Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 162

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Чагнаадорж,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч Д.У  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.У т холбогдох 1915001800189 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, Булган аймгийн ... газарт үйлчлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр, ээж, охины хамт Булган аймгийн... оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б  овогт Д.У  .

Шүүгдэгч Д.У  нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг “О” хүнсний дэлгүүрийн гаднаас такси авч гэртээ хүргүүлэхдээ иргэн М.Б ын таксинд гээгдүүлсэн “Huawei Psmart”  загварын гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшиж 409500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.У  өгсөн мэдүүлэгтээ: Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Эрүүгийн 1915001800189 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч М.Б ын өгсөн: "...2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр би нөхөр Д ийн хамт “Өнө мандал” орчимоос такси аваад явж байгаад нөхөр ахындаа орж юм авах гээд орсон юм. Тэгээд удаад байхаар нь араас асууж залгах гээд утсаа цүнхнээсээ гаргаж залгаж ярьчихаад утсаа өвөр дээрээ тавьсан юм. Тэгээд буухдаа тэр чигтээ мартаад явчихсан байна лээ. Би мобикомоос 839000 төгрөгөөр лизиндэж авч  байсан. ...Энэ миний алдсан гар утас яг мөн байна. Миний утасны наалтны дээд тал нь бага зэрэг ховхорсон зэрэг  байдлаар нь таниж байна. Миний алдагдсан утас мөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-24-25 тал/,

Гэрч  Г.Ш ийн өгсөн:  “...Би Д.У ийг танина. Манай төрсөн эгч Б ийн охин юм. ...Надад нэг утас олсон талаараа хэлж байсан. Тэгээд хүмүүс утасны кодоороо олчихдог гэсэн тэгээд олоод ирнэ биз гэж хэлж байсан. Удаагүй эгээ би цагдаа дээр ирээд мэдүүлэг өгч байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-28 тал/,

“Т” ХХК-ны хөрөнгийн   үнэлгээ   тогтоосон   дүгнэлт   “HUAWEI PS Mart” утас 409,500 төгрөг” гэх дүгнэлт /хх-20 тал/,

Шүүгдэгч Д.У ийн яллагдагчаар өгсөн: “...Би ажлаасаа тараад Булган аймгийн Булган сум 5 дугаар багийн “О” хүнсний дэлгүүрийн урдаас такси бариад гэр лүү гээ явсан юм. Тэгээд гэрийнхээ гадаа ирээд таксинаас буухад уг утас миний суусан таксины ар талын суудал дээрээс унасан, такси хөдлөөд явчихсан юм. Тэгээд тухайн үед хүнээс хулгайлж авсан биш олсон юм чинь гээд шууд аваад өөрийнхөө сим картыг хийгээд ашигласан. ...Би өөрийн гаргасан үйдэлдээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-49-50 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-4-5 тал/, утас худалдах, худалдан авах гэрээ /хх-6 тал/, эд мөрийн баримт хураан авсан болон гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-20-21 тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-35-36 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-45-46 тал/, шүүгдэгчийн хувийн байдлын талаархи баримтууд /хх-40-42 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39 тал/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Д.У ийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг “О” хүнсний дэлгүүрийн гаднаас такси авч гэртээ хүргүүлэхдээ иргэн М.Б ын таксинд гээгдүүлсэн “Huawei Psmart”  загварын гар утсыг авч завшсан хууль зүйн факт, гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн үйл баримт нь гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар хохирогч М.Б , гэрч Г.Ш  нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн эд хөрөнгийн үнэлгээ гаргасан дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

 Нотолгооны ач холбогдол бүхий дээрх шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.

“Гээгдэл эд хөрөнгө” гэдэгт өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайрхамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй зүйлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.У ийн бусдын өмчлөлийн эд зүйл гэдгийг мэдсээр байж авч ашиглан завшиж байгаа санаатай үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжийг агуулж байна.  

Иймд шүүгдэгч Д.У ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч Д.У  нь хохирогчид “Huawei Psmart” загварын гар утсыг биет байдлаар буцаан өгснөөр хохирогч М.Б  нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Шүүгдэгч Д.У т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэр бүлээ зөвхөн өөрийн орлогоор тэжээн тэтгэдэг, цалингийн зээлтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.У  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болно.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б  овогт Д ын У ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Д.У т оногдуулсан 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 50000 /тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, биелүүлэх хугацааг 09 /ес/ сарын хугацаагаар тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.У т сануулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.У  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.У т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.У т авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД