| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 1905021271665 |
| Дугаар | 157 |
| Огноо | 2023-11-29 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 157
Х.У-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, Ч.Даваасүрэн, Ж.Очирхуяг, К.Жархынбек, хохирогч Ж.С, А.Т, тэдгээрийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан, Э.Энхгэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 232 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 762 дугаар магадлалтай, Х.У-т холбогдох 1905021271665 дугаартай хэргийг шүүгдэгч Х.У-, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, Ч.Ганхүү, Ч.Даваасүрэн, хохирогч Ж.С, хохирогч нарын өмгөөлөгч М.Дэлгэрнасан, Э.Энхгэрэл нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, .... онд төрсөн, ... настай, ... боловсролтой, ял шийтгэлгүй, У.
Шүүгдэгч Х.У- нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 09 дүгээр сарын
26-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.С, А.Т нараас Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, 2011 метр квадрат талбайтай, мал нядлах, махны анхан шатны боловсруулалт хийх болон хадгалах зоорьтой үйлдвэрийн зориулалттай 2 давхар байгууламж, 12699 метр квадрат талбайтай газрыг компанийн хамт 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1.500.000.000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлөхөөр тохиролцон худалдан авсан боловч хуурч, баримт бичиг ашиглаж буюу гэрээгээр халхавчлан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төлбөрийг бүрэн төлөлгүй, 1.597.118.064 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,
хохирогч Г.Нт өөрийгөө Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас барилгын арматур төмөр оруулж ирдэг, түүнд 717.240.000 төгрөгийн үнэ бүхий 417 тонн барилгын арматур төмөр худалдан борлуулна гэж итгэл төрүүлэн хуурч Г.Нийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Баянгол ам /18192/ 7 дугаар хэсэг гудамж 242/19 тоотод байрлах 317.639.400 төгрөгийн үнэ бүхий 154.4 метр квадрат талбайтай 2 давхар амины орон сууцыг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөртөө шилжүүлэн авсан, мөн Г.Ноос 75.107.889 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тус тус дансаар шилжүүлэн авч түүнд 111.471.480 төгрөгийн үнэ бүхий арматур төмрийг хүлээлгэн өгч, үлдэгдэл арматур төмрийг нийлүүлээгүй, уг амины орон сууцыг бусдаас авсан зээлийн төлбөрт шилжүүлэн өгч, бодит байдлыг нуух замаар, гэрээгээр халхавчлан бусдыг төөрөгдөлд оруулан, 281.275.809 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,
“Г” ХХК нь эрх бүхий байгууллагаас олгосон махан бүтээгдэхүүн экспортлох тусгай зөвшөөрөлгүй атлаа Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу адууны мах экспортолно гэж Ө.Д-д ойлгуулж түүгээр дамжуулан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” ХХК-ийн захирал Ж.О-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрүүдэд Ө.Д-гээр дамжуулан 75.000.000 төгрөгийг авч их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Хан-Уул дүүргийн прокурорын газраас Х.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогч Ж.О-ийг залилсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
шүүгдэгч Х.У-ийг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Х.У-ийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У-ээс нийт 1.393.603.612 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Сд 839.000.000 төгрөгийг, хохирогч Г.Т-т 382.400.000 төгрөгийг, хохирогч Г.Нт 172.203.612 төгрөгийг тус тус олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар Х.У-, Б.Х болон “М” ХХК, “Ю” ХХК, “Г” ХХК, “Н” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй дансны зарлагын гүйлгээг зогсоосон прокурорын 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 514 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, Ардын өргөн чөлөөний 5 дугаар гудамжны 511 тоот хаягт байрлалтай, үл хөдлөх бүртгэлийн .... дугаартай хурлын заал, .... дугаартай спорт заал, .... дугаартай оффис, ... дугаартай зоорины давхар, ... дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө 01 битүүмжилснийг тус тус хэвээр үлдээж, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолоор битүүмжилсэн Х.У-ийн өмчлөлийн ... дугаартай хувийн сууц болон ... дугаартай оффис, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөгчийн саналаар хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан “М” ХХК /.../-ийн өмчлөлийн ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод байршилтай, бүртгэлийн .... дугаартай, 12699 м.кв талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалттай газар, ... дүүргийн ... дүгээр хороо, ... /.../, ... гудамж, ... тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ... дугаартай, үйлдвэрлэл оффисын зориулалттай 2011,2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ж.С, А.Т, тэдгээрийн өмгөөлөгч А.Энхгэрэл, М.Дэлгэрнасан, хохирогч Г.Нийн өмгөөлөгч Т.Баярцэцэг, шүүгдэгч Х.У- нарын, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, Ч.Ганхүү нарын хамтарч, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, Ж.Очирхуяг, К.Жархынбек нарын хамтарч гаргасан давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Х.У- гаргасан гомдолдоо “... 2018 оны 09 дүгээр сарын 26-наас хойш Ж.С, А.Т хоёрын Х.У- надад өгөх бүх зөвшөөрөл хөөцөлдөж нэг, нэгээр нь авсаар байгаад хүнсний үйлдвэр, үйл ажиллагаа явуулах 12 төрлийн зөвшөөрлийг 2019 оны 12 дугаар сарын 31, 2019 оны 12 дугаар сарын 10-нд тус тус авсан. Эдгээр 12 төрлийн зөвшөөрөл бүгд бүрдээд үйл ажиллагаа явуулах эрх нээгдэх үед нь буюу яг 1 сарын дараа 2020 оны 01 сараас БНХАУ-ын талаас гарсан ковид-19 (коронавирус) дэлхийн 193 орныг хамарсан цар тахал дэлхий даяар нүүрлэж манай улс хил гаалиа хааж бүх зүйл зогсонги байдалд орсон болно. 2020 оноос өнөөдрийг хүртэл короновирусын улмаас эрсдэлд орсон бүх бизнесүүд бүгд хараахан сэргэж амжаагүй байна. Х.У- миний бие 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “М” ХХК нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнгийн үлдэгдэл өр төлбөр төлж чадахгүй байсан хамгийн том шалтгаан бол Ковид-19 буюу энэ үед ямар ч үйл ажиллагаа явуулж чадахгүй 3 жил зогссон явдал юм.
Мөн Ж.С, А.Т нар гэрээний хүчинтэй хугацаа дуусаагүй сунгасан хугацаандаа бартерын яриа хэлэлцээрийн түвшинд явж байхад Баянгол дүүргийн цагдаад гомдол гаргаж бүх талаар дарамтлуулсан бөгөөд үйл ажиллагаа зогссон коронагийн үед хүртэл мөрдөн байцаагч бэлэн мөнгө авч ир гэж дарамтлан 10 сая, 20 сая, 8.6 сая гэх мэтээр мөнгө төгрөг авхуулж өр төлбөрт өгч байсан нь цаашид санхүүгийн чадваргүй эргэлдэх хөрөнгөгүй болгож эрсдэлд оруулж байсан. Мөн Х.У- миний өөрийн нэр дээрх болон 100% хувьцаа эзэмшдэг бүх компаниудын нэр дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг 2019 оны 12 дугаар сарын 10 болон 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн прокурорын тогтоолоор битүүмжилж шилжилт хөдөлгөөнийг нь зогсоогоод өнөөдрийг хүртэл миний биеийг өөрийн эд хөрөнгөө эргэлтэд оруулах боломжгүй болгож иргэний эрх зүйн харилцааны хүрээнд хийгдсэн гэрээний үүрэгтэй холбоотой гэрээний бодит байдлыг хангасан, хэрэгжиж байсан хүчин төгөлдөр гэрээг эрүүгийн гэмт хэрэг болгон Х.У- намайг эрүүгийн хүнд гэмт хэрэгтэн болгож биеэр минь ял эдлүүлж байгаад туйлын харамсалтай байна.
Х.У- миний бие 2019 онд Монгол улсдаа бүрэлдэхүүн бүх компаниараа нийлээд 412 сая төгрөгийн татвар төлж 150 гаруй хүнийг ажлын байраар хангаж байсан залуу бизнесмэн хүн. Миний санаанд хэзээ ч бусдыг хуурах, залилах санаа зорилгогүй огт тусахгүй болно.
Яг одоогийн байдлаар прокурорын тогтоолоор миний нэр дээрх 11 тэрбумын 8 ширхэг үл хөдлөхийг битүүмжилсэн. Гэтэл миний Ж.С, А.Т нарт төлөх өр төлбөр энэхүү хөрөнгийн 10/1 хувьд ч хүрэхгүй атал яагаад миний нэр дээрх болоод компанийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг ямар ч шинжээчийн дүгнэлт, үнэлгээгүйгээр хоморголон битүүмжилж эдийн засгийн хүнд, хэцүү коронагийн үед улам эдийн засгийн дарамтад оруулж хүнийг залилан мэхэлсэн хэмээж байгаад харамсалтай байна.
Дээрх бүх зүйлээс дүгнэн харахад Ж.С, А.Т гэх 2 хүн нь Х.У- миний биеийг өөрсдөө худал итгэл үнэмшил төрүүлж хуурч, мэхэлж, заль хэрэглэж “М” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг Иргэний эрх зүйн хүрээнд хийж улмаар дахин хөрөнгө оруулалт хийж зах зээлийн үнэлгээг өсгөсөн, орчин үеийн хуруу шилний лаборатори бүхий олон улсад экспорт хийх эрх бүхий томоохон үйлдвэр бий болгосныг хараад буцаан авахаар Эрүүгийн гэмт хэрэг болгон зүтгүүлж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй зүйл хэмээн үзэж дээрх гомдлыг бичиж байна.
Х.У- миний бие гэрээгээр тохирсон 1.5 тэрбумын үнийг хэзээ ч эсэргүүцэж байгаагүй бүгдийг нь цувуулаад төлөөд явж байсан.
Ковид-19 болж бүх зүйл хаагдахад би ч хаагдсан бүгд зогссон. Давагдашгүй хүчин зүйлээс болж үүссэн бизнесийн эрсдэл Х.У- надад тохиолдсон. Миний бие үлдэгдэл өр төлбөрийг төлөхгүй гэж огт хэлээгүй. Үүнийг би төлөх болно.
Хамгийн гол нь биеэр ял эдлэх Эрүүгийн хүнд гэмт хэрэг үйлдээгүй гэж бодож байна. Тиймээс анхан шатны шийтгэх тогтоол дээр гэрээгээр халхавчилж залилан хийсэн гэж тодорхойлсон бол давж заалдах шатны магадлалд бусдын эд хөрөнгийг залилан мэхлээгүй байна, худалдах, худалдан авах гэрээний үнийг залилсан байна гэж тогтоосон бөгөөд давж заалдах шатны шүүх нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хийгдсэн “М” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр хэрэгжиж байсан бодит гэрээ гэж үзсэн тул энэ нь иргэний эрх зүйн харилцаа гэж үзэх бүрэн үндэслэл бүхий байх тул Х.У- миний биед холбогдох уг хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.
2. Хохирогч Г.Нийн хувьд бид манай нутгийн ахаар дамжуулж танилцсан бөгөөд “Д” ХХК болон миний 100% хувьцаа эзэмшдэг “Ю” ХХК нарын хооронд нийгдсэн иргэний эрх зүйн харилцааны хүрээнд хийгдсэн бараа бүтээгдэхүүн худалдаж, худалдан авах гэрээ юм. Энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр хэрэгжиж байсан бөгөөд 1 дүгээр таталт, 2 дугаар таталт гэрээний дагуу нийлүүлэгдэж 3 дугаар таталт нь “Д” ХХК гэрээний үнийн 67 хувьд төлөгдөх мөнгөө бүрэн төлөөгүйн улмаас гэрээ зөрчигдөж гэрээ цуцлагдсан болно. Манай “Ю” ХХК нь 2014 оноос хойш БНХАУлсын барилгын арматур төмрийн гэрээт борлуулагчаар ажиллаж Монгол улсын томоохон барилгын компаниудын барилгын арматур төмрийг нийлүүлж байсан туршлагатай юм. “Д” ХХК-д “Ю” ХХК 2 удаа албан ёсны албан бичиг хүргүүлж тооцоо нийлж гэрээний бартерт авсан гэрээний үнийн дүнг шилжүүлж өгөхийг мэдэгдэж байсан бөгөөд тухайн үед манай компаниас бартерт авсан бараа материалын үнийн дүнг төгрөгт тооцож шилжүүлээд манай компани уг АОС-ны ордерыг буцааж өгөхийг мэдэгдэж байсан боловч “Д” ХХК тухайн мөнгийг буцааж өгөөгүй юм.
Манай “Ю” ХХК нь АОС-ны дутуу баригдсан барилгын ордерыг шилжүүлж авсан бөгөөд бартер дуусах үед газрыг нь шилжүүлж авахаар гэрээнд тусгагдсан байдаг. Гэтэл шинжээч газар, объектыг тусад нь үнэлээгүй төдийгүй бүр тэс өөр барилга очиж үнэлсэн бөгөөд тэрхүү үнэлгээгээр хохирол төлбөр тооцож, хуулийн этгээдийн гэрээний үүрэгтэй холбоотой иргэний эрх зүйн харилцааг хувь хүнд хамаатуулж мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийхгүй шинжээчийн буруу дүгнэлт, хохирогчийн санаатай буруу худал мэдүүлэгт суурилж Х.У- миний биеийг эрүүгийн хүнд гэмт хэрэгтэн болгож биеэр минь ял эдлүүлж байгаад гомдолтой байгаа тул Монгол улсын иргэн, залуу бизнесмэн хүний хувиар шударга шүүхдээ итгэсээр дээд шүүхийн гомдлоо бичиж байна.
Эцэст нь хэлэхэд Х.У- миний бие Монгол Улсад 1, Япон улсад 1, Англи улсад 1 их сургуулийг дүүргэсэн дээд боловсролтой, аливаа зүйлийг сайн сайхнаар төсөөлж улс орондоо залуу боловсон хүчний хувиар шинэ дэвшилтэт технологи юу байна түүнийг хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж яваа залуу бизнесмэн. Бусдыг залилан мэхлэх огтын санаа зорилгогүй бөгөөд Ж.С, А.Т нарыг залилан мэхлэх ямар ч үйлдэл хийгээгүй болно. Миний хувьд дэлхий нийтийг хамарсан давагдашгүй хүчин зүйлээс үүссэн бизнесийн эрсдэл үүссэн болно.
Мөн Г.Нийн хувьд ч бизнесийн эрсдэл /хил хаагдаж/ тулгарсан юм.
Иймд Х.У- миний бие Монгол улсынхаа дээд шүүхэд хандан хичээнгүйлэн хүсэхэд Х.У- миний бие 2-13 насны 5 хүүхэдтэй эх хүн, үр хүүхдээ өсгөх эрхээ хасуулан эрүүгийн ял эдэлж байгаадаа харамсаж байна.
Миний бие хийж бүтээх их хүсэл тэмүүллээр урагшилж байсан залуу бизнесвүмен байсан. МҮХАҮТ-н 2018 оны шилдэг “И” хүн үнэхээр би бусдыг хуурч мэхлэх санаагүй байх бөгөөд суурь хүмүүжил бүх зүйлд минь буруу итгэл үнэмшил байхгүй болно.
Одоо надад байгаа ганцхан боломж нь Монгол улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхим болно. Тиймээс Х.У- миний улс эх орондоо төдийгүй нийгэм улс төрд оруулсан хувь нэмрийг минь үр хүүхэд, гэр бүлийг минь хамт олныг минь бодож хүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэмтэй Монгол улсын дээд шүүх бүх талыг тэгш харж Х.У- миний биед холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Мөн шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн хамтран гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... 16 хуудас нэлээд дэлгэрэнгүй гомдол гаргасан. Шүүх бүрэлдэхүүн, хэргийн оролцогч нар танилцсан байх. Тийм учраас гомдолд дурдагдсан үндэслэлээ товч бөгөөд тодорхой тайлбарлая. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийн талаар дүгнэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан санаа зорилго тогтоогдсон эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Энэ гэмт хэргийн субьектив талын шинж үгүйсгэгдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсоор байхад баримтуудын эсрэг дүгнэлт хийсэн. Х.У- нь хохирогч Ж.С, А.Т нартай гэрээний эрх зүйн харилцаанд орж, гэрээ хэрэгжих явцад өөрийн санаачилгаар нийтдээ 4 удаа гэрээнээс татгалзсан байдаг. Энэхүү татгалзсан нөхцөл байдлыг хэрэгт гэрчээр оролцсон Б.Хын мэдүүлэг давхар нотолдог. Мөн хохирогч нарын мэдүүлэгт тодорхой хэмжээнд дүгнэгдсэн бодит нөхцөл байдал тогтоогддог. Тухайн үйлдвэрийг Б.Наранбат гэх хүн “Үнэгүй.мн” сайт дээр 1 тэрбум төгрөгөөр зарахаар зар тавьсан болохоор гэрчлэн мэдүүлсэн. Эхний ээлжид хоёр удаагийн уулзалтын үед 1 тэрбум гэсэн үнийн дүн 1 тэрбум 800 сая руу шилжсэнээс үүдэлтэйгээр Х.У- гэрээ байгуулахаас татгалзсан. Улмаар 300 сая төгрөг буулгаснаар хохирогч Ж.С, А.Т нар гарч ирсэн. Үүний дараа гэрээ байгуулахаас татгалзаж 1 жил гаруй явсан. Ж.С, А.Т нарын тухайн компанийн хувьцаатай холбоотой маргаан гурван шатны шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байсан учир гэрээ байгуулах боломжгүй цаг хугацаа үргэлжилсэн болох нь тодорхой. Улмаар шүүгдэгч Х.У- гэрээ байгуулахаас татгалзах асуудлыг гаргаж тавьсан. Мөн гэрээ байгуулалгүй хугацаа алдсанаар банканд барьцаанд тавихтай холбоотой асуудал хөндөгдөж Төрийн банкнаас объектыг 150 сая төгрөгөөр үнэлэх нөхцөл байдалд хохирогч нараас үл хөдлөх хөрөнгүүдийн барилгын зургийг гаргаж өгөөгүй. Шүүх хуралдааны асуулт, хариултын шатанд хохирогч нарт барилгын зураг байхгүй нөхцөл байдал тогтоогдсон. Уг барилгын зураг байхгүйтэй холбоотойгоор банканд барьцаалах боломжгүй. Хохирогч нар хоорондоо маргаантай байсан цаг хугацаанаас болоод хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалт хийхээс татгалзсан нөхцөл байдлыг гэрч Б.Х тодорхой хэлсэн. Энэ нөхцөл байдлаас шалтгаалж Х.У- нь гэрээнээс дахин татгалзана. Мөн гэрээнээс татгалзсан тохиолдолд засвар хийсэн хөрөнгийг бүхэлд нь гаргаж өгнө гэдгээ хүлээн зөвшөөрсөн баталгааг хохирогч Ж.С өөрийн гараар гаргаж өгсөн. Х.У- 4 удаа гэрээнээс татгалзсан боловч хохирогч нар гэрээний харилцааг үргэлжлүүлэх сонирхолтой байснаас үүдэлтэйгээр гэрээ байгуулагдсан нөхцөл байдал бий. Х.У-ийн гэрээнээс татгалзсан үйл баримт нь залилах санаа зорилго байсан эсэхийг бодитой үгүйсгэсэн байтал энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгч чадсангүй. Түүнчлэн гэрээний хугацааг нэг бус удаа сунгасан. Гэрээний хугацаанд төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор талууд гэрээний хугацааг сунгахаар удаа дараа уулзаж, хэлэлцэж, ярилцсан. Үүний үр дүнд төлбөр төлөх хугацааг хойшлуулсан үйл баримт гэрч Б.Х, хохирогч Ж.С, шүүгдэгч Х.У- нарын мэдүүлгээр бодитой тогтоогддог. Энэ нь гэмт хэргийн субьектив талын шинжийг үгүйсгэх нотлох баримт юм. Мөн засвартай холбоотой зардлыг хасаж тооцох баталгаа гаргаж өгсөн нөхцөл байдал нь гэмт хэргийн субьектив талын шинжийг үгүйсгэнэ. Үүнийг Ж.С үгүйсгэдэггүй. Гэрээний үүргийн дагуу төлбөрийг тодорхой төлж ирсэн үйл баримт хангалттай тогтоогдсон.
Гэрээг байгуулснаар төлбөрийг төлөхгүй зайлсхийсэн үйлдэл байхгүй бөгөөд хохирогч нар авсан төлбөрөө хүлээн зөвшөөрдөг. Хоёр хохирогч хоорондоо иргэний эрх зүйн маргаантай явах үедээ буюу гэрээ байгуулаагүй Х.У-ээс урьдчилан мөнгө шилжүүлж авсан үйл баримт гэрч Б.Х, шүүгдэгч Х.У- нарын мэдүүлгээр тогтоогддог. Энэ нөхцөл байдал нь хохирогч нар Х.У-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулах туйлын хүсэл сонирхолтой, гэрээ байгуулаагүй атлаа мөнгө авсан нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд гэрээ байгуулснаас хойш мөнгийг шилжүүлэхгүй алга болсон, зайлсхийсэн, тасалдсан шинж байхгүй. Харин эсрэгээрээ шүүх хуралдаан болох хүртэл өөрийн санхүүгийн боломжит нөхцөл байдлын хүрээнд төлбөрийг төлж явсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй нь субьектив талын шинжийг үгүйсгэж байна. 2019 оны сүүл 2020 оны эхээр Монгол улсын хэмжээн цар тахлын нөхцөл байдал үүссэн. Нийтэд илэрхий үйл баримт буюу 2020 оны 02 дугаар сараас Засгийн газрын тогтоолоор хөл хорио тогтоосон ба үүнд шүүгдэгч Х.У-ийн үйл ажиллагаа хамаарах төдийгүй төлбөр төлөхөд хүндрэл учруулсан. Тэгэхээр нийтэд илэрхий энэхүү үйл баримтын тухайд ул суурьтай хандаж, дүгнэлт хийж чадаагүй. Ер нь бол хохирогч нарын өөрсдийнх нь буруутай нөхцөл байдлын улмаас гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй, хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн талаар Х.У- тууштай мэдүүлсээр ирсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Хохирогч нар мах экспортлох зөвшөөрөл байгаа гэж ойлгуулаад гэрээний харилцаанд орсон. Гэтэл бодит байдалд 2016 онд зөвшөөрөл хүчингүй болсон үйл баримтыг мэдээд энэ талаар шаардлага тавьсан байдаг. Гэрээ байгуулах болон засвар хийхээс өмнө тусгай зөвшөөрөл хүчингүй болсон үйл баримт байсныг хохирогч нар тайлбарлаж хэлээгүй. Барилгын ажлын зураг батлуулаагүй, зөвшөөрөлгүй барилга хаана ч үйл ажиллагаа явуулах боломжгүй. Гэтэл барилгын ажлын зураг хаана байгаа нь тодорхойгүй, энэ нөхцөл байдлаас хөрөнгө оруулалт авах, банканд барьцаалах боломжгүй хүндрэл үүссэн. Мөн эзэмшилдээ аваад засвар хийх хугацаа бүтэн 1 жил үргэлжилсэн. Эдгээр нөхцөл байдлуудыг анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүссэн, зориуд хүргэсэн шинж бий эсэхийг тал бүрээс нь дүгнэж чадаагүй. Х.У- үнэхээр гэрээгээр халхавчилж залилах санаа зорилготой байсан бол дээр дурдсан үйл баримтууд бодитой тогтоогдохгүй байсан. Энэ гэмт хэрэг нь зөвхөн санаатай үйлдэгддэг гэмт хэрэг бөгөөд гэмт буруутай эсэхэд маш чухал үндэслэл болох нөхцөл байдлууд үүссэн байдаг.
Хэрэгт А.Тыг хохирогчоор тогтоосон. А.Т бол долларын ханштай холбоотойгоор өөрийн авах мөнгө буюу хохирлыг тодорхойлсон нь бодит хохирол гэж үзэх үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ойлголтод нийцэхгүй асуудал бий. Учир нь А.Т, Ж.Стэй худалдах, худалдан авах гэрээний харилцаанд орж 400,000,000 төгрөг төлсөн байдаг. А.Т Ж.Сгээс 400,000,000 төгрөгөө нэхэх эсэх нь тэдний асуудал. Гэтэл А.Таас Ж.С рүү шилжүүлсэн гэх 400,000,000 төгрөгийн хүрээнд А.Т бодитой хохирсон гэж дүгнэсэн нь бүхэлдээ үндэслэлгүй болсон. Тэдний хооронд байгуулсан гэрээ бол Х.У-ээс авах мөнгөний тодорхой хувийг А.Т авахаар эвлэрлийн гэрээ байгуулж, уг гэрээг үндэслэж Х.У-тэй гэрээ байгуулсан ба тус гэрээг үндэслэж залилсан гэж дүгнэсэн. Нэгэнт иргэний эрх зүйн харилцаа учир өөрийн олох ёстой байсан орлого, алдагдлаа тооцоолж оруулж ирсэн. Гэтэл А.Тыг хохирсон гэж үзэж буй нь огт үндэслэлгүй. Ер нь бол гэрээний үлдэгдэл төлбөрийг хохирол болгож тодорхойлсон. Анхан шатны шүүх гэрээгээр халхавчилж залилсан гэж дүгнэсэн боловч давж заалдах шатны шүүх гэрээний төлбөрийг төлөхгүй залилсан гэсэн өөр дүгнэлт хийсэн. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зориуд биелүүлэхгүйгээр ашиглах, өөрийн үзэмжээр захиран зарцуулах, эргэлтэд оруулах гэсэн шинжүүд байхгүй. Тэгэхээр иргэний эрх зүйн маргааныг давж заалдах шатны шүүх залилах гэмт хэрэг гэж дүгнэхдээ хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр хэлцэл гэсэн хэсэг нь иргэний эрх зүйн маргаан болохыг илэрхийлж байна. Хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Прокурор мөнгийг өгөхгүй залилсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Тэгэхээр анхан болон давж заалдах шатны шүүх хэт талыг барьсан дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Хэрэв гэрээний үнийн дүнг төлөхгүй залилсан гэж үзвэл гэмт хэргийн эхэлсэн, төгссөн хугацааны асуудал хөндөгдөнө. Хэдийгээр төлбөр төлөгдөж явсан, гэрээнээс татгалзсан нөхцөл байдлыг тодорхой хэмжээнд дүгнэсэн боловч үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Хэрэв гэрээний үлдэгдэл төлбөрийг өгөөгүй залилсан гэвэл гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны хувьд ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэнэ. Иргэний эрх зүйн маргааныг хэт эрүүгийн шинжтэй болгож шийдвэрлэснээс дээрх нөхцөл байдал үүссэн байна.
Г.Нийг хохирогчоор тогтоосон хэрэгт гэрээ бодитой хэрэгжиж байсан болох нь тодорхой байгаа. Гурван удаагийн нийлүүлэлт хийгдэж, гэрээний үүрэг биелэгдээд явж байтал маргаан үүссэн байхад залилах гэмт хэрэг гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй. Гэрээ цуцлагдсан үр дагаврыг иргэний эрх зүйн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Түүнчлэн Г.Нийг хохирогчоор тогтоосон нь мөн л үндэслэлгүй. Х.У- Г.Нтой гэрээний эрх зүйн харилцаанд оролцоогүй. Үндсэндээ “Д” ХХК-тай байгуулсан гэрээнд Г.Н хамаагүй. Шаардах эрхийн асуудал бол “Д” ХХК, Г.Н нарын хооронд хэрэгжих байтал Г.Нийг залилсан мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Талууд иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж гэрээний зүйлийн үнийг тодорхойлдог ба ашиг, алдагдал бүх зүйлээ оруулсан үнэ юм. Түүнээс биш гэрээгээр тодорхойлсон үнэ бол тухайн зүйлийн бодит үнэ биш. Хэрэв цаашид ийм байдлаар хэргийг шийдвэрлээд явбал үлдэгдэл төлбөрөө төлөөгүй иргэний эрх зүйн бүх харилцаа гэмт хэрэг болох ноцтой гажуудлыг үүсгэнэ. Энэ асуудалд анхаарч шийдвэрлэж өгнө үү” гэв.
Мөн шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Даваасүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй. Хохирогч нар бол “зээл аваад мөнгийг өгнө гээд үйлдвэрийг шилжүүлж авсан” гэх мэдүүлгийг өгдөг. Х.У-ийн хувьд “барьцаанд тавина, үлдэгдэл төлбөрийг өгнө, гадаадын хөрөнгө оруулалт босгоно, мөнгийг нь өгнө” гэсэн байдлаар мэдүүлэг өгдөг. Мөн хөндлөнгийн гэрч н.Наранбаатар “үйлдвэрийг шилжүүлж авахдаа гадаадын хөрөнгө оруулалт авна, барьцаална, бусад бизнесийн үйл ажиллагаагаар төлбөрийг төлнө гэж ярьж байсан” гэдэг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх энэ байдалд огт дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн “Н” ХХК-иас 1 тэрбум 300 сая төгрөг авчхаад А.Т, Ж.С нарт өгөөгүй нь гэмт хэрэг гэж үзсэн нь үндэслэлгүй. Мөн Х.У- нь “Н” ХХК-иас 800 сая төгрөг л авсан бөгөөд 300 орчим сая төгрөгийг хохирогч нарт өгсөн. 1 тэрбум 300 сая төгрөг бол хүү, алдангиа тооцоод гарсан дүн юм. 2018 онд байгуулсан гэрээний 2.5-д хохирогч нар компанийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай бичиг баримтын туслалцаа үзүүлэхээр тусгасан. Гэрээний дээрх үүрэг биечлэгдээгүйгээс болоод үйл ажиллагаа явуулж, зээл авч чадаагүй. Дээрх байдлыг шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа анхаарч үзээрэй. Хяналтын журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна” гэв.
Мөн шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч К.Жархынбек шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... шүүгдэгч Х.У-ийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Хохирогчийн шилжүүлсэн хөрөнгө нь биет байдлын доголдолтой, зориулалтын дагуу ашиглах боломжгүй, хууль тогтоомж зөрчиж ашиглалтад оруулсан, ямар нэг барилгын зураг төсөлгүй, техникийн нөхцөлгүй, экспорт хийх зөвшөөрөл хүчингүй болсон зэрэг нөхцөл байдлууд бүрэн тогтоогдсон. Цахилгаан техникийн нөхцөлийг шинээр авсан, мэргэжлийн хяналтын байгууллага үйл ажиллагаа нь зогсоосон, бүх бичиг баримтыг шинээр бүрдүүлэхэд жил гаруй хугацаа зарцуулсан баримтууд хэрэгт авагдсан. Гэрээний үүргээ биелүүлэхэд саад болсон хохирогчийн буруутай үйлдэл байсан нь тогтоогдсон. Тэгэхээр барилга чанарын шаардлага хангасан, биет байдлын доголдолгүй гэх нөхцөл байдал байхгүй. Барилгад 700 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Засвар хийгдсэн болохыг хэн аль нь зөвшөөрдөг. Засварт оруулсан хөрөнгийг хор уршигт тооцуулах тухай гомдол гаргасан байна. Гэхдээ иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хувиар анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хор уршигт тооцуулах тухай нэхэмжлэл гаргаагүй. Ийм нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд анхан болон давж заалдах шатны шүүхийг хохиролд тооцоогүй гэж буруутгах боломжгүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх нь тусдаа асуудал. Хохирогч, шүүгдэгчийн хөрөнгө холилдсон асуудал бий. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой төлбөр төлөөгүй үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцох эсэх асуудал байна. 2019 онд гэрээний дагуу төлбөр хугацаа болоход шууд цагдаад гомдол гаргасан. Цагдаагийн байгууллагаас маш олон дарамт учруулсан талаар баримт байдаг. Миний хувьд дүүргийн прокурорын газраас Улсын ерөнхий прокурорын газар хүртэл мөрдөгчийн хууль бус ажиллагааны талаарх гомдлыг 2021 оны 03 дугаар сард гаргасан боловч хүлээж аваагүй. Бүх хөрөнгийн шилжих хөдөлгөөнийг хязгаарласан нь гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн. Өнөөдрийн байдлаар шүүгдэгч Х.У- нь төлбөрийг төлөх бүрэн боломжтой талаарх “Н” ХХК-ийн албан бичиг, хүсэлтүүд хэрэгт авагдсан байгаа. Тэгэхээр шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэрэг тооцох үндэслэлгүй. Гэрээний үүрэгтэй холбоотой асуудлууд бий. Иргэний хуулийн тодорхой зохицуулалтаар маргаан иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх ёстой.
“Д” ХХК-тай гэрээ байгуулаад үлдэгдэл төлбөрийг төлөөгүйтэй холбоотой буруутгаж байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар Х.У-ийн “Ю” ХХК-иас 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 19/150, 09 дүгээр сарын 02-ны өдрийн 19/153 тоот албан бичгээр “Д” ХХК-д гэрээгээ цуцлах талаар мэдэгдсэн бөгөөд үлдэгдэл төлбөр 36,363,000 төгрөг төлөгдөөгүйтэй холбоотой үр дагаврын маргаан яваа. Гэтэл “Д” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч биш, 50 хувийн хувьцаа эзэмшигч Г.Нийг хохирогчоор тогтоож, 272,000,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн үндэслэлгүй. Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү” гэв.
Мөн шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Очирхуяг шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг дэмжиж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэх үед бүх үйл баримт иргэний эрх зүйн харилцаа байсан. Анхан шатны шүүх зөвхөн гэрээ байгуулаад мөнгийг өгөөгүй нь гэмт хэрэг, харин давж заалдах шатны шүүх гэрээний хугацаа дууссаны дараа төлбөрийг төлөхгүй байгаа нь гэмт хэрэг гэж дүгнэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх иргэний эрх зүйн харилцаа, эрүүгийн гэмт хэргийн зааг ялгааг хууль хэрэглээгээр буруу тайлбарлаж хэрэглэсэн. Бидний зүгээс бодиттой зүйлийг баримттай ярьж байгаа. Иргэний эрх зүйн харилцаа эрүүгийн гэмт хэрэг болсон зааг ялгааны талаар давж заалдах шатны шүүх “Иргэний хуульд заасны дагуу гэрээ байгуулсан, түүний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст аливаа эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилах гэмт хэрэгт тооцдоггүй. Харин өөрөөс нь үл шалтгаалах хүчин зүйл буюу нөхцөл байдал үүсээгүй байхад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар тодорхой арга хэмжээ аваагүй, биелүүлэх нөхцөл, боломж бүрдсэн байхад үүнд чиглэсэн идэвхтэй үйлдэл хийгээгүй зэргээр гэрээний харилцаагаар шилжүүлэн өгсөн эд хөрөнгийн хариу