| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Банзрагч |
| Хэргийн индекс | 128/2025/0455/З |
| Дугаар | 001/ХТ2026/0060 |
| Огноо | 2026-06-04 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2026/0060
Ш.Ж***ны нэхэмжлэлтэй, Баян-Өлгий
аймгийн Санхүүгийн хяналт, дотоод
аудитын газрын улсын ахлах байцаагчид
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Батбаатар
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: П.Соёл-Эрдэнэ
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 110/ШШ2026/0004 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2026/0157 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Ш.Ж***, түүний өмгөөлөгч А.Серикжан нарыг (цахимаар) оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 001/ШХТ2026/0198 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан үндэслэл байгаа эсэхийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
Ш.Ж***аас Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч Х.Б***нд холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч Х.Б***ний 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Зөрчил дутагдлыг арилгуулах тухай” 18-04/*** дугаар албан шаардлага, “Хохирол барагдуулах тухай” 18-04/***, “Хувь хүний орлогын албан татварыг төлүүлэх тухай” 18-04/***, “Албан томилолтын мөнгийг төлүүлэх тухай” 18-04/***, “Цалин хөлсийг шалгасан тухай” 18-04/***, “Дутуу суутгасан урьдчилгааг төлүүлэх тухай” 18-04/***, “Зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/***, 18-04/***, “Үндсэн баримтгүй зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/*** дүгээр актуудыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын (даргын түр орлон гүйцэтгэгчийн) 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаар шалгалтын удирдамжийн дагуу тус аймгийн *** албаны 2022-2024 оны санхүүгийн болон хүний нөөцийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж, 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр маргаан бүхий актуудыг үйлдсэн.
2.2.“Баян-Өлгий аймгийн *** алба” ААТҮГ-аас 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 94/25 дугаар албан бичгээр урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар улсын ахлах байцаагчийн 2025 оны 18-04/***, 18-04/***, 18-04/***, 18-04/***, 18-04/***, 18-04/*** дүгээр актуудыг эс зөвшөөрч Сангийн сайдад гомдол гаргажээ.
2.3.Сангийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01/5030 дугаар албан бичгээр “... улсын ахлах байцаагчийн 2025 оны 18-04/*** дүгээр актын төлбөрийн дүнгээс 1,700,000 төгрөгийг хасаж өөрчлөлт оруулж, 18-04/*** дугаар актыг хүчингүй болгож, үлдэх актуудыг хэвээр үлдээж” шийдвэрлэсэн байна.
3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
“... Санхүүгийн хяналт шалгалтын зорилго нь зөвлөх шинжтэй байхад хяналт шалгалт хийх эрх бүхий этгээд зорилгоосоо гажаад маргаан бүхий актуудыг гаргасан. Уг актууд нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 6.2.1, 6.2.5, 6.3.1 дэх заалтад нийцээгүй. Улсын ахлах байцаагчийн 18-04/*** дүгээр актаар нөхөн олговрын мөнгийг төсвөөс олгосон нь буруу гэж үзсэн нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийн дагуу 2 ажилтанд нөхөн олговор олгохдоо аймгийн Засаг даргын зөвшөөрлийн дагуу олгосон. Би өөрийнхөө цалинг өөрөө боддоггүй, цалинг илүү бодож татварыг суутгаагүй, бүтнээр тооцсон нь нягтлан бодогчийн буруутай үйл ажиллагаа гэж үзэж байгаа тул 18-04/*** дугаар акт үндэслэлгүй. 18-04/*** дугаар актад илүү олгосон томилолтын мөнгийг нэр бүхий ажилчдаар төлүүлэхээр шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Томилолтыг анхан шатны баримтгүй олгох боломжгүй. Миний бие цалингаасаа 384,000 төгрөгийг хасуулж энэ мөнгийг төлсөн. 18-04/*** дүгээр актаар төсвөөс зүй бусаар зарцуулсан гэх 4,616,500 төгрөгийг төлүүлэхээр тогтоосон. Манай байгууллага төрөөс ямар нэгэн төсөв авдаггүй, зөвхөн хяналтын зардлаар санхүүждэг бөгөөд зарлагыг орлогоороо нөхдөг. Энэ мөнгийг зүй бусаар зарцуулаагүй. Хуульд заасан эрх зүйн зөвлөгөө авах эрхийнхээ дагуу гэрээ байгуулж иргэний хэргийн маргаанд туслалцаа авсан. Дээрх маргаан бүхий актыг Сангийн яамнаас хянаж үзээд 1,700,000 төгрөгийг хүчингүй болгосон ... Хариуцагч хяналт шалгалтыг хангалтгүй хийсэн ...” гэжээ.
