Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 043

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны хуралдааныг шүүгч М.Риза , тус шүүхийн шүүх хуралданы танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 08 дугаар багийн оршин суугч Молхы-Хошах овогт Харигийн Нурсултаны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргад ;

Нэхэмжлэлийн шаардлага: Х.Нурсултаныг Орон нутгийн өмчийн газрын орон нутгийн өмчийн ажил худалдан авалт хариуцсан мэргэжилтэн болон орон нутгийн өмчийн ашиглалт хяналт хариуцсан мэргэжилтний аль нэг албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай тай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Нурханат, түүний өмгөөлөгч А.Серигжан, - Орон нутгийн өмчийн газрын дарга А.Даримхан, түүний өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Нэхэмжлэгч Х.Нурсултан нь 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн аймгийн Худалдан авах ажиллагааны албаны бараа худалдан авалт, зөвлөх үйлчилгээ, цахим мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр томилогдсон ба Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Худалдан авах ажиллагааны албыг Орон нутгийн өмчийн газарт нэгтгэж, Орон нутгийн өмчийн газрын харьяа алба байхаар тусгасан. Өөрөөр хэлбэл Худалдан авах ажиллагааны алба, Орон нутгийн өмчийн албаны чиг үүргийг нэгтгэсэн гэж ойлгож байгаа.

Засгийн газрын дээрх шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг дарга 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/488 тоот захирамжаар Орон нутгийн өмчийн газрыг байгуулж, Худалдан авах ажиллагааны албыг татан буулгасан байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/502 тоот захирамжаар аймгийн Орон нутгийн өмчийн газрын бүтэц, орон тоог 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр, дараа нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр А/605 тоот захирамжаар уг байгууллагын бүтэц, орон тоог 7 хүний бүрэлдэхүүнтэй тус тус баталсан юм. Энэхүү бүтэц, орон тоонд Худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэжилтний 2 орон тоо батлагдсан. Энэхүү мэргэжилтний 2 орон тоонд хуучин Худалдан авах ажиллагааны албанымэргэжилтнээр ажиллаж байсан А.Багдат, К.Гүлбану нарыг томилон ажиллуулсан. Ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр дээрх 2 мэргэжилтнийг ажилд авч, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн, өөр ямар нэгэн ажилд томилохгүй байгаа юм.

Дээр нь гаднаас ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр төрийн албаны шалгалт өгөөгүй 4-5 хүнийг шинээр батлагдсанмэргэжилтний сул орон тоонуудад томилон ажиллуулж байна. Нэхэмжлэгч К.Нурсултаныг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар ажлын чиг үүрэг нь хэвээр байгаа бол үргэлжлүүлэн ажиллуулах ёстой. Орон тоо цөөрсөн бол тухайн албан тушаалд өрсөлдөх боломжоор хангах, орон тоо нь бүр хасагдсан тохиолдолд өөр ижил төрлийн албан тушаалд шилжүүлэн ажиллуулах баталгаагаар хангагдах эрхүүдийг нэхэмжлэгч эдлэх боломжтой байсан.

Гэвч ажилтныг ажил олгогч уг боломжоор хангаагүй хууль зөрчсөн гэж үзэж байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх хэсэгт зааснаар аймгийн Засаг даргын 2016 оны А/605 дугаар захирамжаар батлагдсан мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг нэхэмжлэгч хангасан. Хавтаст хэрэгт авагдсан баримт материалуудаас үзэхэд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар аймгийн Орон нутгийн өмчийн газрынорон нутгийн өмчийн ажил худалдан авалт, хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа Д.Ансаганы ажлын байранд тавигдсан ерөнхий болон тусгай шаардлагыг нэхэмжлэгч бүрэн хангана гэж үзэж байна. Учир нь, Худалдан авах ажиллагааны алба татан буугдаж, Орон нутгийн өмчийн газарт нэгтгэгдэхэд, худалдан авах ажиллагааны албаны чиглэлээр ажиллаж байсан 3 мэргэжилтнээс А.Багдат, К.Гүлбану нарыг авч үлдээд Х.Нурсултанд чиний орон тоо хасагдсан гэх тайлбарыг хэлсэн байна.

