Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 161

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Чагнаадорж,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

Хохирогч С.У ,

         Шүүгдэгч Э.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Г од холбогдох 163/2019/0164/Э индекстэй, эрүүгийн 1915003360165 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Булган аймгийн ... оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Ш  овогт Э.Г.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Г  нь 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутагт иргэн С.У г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г ын өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй, гэм бруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээний зардалд 170000 төгрөг төлсөн, цаашид гарах хохирлыг төлнө гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.У гийн өгсөн: Яллах дүгнэлтэд миний мэдүүлгийг уншсан учир нэмж ярих зүйлгүй. Миний гарсан бодит хохирлыг төлсөн, одоо баримтаар нэхэмжлэх зүйл байхгүй. Харин хамрын хагалгаанд орох шаардлагатай гэж эмч зөвлөсөн, энэ зардлаа гаргуулна гэх мэдүүлэг,

Эрүүгийн 1915003360165 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч С.У гийн өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Г  нь манай Булган аймгийн... гэх газарт байдаг гэрт ганцаараа 20 цагийн үед ирсэн. Г  манайд ирэхдээ 2 литрийн нийслэл пиво барьж ирээд “ах, эгч хоёртой сайн танилцнаа, дүү нь өнөөдөр ууж явна” гээд пивоо задлаад нэг, нэг аяганд хийж өгсөн. Тэгсэнээ “ах, эгч хоёрыг авч яваад сайхан айраг уунаа” гэхээр нь би “ах, эгч хоёр нь нялх нойтон хүүхэдтэй явж чадахгүй” гэтэл Г  “том хүний үгнээс зөрж хамт уусангүй, эргэж ирээд алнаа” гэж хэлээд явсан. Г ыг явангуут манай эхнэр Э  хажуу айлын А тай утсаар яриад “Г  сая ирээд хамт уусангүй, эргэж ирээд алнаа гээд согтуу явчихлаа” гэж хэлсэн. Тэгтэл А , Г ыг тэднийд ирэхээр нь Г од “та юу яриад яваад байгаа юм бэ, хажуу айлын ахад агсан тавьлаа” гээд хэлж байхад нь би орсон. Г  намайг “та юу яриад байгаа юм” гэхээр нь би чамд “нялх нойтон хүүхэдтэй бид нар чамайг дагаад явж чадахгүй гэж хэлээ биз дээ, чи аав, ээж шигээ хүнтэй юу яриад байгаа юм бэ” гэсэн чинь Г  “намайг гараад ир” гэж хэлээд гэрээс гарахаар нь би араас нь гарсан. А  бас гэрээс гарч ирээд Г ыг “одоо чи яв” гээд цааш нь болгоход Г  намайг гараараа зүүн хөмсөг рүү цохисон, би 4 хөллөөд доошоо тонгойход Г  миний хамар, зүүн нүдийг хавсарч нэг удаа хүчтэй өшиглөсөн. Тэгэхэд би хойшоо унасан чинь Г  миний цээж хэсэг рүү дахин нэг удаа өшиглөчихөөд явчихсан. Г ыг миний хамар, зүүн нүд рүү өшиглөхөд хамар, нүднээс цус гарсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-10-11 тал/,

“...Миний биед хамар ясны хугарал, зүүн нүдний зовхинд шарх учирсан. Эмч хамрын хагалгаанд зайлшгүй орох шаардлагатай гэж хэлсэн ба Булган аймагт хагалгаанд ороход төлбөр нь 580000 төгрөг гэсэн. Гэхдээ одоохондоо хийхгүй байгаа гэсэн. Би өөрөө Улаанбаатар хотын харьяат учир Улаанбаатар хотруу явж хагалгаанд орох бодолтой байгаа. Тэнд хагалгаанд ороход ямар төлбөртэй байгааг нь мэдэхгүй байна. Миний хохирлыг барагдуулсан тохиолдолд ямар нэг гомдол санал байхгүй. ... гэх мэдүүлэг /хх-12 тал/,

Гэрч Я.Э гийн өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 20-21 цагийн үед нөхөр У  бид хоёрыг 1 настай хүүхэдтэйгээ Булган аймгийн... гэдэг газарт гэртээ байж байхад манай тэндэхийн Г  гэдэг залуу ганцаараа согтуу ирсэн. Г  гэдэг залуу 2 литрийн “Нийслэл” пивотой ирсэн ба пивоо задлаад тал болтол нь Г , У  хоёр уусан. Тэгсэнээ Г  “ах эгч хоёртой явж айлд айраг уунаа, явъя” гэхээр нь  У  бид хоёр “үгүй ээ, бид хоёр явахгүй архи уудаггүй” гэж хэлсэн чинь Г  “архи уудаггүй юм бол эргэж ирээд алнаа би эндэхийн дарга, том хүний үгнээс зөрлөө дөө, эвгүй л юм болно доо” гэж хэлээд явсан. Г ыг эргэж ирээд “алнаа” гэхээр нь би айгаад хажуу айлын А гийн утас руу залгаад “яанаа Г  хамт явсангүй, эргэж ирээд алнаа гээд явчихлаа гэж хэлсэн. Манай нөхөр удаагүй А гийн тугалыг хашиж өгөхөөр А гийн гэр рүү явсан. А гийн гэр манайхаас ойролцоогоор 10 гаран метрийн зайтай. У г гэрээсээ гараад удаагүй байхад А гийн гэрийн гадна У гийн “хүүе” гэж орилолдох дуу чимээ гарахаар нь би гэрээс гарсан чинь У  А гийн гэрийн гадаа байж байсан. Би гүйгээд очсон чинь У гийн нүд хамарнаас цус гарчихсан байсан. У  “Г  намайг зодчихоод явчихлаа” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-14-15 тал/,

