| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 191/2025/04266/И |
| Дугаар | 210/МА2025/02054 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2025/02054
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч О.Одгэрэл, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/07045 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: 38,682,978 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь *******тай 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Гэрээгээр ******* нь *******, ******* хороонд байрлах, *******ын газрын оффис, орон сууцны барилга угсралтын ажлыг хууль тогтоомж, барилгын норм ба дүрмийн дагуу баригдахад захиалагч *******-ийн өмнөөс барилга гүйцэтгэгчид хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх, ******* нь хөлс төлөх үүрэг хүлээсэн. Гэвч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас барилгын ажил зогсонги байдалд орж, компани их хэмжээний хохирол амсаад байна. *******ыг компанийн удирдлагын зүгээс удаа дараа ирж уулзаж, ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан боловч огт ирдэггүй, утсаа авдаггүй.
1.2 *******-ийн захирал ******* хувийн данснаасаа барилгын ажилд шаардлагатай туслах материал, барилгын тоног төхөөрөмж авахад зориулан *******т 72,100,000 төгрөгийг шилжүүлсэн. Эдгээр гүйлгээнээс и-баримтаар баталгаажсан гүйлгээ 11,913,550 төгрөг, цаасан баримтын 9,603,472 төгрөг, 8,400,000 төгрөгийг хасч, нийт 42,182,978 төгрөг байна. Мөн ажлын зориулалтаар ашиглахаар шилжүүлсэн 4,000,000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерыг одоог хүртэл хүлээлгэн өгөөгүй байна.
Иймд 46,182,978 төгрөг гаргуулахаас цалингийн 7,500,000 төгрөгийг хасч, үлдэх 38,682,978 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******* захирлаас *******т албан хэрэгцээнд зориулан хэрэглүүлэхээр олгосон зөөврийн компьютер нь надад хадгалагдаж байгаа. Үүнийг үзлэг хийлгэн, албан ёсоор нэхэмжлэгчид хүлээлгэн өгнө.
2.2 Миний хувьд ажиллаж байх хугацаанд зарцуулсан зарцуулалт захирлын үүрэг даалгавраар явсан. 72,100,000 төгрөгийг хүлээн авсныг зөвшөөрч байна. Нэхэмжлэгчээс гаргаж байгаа зардлаас гадна бусад зардал байгаа тул үлдэгдэл мөнгийг зөвшөөрөхгүй.
Үүнд зоорийн давхар 1 давхрын цутгалт хийсэн бетон шахах шахуургын түрээс 10,000,000 төгрөг, түрээсийн үйлчилгээ үзүүлсэн иргэнд бэлнээр болон дансаар шилжүүлсэн, дансны хуулгаар 5,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 10,796,450 төгрөг шилжүүлсэн, мөн өдөр 5,000,000 төгрөг /Богд хурах 6001122/, 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 3,600,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг, нийт 6,200,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 1,800,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,300,000 төгрөг, нийт 32,496,450 төгрөг дээр 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1,200,000 төгрөгийг нэмж, нийт 33,696,450 төгрөг болж байна.
2.3 Нэхэмжлэлийн үнийн дүн болох 38,682,978 төгрөгөөс 33,696,450 төгрөгийг хасч, үлдэх 4,986,528 төгрөг байна. Уг дүнгээс бас жижиг зардлууд хасагдах боломжтой, зөөврийн компьютерыг цалиндаа тооцож хасч байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар хариуцагч *******аас 12,386,528 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс 26,296,450 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 213,134 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 *******-аас хэрэгжүүлж буй барилгын төслийн ажил нь миний буруугаас болж огт зогсоогүй. Захиалагч *******-ийн захирал ******* нь барилга угсралтын ажлыг гүйцэтгэж буй ерөнхий гүйцэтгэгч *******-ийн туслан гүйцэтгэгч *******-ийн захирал мөн *******тэй төлбөр тооцооноос болж маргалдан туслан гүйцэтгэгч ажлаа зогсоосон. Ингээд ажил зогссон учир би захирал *******д Та гүйцэтгэгч компанитай төлбөр тооцоогоо хийж угсралтын ажлыг цаашид хэвийн үргэлжлүүлэх бололцоогоор хангана уу хэмээн удаа дараа хүсэлт тавихад хүлээж аваагүй.
4.2 Мөн би шаардлагатай материалын жагсаалтаа ******* захирал болон туслан гүйцэтгэгч компанийн захирал, инженерүүдийг байлцуулан талбай дээр үзлэг хийлгэж байж захиалдаг байсан. Энэ үед захирал Би гадуур хөөцөлдөх ажил ихтэй байна. Иймд ажлаа тасралтгүй явуулахын тулд чиний дансанд мөнгөө хийе. Чи өөрөө төлбөрөө хийгээд надад танилцуулж бай гэсний дагуу мөнгө авсан. Эдгээр өгсөн мөнгөнүүдээс би өөртөө нэг ч төгрөг хувьдаа завшин ашиглаагүй. Бүх дансны хуулгаа гарган өөрт нь өгч байсан.
