Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 167

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

Шүүгдэгч С.Д  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Д д холбогдох 163/2019/0165/Э индекстэй, эрүүгийн 1915002920172 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1973 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн ... оршин суух, Сум дундын 4 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил, 2 сарын хорих ял оногдуулж 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б  овогт С.Д  .

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Д  нь /яллах дүгнэлтээр/ 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутагт Б.Б ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Д гийн өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Хохиролд 300,000 төгрөг төлсөн, цаашид гарах зардлыг нотлох баримтаар төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Эрүүгийн 1915002920172 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Д.Б ын өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед Бугат сумын 1 дүгээр багийн “Даваат булаг” гэдэг газар гэрийнхээ гадаа Д  гэдэг хүнд зодуулж хамрандаа гэмтэл авч цус гараад тогтохгүй болохоор Орхон аймаг орж оёо тавиулсан юм. Ийм учир цагдаагийн байгууллагад хандаж байна. Тухайн өдөр Орхон аймаг руу хажуу айлын До  гэдэг хүнтэй орж нэг шил архи авч, Д гийн гэрт очиж уусан. Д  намайг гэрт машинаараа хүргэж өгнө гээд манай гэрт ирсэн. До  гэртээ буугаад үлдсэн юм. Үлдсэн тал шил архиа Д  бид хоёр манай гэрт хувааж уусан. Д  бид хоёр гэрийн гадаа барилдаж байгаад би Д г газар хоёр, гурав унагаасан юм. Д  уурлаад дээлийнхээ ханцуйнд чулуу хийчихсэн байж байгаад миний хамар луу тэр чулуутай гараараа нэг удаа цохьсон юм. ...Д г хамар луу чулуугаар цохиход хажууд ямар нэг хүн байгаагүй. Сүүлд манай хүүхэд Ө  малнаасаа хүрч ирээд Д  бид хоёрыг салгасан. Д  гэрт архи ууж байхдаа манай эхнэр О ийг худалчаар нь дуудаад маргалдаад байсан. Тэгээд эхнэр хүүхэд хоёр малдаа явсан. ...” гэх мэдүүлэг /хх 11-12 тал/,

Гэрч Б.О ийн өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед Д тай цуг гэртээ ирсэн. Гэртээ ирээд Д тай тал шил архи уусан. Д , Б  хоёр хоорондоо юм яриад сууж байсан. Би адуугаа авчрах гээд хүүхэдтэйгээ малдаа явсан. Тэгээд малдаа явчихаад ирэхэд гэрийн гадаа Д , Б  хоёр чанга чанга дуугараад хоорондоо барилдаад ч байгаа юм уу, барьцалдаад зогсож байсан. Тэгээд манай хүү Ө  гүйж очоод салгасан. Намайг очиход Б ын хамарны дээд талаас цус гараад тогтохгүй байсан. Орхон аймаг орж эмнэлэг дээр оёдол тавиулсан юм. Маргааш өглөө нь буюу 2019 оны 06 дугаар сарын 19-ний өглөө Д  манай гэрийн гаднаас машинаа авах гэж ирэхдээ Б оос уучлаарай гээд уучлалт гуйсан. ...” гэх мэдүүлэг /хх 15 тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.Ө ы өгсөн: “...Тэр өдөр манай аав Б , Д гийн хамт 19 цагийн үед гэртээ ирж Д тэй архи хувааж уусан. Гэрт Д  манай ээжийг худлаа ярьдаг гээд байсан. Орой ээж бид хоёр тугалаа хаших гээд явсан, тэр үед аав, Д  хоёр чанга чанга дуугараад байхаар нь би гэрийн гадаа гүйгээд очиход аавын нүүр болон хувцас нь цус болчихсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх 18 тал/,

Гэрч Х.До ын өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Б  надтай Орхон аймаг орж нэг шил “Ерөөл” нэртэй архи авсан. Архиа манай гэрт ууж байгаад талыг аваад явсан. Б  Д гийн гэрт ирээд манай гэрээс авч явсан тал шил архиа уусан байх гэж бодож байна. Намайг хонио олж аваад явж байхад Б , Д  хоёр Д гийн машинтай ирсэн. Тэгээд намайг цуг Б ын гэрлүү явъя гэхэд нь би яваагүй. Тэр хоёр явсан. ...” гэх мэдүүлэг /хх 21-22 тал/,

Шүүгдэгч С.Д  яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн ... гэдэг газар манай гэрт Б  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн, нэг шил архи өвөртөлчихсөн До ын хамт ирсэн. Манай гэрт архины талыг нь уугаад талыг нь Б  өвөртлөөд явсан. До ыг хонин дээр нь машинаараа хүргэж өгөөд Б ын гэрт очиход эхнэр, хүүхэд хоёр нь байсан. Б ын гэрт очоод тал шил архиа уух гэтэл Б  өөрийгөө “Ү гийн төрсөн дүү, би барилддаг хүн шүү” гээд байсан. Б ын эхнэр, хүүхэд үхрээ харна гээд гэрээсээ гараад явсан. Би удалгүй хойноос нь “явлаа” гээд гэрийн гадаа шээгээд зогсож байхад Б  намайг өргөөд шидсэн, “боль” гээд байхад дахин дахин өргөж газар шидээд байсан. ...Б  бид хоёр дээр дороо ороод ноцолдсон. Тэр үед Б ын хамарнаас цус гарсан байх, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд 300.000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /хх 36-38 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 166 дугаартай:

1. Магадлуулагч Б.Б ын биед хамар ясны хугарал, зүүн ухархайн дотор ханын цууралт, духанд оёдол бүхий шарх, баруун зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Магадлуулагч Д.Б ын биед учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх 24/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1-2 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-7 тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-25-26, 29-30, 33-34 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 41/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 45-49/, хэргийн материал танилцуулсан баримт /хх-52-53 тал/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч С.Д  нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн Д.Б той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргах явцдаа зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

        Хохирогч Д.Б ын өгсөн мэдүүлгийн эх сурвалж мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.О , насанд хүрээгүй гэрч Б.Ө , Д.До  нарын хэргийн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгааны талаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 166 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч С.Д  гэм буруугийн талаар маргаагүй  байна.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн шинжлэх ухааны үндэслэл бүхий байх учир шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч С.Д гийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иймд шүүгдэгч С.Д г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

        Хохирогч Д.Б  нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд иргэний нэхэмжлэл гаргасан боловч нотлох баримтыг ирүүлээгүй, шүүгдэгч С.Д гээс эмчилгээний зардалд 300.000 төгрөг авсан талаарх баримт хэргийн 51 дүгээр талд авагдсан байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.

        Шүүгдэгч С.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч С.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1.Шүүгдэгч Б  овогт С.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Д г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт  заасныг баримтлан шүүгдэгч С.Д  нь торгуулын ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй болохыг дурьдаж, торгуулын ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч С.Д д сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч С.Д  нь гэм хорын хохиролд 300000 /гурван зуун мянга/ төгрөг төлсөн, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч С.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ЦЭРЭНХАНД