4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... 18-04/*** дугаар албан шаардлагыг цаашдаа яаж ажиллах талаар болон илэрсэн зөрчлүүдийг арилгуулах агуулгаар бичсэн. 18-04/*** дүгээр актын хувьд манай байгууллагын үүрэг тул шүүхийн шийдвэрийн дагуу тухайн байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалинг нөхөж төлүүлдэг. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг зөрчсөн гэж үзэж 18-04/*** дугаар актыг гаргасан. Бусад ажилчдын цалин хөлсийг зөв тооцоолж олгосон атлаа байгууллагын дарга Ш.Ж***ны цалин хөлснөөс нийт 2 жилийн хугацаанд 9 сар хувь хүний орлогын албан татварыг цэсээр суутгах бичилт хийсэн боловч, олгохдоо суутгаагүй зөрчил илэрсэн. Нэхэмжлэгч нь нягтлан бодогчийн хариуцлагагүй үйлдэл тул төлөхгүй гэж актад гарын үсэг зурахаас татгалзаж байгаа хэдий ч илүү авсан цалинг тухайн хүн өөрөө төлөх ёстой. 18-04/*** дугаар актыг өөрсдөө зөвшөөрөөд мөнгийг манай байгууллагын дансанд төвлөрүүлсэн. Ажилчдын цалинг зөв тооцолгүйгээр 309,800 төгрөгийн цалинг илүү, 639,200 төгрөгийн цалинг дутуу тооцон олгож Төсвийн тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр 18-04/*** дугаар актыг, тухайн байгууллагаас өмгөөлөгчийн хөлсөнд 2022 онд 1,166,500 төгрөг, 2023 онд 2,350,000 төгрөг, 2024 онд 1,100,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байсан тул 18-04/*** дүгээр актыг тогтоосон. Байгууллагын дарга Ш.Ж***ны буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн маргаан дээр өмгөөллийн гэрээ байгуулсан, буруутай шийдвэрээр чөлөөлсөн гэдгийг шүүх тогтоосон учраас хувь хүнийг өмгөөлсөн хөлс гэж үзсэн ...” гэжээ.
5.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 110/ШШ2026/0004 дүгээр шийдвэрээр “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 18-04/***, 18-04/***, 18-04/***, 18-04/*** дүгээр актуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.3.3, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 103 дугаар зүйлийн 103.1, 103.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Ж***ны нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 18-04/***, 18-04/*** дүгээр актын 2022 оны 1,166,500 төгрөгт, 2023 оны 1,750,000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох 18-04/*** дугаар албан шаардлагыг, 18-04/***, 18-04/*** дугаар актуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:
5.1.“... Нэхэмжлэгч нэхэмжлэлийн 18-04/***, 18-04/***, 18-04/***, 18-04/*** дүгээр актуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэх нь зүйтэй.
5.2.Аймгийн *** алба нь аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул уг байгууллагын даргын байгууллагад учруулсан хохирлыг захиргааны байгууллагад учруулсан хохирол гэж үзэх боломжгүй, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2-т заасан ойлголтод хамаарахгүй. Иймд 18-04/*** дүгээр актаар төсөвт учруулсан 12,072,400 төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус ..., хариуцагч нь 18-04/*** дүгээр актыг Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч хянаад төлбөрөөс хасаж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн, ерөнхий байцаагчийн энэ шийдвэр нь хүчинтэй байна. Нэхэмжлэгч нь тухайн байгууллагын даргын хувьд байгууллагаа төлөөлж, С.Е***, Ө.Б*** нарын нэхэмжлэлтэй хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул дээрх байгууллагад хууль зүйн туслалцаа авсны хөлсөнд төлсөн төлбөрийг зүй бусаар зарцуулсан гэж үзэх боломжгүй ...
5.3.Маргаан бүхий 18-04/*** дугаар албан шаардлагыг хүчингүй болгосноор Ш.Ж***ны тодорхой нэг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргээгдэнэ гэж үзэхгүй тул түүний нэхэмжлэлээр хүчингүй болгох боломжгүй. 18-04/*** дугаар актын хувьд нэхэмжлэгчид 2022 оны 7-12 дугаар саруудын цалинг олгохдоо тухайн саруудын цалингийн тооцооны хүснэгтийн ХАОАТ-ын хэсэгт 75,295 төгрөг суутгахаар тусгасан атлаа, бодогдсон нийт цалингаас суутгаагүй, мөн 2023 оны 1, 2, 3 дугаар саруудад нэхэмжлэгчид цалин хөлс олгохдоо цалингийн тооцооны хүснэгтийн ХАОАТ-ын хэсэгт 95,558 төгрөг гэж тусгасан атлаа уг үнийн дүнг суутгаагүй болох нь хэрэгт авагдсан тухайн саруудын цалингийн тооцооны хүснэгтүүдээр тогтоогдсон, нэхэмжлэгч нь тухайн саруудад цалингаас дээрх албан татварыг суутгуулалгүйгээр илүү цалин авсан байх тул түүнд 738,300 төгрөгийн төлбөр тогтоосон нь үндэслэлтэй.