Гэтэл өнөөдрийн байдлаар К.Гүлбануг мэргэжилтний үүрэгт ажлаас нь чөлөөлж, төрийн үйлчилгээний албан тушаал болох нягтлан бодогчийн орон тоонд томилж, түүний оронд ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр Д.Ансаган гэдэг хүнийг томилон ажиллуулж байгаа. Тэгэхээр Х.Нурсултан нь тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа гэж би үзэж байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т зааснаар шинээр бий болсон ажлын байр болох орон нутгийн өмчийн ашиглалт, хяналт хариуцсан мэргэжилтнээр Б.Ботакөз ажиллаж байгаа, уг ажлын байранд тавигдсан шаардлагыг нэхэмжлэгч мөн бүрэн хангаж байгаа гэж үзнэ. Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т зааснаар одоогийн ажиллаж байгаа Д.Ансаганы орон тоонд хэрэв уг орон тоонд томилогдон ажиллах боломжгүй гэж шүүхээс үзвэл мөн хуулийн 27.2.4-т зааснаар Б.Ботакөзийн орон тоонд нэхэмжлэгч ажиллах ёстой гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Дээрх албан тушаалтнууд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, хууль ёсоор томилогдоогүй болох нь хавтаст хэрэгт авагдсан материалуудаар тогтоогдож байгаа.

Орон тооны цомхтгол гэсэн нэрийдлээр гаднаас шинээр хүн авч ажиллуулж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж хууль бус томилгоо хийсэн. Дээрх ажлын байруудад боловсрол, туршлага, ур чадвар, мэргэжлийн хувьд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны 3 дугаар сарын 18-ний өдрийн А/78 тоот тушаалаар батлагдсан мэргэжлийн чиглэл, индекстэй нийцэж байгаа ба хариуцагч, гэрч нарын өгсөн мэдүүлгээр Х.Нурсултан нь ажлын байрны шаардлагуудыг хамгийн илүү хангаж байгаа нь тогтоогдож байгаа юм. Иймд Орон нутгийн өмчийн газрын орон нутгийн ажил худалдан авалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу нэхэмжлэгчийг томилохыг ажил олгогчид даалгах, энэ орон тоонд томилогдох боломжгүй гэж үзвэл мөн хуулийн27.2.4-т заасан үндэслэлээр орон нутгийн өмчийн ашиглалт,хяналт хариуцсан мэргэжилтнээр томилохыг ажил олгогчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна.

Нэхэмжлэгч Х.Нурсултан нь анх Худалдан авах ажиллагааны албаны даргын 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 06 тоот тушаалаар бараа худалдан авалт, цахим мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр томилогдсон байгаа. Тухайн байгууллагад мэргэжилтнээр ажиллаж байсан А.Багдат, К.Гүлбану нарын гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг нь Х.Нурсултаны албан тушаалын чиг үүрэгтэй адилхан байсан. Ажилтны ажлын байрны тодорхойлолт тухайн байгууллагад хадгалах ёстой, ажилтан өөрөө хадгална гэсэн эрх зүйн үндэслэл байхгүй. Ажлын байрны чиг үүргийг Орон нутгийн өмчийн газарт шилжүүлсэн гэж Худалдан авах ажиллагааны даргаар ажиллаж байса, гэрч Х.Саулеш шүүхэд мэдүүлэг өгсөн байдаг. Тэгэхээр хариуцагч талд ажиллаж байсан А.Багдат, К.Гүлбану нарын ажлын байрны тодорхойлолт байгаа мөртлөө нэхэмжлэгч Х.Нурсултаны ажлын байрны тодорхойлолт байхгүй гэсэн нь зориудаар гаргаж өгөхгүй байна гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасан байгаа. Ажил олгогч хамгийн муу хувилбарыг сонгосон, эхлээд ажлын байраар хангуулах ёстой. Байгууллага татан буугдсан, орон тоо хасагдсан зэрэг байдлаар тухайн ажилтныг ямар ч ажлын байраар хангах боломжгүй болсон тохиолдолд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгох учиртай. Ажлын байраар хангах нөхцөл байсаар байтал тэтгэлэг олгохоор өөрсдийн үзэмжээр шийдвэрлэх ёсгүй гэж үзэж байна.