төлбөрийг хийхгүйгээр, гэрээний үүргээ зориуд биелүүлэлгүйгээр ашиглах, өөрийн үзэмжээр захиран зарцуулах, эргэлтэд оруулах нь залилах гэмт хэргийн нэг хэлбэрт тооцогдоно” гэсэн дүгнэлт хийсэн. Гэтэл өөртөө шилжүүлж авсан бол хуульд заасан хэрэгслээр захиран зарцуулах, барьцаанд тавих, бонд босгох эрхийг хууль бус гэж дүгнэжээ. Бонд босгох ажиллагааг “Н” ХХК хийж өгөх асуудал яригдсаныг ойлгоогүй, дүгнэлт ч хийгээгүй. Хэрэв банканд барьцаалсан бол зээлийн эрх зүйн харилцаа болно. Энэ мэт олон зүйл байхад дүгнэлт хийхгүйгээр төлбөр төлөөгүй нь гэмт хэрэг гэж үзсэн. Үүний цаана маш олон иргэний эрх зүйн харилцаа бий бөгөөд цар тахлын нөхцөл байдал төлбөр төлөх хугацаатай давхацсан. Хохирогчийн нэгээс нь “та яагаад иргэний шүүхэд өгөлгүй цагдаад гомдол гаргасан бэ” гэхэд “бид нар ярилцаж байгаад залилангаар зүтгүүлье гэж шийдсэн юм” гэж хариулсан. Анхан шатны шүүхийн мэтгэлцээний эцэст тийм ч сайхан үйлдвэр өгөөгүй гэдгийг шүүгч ч гэсэн хэлсэн. Энэ нөхцөл байдлыг зөв дүгнэсэн атлаа шийдвэр гаргахдаа үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Хэрэг үүсгэсэн цагаас бүх хөрөнгийг нь битүүмжилснээр юу ч хийх боломжгүй болж байгаа юм. Явцын дунд бид төлбөрийн санал зөндөө гаргасан. “Н” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь эрсдэлийг тооцоолоод “М” ХХК-ийн 60 хувийн хувьцааг шилжүүлээд авчихсан. Ийм олон иргэний эрх зүйн харилцааг базаж дүгнэлт хийлгүй, нэгхэн хэсгийг аваад гэмт хэрэг гэж үзсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Энэ байдал нь цаашид хуулийг хэрхэн тайлбарлаж хэрэглэх эсэхэд эргэлзээ бий болгож байна. А.Т, Ж.С нар хоорондоо хувьцааны маргаанаа гурван шатны шүүхээр шийдвэрлүүлсэн атлаа Х.У-т зарах болохоороо эрүүгийн гэмт хэрэг гэж гомдол гаргасан. Анхан шатны шүүх хуралдааны хамгийн сүүлийн дүгнэлтдээ хохирогчийн зүгээс үйлдвэрээ авъя гэсэн. Өнөөдрийн байдлаар тухайн үйлдвэр 3 тэрбум 500 саяын үнэтэй болсон. Шүүгдэгч Х.У- энэ хэмжээнд хүртэл ажиллуулсан баримтууд хэрэгт бий. Үйлдвэр шууд үйл ажиллагаа явуулах боломжгүй, засан сайжруулах шаардлагатай байсан талаарх хохирогчийн хэд хэдэн удаагийн мэдүүлгүүд байдаг. Баримт байхгүй гэх зүйл ярьж байна. Тэр баримтуудыг шүүгдэгч биш мөрдөгч, прокурор байлгах ёстой. Эрүүгийн хэрэгт доголдол байсан эсэх, нэхэмжлэл төлбөрийн талаар маргаан явагдахгүй. Учир нь энэ бол цэвэр иргэний эрх зүйн маргаан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү” гэв.
Мөн шатны шүүхэд хохирогч Ж.С гаргасан гомдолдоо “... хохирогч би залилагч этгээдэд алдсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээ буцаан өөртөө шилжүүлэн авмаар байна. Х.У- миний махны үйлдвэр, газар, “М” ХХК-ийн хувьцааг 6 жилийн турш ашигласан, өөрийн увайгүй үйлдлээ далдлах зорилгоор шүүх хуралдаанд маш их худал зүйлийг ярьсан. Тухайлбал ямар ч баримтгүйгээр 21 зөвшөөрөл хөөцөлдөн авсан, зөвшөөрөлгүй үйлдвэрийг хуурч зарсан гэх мэтээр ярьдаг. Гэтэл би анхнаасаа үйлдвэрийн тусгай зөвшөөрөл зараагүй, зөвхөн үйлдвэрийн барилга, газрыг зарсан, түүнд компаниа ямар нэгэн үнэ өртөггүй давхар шилжүүлэн өгсөн юм.
Анхан болон давж заалдах шатны шүүхүүд яагаад хохирогчийн алдсан эд хөрөнгийг буцааж өгөхгүй, түүнийг зарж борлуулан бусад хүмүүсийн өр төлбөрийг төлж барагдуулах талаар шийдвэр гаргаад байгааг хохирогч би ойлгохгүй байна.
Шүүхийн шийдвэрт тэр талаар дүгнэлт хийхгүй, бүтэн 6 жилийн турш хохирсон хүний хохирлыг яагаад тооцохгүй, шүүгдэгч одоог хүртэл махны үйлдвэрийг өөрийн мэтээр гадуур ярьж, дараа дараагийн гэмт хэргүүдэд ашиглагдаж байгаад хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэхгүй байна вэ?
Шүүгдэгч Х.У-т өөрийн хийсэн буруутай үйлдлээ ухамсарлаагүй, надад болон бусад хохирогч нарт ямар их хэмжээний хохирол, хор уршиг учруулснаа ойлгож ухаараагүй, харин ч бүр худал хуурмагаар дүүрэн байж боломгүй үйлдэл, үг хэллэгийг шүүх хуралдаан дээр олон дахин ярьж байхад шүүх худал үгэнд автан түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, орлогын эх үүсвэртэй, хохирол барагдуулах боломжтой, үл хөдлөх эд хөрөнгөтэй зэргийг анхан шатны шүүх дүгнэлтдээ оруулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь энэ хэрэгт авагдсан бүх баримтыг миний бие өмгөөлөгчийн хамт шүүж үзэхэд Х.У- нь маш их өр төлбөртэй, өөрийнх нь нэр дээр гэх үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэ бүрэн төлөгдөөгүй, хохирол төлбөрийг мөнгөөр төлөх ямар ч боломжгүй нь харагддаг юм.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт үйлдлийн объектив шинжийг гэрээгээр халхавчилж гэж прокурорын дүгнэснийг үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа хохирлын хэмжээг тооцохдоо “... талуудын харилцан тохиролцсон гэрээний үнийн дүнгийн хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв” гэсэн нь /Анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 232 дугаар шийтгэх тогтоолын 33 дугаар тал/
Давж заалдах шатны шүүхийн “... Ж.С, А.Т нараас үл хөдлөх эд хөрөнгийг залилж авсан бус худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөх үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлөхгүй залилсан хэмээн дээрх байдлаар анхан шатын шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг өөрчлөн дүгнэсэн бөгөөд ийнхүү өөрчлөх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй болно.” /магадлалын 40 дүгээр тал/ гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцээгүй, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээгээгүй, хуульд заасан хохирол, хор уршгийн зохицуулалтыг хэрэглээгүй, хуулийн нарийвчилсан зохицуулалтыг шийдвэрлээгүй, гэмт хэргийн улмаас алдсан эд хөрөнгийг буцаан гаргуулаагүйд гомдолтой байна.
Х.У- үйлдвэрийг засан сайжруулсан гэх боловч тэр талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч энэ талаар шүүх хуралдааны турш ярьж шүүхийг төөрөгдөлд оруулсан байхыг үгүйсгэхгүй.