5.4.Нэхэмжлэгч нь хариуцагчийн үйлдсэн 18-04/*** дугаар актын хавсралтад заасан илүү авсан томилолтын мөнгийг хүлээн зөвшөөрч акт гарсны дараа тухайн байгууллагын дансанд шилжүүлсэн нь баримтаар тогтоогдож байх тул энэ акт хэрэгжсэн, иймд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй ...” гэх зэргээр дүгнэжээ.
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2026/0157 дугаар магадлалаар “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг өгсөн байна. Үүнд:
6.1.Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ тодорхойлсон нийт 9 захиргааны актаас 18-04/*** дугаар актад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас бусад 8 актад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, 18-04/*** дугаар актад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдуулсан. Захиргааны хэрэг үүсгэсэн 8 актын нэг болох улсын ахлах байцаагчийн 18-04/*** дугаар актыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр хүчингүй болгосон.
6.2.Мөн улсын ахлах байцаагчийн 2025 оны 18-04/***, 18-04/***, 18-04/*** дугаар акттай холбогдуулан нэхэмжлэгчээс хуульд заасан журмын дагуу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгээгүй байхад шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэх нөхцөл байдлыг бүрэн шалган тогтоогоогүй.
6.3.Захиргааны хэрэг үүсгэсэн улсын ахлах байцаагчийн нийт 8 актын хэдэд нь холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзаж байгаа болохыг бүрэн тодруулаагүй. Захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжид дурдагдаагүй улсын ахлах байцаагчийн 2025 оны 18-04/*** дугаар актыг оролцуулан нийт 4 актад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсан хэмээн дүгнэж татгалзлыг баталсан байх боловч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг нэхэмжлэгчид танилцуулаагүй. Энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргаагүй зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан, уг зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх, маргааны үйл баримт, шүүхийн шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй ...” гэжээ.
7.Нэхэмжлэгч Ш.Ж***, түүний өмгөөлөгч А.С*** нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
7.1.“... Шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч улсын ахлах байцаагчийн “2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 18-04/***, 18-04/*** дугаар актыг хүчингүй болгуулах” хэсгийг багасгаж бичгээр илэрхийлсэн, мөн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед “18-04/***, 18-04/***, 18-04/*** дүгээр актуудыг хүчингүй болгуулах” хэсгийг багасгаж тайлбар мэдүүлэг гаргасан. Өөрөөр хэлбэл, улсын ахлах байцаагчийн 18-04/***, 18-04/***, 18-04/***, 18-04/*** дүгээр актууд, 18-04/*** дугаар албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах хэсгийг л дэмжсэн байр сууринаас оролцсон.
7.2.Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасанд нийцсэн, шүүхээс холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг ноцтой зөрчөөгүй ...
7.3.Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр танилцуулгын “НЭГ”-д шалгалтын зорилго нь “... зөрчил дутагдлыг арилгуулах, цаашид давтан гаргахгүй байх талаар зөвлөмж өгч, ажилд нь туслахад оршино” гэснээс үзэхэд, санхүүгийн хяналт шалгалтын гол зорилго нь зөвлөх шинжтэй байсан болох нь тодорхой байна. Гэтэл хяналт шалгалт хийх эрх бүхий этгээд зорилгоосоо гажаад үйл ажиллагаандаа дээрх зарчмыг баримтлалгүйгээр маргаан бүхий актыг тавьсан. Төлбөр тогтоосон актууд нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 6.2.1, 6.2.5, 6.3.1 дэх заалтуудад нийцээгүй ...
7.4.Анхан шатны шүүх нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэхдээ нэхэмжлэгчээс тодорхойлсон нийт 9 захиргааны актаас 18-04/*** дугаар актад холбогдох хэсгийг захирамждаа дурдаагүй нь техникийн шинжтэй алдаа бөгөөд нэгэнт нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн 18-04/*** дугаар актыг хүчингүй болгох хэсгээс татгалзсан, шүүхээс ийм маргааныг хянан шийдвэрлээгүй тул үүнд дүгнэлт өгөх шаардлагагүй, ач холбогдолгүй. Иймд шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
8.Хяналтын шатны шүүх хуралдаанд хариуцагч тал оролцоогүй.