Орон тоо цөөрсөн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 17.1, 22.1-д зааснаар эрх бүхий албан тушаалтан Төрийн албаны салбар зөвлөлд захиалга өгөхгүйгээр, нэгтгэн байгуулагдсан байгууллагуудад ажиллаж байсан боловсон хүчнүүдээс нөхөж томилох учиртай. Эрх бүхий албан тушаалтан болох одоогийн Орон нутгийн өмчийн газрын дарга А.Даримхан нь дээрх ажиллагааг явуулаагүй, салбар зөвлөлд захиалга өгнө гэж байна. Гэтэл эхний ээлжид тухайн байгууллагад ажиллаж байгаа албан тушаалтнуудыг мэргэшил, мэргэжлийн дагуу ажлын байраар хангаж, хуульд заасан баталгааг эдлүүлсний дараа үлдсэн сул орон тооны захиалга өгөх ёстой, иймээс хариуцагчийн дээрх тайлбар нь үндэслэлгүй. Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолын хавсралтад, орон нутгийн өмчийн газар нь Худалдан авах ажиллагааны албатай гэж тодорхой зааж, нэрээр нь шилжүүлсэн байхад, нэрээр нь шилжиж ирээгүй гэж хариуцагчийн өмгөөлөгч үндэслэлгүй тайлбар хэлж байна. Мөн ажилласан жил, туршлага, жирэмсэн байдал зэргийг харгалзсан гэж хариуцагч тайлбарлаж байна. Ажилласан жил гэдгийг харгалзахдаа заавал комисс байгуулаад сонгон шалгаруулалт хийх ёстой. Түүнээс биш үзэмжээрээ сонгон шалгаруулалт хийх ёсгүй байна. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хоёр тушаал байгаа гэж хоёр дахь тушаалын талаар ярьж байна. Гэхдээ хоёр дахь тушаалыг нэхэмжлэгч одоо хүртэл мэдээгүй байгаа.

Х.Саулешийн гэрчийн мэдүүлэг дээр ... би яам руу залгаж зөвлөгөө авсан. Ингэхдээ эхлээд чөлөөлнө, чөлөөлсний дараа Орон нутгийн өмчийн газрын дарга томилно гэж зөвлөсөн ... гэж байгаа юм. Томилох чөлөөлөх гэдэг нь агуулгын хувьд адилхан байна. Сүүлд би Худалдан авах ажиллагааны даргаар ажиллаж байсан Х.Саулешээс энэ талаар тодруулахад Х.Нурсултаныг Орон нутгийн өмчийн газарт шилжүүлэхгүйгээр ажлаас чөлөөлсөн тохиолдолд чамайг ажилд авч үлдэнэ гэж хэлсэн гэх тайлбар хэлж байсан. Ийм байдлаар хүний эрхэнд халдаж, Х.Нурсултаныг чөлөөлсөн тушаалыг сүүлд нөхөж гаргасан гэж бид нар ойлгож байна.

Дээрх 2 мэргэжилтний аль нэг ажлын байранд томилогдвол нэхэмжлэгчийн эрх сэргээгдэх болно. Иймд нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Монгол улсын Засгийн газрын 2012 оны 144 дүгээр тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 08 тоот захирамжаар анх Худалдан авах ажиллагааны албыг байгуулж байсан боловч бүтэц орон тоог батлаагүй явж ирсэн байна.

Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор Худалдан авах ажиллагааны алба байгуулах тухай урьдын шийдвэрийг хүчингүй болгосон юм. Энэ тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2016 оны А\488 захирамжаар Худалдан авах ажиллагааны албыг татан буулгасан. Харин Орон нутгийн өмчийн газрыг шинээр байгуулж бүтэц орон тоог батлагдсан төсөвтэй уялдуулан 2016 оны А\605 тоот захирамжаар баталсан болно. Өмчийн газрын бүтэц орон тоог тогтооход батлагдсан төсвөөс гадна Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1\49 тоот албан тоотоор ирүүлсэн зөвлөмжийг мөрдлөг болгосон юм. Дээрээс ирүүлсэн зөвлөмжид өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах чиглэлээр мэргэжлийн хүмүүс илүү ажиллах шаардлагатай болсон ба улсын төсөвтэй холбоотойгоор хөрөнгө оруулалтын ажил маш их хэмжээгээр багассан тул бараа ажил үйлчилгээ худалдан авах чиглэлийн мэргэжилтнүүд цомхон байх шаардлагатай болсон юм. Жишээ нь аймагт хөрөнгө оруулалт 2013 онд 9,9 тэрбум төгрөг, 2014 онд 14,2 тэрбум төгрөг, 2015 онд 4,1 тэрбум төгрөг, 2016 онд 2,2 тэрбум төгрөг байсан бол 2017 онд дөнгөж 400,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө батлагдсанаас харахад тодорхой байгаа. Иймд аймгийн эдийн засгийн хүчин чадал, үйлдвэрлэлийн цар хүрээг, бодлогын бусад баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээг үндэслэн бүрэн эрхийн хүрээнд хуулийн дагуу аймгийн Засаг даргын Орон нутгийн өмчийн газрын бүтцийг баталсан захирамж нь хууль ёсны юм. Татан буугдсан Худалдан авах ажиллагааны албанд хуучин 3 мэргэжилтэн ажиллаж ирсэн. Х.Нурсултан нь 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 5 сар ажилласан хугацаанд нэг ч тендерийн ажилд оролцоогүй, сул цалин авч байсныг өөрөө ч мэдэж байгаа. Орон нутгийн өмчийн газрын бүтцэд бараа, ажил үйлчилгээ худалдан авах чиглэлээр 2 мэргэжилтний орон тоотой боловч одоо хүртэл нэг нь ямар ч тендерийн ажилд оролцоогүй сул байгаад байгаа учраас цаашдаа нэг л хүн ажиллах нь тодорхой болоод байна.

Төрийн байгууллагын тогтолцоо, бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Худалдан авах ажиллагааны албаны дарга Х.Саулеш тушаал гаргаж бүх ажилтнуудаа Төрийн албаны тухай хуулийн 23.4 дэх заалтыг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ нь Х.Саулешийн хуулийн хүрээнд шийдвэрлэсэн асуудал бөгөөд Орон нутгийн өмчийн газрын даргад хамааралгүй асуудал юм. Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнээр ажилласан 2 хүний нэг нь худалдах авах ажиллагааны алба бий болсон цагаасаа эхлэн ажиллаж байсан, нөгөө нь 8 сартай нялх хүүхэдтэй байсан. Одоогоор энэ 2 хүнд ч хийх ажилгүй байгаа учраас туршилтын хугацаагаар томилсон нь зөв байсан тул цаашдаа ч бүтцийг эргэж харах шаардлага гаргахыг үгүйсэхгүй байна. Харин Х.Нурсултан нь 2016 оны 6 дугаар сарын 01-нд ажилд томилогдож, 2016 оны 11 дүгээр сарын 1-нд ажлаас чөлөөлөгдөж 5 сар л ажилласан байна. Харин Худалдан авах ажиллагааны албаны дарга байсан Х.Саулеш нь өөрөө ч ажлаас чөлөөлөгдөж санхүүгийн асуудлыг шийдвэрлээгүй учраас Х.Нурсултанд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон. Иймд Х.Нурсултаныг Төрийн албаны тухай хуулийн 23.4 дэх заалтын дагуу ажлаас чөлөөлсөн нь хуулийн хүрээнд шийдвэрлэсэн асуудал юм. Нэгэнт Худалдан авах ажиллагааны алба татан буугдаж бүтцийн өөрчлөлтөд орсон тул түүнд ажиллаж байсан 3 мэргэжилтэнд сарын өмнө орон тооны цомхтголд орох болсон талаар мэдэгдэх хуудас өгсөн. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг үндэслэн мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн ихээр хангаж байгаа А.Багдат, Х.Гүлбану нарыг Худалдан авах чиглэлийн мэргэжилтнээр түр хугацаагаар томилсон. А.Багдат нь худалдан авах ажиллагааны алба байгуулагдсан 2013 оноос эхлэн 5 дахь жилдээ, ажиллаж байгаа, Х.Гүлбану нь мэргэжлээрээ 2013 оноос эхлэн мөн 5 дахь жилдээ, ажиллаж ирсэн ажлын туршлага, мэдлэг зэргийг харгалзсан.