Хохирогч Ж.С би анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож 6 жилийн хугацаанд өөрийн махны үйлдвэрээ ашиглаж чадахгүй, түүнээс үр шимийг нь хүртэж чадаагүй талаар мэдүүлсэн. Махны үйлдвэрээ буцаан авч, Х.У-ээс увуулж цувуулж авсан 111,000,000 төгрөгийг “А” ХХК-ийн 2012 оны үнэлгээний тайланд үндэслэж хор уршгийн хохирол тооцон суутгуулах иргэний нэхэмжлэл гаргасан боловч хоёр шатны шүүх хуулийг хэрэглэж шийдвэрлэлгүй орхигдуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол болох махны үйлдвэрийн барилга, газраа буцаан авах хүсэлтийг гаргасныг ч мөн шүүх шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.5, 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8-д заасныг ноцтой зөрчсөн нь энэ шүүхийн шийдвэрээр хохирогчийн эрх сэргэх бодитой үр дагавар үүсээгүй, шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хүлээн авч мөн хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хохирогчийн эрхийн бодитой сэргээн, гэмт хэргийн улмаас алдсан үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрхийн сэргээн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ.
Мөн шатны шүүхэд хохирогч нарын өмгөөлөгч Э.Энхгэрэл гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... хохирогч Ж.Сгийн болон өөрийн гаргасан гомдлоо дэмжиж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэргийн үйлдлийн шинжийг хоёр өөр байдлаар тодорхойлсон. Үүнтэй холбоотойгоор хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхтэй холбогдсон үр дагавар яригдана.
Хохирогчийн зүгээс анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь тухайн үед шүүгдэгч нь өөрийгөө том бизнес эрхлэгч, бэлэн хөрөнгөтэй, бэлэн мөнгө байгаа, үлдэх бага хэмжээний мөнгөнд барьцаанд тавиад төлбөрийг шууд гаргаж өгнө гэх байдлаар өмчлөх эрхийг шилжүүлэн авч залилсан. Гэвч хохирогч нарын эрхийг сэргээхдээ гэрээгээр тохирсон үнээс авсан мөнгийг нь хасаж тооцсон үр дагаврыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энэ гэмт хэргийн халдлагын зүйл нь мөнгө биш буюу үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрх, “М” ХХК-ийн 100 хувийн хувьцааг тодорхой үнээр үнэлэхгүйгээр давхар шилжүүлэх байсан. Тэгэхээр хохирогч нарын зүгээс гэмт хэргийн улмаас шүүгдэгчид алдсан өмчлөх эрх, махны үйлдвэр, компанийн хувьцаагаа шилжүүлж авах хүсэлтэй байгаа.
Давж заалдах шатны шүүхээс гэрээний төлбөрөөс зайлсхийж залилсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь хохирогч нарт махны үйлдвэрээ зарах хүсэл, сонирхол байсан ч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх сэдэлт хэзээ үүссэнийг мэдэх боломжгүй. Х.У-ийн хувьд махны үйлдвэрийн эзэмшил, ашиглалтыг 2017 онд өөртөө шилжүүлэн аваад өмчлөх эрхийг шилжүүлээгүй байхдаа 30 сая төгрөг төлсөн. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авахаар удаа дараа ятгаж 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлэн авснаар энэ гэмт хэрэг төгссөн. Түүнээс гэрээний харилцаа үргэлжлээд төлбөрөө бага багаар төлж явсан зүйл байхгүй. Тэгэхээр энэ гэмт хэргийн улмаас үл хөдлөх хөрөнгө болон “М” ХХК-ийн 100 хувийн хувьцааг буцааж хохирогч нарт шилжүүлэх нь хуульд нийцнэ. Эд хөрөнгө битүүмжлэх, эрх хязгаарлах тогтоолын зорилго бол хууль ёсны эзэмшигчид гэмт хэргийн улмаас алдсан эд хөрөнгийг буцаан олгоход оршино. Х.У-ийн хувьд засвар хийсэн, эрхийн доголдолтой байсан гэх зүйлийг ярьдаг. Хэрэв талуудын тэгш байдлын зарчимд үндэслэсэн бол аль хэдийн 2017 онд гэрээнээс татгалзах бүрэн боломжтой байсан. Гэтэл энэ эрхээ тухайн үед эдлээгүй байж эрүүгийн хариуцлага яригдахаар иргэний эрх зүйн харилцаа ярих нь үндэслэлгүй. Хохирогч нарын хувьд эрүүгийн хэрэг үүссэнээс хойш нийт 278,000,000 төгрөгийг цувуулж авсныг тохирсон 1.5 тэрбум төгрөгөөс хасаж тооцсон нь үндэслэлгүй. Учир нь дээрх төлбөрийг хор уршигт тооцон шийдвэрлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглэх ач холбогдолтой юм.
Түүнчлэн үйлдвэр барьцаанд тавигдсан асуудал яригдаж байгаа. Барьцаанд тавьсан хөрөнгийг зээл олгосон компани нь ашиглаж чадаагүй. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжтэй учир Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдсэн “Н” ХХК “Г” ХХК-иас 1.5 тэрбум төгрөг гаргуулах маргаандаа барьцаагаа ашиглаж чадаагүй. Тэгэхээр барьцааны гэрээ улсын бүртгэл бүртгэгдсэн ч эрүү болон иргэний хэргийн дунд хүчин төгөлдөр бус хэлцэл болж үлдэж буй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн хохирогч нарын эрхийг сэргээх бүрэн боломжтой.
Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Гэтэл хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа гэмт хэрэг үйлдээгүй гэх үндэслэл гаргаж буй нь үндэслэлгүй. Энэ байдлыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй.
Үйлдвэрийг 2017 онд шилжүүлж аваад 2018 оны 09 дүгээр сарын 26-нд гэрээ хийхдээ барьцаанд тавиад л шууд төлбөрийг өгөх мэтээр ойлгуулж цааш бусдад төлөх төлбөрөө төлсөн. Гэтэл дэлхий нийтэд тархсан цар тахлын хөл хорио 2020 оны 02 дугаар сард тавигдсан учир Х.У-ийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлд хамаарахгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах учиртай. Анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэргийн үйлдэл, эрүүгийн хариуцлагад ач холбогдол өгсөн боловч эцсийн зорилго болох хохирогчийн эрх хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна. Харин ч бүр үйлдвэрийг дуудлага худалдаанд оруулж өөр бусад хохирогчийн хохирлыг барагдуулах үндэслэл байж болохгүй.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хууль ёсны эзэмшигч нарт гэмт хэргийн улмаас алдсан эд хөрөнгийн өмчлөх эрхийг бодитойгоор сэргээж өгнө үү” гэв.
Мөн шатны шүүхэд хохирогч нарын өмгөөлөгч М.Дэлгэрнасан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... шүүгдэгч талаас гэрээний харилцааны талаар нэлээд их зүйл ярих байх. Худалдах, худалдах авах гэрээг хийсний дараа банк бусын барьцаанд тавиад мөнгийг нь гаргаж өгнө гэсэн итгэлд үндэслэж үл хөдлөхийг шилжүүлж өгсөн боловч барьцаалсны дараа өөр өр төлбөрөө төлсөн үйл баримт нь эрүүгийн хэргийн шинжийг бүрэн хангасан.
