинэтуяагийн гэрт хоол хийж байхдаа эрэгтэй монетон бөгж 1 ширхэг, эмэгтэй монетон бөгж 1 ширхэг, монетон ээмэг 1 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 1.140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Шинэтуяагийн өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 14:00 цагийн орчимд “Төв цэнгэлдэх хүрээлэн” явах гээд манай нөхөр Баярмагнай бид 2 ээмэг, бөгжөө зүүх гэтэл унталгын өрөөний тольны шургуулган дотор хайрцаганд байсан 2 ширхэг монетон бөгж, 1 хос монетон ээмэг байхгүй алга болсон байсан. Том хүү Мөнхсайханаас асуухад манай гудамжны зүс таних охин манай гэрт хоол хийх гэж орж ирсэн байсан. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр тэр охиноос ээмэг бөгжөө асуухад, би мэдэхгүй, би аваагүй гэж хэлсэн. тэгээд цагдаа нар ирээд нөгөө охинтой уулзаад манай гэрээс алга болсон 1 ширхэг монетон бөгж тэр охинд байсан.” /хх-6-7/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Мөнхсайханы өгсөн: “...Би 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрүүдэд Анужинг гэртээ оруулсан, би хашаандаа 2 дүүгийнхээ хамт граж барьж байгаад Анужин гудамжаар явж байхаар нь дуудаад гэрт ороод хоол хийгээд өгөөч гэсэн, Анужин байж байгаад ирээд хийгээд өгье гэж хэлээд явсан. Удалгүй Анужин ирээд манай гэрт ороод хийж өгсөн. Маргааш нь бас орж хоол хийж өгсөн.” /хх-11/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагч Э.А гийн өгсөн: “...Би Мөнхсайханы гэрт ороод хоол хийж байгаад жижиг өрөө рүү нь орсон. Тэгээд би толинд харж байгаад тольны урд байсан цаасан төмөр саван дотор байсан 1 хос монетон ээмэг, эрэгтэй хүний монетон, эмэгтэй хүний монетон бөгж зэргийг авсан.” /хх-29-30/ гэх мэдүүлэг,
“Тод үнэлгээ” ХХК-д зүйлийн үнэлгээний тайлан,
Өсвөр насны шүүгдэгч Э.А гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч Э.А гийнн 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Сургуулийн 4А хэсгийн 1575 тоотод оршин суух иргэн Д.Шинэтуяагийн гэрт хоол хийж байхдаа эрэгтэй монетон бөгж 1 ширхэг, эмэгтэй монетон бөгж 1 ширхэг, монетон ээмэг 1 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 1.140.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Э.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд өсвөр насны шүүгдэгчийг “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Өсвөр насны шүүгдэгч Э.А нь хохирогч Д.Шинэтуяад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул өсвөр насны шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Өсвөр насны шүүгдэгч Э.А гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан, өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч Э.А нь гэмт хэрэг үйлдэхдээ 14 насанд хүрсэн 18 насанд хүрээгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар өсвөр насны шүүгдэгчид оногдуулах ялыг 2 дахин багасгах нь зүйтэй байна.
Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг харгалзан шүүх хуралдааныг хаалттай явуулж, хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас богино хугацаанд шийдвэрлэв.
Шүүх хялбаршуулсан журмаар өсвөр насны шүүгдэгч Э.А д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Өсвөр насны шүүгдэгч Э.А нь энэ хэрэгтээ 27 хоног цагдан хоригдсон ба үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг...нийтэд тустай ажил хийлгэх ялын цагаар тооцож, эдлэх ялаас хасаж тооцох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг эдэлсэнд тооцож шүүх хуралдааны танхимаас суллах нь гэмт хэрэгт үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль зүйн үр дагаварын хувьд шүүгдэгчид илүү ашигтай болно.
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Э.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Өсвөр насны шүүгдэгч Э.А д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Өсвөр насны шүүгдэгч Э.А д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2-д тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хоёр дахин багасгаж нийт 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д өсвөр насны шүүгдэгч Э.А гийн цагдан хоригдсон 27 хоногийг түүнд оногдуулсан нийт 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, шүүх хуралдааны танхимаас сулласугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч Э.А нь энэ хэрэгтээ 27 хоног цагдан хоригдсон ба бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба өсвөр насны шүүгдэгч Э.А д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл өсвөр насны шүүгдэгч Э.А д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС