Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2025/01952

 

 

*******-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 197/ШШ2025/11785 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* д холбогдох,

 

7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , хариуцагч *******-д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д д холбогдуулан ******* ХХК-ийн захиалгаар хамтран хийсэн ажлын хөлснөөс өөрт ногдох хувийн үлдэгдэл 7,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч хийсэн ажлынхаа гүйцэтгэлд тохирсон ажлын хөлсөө авсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

 

3. ******* болон *******-д нар нь ******* ХХК-ийн захиалгаар барилгын гадна фасад баганыг цементэн хавтангаар бүрэх ажлыг хамтран хийж гүйцэтгэх, ажил гүйцэтгэхтэй холбоотой зардлыг хамтран хариуцаж, ажлын хөлсөө тэнцүү хувааж авахаар хоорондоо харилцан тохиролцсон үйл баримтын талаар маргаангүй боловч нийт хэдэн баганын ажлыг хамтран хийж гүйцэтгэсэн болон нэг баганын ажлын үнэлгээ нь хэдэн төгрөг болох талаар харилцан зөрүүтэй тайлбарлаж маргасан байна.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

4.1. Зохигч хоорондоо баганын ажлыг нийт 25,000,000 төгрөгөөр хийхээр харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хариуцагчийн шүүх хуралдаанд даргалагчийн асуусан асуултад ... бөхийн өргөөний гадна фасад, баганыг 100 хувь гүйцэтгээд 25,000,000 төгрөгт багтааж хийж байж авах юм байна гээд, 100 хувь дуусгаж гүйцэтгэнэ гэж тохирсон... гэж хариулсан байдлаар тогтоогдсон.

4.2. Нэхэмжлэгч нь ...22 баганын ажлыг 25,000,000 төгрөгөөр хийхээр харилцан тохиролцсон гэсэн, хариуцагч нь ...37 баганын ажлыг 25,000,000 төгрөгөөр хийхээр харилцан тохиролцсон гэсэн тайлбарууд гаргасан байхад анхан шатны шүүх 42 баганын ажлыг 25,000,000 төгрөгөөр хийхээр талууд тохиролцсон гэж дүгнэн 25,000,000 төгрөгийг 42 баганад хуваан нэг баганын ажлын хөлсний дүнг 595,238.10 төгрөг гэж тодорхойлон, улмаар зохигчдын авсан ажлын хөлс 22,000,000 төгрөгийг нэг баганын ажлын хөлс гэж тодорхойлсон 595,238.10 төгрөгт хуваан нийт 33 баганын ажил гүйцэтгэгдсэн, үүнээс 10 баганыг нь *******-д өөр хүмүүстэй хийсэн гэж тайлбарласан гэх үндэслэлээр зохигчдын хамтран хийж гүйцэтгэсэн баганын ажлыг 22 баганын ажил гэж тооцож, 22 баганын ажлыг нэг баганын ажлын хөлс гэж тооцож гаргасан 595,238.10 төгрөгөөр үржүүлэн гарсан дүн болох 13,095,238.2 төгрөгийг зохигчдод тэнцүү хуваан нэг хүнд ногдох мөнгөн дүн болох 6,547,619.1 төгрөгөөс нэхэмжлэгчийн өмнө авсан 4,000,000 төгрөгийг хасаж тооцон хариуцагчаас 2,547,619.1 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь алдаатай болсон байна.

 

5. Нэхэмжлэгч нь хамтын ажиллагааны хүрээнд нийт 22 баганын ажлыг хариуцагчтай хамтран хийж гүйцэтгэсэн гэж тайлбарладаг бол хариуцагч нь нийт 22 баганын ажлыг хийж гүйцэтгэсэн гэхдээ нэхэмжлэгч 12 баганын ажилд л хамтран оролцсон, үлдэх 10 баганыг нь өөрөө хийж дуусгасан гэж тайлбарлажээ.

