| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 192/2025/05236/И |
| Дугаар | 210/МА2025/02056 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2025/02056
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/07885 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: 60,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Миний бие 2024 оны 08-09 дүгээр сард автомашины худалдан борлуулах зарын дагуу *******ын ажлын хамтрагч *******тай холбогдож, ******* маркийн автомашиныг 60,000,000 төгрөгөөр оруулж ирнэ гэснийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хаан банк дахь *******ын ******* дугаартай харилцах данс руу 40,000,000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөгийг, нийт 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн.
1.2 Гэвч өнөөдрийг хүртэл автомашиныг хүлээж аваагүй бөгөөд *******аас мөнгөө буцааж авах тухай олон удаа хүссэн боловч ...******* бидний дундын хамтын ажиллагаа маргаантай байгаа, бид хамтран ажиллахаа больж байгаа, таны мөнгийг хоорондын маргаанаа дуусгаад удахгүй буцааж өгнө гэсэн.
Иймд хариуцагчаас 60,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Миний бие 2024 оны 02 дугаар сард , компанийн захирал гэх *******тай анх танилцаж, 2024 оны 10 дугаар сард Япон улсаас автомашины сэлбэг Монгол улсад оруулан ирж худалдан борлуулах бизнес хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Улмаар 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ******* ...компанийн дансанд байршуулбал виз хурдан гардаг гэж хэлснийх нь дагуу өөрийн нэр дээр 2,000,000 иень, д 1,000,000 иень, ын нэр дээр 1,000,000 иень, нийт 4,000,000 иень шилжүүлсэн. Дараа нь ******* ...чамайг ирэхэд чинь машинуудаа цуглуулж байя гэсний дагуу 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр *******ын нөхөр гэх Япон улсын иргэн гид 2,000,000 иень, 10 дугаар сарын 23-ны өдөр 2,000,000 иень, 10 сард 4,000,000 иенийг тус компанийн дансанд шилжүүлсэн. Мөн ...машинууд цугласан байгаа гэхдээ нэмж мөнгө хэрэгтэй гэсэн тул 19,900,000 иенийг *******ын хэлсний дагуу , , нарт 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1,200,000 иень, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 5,700,000 иенийг тус тус *******ын өөрийнх нь дансанд хуваан хийж нийт 23,900,000 иень буюу 549,700,000 төгрөгийг шилжүүлсэн.
2.2 Гэтэл Монгол улс руу ачуулсан задаргааны гэх 40 тооны автомашин буюу задаргааны сэлбэг өнөөдрийг хүртэл ирээгүй. Миний мөнгөөр авсан автомашин ачсан контейнер Монголын гаальд ирсэн гэх боловч *******ын охин болон гэх өөр хүмүүст хаяглан явуулсны улмаас энэ асуудлыг миний цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын дагуу Улсын мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэгтэй тэмцэх газарт эрүүгийн журмаар шалгаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Харин ******* нь ...2024 оны 10 дугаар сарын 07 болон 08-ны өдөр илгээсэн 20,000,000 болон 40,000,000 төгрөгийг иень болгоод шилжүүл гэсний дагуу би 2024 оны 10 дугаар сарын 08 болон 09-ний өдөр өөрийн валютын данснаас ******* руу шилжүүлсэн ба би өөрөө авч хэрэглээгүй.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч *******аас 60,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 457,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Нэхэмжлэгч ******* нь *******ын хууль бус аргаар Япон улсад худалдан авсан автомашиныг Монгол улсад худалдан борлуулах ажлыг гүйцэтгэдэг болох нь тодорхой болсон. ******* нь Япон улсаас тээврийн хэрэгсэл, авто сэлбэг худалдан авахад тусална гэж хууран мэхэлж *******аас нийт 550,000,000 төгрөгийг өөрийнхөө болон нөхрийнхөө Япон улсад бүртгэлтэй LT гэх компанийн данснууд руу шилжүүлэн авсныхаа дараа зугтаж алга болсон ба одоо Монгол улсын Мөрдөн байцаах албанаас эрэн сурвалжилж байна.
4.2 Харин шүүхийн шийдвэрт ******* ямар нэгэн гэрээ хэлцэлгүйгээр шилжүүлсэн гэгдэж буй 60,000,000 төгрөгийг ******* 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр утсаар ярьж Монгол данс руу чинь 60,000,000 төгрөг хийе, иень болгоод шилжүүлээч гэсний дагуу 20,000,000 болон 40,000,000 төгрөгөөр Япон машины үнэ гэсэн гүйлгээний утгатайгаар тус тус орж ирсэн мөнгийг би *******ын хэлсний дагуу өөрөөсөө мөнгө нэмж 90,000,000 төгрөг болгоод иений данс руу шилжүүлсний дараа ******* руу гуйвуулсан бөгөөд дээрх үйл баримттай холбоотой өөрт байгаа нотлох баримтууд болох Хаан банкны дансны хуулга, Мөрдөн байцаах албаны тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн.
Мөн өөрт байсан бусад баримтуудыг Мөрдөн байцаах албанаас явуулж байгаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчид гарган өгсөн гэдгээ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд тайлбарласан бөгөөд хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул шүүхэд өгөх боломжгүй болсноо мэдэгдсээр байтал энэ бүхнийг анхаарч үзэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хариуцагч тал Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгийг үндэслэсэн. *******ын гомдлоор *******ад холбогдох хэргийг хянан хэлэлцэж байгаа. 549,000,000 төгрөгийн үнийн дүнтэй, сэлбэг хэрэгслийн хамтын ажиллагааны хүрээнд *******ад залилуулсан. Дээрх албан бичгээс үзэхэд нэхэмжлэгч ******* нь тухайн хэрэгт ямар ч хамааралгүй болох нь нотлогдоно.
5.2 Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхэд нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаагүй атлаа давж заалдах гомдолдоо худал тайлбар гаргасан. Хариуцагчийн зүгээс шүүхэд нотлох баримтыг ирүүлээгүй, зөвхөн *******тай холбогдох тайлбарыг өгсөн. Хариуцагч нь анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийг танихгүй гэх хариу тайлбар гаргасан. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ******* нь бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр *******тай хэлэлцэн тохиролцож маркийн автомашиныг худалдан авахаар амаар тохиролцсон. Нэхэмжлэгч нь 2 удаагийн гүйлгээгээр 60,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн боловч автомашиныг *******аас хүлээн аваагүй. Талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй, хариуцагч ******* нь үндэслэлгүй хөрөнгөжсөн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан, 60,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. ******* нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 40,000,000 төгрөгийг yopond mashinii une гэх гүйлгээний утгатай, мөн оны 10 дугаар сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөгийг yopand mashinii mungu гэх гүйлгээний утгатай *******д шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байхаас гадна талууд уг үйл баримтад маргаагүй. /хх 7-8/
4. Талуудын хооронд дээрх мөнгөн хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээний болон үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Хариуцагч нь дээрх мөнгөн хөрөнгийг ямар үндэслэлээр нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан болохоо буюу уг 60,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгөхгүй гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг ******* руу дамжуулан шилжүүлсэн гэх татгалзал болон үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байна. Иймд хариуцагч нь уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан өгөхгүй гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй нөхцөлд хариуцагчийг 60,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас тухайн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
5. Цагдаагийн Ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12а-1/9888 дугаар албан бичигт ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэг нээж, иргэн *******ын хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл Хэргийн бодит байдлыг тогтоох, мөн хуулийн 16.2 дугаар зүйл Нотолбол зохих байдал-ийг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг үүгээр мэдэгдье гэжээ.
5.1 Хариуцагчаас ...*******ыг хохирогчоор тогтоогоод мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШЗ2025/41043 дугаар захирамжаар хүсэлт хэрэгт хамааралгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан хэрэг түдгэлзүүлэх үндэслэлд хамаарахгүй гэх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй. Иймд хариуцагчийн ...эрүүгийн журмаар шалгаж байгаа тул шүүхэд өгөх боломжгүй болсноо мэдэгдсээр байтал энэ бүхнийг анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/07885 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
М.БАЯСГАЛАН