Харин сүүлд Х.Гүлбану нь нялх хүүхэдтэй, 3 сартай жирэмсэн байгаа шалтгаанаар Худалдан авах ажиллагааны мэргэжилтний ажил ачаалалтай байгаа тул нягтлан бодогчоор шилжүүлэн томилж өгөхийг хүссэн тул Х.Гүлбануг нягтлан бодогчоор томилсон. Түүний оронд өмчийн мэргэжилтнээр ажиллаж байгаа. Д.Ансаганыг мөн түр хугацаагаар томилон ажиллуулж байгаа.

Орон нутгийн өмчийн мэргэжилтний орон тоо нь Х.Нурсултанд холбогдолгүй болно. Ажлаас чөлөөлөх талаар сарын өмнө мэдэгдсэн, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон. Энэ бүгд хуулийн дагуу шийдвэрлэгдсэн учраас Х.Нурсултаны нэхэмжлэл нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

Х.Нурсултан ажлаасаа чөлөөлөгдсөнөөр хөдөлмөрлөх эрх нь дуусгавар болсон гэж ойлгож байгаа. Нэхэмжлэгч Х.Нурсултанаас ажлын байрны тодорхойлолтыг нэхсэн боловч гаргаж өгөөгүй, ажлаас чөлөөлөхдөө аваад явсан байсан. Төрийн албаны тухай хуулийн дагуу нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан чиг үүрэг хэвээр үргэлжлээгүй, одоо ч гэсэн манай байгууллагын бүтцэд тийм чиг үүрэг байхгүй байгаа. Харин ч урьд ажиллаж байсан А.Багдат, К.Гүлбану нарын зарим чиг үүрэг хэвээр орж ирсэн байгаа. Хэрвээ Төрийн албаны салбар зөвлөл эрх зүйн чадамжтай байсан бол тухайн мэргэжилтнүүд зохих ёсоор томилогдох байсан ба одоогийн байдлаар томилогдон ажиллаж байгаа албан тушаалтнууд бүгд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Тийм учраас Х.Нурсултан нь хуулийн дагуу ажлаас чөлөөлөгдсөн мөртлөө би заавал маргаан бүхий орон тоонд ажиллах ёстой гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль ёсны биш гэж үзэж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Үйлчлүүлэгч маань анх 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж, мөн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг багасгаад, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг эцсийн байдлаар тодруулсан байгаа. Эхэндээ нэхэмжлэгч ажлаас халагдсан үндэслэл, шалтгааныг мэдэх боломжгүйн улмаас нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байсан ба сүүлдээ үйл баримтаас үзэхэд Төрийн албаны тухай хуульд заасан баталгааг эдлэх боломжтой байсан гэдэг нь тодорхой болсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг эцсийн байдлаар тодруулж байгаа юм. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ гэж заасан байдаг. Нэхэмжлэгч Х.Нурсултан нь 2015 оны 05 дугаар сард төрийн албаны шалгалт өгч, маргаан бүхий орон тоонд томилогдсон ба хариуцагч энэ хэсэгт маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байна. Нэхэмжлэлийн шаардлагыг миний бие өмгөөлөгчийн хувьд үндэслэлтэй гэж үзэж байгаа.

Хүний эрхийн түгээмэл тунхаглал гэх маш чухал эрхийн акт байдаг. Үүнийг Монгол Улсын дотоодын хууль тогтоомжид нэгэн адил биелүүлэн ажиллаж байгаа. Уг баримт бичгийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүн бүр хөдөлмөрлөх, ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн шударга, аятай нөхцөлөөр хангуулах, ажилгүйдлээс хамгаалуулах эрхтэй гэсэн чухал зохицуулалттай ба энэхүү зохицуулалт нь Төрийн жинхэнэ албан хаагч ажилласны төлөө төрөөс цалин хөлс авах, хуульд заасан баталгаагаар хангагдах гэснээр Төрийн албаны тухай хуульд тусгалаа олсон юм. Хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн оны А/488 дугаар захирамж гарч, Худалдан авах ажиллагааны алба татан буугдаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Өмчийн алба нь аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Орон нутгийн өмчийн газар болж өөрчлөгдөн байгуулагдсан байдаг.

Ингээд өнгөрсөн намраас хойш шинэ бүтцээр үйл ажиллагааг явуулж байгаа юм. Хуучин ажиллаж байсан Өмчийн албанд 3 албан тушаалтан, Худалдан авах ажиллагааны албанд 4 албан тушаалтан тус тус ажиллаж байсан ба эдгээр албан тушаалтнуудын нийлбэр нь 7 болж байгаа, үүнээс бид ямар аргумент дэвшүүлж байгаа вэ гэвэл аймгийн Засаг даргын захирамжаар Орон нутгийн өмчийн газар нь одоогийн байдлаар 11 хүний орон тоогоор ажиллаж байгаа ба өмнө нь ажиллаж байсан 7 албан тушаалтныг одоогийн 11 орон тоонд багтаах бүрэн боломжтой байсан гэж үзэж байгаа. Гэтэл хариуцагч бол нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэлийг шүүх хуралдааны үед тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан заалт зөрчигдсөн, төрийн албан хаагчийн хувьд хуульд заасан баталгааг эдлэх эрх нь зөрчигдсөн гэж маргаж байгаа юм. Учир нь, Төрийн албаны тухайн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх баталгааны талаар зохицуулсан байх тул төрийн жинхэнэ албан хаагч эдгээр баталгаануудыг эдлэх эрхтэй. Төрийн байгууллага татан буугдсан буюу ажилтны өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажлын байр нь хасагдсан тохиолдолд түүнд ажилтныг томилох эрх бүхий албан тушаалтан өөр ажил албан тушаалд шилжүүлэн ажиллуулах үүрэгтэй байна. Гэтэл хариуцагч түүнийг өөр ажил, албан тушаалд шилжүүлэхгүйгээр шууд 3 сарын тэтгэмж олгож ажлаас чөлөөлсөн нь өөрөө буруу байсан гэж үзнэ.

Гэвч гэрч Худалдан авах ажиллагааны албаны даргаар ажиллаж байсан Х.Саулешийн мэдүүлгээс үзэхэд маргаан бүхий орон тооны чиг үүрэг нь бусад мэргэжилтний чиг үүрэгтэй адилхан байх ба үүнээс орон тоо цөөрсөн гэдэг нь харагдаж байгаа юм. Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолоор батлагдсан тайлбарт Энэ хэсэгт заасан орон тоо цөөрсөн, мөн зүйлийн 27.2.4-т заасан орон тоо хасагдсан гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1, 15.1.2-т зааснаар тус тус ойлгоно гэж заажээ. Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1.-д хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална гэж, 15.1.2-д мөн хэсэгт заасан орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно гэж тус тус зохицуулсан байдаг. Мөн 8 дугаар тогтоод мөн хэсэгт заасан шалгаруулж авна гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ гэж тодорхой заасан юм. Гэтэл хариуцагчийн өөрийн шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчаас зарим зүйлийг тодруулах тухай тэмдэглэлээс үзэхэд сонгон шалгаруулах журмаар А.Багдат, Х.Гүлбану нарыг томилоогүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ба энэ нь Төрийн албан тухай хуульд заасан зарчмыг зөрчсөн болохыг харуулна. Төрийн албанд шударга ёс, төрийн үйл ажиллагаа ил тод, тодорхой байх гэсэнзарчим үйлчлэх ёстой. Монгол Улсын оршин сууж байгаа хэн боловч хуулийн хууль тогтоомжийг заавал биелүүлэх үүрэг хүлээдэг. Мөн Орон нутгийн өмчийн газрын 11 орон тоонд гаднаас 5-6 хүн шинээр авч ажиллуулж байгаа мөртлөө төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдөж, хуульд заасан баталгааг эдлэх боломжгүйд хүргэж байна. Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж заасан. Гэтэл хариуцагч үүнийг дахиад зөрчсөн байдаг. Маргаан бүхий 2 орон тооны чиг үүрэгт хасагдсан орон тооны чиг үүрэг шилжиж ирсэн гэдгийг хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч байгаа юм. Дээрх хоёр орон тоонд нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй иргэн ажиллах талаар зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нь бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй болох нь тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа юм. Гэтэл маргаан бүхий орон тоонд Д.Ансаган гэдэг иргэнийг түр томилуулан ажиллуулж байгаа нь хууль бус, шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж бид үзэж байна. Ажил олгогч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т зааснаар миний үйлчлүүлэгчийг маргаан бүхий орон тоонд авч ажиллуулах ёстой байсан. Гаднаас хүн авч ажиллуулж, миний үйлчлүүлэгчийг ажлаас чөлөөлснөөр түүний эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны алба орон нутагт байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаад татан буугдсан байдаг. Хамгийн түрүүнд энэ асуудал дээр бид үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой. Эрх зүйн үндэслэлийн хувьд Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 67, 2012 оны 144 тогтоол, 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 08, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 04 дугаартай тогтоолууд байгаа юм. Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Худалдан авах ажиллагааны алба татан буулгасан, мөн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоол гарсан. Эдгээр нэр бүхий 5 тогтоолоор Худалдан авах ажиллагаа алба ажиллаж байсан ба өнөөдрийн байдлаар тухайн алба байхгүй болсон байна. Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Засгийн газар нь аймгуудын Засаг даргын Тамгын газрын газар, хэлтсийн бүтэц орон тоог тогтоох, бүрэн эрхтэй. Дээрээс нь Засгийн газрын шийдвэр орон нутагт хэрэгжих ёстой. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн оны А/488 дугаар захирамж гарч, Худалдан авах ажиллагааны албыг татан буулгасан байгаа гэдгийг хэлье. Уг байгууллага татан буугдснаар 4 орон тоо, 2 болж хасагдсан үр дагавар үүссэн байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч худалдан авах ажиллагааны албаны зарим чиг үүрэг Орон нутгийн өмчийн газарт шилжүүлсэн гэж байгаа. Тухайн чиглэлээр 2 хүний орон тоо батлагдсан байна. Дарга нь байхгүй, нэг мэргэжилтэн байхгүй. Эдгээр нь дарга Х.Саулеш, мэргэжилтэн Х.Нурсултан нар байгаа.

