Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2020/0320

 

А”  ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Да, түүний өмгөөлөгч Г.Г, хариуцагч Монгол Улсын Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, Ц.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 213 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Б.Д, Монгол Улсын Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу “А”  ХХК-ийн нэхэмжлэлтэй, Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, Монгол Улсын Сангийн яаманд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 213 дугаартай шийдвэрээр: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, 16 дугаар зүйлийн 16.1, 26 дугаар зүйлийн 26.9, 46 дугаар зүйлийн 46.1.2, 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А”  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргэх тухай” №1/1675 тоот, 2019 о ны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Мэдэгдэл хүргэх тухай” №5/1764 тоот албан бичгүүдийг болон Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Гомдол хянасан тухай” №6-1/8289 тоот албан бичгийн “А”  ХХК-д холбогдох хэсгийг болон дүгнэлт хэсэг /иймд тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дугаар заалтад заасныг үндэслэн үүгээр мэдэгдье/-ийг тус тус хүчингүй болгож, үлдэх “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09 цагт зарласан “Автобусны жолоочийн ажлын цамц, хантааз хийлгэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах НЗТНОНОААТҮГ/201908012 дугаартай тендерт “А”  ХХК нь хамгийн сайн үнэлгээ авсан тендер болохыг тогтоож, хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-д “А”  ХХК-д гэрээ байгуулах эрх олгохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Б.Д нар давж заалдах гомдолдоо: “... “А”  ХХК нь Шүүхийн төрөлжсөн архивын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 17134 дугаар Иргэний нисэхийн ерөнхий газарт хаягласан тодорхойлолт бүхий албан бичгийг тендерт ирүүлсэн. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолтыг тендерт ирүүлсэн ба тус тодорхойлолтын хүчинтэй хугацаа 30 хоног байсан. Улмаар 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тендерийг үнэлэхээр ажлын хэсэг хуралдах үед дээрх  тодорхойлолтод заасан хугацаа 11 дүгээр сарын 28-ны өдөр дууссан /10 дугаар сар 31 хоногтой/ байсан болно.

Ийнхүү нэхэмжлэгч компани нь тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлага буюу ТОӨЗ-ийн 1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр тодорхойлолтыг тендерийн материалд ирүүлээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1-д “Дараах нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ”, 14.1.4-т “Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 52.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” гэж заасан нөхцөл байдлыг шалгах боломжгүй байдалд хүрсэн.

Мөн “А”  ХХК нь үнийн саналыг маягтын дагуу бэлтгэж, ирүүлэх гэсэн ТОӨЗ-ын 3.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй буюу барааны үнийн хуваарийг тусгайлан ирүүлэхдээ хуваарийн хүснэгтийн багана бүрийг бөглөөгүй, дутуу бөглөсөн байсан. Ингэхдээ тендерийн баримт бичгийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр батлагдсан жишиг бичгийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр батлагдсан жишиг баримт бичгийн үнийн саналын маягтын 4 дүгээр зүйлд заасан “Бид тендерийг холбогдох журмын дагуу бусад тендерт оролцогчдод ил болгохыг үүгээр зөвшөөрч байна” гэх заалтыг хасч, тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулсан байсан.

Түүнчлэн ТОӨЗ-ын 3.1 дэх хэсэгт заасан “Тендерт оролцогч нь тухайн барааны үнийн болон нийлүүлэлтийн хуваарийг баталгаажуулан ирүүлэх ба нийт 30 хоногийн хугацаанд тус байгууллагын жолоочийн цамц хантаазыг бүрэн хийж гүйцэтгэн нийлүүлэх үүрэг хүлээнэ. Барааны нийлүүлэлтийн нарийвчилсан хуваарилалтыг баталгаажуулан ирүүлнэ” гэж заасан байхад хуваарийг ерөнхий байдлаар бөглөн ирүүлсэн ба тус хуваарьт 30 хоногийн дотор гүйцэтгэх тухай тендерт оролцогч бөглөнө гэсэн шаардлагыг хүлээн аваагүй тендерийн баримт бичгийн агуулгад өөрчлөлт оруулсан буюу захиалагчийн чухал гэж үзсэн нөхцөл шаардлагыг хангахгүй, хүлээн авахаас татгалзсан гэж үзэхээр байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Захиалагч тендер нээсний дараа тендерийн агуулга, үнийн талаар тендерт оролцогчтой санал солилцохыг хориглоно” гэж заасан байтал шүүх дээрх байдлаар үнийн саналтай холбоотойгоор тендерийн баримт бичиг болох маягтад дурдсан агуулгаар нэхэмжлэгч компаниас тодруулах боломжтой гэж дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Түүнчлэн Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 6-1/8289 дүгээр албан бичгээр ирүүлсэн шийдвэрийн дагуу тендерийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дахин үнэлж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д заасны дагуу бүх тендерээс татгалзсан.

