Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2025/01961

 

 

******* ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/07639 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

 

Тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.******* нь ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/26 дугаар тушаалаар тус компанийн үйл ажиллагааны газарт хуульчаар 1 сарын туршилтын хугацаагаар ажилд томилогдож, мөн өдрөө 2024/53 дугаартай туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг байгуулсан.

 

1.2.Дээрх гэрээний хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дууссан боловч ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлах санал гаргаагүй ажилтныг ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлсээр байсан бөгөөд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэж ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Гэтэл 2024 оны 12 дугаар сарын 24-ний өглөө ажилдаа иртэл гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд үйл ажиллагааны газрын захирал ******* нь ... чамайг ажлаас халлаа, чи зайлчих, би чамайг хармааргүй байна ... гэх зэргээр харааж, доромжлон, ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалд оруулсан. Ажлаас чөлөөлсөн бол тушаалаа авъя гэхэд чамайг ажилд томилоогүй юм чинь халах тушаал гаргах шаардлагагүй гээд ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулж өгөөгүй болно.

1.3.2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн улсын байцаагчид гомдол гаргасан. Улсын байцаагчийн хяналт шалгалтын ажлын хүрээнд ажилтанд хүлээлгэн өгөөгүй байсан хөдөлмөрийн гэрээ болон ажилд томилсон тушаал зэргийг өгч, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/4 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргаж, шуудангаар хүргүүлсэн.

1.4.Ажил олгогчийн зүгээс ажил тасалсан гэж үзэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасны дагуу Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хороонд гомдол гаргасан боловч харилцан тохиролцоогүй тул тус хорооны 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр шийдвэрээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан.

1.5.Иймд ******* ХХК-ийн газрын захирлын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/4 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус компанийн үйл ажиллагааны газрын хуульчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцахад нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус ямар ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс эхлэн хэдэн сарын цалин хөлс хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй, маргаж буй маргааны зүйл нь тодорхой бус байна.

2.2.Ажилтан ******* нь ажил олгогч ******* ХХК-тай 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, нууц хадгалах гэрээг сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан бөгөөд ажил олгогч талаас Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээнүүдийн нэг хувийг ажилтанд хүлээн өгсөн.

2.3.******* нь бодит байдлыг нууж, ажил олгогч талыг хуурч, ******* бөгөөд ажилтан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа удаа дараалан ирэхгүй, тасалж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журмыг ноцтой зөрчсөн. 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ажилдаа ирээгүй болно. *******  мэдрэлийн эмнэлгийн ерөнхий эмч ******* , эмчлэгч эмч *******  нарын нэртэй гарын үсэггүй 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажлаас чөлөөлсөн хүчин төгөлдөр бус магадлагааг ирүүлсэн.

2.4.Ажил олгогч талаас ажилтны дээрх хууль бус үйлдлийг эвлэрлийн зарчмаар асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, түүнийг ажилдаа ирж ажиллахыг санал болгож, цалинг 2025 оны 01 дүгээр сар хүртэл тооцож олгосон. Иймд нэхэмжлэгч ******* ын хууль бус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Үйл ажиллагааны газрын захирлын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/4 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч ******* ыг ******* ХХК-ийн Үйл ажиллагааны газрын хуульчийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 18,389,259 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч ******* т олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан цалин хөлстэй тэнцэх олговор 18,389,259 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгч ******* ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч ******* ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 249,896 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүй, хэрэгт бичгийн нотлох баримтыг буруу үнэлж, буруу дүгнэлт хийж, хэт нэг талын байр суурийг хамгаалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж, хууль бус шийдвэр гаргаж, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөнд гомдолтой байна.

4.2.******* нь ******* ХХК-тай сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №2024/53 дугаартай туршилтаар ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, №2024/54 дугаартай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, №2024/55 дугаартай нууц хадгалах гэрээг тус тус байгуулж, 2 тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэтэл ******* нь *******  ХК-ийн Тусгай активын албанд ажиллаж байсан бодит байдлыг нууж, ажил олгогчид худал мэдээлэл өгч байсныг ажил олгогч талаас ажилтны цалинг бодож олгож, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үеэр мэдсэн бөгөөд энэ тухай ажилтанд танилцуулж асуудлыг шийдвэрлэх талаар харилцан ярилцаж, ажилтанд боломж олгож анхааруулж цааш ажиллахаар тохиролцсон.

4.3.Нэхэмжлэгч ******* өөрийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ажил олгогч талын хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, эрхлэх ажилдаа хайнга хандаж байсан бөгөөд 2025 оны 12 дугаар сарын 25-28-ны өдөр хүртэл 4 өдөр ажилдаа ирэхгүй дахин зөрчил гаргасан байдаг. Энэ тухай ажил олгогч талаас тодруулахад ******* мэдрэлийн эмнэлгийн ерөнхий эмч *******, эмчлэгч ******* нарын гарын үсэг бүхий эмнэлгийн магадлагааны хуулбар хувийг авчирч өгсөн. Хариуцагч талын зүгээс дээр дурдсан асуудлын нотлох баримтыг гаргах, гаргуулах боломж байхгүй байсан учраас анхан шатны шүүхэд холбогдох байгууллага болох ******* ХК, Эрүүл мэндийн яамнаас нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах хууль зүйн үндэслэл бүхий хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авахгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

4.4.Нэхэмжлэгч урьд гаргасан алдаа дутагдал зөрчлөө дахин давтаж 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан хэм хэмжээ зэргийг удаа дараалан давтан ноцтой зөрчиж байсан тул ажил олгогч хуульд заасан эрхийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/4 тоот тушаалаар ******* ыг ажлаас чөлөөлсөн.

4.5.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1.Хариуцагч тал нь анхан шатны шүүх ямар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ямар хуулийг хэрэглэх ёстой байсан боловч хэрэглээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар зөрчил гаргасан гэх талаар тодорхой дурдсангүй. Хариуцагч талын гаргасан хүсэлтийг хангахгүй орхисныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэхгүй. Учир нь тухайн хүсэлтийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлэсэн.

5.2.Нэхэмжлэгч 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч байгууллагад ажилд орсон. Үүнээс өмнө нэхэмжлэгч ******* ХК-д ажиллаж байсан учир ажлаас чөлөөлөгдөх хүртэлх хугацааны цалин хөлсөө авсан. Нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сарын тал хугацаанд нь ******* ХК-д ажиллаж, тал хугацаанд нь хариуцагч байгууллагад ажилласан учир ажилласан хугацаагаар нь нийгмийн даатгалын шимтгэл бодогдож бичилт хийгдсэн. Энэ нь ажилтныг буруутгах үндэслэл биш гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Тиймээс хариуцагч талын нэхэмжлэгч ******* ХК-ийн ажлаасаа хэзээ чөлөөлөгдсөн талаарх баримт гаргуулъя гэх хүсэлт нь хэрэгт ач холбогдолгүй. Учир нь 2024 оны 11 дүгээр сард нэхэмжлэгчийн нэрээр 2 байгууллага нийгмийн даатгалын шимтгэлийг давхар төлсөн асуудал байдаггүй.

5.3.Мөн Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн магадлагаатай холбоотой нотлох баримт гаргуулъя гэх хүсэлт гаргадаг боловч энэ нь хэрэгт ямар ач холбогдолтой болон тухайн баримтыг ямар шалтгааны улмаас гаргуулъя гэж байгаа талаар тодорхой тайлбарлаагүй учир шүүх тухайн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдааны үед шүүгчийн зүгээс эмнэлгийн магадлагааны талаар маргаж байгаа юу гэж талуудаас асуухад хариуцагч талын зүгээс маргаагүй гэх тайлбарыг өгсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Эмнэлгийн магадалагааг тухайн үед вайбераар явуулсан боловч үзлэгээр баталгаажуулсан бөгөөд дараа нь нэхэмжлэгчийн зүгээс тухайн баримтыг хэрэгт нотлох баримтаар өгсөн.

5.4.Нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарладаг. Ноцтой зөрчил буюу 5 өдөр дараалан ажил тасалсан бол гэх талаар хариуцагч байгууллага хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамдаа тусгайлан зааж өгсөн. Хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгчийг ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байгаа нөхцөл байдал тогтоогдсон. Нэхэмжлэгч 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа очиж цагаа уншуулсан боловч нэхэмжлэгчийн ажлыг хийлгэхгүй хөөсөн асуудал дахин үүссэн. Тиймээс нэхэмжлэгч 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалаа авъя гэж чат бичихэд хариуцагч талын зүгээс хүрээд ир гэж хэлсэн атлаа тухайн өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг нь гаргаж өгөөгүй. 2025 оны 01 дүгээр сарын 04, 05-ны өдөр амралтын өдөр байсан учир 06-ны өдөр дахин хариуцагч байгууллага дээр очиход өмнөх асуудал дурдагдсан учир нэхэмжлэгч аргагүйн эрхэнд хөдөлмөрийн эрхийн улсын байцаагчид хандсан.

5.5.Хариуцагч ажлаас чөлөөлсөн тушаалыг нь өгдөггүй, мөн анх ажилд томилсон тушаал болон хөдөлмөрийн гэрээг ерөнхий захирлаар гарын үсэг зуруулж, албажуулж байж танд өгнө гэх байдлаар тайлбарлаж анхнаасаа өгөөгүй. Сүүлд энэ хэрэг маргаан үүссэний дараа нэхэмжлэгч тушаалаа авъя гэхэд хариуцагч талын зүгээс ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалыг нь өгөхгүй, томилоогүй учир тушаал гаргахгүй гэх байр суурийг илэрхийлсэн учир нэхэмжлэгч хөдөлмөрийн эрхийн улсын байцаагчид хандсан. Хариуцагч тал 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаал гаргаж, холбогдох баримтыг хөдөлмөрийн эрхийн улсын байцаагчид хүргүүлснийг хөдөлмөрийн эрхийн улсын байцаагч 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гомдол гаргагчид мэдээлсэн үйл баримт тогтоогддог. Иймд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагч байгууллагын тушаал үндэслэлгүй болох нь тогтоогддог.

5.6.Хариуцагч тал нэхэмжлэгчийг 27 хоног ажил тасалсан гэж ярьж байна. Хэрэв нэхэмжлэгч үнэхээр байгууллагын дотоод журамд заасан 5 хоног дараалан ажил тасалсан бол гэх нөхцөл байдлыг үүсгэсэн бол хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх хариуцагч талд байсаар байхад яагаад гэрээг цуцлахгүй 27 хоног хүлээж байсан нь ойлгомжгүй байна. Түүнчлэн, 27 хоног ажил тасалсан үйл баримт хэрэгт авагдсан хариуцагч талын гаргаж өгсөн цагийн бүртгэлээр тогтоогддоггүй буюу тухайн баримтад нэхэмжлэгч ажилдаа ирж цагаа бүртгүүлж байсан байдаг. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Үйл ажиллагааны газрын захирлын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/4 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/26 дугаар тушаалаар ******* ыг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Үйл ажиллагааны газарт хуульчаар 1 сарын туршилтын хугацаагаар томилж, түүнтэй 2024/53 дугаартай туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан;

3.2. Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дууссан боловч ажил олгогч ажилтныг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн ажиллуулсан;

3.3. ******* нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд эмнэлгийн магадлагаатай байсан;

3.4. ******* нь Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст гомдол гаргасан;

3.5. Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 02/108 дугаартай албан бичгээр гомдлыг харьяалах шүүхийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх тухай хариу өгсөн;

3.6. ******* ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/4 дугаартай тушаалаар ******* ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 17.10.3, туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний 5.1.4-т заасныг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан гэрээг цуцалсан байна.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн, туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний 1 сарын хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дуусахад талуудаас гэрээг цуцлах санал гараагүй тул гэрээний 3.3-т заасны дагуу дахин ижил хугацаагаар сунгагдсанд тооцох үндэслэлтэй, уг сунгагдсан хугацаа 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дуусахад ажилтан ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсээр байсан тул талуудын хооронд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанд тооцно гэсэн дүгнэлтийг хийсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2 дахь хэсэгт нийцсэн байна.

 

5. Зохигч дээр дурдсан үйл баримтын талаар маргаангүй боловч ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагч байгууллагын 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тушаалын хууль зүйн үндэслэлд маргасан.

 

6. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

6.1. Хариуцагч нь нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 5 өдрөөс дээш хугацаагаар ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэж татгалзлаа тайлбарлан хэрэгт нотлох баримтаар ажилтны ирцийн мэдээллийн баримтыг гарган өгчээ.

Уг баримтад ******* нь 2024 оны 12 дугаар сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд ирц бүртгэгдээгүй, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ирц бүртгэгдсэн, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ирц бүртгэгдээгүй, 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ирц бүртгэгдсэн, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ирц бүртгэгдээгүй, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ирц бүртгэгдээгүй, 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өглөөний ирц бүртгэгдсэн, 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш ирц бүртгэгдээгүй болох нь тогтоогдож байна.

6.2. Анхан шатны шүүх ажил олгогч ажилтныг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн ажил хөдөлмөр эрхлүүлээгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч ******* ыг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ажил тасалсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасанд нийцээгүй гэсэн дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

6.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр ******* ын *******  дугаараас Д.Уянгын 89943651 дугаарын утсанд 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хай. Тушаал гарсан уу? 1 цагаас очоод авчих уу? гэсэн зурвас, мөн өдөр Бэлэн болсон юм уу? 2 цагаас Баянголын халамжид аваачиж өгөх гээд байна гэсэн зурвас, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Тушаал гарсан уу? Хэзээ тушаалаа авах вэ гэсэн зурвасууд илгээгдсэн бол *******-ын *******  дугаараас ******* ын 88805101 дугаарын утсанд 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 1 цаг гээд хүрээд ир ээ гэсэн зурвас, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хүрээд ир ээ гэсэн зурвасууд илгээгдсэн болох нь, мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан ******* ын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид гаргасан гомдолд ... 2025.01.06-ны өдрийн байдлаар ажилд авсан тушаал байхгүй, хөдөлмөрийн гэрээ байхгүй гэж өнөөдрийг хүртэл өгөөгүй. Чамайг ажлаас халлаа, зайл гэж хэлсэн хэр нь ажлаас халсан тушаал гаргаж өгөөгүй зөрчлийг гаргаж байна ... гэж дурдагдсан байна.

6.4. Дээрх 2 баримтад үндэслэн анхан шатны шүүх хариуцагч нь нэхэмжлэгчийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш ажил хөдөлмөр эрхлүүлээгүй гэсэн дүгнэлтийг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасанд нийцээгүй байна.

Учир нь ******* болон ******* нарын хооронд 2025 оны 01 дүгээр сарын 03, 06-ны өдөр харилцсан зурвасуудад ажил олгогчийн зүгээс хүрээд ир гэсэн агуулга бичигдсэн, харин ажлаас чөлөөлсөн, халсан гэх агуулга бичигдээгүй байхын зэрэгцээ ажилтан хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид гаргасан гомдлын агуулга нь хариуцагч байгууллага ******* ыг ... ажлаас халлаа, зайл ... гэснийг эргэлзээгүй нотлох баримт гэж үзэх боломжгүй байна.

 

7. 2024 оны 12 дугаар сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд ******* нь эмнэлгийн магадлагаатай байсан байх ба 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрүүд болон 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд ирц бүртгэгдээгүй, ажилдаа ирээгүй байна.

Ажил олгогч ажилтныг 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй байсан гэж үзэх үндэслэл бүхий баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь 2024 оны 12 дугаар сарын 31-нд, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр болон 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилдаа ирээгүй болох нь цагийн бүртгэлээр тогтоогдсон, түүнчлэн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид гомдол гаргасныг ажилтан ажилдаа ирэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй тул Хөдөлмөрийн дотоод журмын 17 дугаар зүйлийн 17.10.3-т заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 5 өдрөөр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ******* тай үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасанд нийцсэн байна.

Мөн талуудын хооронд байгуулагдсан туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээний 8.5.1-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 40-өөс дээш цаг ажил тасалсан тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцална гэж заасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан байх шаардлага хангагдсан гэж үзэх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

8. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх бөгөөд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцагч талын гаргасан шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх, гэрч асуулгах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүйг дурдав.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/07639 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Үйл ажиллагааны газрын захирлын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/4 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч ******* ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 320,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Б.УУГАНБАЯР