Нөгөө талаар 2017 оноос 2018 он хүртэл ямар ч үнэ төлбөргүйгээр ашиглах хугацаандаа шаардлага хангахгүй, ашиглах боломжгүй байсан буцаан өгөхгүй яасан юм бэ. Гэтэл өнөөдөр бүгдийг нь засаж янзалсан мэтээр тайлбарладаг. Үнэхээр засвар хийсэн бол мөнгийг нь гаргаж өгөх зохицуулалттай учир “баримтаа өг” гэхээр “мөрдөгч аваад үгүй хийсэн” гэдэг. Би мөрдөгчөөс нь хүртэл асуутал байгаа юм байгаа газраа байгаа л гэдэг. Түүнчлэн “М” ХХК-ийн хөрөнгийг бусдад шилжүүлсэн нь гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ. Учир нь зээл авсан газартаа бус 2 хувь хүний нэр дээр шилжүүлсэн бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжигдсэн учир компанийн өмчийг буцаан олгох 100 хувийн боломж хуульд бий” гэв.
Прокурор А.Золзаяа шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Х.У-т холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд тулгуурлан шүүгдэгчийн үйлдлийг залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан хэмээн дүгнэж, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин хоёр шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг агуулгын хувьд хохирогч Ж.С, А.Т нарын залилуулсан хэрэгт хоёр янзаар дүгнэж шийдсэн бол хохирогч Б.Н-н хувьд зөрүү гараагүй байна.
Иймд зөрүүтэй байдлаар дүгнэж шийдвэрлэсэн хэрэгт дараах хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна.
Шүүгдэгч Х.У- нь хохирогч Ж.С, А.Т нарыг төөрөгдөлд оруулан, хуурсан, хохирогчид төлбөр төлөх боломж бүрдсэн байхад төлбөр төлөөгүй, гэрээнд заасан төлбөрийг төлөх талаар ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгээгүй зэрэг нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн бол анхан шатны шүүхээс “М” ХХК болон эд хөрөнгийн өмчлөх эрхийг залилан авсан гэж зөрүүтэй байдлаар дүгнэжээ.
Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийг иргэний эрх зүйн маргаанаас ялгахдаа гэмт хэргийн обьектив талын шинж болох үйлдлийн аргыг хуульд заасан байна.
Тэгэхээр залилан мэхлэх гэмт хэргийн санаа зорилго хэзээ үүссэн бэ гэдгийг тогтоох нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцоход чухал ач холбогдолтой. Тодруулбал, хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Х.У-, хохирогч нарын хувьд худалдах, худалдан авах гэрээг 1.5 тэрбумын төгрөгөөр тохирч хийсэн бөгөөд “М” ХХК-ийг өөрийн нэр рүү шилжүүлэх хүртэлх хугацаанд тодорхой хэмжээний төлбөрийг хохирогч нарт цувуулан өгсөн, мөн хохирогч нарын зөвшөөрлийн дагуу тухайн объектод хөрөнгө оруулалт хийн үйл ажиллагаагаа явуулсан үйл баримт зэргээс үзэхэд залилах гэмт хэргийн санаа зорилго анхнаасаа үүсээгүй байна.
Харин гэрээнд заасан үлдэгдэл төлбөрийг барагдуулах зорилгоор банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан үеэс буюу тухайн объектыг шилжүүлсний дараа барьцаанд тавьж мөнгө зээлсэн, хохирогч нарт төлбөр төлөх бүрэн боломжтой байхад хохирогч нарыг төөрөгдөлд оруулан хуурч мэхлэх замаар үлдэгдэл төлбөрийг залилсан нөхцөл байдал тогтоогдож байна. Энэхүү нөхцөл байдал нь Иргэний хуульд заасан гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхтэй холбогдон үүссэн эрсдэлээс ялгагдаж байгаа юм.
Энэ талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд агуулгын өөрчлөлт оруулан дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүйгээс гадна хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Мөрдөн байцаалт болон анхан шатны шүүх хуралдаанаар хэргийн талаар нотолбол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэхэд онцгой ач холбогдол бүхий нөхцөл байдлыг агуулсан харилцан зөрүүтэй нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн талаарх хоёр шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт нь үндэслэл бүхий болж чадаагүйн дээр хэрхэн үгүйсгэж, няцаасан шалтгаан нөхцөлийг тодорхойлоогүйн улмаас анхан болон давж заалдах шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй байна гэж үзсэн болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй гэх зарим цагаатгах нотлох баримтыг шүүх хэрхэн үгүйсгэж няцаасан талаараа дүгнэлт хийгээгүй орхигдуулсан явдал нь шүүгдэгч Х.У-ийн үйлдсэн гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруу эргэлзээгүйгээр нотолсон гэж үзэхэд хангалтгүйгээс гадна гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бодитой тогтоогдсон гэж дүгнэхэд учир дутагдалтай болжээ.
Тухайлбал, анхан шатны шүүх шүүгдэгч Х.У-ийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг “... гэрээгээр халхавчилж хувьцаа эзэмшигч Ж.С, А.Т нарын төлбөрийг бүрэн төлөлгүй залилсан” гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх “... гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, мөнгийг нь төлөх боломжтой байсан ч төлөлгүй залилсан” гэсэн эрс зөрүүтэй дүгнэлтүүд нь үүний тодорхой илэрхийлэл юм.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэх замаар бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлсэн болон иргэний эрх зүйн харилцааны явцад үүссэн гэмт санаагаа хэрэгжүүлсний үр дагаврыг арилгах, нөхөн сэргээх асуудал нь тус тусдаа өөр өөрийн онцлогтой бөгөөд хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагавар, хор уршгийг арилгах арга зам ч харилцан адилгүй болно.
Давж заалдах шатны шүүх энэхүү эрс ялгаатай үр дагавар бүхий нөхцөл байдлыг үл харгалзан анхан шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтыг өөрчилсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасныг болон шүүхэд хэрэг хянан хэлэлцэж шийдвэрлэх хэмжээ хязгаарыг тодорхойлсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус зөрчсөн байх тул энэхүү үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавьж, эрүүгийн хэргийг анхан, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоон, шударгаар ял оногдуулахаас гадна гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, гэмт хэргийн улмаас хохирсон иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.
Хоёр шатны шүүх “... шүүгдэгч Х.У- нь хохирогч Ж.С, А.Т нарын үйлдвэрийн байр, газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсны дараа “Н” ХХК-нд барьцаалж зээл авсан атлаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй”, “... төлбөрийг төлөх боломжтой ч өгөлгүй залилсан” хэмээн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнээс хальсан дүгнэлт хийсэн атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх нь хөндөгдөж болзошгүй, улмаар эд хөрөнгийн болон эдийн бус хохирлоо нөхөн төлүүлэх, сэргээхээр шаардлага тавих эрх бүхий хүнийг иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулаагүй явдал нь хүний эрхийн ноцтой зөрчил мөн болно.
Иймд анхан шатны шүүхээс өмчлөх эрх нь хөндөгдөж болзошгүй этгээдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3, 8.6 дугаар зүйлийн 2-т заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах эсэх, иргэний нэхэмжлэлийг нь эрүүгийн хэрэгтэй хамтатган хянан шийдвэрлэх эсэхийг дахин хянан хэлэлцэж нягтлах шаардлагатай гэж үзлээ.
Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч Х.У-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр сольж, түүнийг нэн даруй суллахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 232 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 762 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Х.У-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр сольж, түүнийг нэн даруй сулласугай.
ДАРГАЛАГЧ С.БАТДЭЛГЭР
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.ЦОГТ