Улмаар дахин тендер сонгон шалгаруулалтыг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр цахимаар зарлаж, 2020 оны 03 дугаар сарын 17-н өдөр тендерийг нээсэн бөгөөд тус тендерт “Сүндэр оргил” ХХК, “Гранд премиум” ХХК, “Койн хаус” ХХК, “Эрчист хайрхан” ХХК-иуд оролцож, тендерийг ирүүлсэн.

Гэтэл нэхэмжлэгчээс дээрх дахин тендер сонгон шалгаруулалт зарласантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх уг захиргааны хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасныг илтэд буруугаар тайлбарлан хэрэглэсэн.

Мөн уг шүүхийн шийдвэр гарснаар 2 хүчинтэй тендер сонгон шалгаруулалт байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх компаниудыг шүүгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.  

Хариуцагч Монгол Улсын Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч тендер шалгаруулалтад оролцохдоо тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 1.1-т 6-д заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт ирүүлэхдээ Иргэний нисэхийн ерөнхий газарт хаягласан тодорхойлолт ирүүлсэн нь Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 07 дугаар сарын 7-ны өдрийн 68 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ын 2.3.6-д заасан шаардлагыг хангаагүй, мөн Тендерийн шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 3.1-д заасны дагуу үнийн саналыг маягтын дагуу бэлтгэж, баталгаажуулж ирүүлээгүй байсан. Нэхэмжлэгчийн ирүүлсэн үнийн саналыг маягтад “Бид тендерийг холбогдох журмын дагуу бусад оролцогчдод ил болгохыг үүгээр зөвшөөрч байна. Захиалагч бидний ирүүлсэн тендерийг нууцлах аливаа үүргээс бүрэн чөлөөлөгдөнө” гэсэн зөвшөөрөл байхгүй байсан нь тендерийн баримт бичгийг ил болгох боломжгүй болж байгаа юм.

Харин нэхэмжлэгчийг үнийн саналдаа даатгал, тээврийн зардал, татвар хураамжийг оруулаагүй талаар маргаагүй байхад шийдвэрийн үндэслэх хэсэгт ТОӨЗ-ын 7.1-д заасан үндэслэлээр татгалзсан нь үндэслэлгүй байна гэж маргаагүй асуудлаар дүгнэлт гаргасан байна.

Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 1.1-д тендерт оролцогч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд зааснаас гадна ТШӨХ-д заасан холбогдох шаардлагыг хангасан байна гэж тусгасан байхад зөвхөн голлох шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэх ёстой байсан гэсэн нь мөн үндэслэлгүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу оролцогч нарын ирүүлсэн тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянаж үздэг. Хэн нэгний үзэмжээр ялимгүй алдаа гаргасан байна гэж үзэж тендерт оролцогчийг шалгаруулах нь хууль зөрчсөн үйлдэл болж хувирна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагч Монгол Улсын Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

“А”  ХХК “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зарласан “Автобусны жолоочийн ажлын цамц, хантааз хийлгэх” НЗТНОНӨААТҮГ/201908012 дугаартай тендерт оролцсон бөгөөд захиалагч нь тус компанийн ирүүлсэн тендерийн саналыг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1/1675 дугаар албан бичгээр[1] “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг үндэслэн татгалзсан” байна.   

Энэхүү шийдвэрийг “А”  ХХК-иас эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гарган, Сангийн яамнаас 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 6-1/8289 дүгээр албан бичгээр[2] Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т заасны дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгджээ. 

Дээрх шийдвэрийн дагуу захиалагчаас дахин тендер шалгаруулж, “А”  ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5/1764 дүгээр албан бичгээр[3] “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг үндэслэн ирүүлсэн тендерээс татгалзаж буйг мэдэгдсэн” байна.

Эдгээр шийдвэрүүдийг “А”  ХХК-иас эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

1. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1/1675, 2019  оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5/1764, Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 6-1/8289 дугаар албан бичгүүдийг  хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана”, 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ” гэж тус тус заасан.

Маргаан бүхий захиргааны актууд болох “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1/1675, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5/1764 дүгээр албан бичгүүдэд дурдснаар “Үнийн саналыг баталгаажуулан ирүүлэхдээ 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдсон үнийн саналыг маягтын дагуу ирүүлээгүй.

Мөн барааны үнийн хуваарийг тусгайлан ирүүлэхдээ маягтыг бүрэн бөглөөгүй нь Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалаар батлагдсан тендерийн үнэлгээний зааврын 6.5.5 ТББ-т гүйцэтгэгчийн үүрэг, хариуцлага болгохоор заасан чухал ач холбогдол бүхий нөхцлийг хүлээн авахаас татгалзсан гэж дүгнэсэн.