9.Хяналтын шатны шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр хүлээн авсан болно.
10.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.
11.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүй, хэргийн оролцогчдод хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулаагүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг хангуулаагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан” гэж буруутган хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.
12.Нэхэмжлэгч Ш.Ж*** нь Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч Х.Б***ний 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн нийт 9 актыг хүчингүй болгуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнд: 1.“Зөрчил дутагдлыг арилгуулах тухай” 18-04/*** дугаар албан шаардлага (1), 2.“Хохирол барагдуулах тухай” 18-04/***, 3.“Хувь хүний орлогын албан татварыг төлүүлэх тухай” 18-04/***, 4.“Албан томилолтын мөнгийг төлүүлэх тухай” 18-04/***, 5.“Цалин хөлсийг шалгасан тухай” 18-04/***, 6.“Дутуу суутгасан урьдчилгааг төлүүлэх тухай” 18-04/***, 7.“Зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/***, 8.“Зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/***, 9.“Үндсэн баримтгүй зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/*** дүгээр актууд хамаарч байна.
13.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 18-04/***, 18-04/***, 18-04/***, 18-04/*** дүгээр актуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх бөгөөд энэ хүрээнд анхан шатны шүүх татгалзсан хэсгийг баталж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд нийцсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүх захиргааны хэрэг үүсгэсэн улсын ахлах байцаагчийн нийт 8 актын хэдэд нь холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзаж байгаа болохыг бүрэн тодруулаагүй” гэж буруутгасан нь үндэслэлгүй.
14.Тодруулбал, нэхэмжлэгч шүүх хуралдаанаас өмнө буюу 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 18-04/***, 18-04/*** дугаар актад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буйгаа бичгээр илэрхийлсэн, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үеэр 18-04/***, 18-04/***, 18-04/*** дүгээр актад холбогдох шаардлагаасаа татгалзаж байгаагаа тайлбарласан байна. Хэдийгээр тус шүүх хуралдаанд нэхэмжлэгч өмнө нь бичгээр татгалзсан 18-04/*** дугаар актад холбогдох шаардлагаас татгалзаж байгаагаа дахин илэрхийлээгүй ч, өмнөх хүсэлтээ үгүйсгээгүй, татгалзал баталсан шүүгчийн шийдвэрт гомдол гаргаагүй, шүүх хуралдаан цааш үргэлжилсэн (үлдсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд) байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гараагүй байна.
15.Түүнчлэн, “анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг нэхэмжлэгчид танилцуулаагүй, энэ талаар баримт хэрэгт хавсаргаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ. Учир нь, нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцсон байх бөгөөд энэ талаар ямар нэгэн гомдол, санал гаргаагүй байна. Мөн хяналтын шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “холбогдох үр дагаврыг үйлчлүүлэгчдээ тайлбарласан, энэ талаар мэдэж байсан тул заавал баримт авах шаардлага байхгүй, энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болохгүй” гэсэн тайлбар өгснийг дурдах нь зүйтэй.
16.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг “нэхэмжлэлд тодорхойлсон нийт 9 актаас 18-04/*** дугаар актад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг орхигдуулж, бусад 8 актад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн нь ...” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон гэж дүгнэжээ.
17.Шүүх захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжид заагаагүй улсын ахлах байцаагчийн 2025 оны 18-04/*** дугаар актыг оролцуулан нийт 4 актад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталсан нь техникийн шинжтэй алдаа болсон байна. Гэвч шүүх хэрэг үүсгээгүй актад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэж, эцэслэн шийдвэрлээгүй, харин угаасаа хэрэг үүсгээгүй байсан нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталсан нь “шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил”-д тооцогдохооргүй байна.
18.Мөн “зарим маргаан бүхий актын талаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийн тухайд, маргаан бүхий актууд нь бүгд нэг өдөр гарсан, нэхэмжлэгчээс тэдгээрийн заримд нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан боловч амжилт олоогүй, хариуцагчаас шүүхийн шатанд бүх акт нь хууль ёсны гэж маргаж буй энэ тохиолдолд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа нь ач холбогдолгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, маргааныг дахин эхлүүлэх үндэслэл болохгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмнэлттэй байх зарчимд нийцэхгүй юм.
19.Иймээс “... давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дурдсан үндэслэлүүд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарахгүй ...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 7-д заасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.
20.Харин давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнээгүй тул хэргийг хяналтын шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэх боломжгүй учир “шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах” тухай нэхэмжлэгч талын гомдлыг хангах боломжгүй юм.
21.Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2026/0157 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ
Г.БАНЗРАГЧ