Гэрч С.А гийн өгсөн: “...Манайх Булган аймгийн...гэх газарт байдаг ба 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн үед намайг гэртээ байж байхад Г  ганцаараа халамцуу ирээд манай нөхөр Г ийг асуухаар нь би “төв явсан” гэж хэлсэн чинь Г  “манай хойд айлын хүмүүсийг байгаа юу” гэж асуухчихаад хойд айл болох У  ахын гэр рүү явсан. Удалгүй 10-20 минутын дараа миний гар утас дуугарахаар нь автал хойд айлын У  ахын эхнэр Э  эгч байсан. Э  эгч “танай нөхөр хэзээ ирэх юм бэ, сая орж ирсэн залуу нөхөр бид хоёрыг хамт айл руу явж архи ууя гэхээр нь би үгүй гэсэн чинь ална, шулна гээд явчихлаа” гэж хэлсэн. Би гар утсаар ярьж дууссан чинь Г  манай гэрт орж ирээд “нөхрийгөө дууд, утаст” гэхээр нь би “төвд ажилтай байгаа, чи яахаараа гэмгүй байгаа хүмүүсийг ална, шулна гэж агсам согтуу тавьж байдаг юм” гэж хэлээд байж байтал хойд айлын У  ах манай гэрт орж ирсэн. У  ахыг Г  “цагаач хүн энд байх ёсгүй, юу яриад яваад байгаа юм” гээд хэрүүл хийгээд байхаар нь би Г ыг “гар, яв” гээд гэрээс гаргасан. У  ах бас гэрээс гарсан. Би гэрийн гадаа Г ыг “одоо яв”  гээд түлхсэн чинь намайг түлхээд шууд У  ахын нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон чинь У  ах доошоо 4 хөллөөд тонгойсон чинь нүүр рүү нь 1 удаа өшиглөхөд У  ах хойшоо саваад дээшээ хараад унасан чинь Г  цээжин дээр нь 1 нэг удаа хөлөөрөө дэвслэчихээд явсан. Би “хүн алчихлаа шдээ чи” гээд хашгирсан чинь Г  наад пизда чинь үхэхгүй” гэж хэлээд явсан. Тэгээд У  ахын эхнэр Э  эгч ирсэн. У  ахын хаанаас нь цус гараад байгаа юм мэдэхгүй, нүүр нь нил цус болчихсон байсан. Ингээд цагдаа ирсэн” гэх мэдүүлэг /хх 16-17 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 221 дугаартай:

1. Магадлуулагч С.У гийн биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн доод зовхинд шарх, зүүн нүдний салстын цус харвалт, зүүн доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих болон цохигдох үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 19-20/,

Шүүгдэгч Э.Г ын яллагдагчаар өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 21-22 цагийн үед би согтуу ганцаараа У  ахын Булган аймгийн Булган сумын 6 дугаар багт байдаг гэрт нь очсон. Би нилээн согтуу байсан болохоор юунаас  болж муудалцсанаа санахгүй байна, би У  ахыг газар унасан байхад нь нүүр рүү өшиглөснөө санаж байна. Би үйлдсэн хэргээ ойлгож гэмшиж байна, миний буруу” гэх мэдүүлэг /хх-26-27 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1-2 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-6 тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-22-23 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 29/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-30 тал/, хэргийн материал танилцуулсан баримт /хх-33-34 тал/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Г  нь 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн... гэх газарт иргэн С.У г “хамт явж архи, айраг уусангүй” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харрилцаа үүсгэн маргалдах явцдаа  С.У  зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

        Хохирогч С.У гийн өгсөн мэдүүлгийн эх сурвалж мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч С.А , Я.Э  нарын хэргийн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгааны талаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 221 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч Э.Г  гэм буруугийн талаар маргаагүй  байна.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх учир шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч Э.Г ын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иймд шүүгдэгч Э.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

         Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.У  нь эмчилгээний зардал 170000 төгрөг авсан, цаашид хамрын хагалгаанд орох шаардлагатай болсон тул зардлаа гаргуулна гэжээ.  

Шүүгдэгч Э.Г  нь эмчилгээ, оношлогоотой холбоотой гарсан бодит зардлыг төлсөн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэнг дурьдаж, хохирогч нь  хамрын хагалгааны зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Г од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг төлж, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Э.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ш  овогт Э.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Г ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт  заасныг баримтлан шүүгдэгч Э.Г  нь торгуулын ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй болохыг дурьдаж, торгуулын ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Г од сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г  нь хохиролд 170000 /нэг зуун далан мянга/ төгрөг төлсөнг дурьдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдан ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Г од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ЦЭРЭНХАНД