Нийслэлийн төрөлжсөн архивын тодорхойлолт 2019  оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр Иргэний нисэхийн ерөнхий газарт хаягласан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөр ирүүлсэн зэрэг нь тухайн тендер зарласан цаг хугацаанд хамааралгүй мэдээлэл ирүүлсэн шаардлагад нийцэхгүй гэж дүгнэгдсэн” гэх үндэслэлээр “А”  ХХК-ийн тендерээс татгалзан шийдвэрлэжээ.

Мөн “А”  ХХК-ийн тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг Монгол Улсын Сангийн яам хянаад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т зааснаар захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэн, дахин үнэлгээ хийлгэхийг даалган шийдвэрлэсэн бөгөөд эдгээр шийдвэрүүд үндэслэлтэй зөв байна.

Учир нь тендерийн баримт бичигт дурдаснаар[4] тендерт оролцогчдоос тусгай маягтын дагуу үнийн санал авахаар байх бөгөөд нэхэмжлэгч “А”  ХХК уг маягтын дагуу үнийн саналаа ирүүлээгүй[5], мөн хариуцагчийн “Бид тендерийг холбогдох журмын дагуу бусад тендерт оролцогчдод ил болгохыг үүгээр зөвшөөрч байна гэх заалтыг хассан, бараа нийлүүлэлтийн хуваарийг ерөнхий байдлаар бөглөн, захиалагчийн чухал гэж үзсэн нөхцөл шаардлагыг хүлээн авахаас татгалзсан” гэж маргаж буй нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдаж байх тул энэхүү давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан шаардлагыг бүгдийг хангасан тендерийг шаардлагад нийцсэн гэж үзэхээр байхад нэхэмжлэгч нь тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлагыг хангаагүй буюу үнийн саналыг маягтын дагуу захиалагчид хүргүүлээгүй зөрчил гаргажээ.   

Харин анхан шатны шүүхээс тендерт оролцогчийн санхүүгийн болон, техникийн чадавхи, туршлага зэрэг үндсэн шалгуур үзүүлэлтүүдээр тендерт оролцогчдын тендерийн материалыг хянан үзэх нь хуульд нийцнэ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн тендерийн баримт бичиг хуульд зааснаар нэгэн зэрэг хангаагүй, ТОӨЗ-ийн 3.1-д “... үнийн саналыг маягтын дагуу бэлтгэж, баталгаажуулж ирүүлнэ” гэж зааснаар үнийн маягтын дагуу саналаа ирүүлээгүй тул тендерийн баримт бичиг шаардлага хангаагүй гэж татгалзсан маргаан бүхий захиргааны актууд нь хууль тогтоомжид нийцсэн байна.  

2. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09 цагт зарласан “Автобусны жолоочийн ажлын цамц, хантааз хийлгэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах НЗТНОНӨААТҮГ/201908012 дугаартай тендерт “А”  ХХК нь хамгийн сайн үнэлгээ авсан тендер болохыг тогтоож, хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-д “А”  ХХК-д гэрээ байгуулах эрх олгохыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тухайд:

Анхан шатны шүүхээс дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв боловч “хамгийн сайн” тендер болохыг тогтоох, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах нь хуулиар захиалагч болон тендерийн үнэлгээний хороонд тусгайлан олгосон эрх хэмжээний асуудал” гэж дүгнэсэн нь буруу юм.  

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь дээрх хуулийн 27 дугаар зүйлд заасан тендерийн шаардлагыг хангаагүй буюу тендерийн баримт бичигт дурдсан шаардлагыг хангаагүй материал ирүүлсэн тул хамгийн сайн тендер болохыг тогтоох, мөн гэрээ байгуулах эрх олгохыг даалган шийдвэрлэх үндэслэлгүй байна.  

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 213 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг тус тус баримтлан “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1/1675, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5/1764, Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 6-1/8289 дүгээр албан бичгийн “А”  ХХК-д холбогдох хэсэг, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09 цагт зарласан “Автобусны жолоочийн ажлын цамц, хантааз хийлгэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах НЗТНОНӨААТҮГ/201908012 дугаартай тендерт “А”  ХХК хамгийн сайн үнэлгээ авсан тендер болохыг тогтоож, хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т “А”  ХХК-д гэрээ байгуулах эрх олгохыг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэсэн өөрчлөлтүүдийг оруулж, шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Б.Д, хариуцагч Монгол Улсын Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нарын давж заалдах гомдлыг тус тус хангасугай.  
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Монгол Улсын Сангийн яам давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                            Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 13-14 хуудас

[2] Хавтаст хэргийн 15-16 хуудас

[3] Хавтаст хэргийн 11-12 хуудас

[4] Нотлох баримтын 287 хуудас /ар тал/

[5] Нотлох баримтын 32 хуудас