5.1. ******* ХХК-ийн зүгээс 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд *******-д д нийт 22,000,000 төгрөгийг ажлын хөлсөнд шилжүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Ерөнхий журналын дэлгэрэнгүй нэртэй баримтаар тогтоогдож байх ба уг үйл баримтаас дүгнэвэл 22 баганын ажилд 22,000,000 төгрөгийн ажлын хөлс төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

5.2. Нэхэмжлэгч нь 22 баганын ажлыг хариуцагчтай хамтран бүрэн хийж гүйцэтгэсэн гэх үндэслэлээр урьдчилж авсан 4,000,000 төгрөгийг хасаж тооцон өөрт ногдох хэсэгт хариуцагчаас 7,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа бол хариуцагч нь нэхэмжлэгч 12 баганын ажилд л хамтран оролцсон гэж маргасан.

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нотлох үүргийн хуваарилалтын дагуу нэхэмжлэгч 22 баганын ажлыг хамтран гүйцэтгэсэн гэдгээ шүүхэд баримтаар нотлох шаардлагатай, нэхэмжлэгч 22 баганын ажлыг хамтдаа бүрэн хийж дуусгасан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд буюу 12 баганын ажлыг нэхэмжлэгч хамтран гүйцэтгэсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь шүүхэд гэрчээр ******* , ******* , *******  нарыг асуулгасан боловч тэдгээр гэрчүүд нь нэхэмжлэгч 22 баганын ажлыг хариуцагчтай хамтран бүрэн гүйцэтгэсэн гэх үйл баримтыг гэрчлээгүй байна.

6. Иймд талууд хамтран 12 баганын ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэх бөгөөд 1 баганын ажлын хөлс 1,000,000 төгрөгийг 12 баганад тооцоход 12,000,000 төгрөг, үүнийг талуудын тохиролцооны дагуу тэнцүү хуваахад нэг хүнд ногдох ажлын хөлс нь 6,000,000 төгрөг болж байх ба үүнээс нэхэмжлэгчийн урьдчилан авсан 4,000,000 төгрөгийн ажлын хөлсийг хасаж тооцоход нэхэмжлэгчид ногдох ажлын хөлсний хэмжээ нь 2,000,000 төгрөг болж байна.

7. Нэхэмжлэгч нь хамтран ажиллах явцад ажлыг гүйцэтгэхтэй холбоотойгоор өөрөөсөө 2,920,140 төгрөгийн зардал гаргасан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан *******  банкны дансны хуулгаар нотлогдсон, талууд ажил гүйцэтгэхтэй холбоотой зардлыг хамтран хариуцаж, ажлын хөлсөө тэнцүү хувааж авахаар хоорондоо харилцан тохиролцсон тул Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт заасны дагуу хамтран ажиллах гэрээ дуусгавар болсны дараа үлдэх хөрөнгийн хэмжээг тооцоход уг зардлыг оруулж тооцно.

8. Хариуцагч ажлыг гүйцэтгэхэд өөрөөсөө мөн зардал гаргасан гэж шүүх хуралдаанд тайлбарласан боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгчийн гаргасан 2,920,140 төгрөгийн зардлыг 2 тэнцүү хуваахад нэг хүнд ногдох зардлын хэмжээ нь 1,460,070 төгрөг болж байна.

9. Иймд хариуцагчид ногдох зардал 1,460,070 төгрөгийг нэхэмжлэгч түүний өмнөөс гаргасан гэж үзэх тул уг нэхэмжлэгчид ногдох ажлын хөлс 2,000,000 төгрөг, хариуцагчийн хариуцвал зохих зардал 1,460,070 төгрөг, нийт 3,460,070 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.

10. Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна гэж заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон байх тул уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 197/ШШ2025/11785 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын ... 478 дугаар зүйлийн 478.8 ... гэснийг хасаж, ... 2,547,619.1 ... гэснийг ... 3,460,070 ... гэж, ... 4,452,380.9 ... гэснийг ... 3,539,930 ... гэж,

 

2 дахь заалтын ... 55,712 ... гэснийг ... 70,311 ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 86,189 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

 

Б.УУГАНБАЯР