4.3 Ажилд хэрэглүүлэхээр компаниас *******т хүлээлгэн өгсөн 4,000,000 төгрөгөөр үнэлсэн ******* маркийн зөөврийн компьютер нь одоо надад байгаа бөгөөд үүнийг захирал ******* надад ажлаа дуусаад хувьдаа аваарай гэж өгсөн. Үүнийг би дураараа аваагүй харин захирлын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 4******* зүйлийн 43.2.6 дахь хэсэгт заасны дагуу надад өгсөн гэж ойлгосон. Би зөөврийн компьютерыг биетээр нь хүлээлгэн өгнө. Уг зөөврийн компьютерыг хуучин компьютер зардаг -аас 3,619,000 төгрөгөөр худалдан авсан. Үлдсэн 8,386,528 төгрөгийн үнийн дүнтэй худалдан авсан бараа материалын жагсаалтыг шүүхэд дансны хуулгаар бүгдийг нь гарган өгсөн. Гэтэл шүүх үүнийг нотлох баримтаар үнэлэлгүй бараа материал худалдан авсан зарлагын падаан юм уу НӨАТ-ын баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэлт гаргасан.
4.4 Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.3 дахь хэсэгт зааснаар миний хөлсөөр ажиллах гэрээнд надад байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийг хөтлөх тухай үүрэг огт хүлээлгээгүй бөгөөд энэ ажлыг хуулийн дагуу захирал, нягтлан бодогч нар хүлээх ёстой. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажилтан биш.
Иймд шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож эсхүл дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан, хөлсөөр ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн 72,100,000 төгрөгөөс буцаан шилжүүлсэн 8,400,000 төгрөгийг, и-баримтаар баталгаажсан гүйлгээ 11,913,550 төгрөгийг, цаасан баримтаар баталгаажсан 9,603,472 төгрөгийг тус тус хасаж, үлдэх 42,182,978 төгрөг дээр түүнд өгсөн зөөврийн компьютерын үнэ 4,000,000 төгрөгийг нэмж, нийт 46,182,978 төгрөгөөс түүний ажлын хөлс 7,500,000 төгрөгийг хасаж, үлдэх 38,682,978 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ...нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгийг зориулалтын дагуу зарцуулсан, ... зөөврийн компьютерыг биет байдлаар буцааж өгнө гэж үгүйсгэн маргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
3.1 Нэхэмжлэгч нь хөлсөөр ажиллах гэрээнээс татгалзсан, эсхүл гэрээг цуцалж буй үндэслэл буюу хэний буруугаас ийнхүү гэрээг цуцлах болсон үндэслэл хэргийн баримтаар бүрэн тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас ямар үндэслэлээр мөнгөн хөрөнгийг буцаан шаардаж байгааг анхан шатны шүүх тодруулаагүй, энэ талаар талууд мэтгэлцээгүй байна. Үүнийг тодруулснаар холбогдох хуулийн тохирсон зохицуулалтыг шүүх тайлбарлан хэрэглэх нөхцөл бүрдэх учиртай.
3.2 Мөн хэргийн 47-50 дугаар талд авагдсан *******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэх баримт нь засвартай буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгож, уг баримтын талаар дүгнэлт хийсэн нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцээгүй байна.
3.3 Түүнчлэн, хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан гэх 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Хөлсөөр ажиллах гэрээ-ний 2.2-т Гэрээний хугацаанд ажиллагч талын шаардлагад нийцсэн хүчин чадал, үзүүлэлт хангасан зөөврийн компьютерыг ... төгрөгөөр ажиллуулагч тал худалдан авч өгөх ба төсөл бүрэн хэрэгжиж дуусахад ажиллагч талын өмч болгон шилжүүлж өгөхөөр тохиролцов гэж заасан байна. Гэрээнд зааснаар зөөврийн компьютерын үнэ тодорхой бус байхаас гадна тухайн үнийг шаардаж буй нэхэмжлэгчийн шаардах эрх нь гэрээ хэрэгжсэн эсэх үйл баримтаас хамаарахаар байна.
4. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, талууд энэ талаар мэтгэлцээгүй, хэргийн үйл баримт тогтоогдохгүй байхад давж заалдах шатны шүүх хэргийг нэг мөр шийдвэрлэх, уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх, зөвтгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/07045 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
М.БАЯСГАЛАН