Хоёрдугаарт, Х.Нурсултан нь анх гэдэг мэргэжилтнээр маргаан бүхий орон тоонд 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр томилогдож, Худалдан авах ажиллагааны албаны цахим худалдан авалт, бараа үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаар тушаалаар чөлөөлөгдсөн байгаа. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2 заалттай тушаалын талаар тайлбарлаж байгаа, энэ тушаал нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Ажилтныг Орон нутгийн өмчийн газарт шилжүүлэх үү, Төрийн албаны зөвлөлийн нөөцийн санд шилжүүлэх үү, өөр байгууллагад шилжүүлэх үү гэдэг нь аймгийн Засаг даргын бүрэн эрхийн асуудал юм. Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтнээс чөлөөлсөн 3 төрлийн тушаал гарсан ба А.Багдат, К.Гүлбану нар тушаалыг хүлээж авсан боловч Х.Нурсултан нь хүлээж аваагүй юм байна. Уг тушаалыг нэхэмжлэгийн өмгөөлөгч хүлээж аваагүй гэж тайлбарлаж байгаа боловч тухайн тушаал нь хавтаст хэрэгт авагдсан, өнөөдөр хуулийн хүчин төгөлдөр байгаа. Энэхүү тушаалдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг баримталсан байгаа. 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалт нэмж батлагдсан байгаа. Хуулийн энэ заалтаар төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө гэж зохицуулсан юм. Ийм учраас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасан заалтыг ярихаас өмнө 23.4-д заасан заалтад хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна. Нэгэнт төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх хуулийн зохицуулалттай учраас шүүх уг хуулийг удирдлага болох ёстой.

Орон нутгийн өмчийн газарт ажиллуулахаар Х.Нурсултаныг шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаад бид нар харамсаж байна. Дээрх байдлаар анх гарсан 12 дугаартай Худалдан авах ажиллагааны албаны даргын тушаал нь эргэлзээтэй нотлох баримт байна. Эргэлзээтэй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Бид нар 11, 12, 13 дугаартай тушаалуудыг сая гаргаж өгсөн байгаа. Төрийн албанаас чөлөөлөгдсөн албан тушаалтан төрийн жинхэнэ албанд анх орох нөөцөд бүртгэгдэх ёстой болохоос бусад баталгаагаар хангагдахгүй. Ийм учраас шүүх шийдвэр гаргахдаа энэ асуудалд онцгой анхаарах хэрэгтэй байна. Үүнийг тухайн үед мэдээгүй байж болно, дараа маргах эрх нь нээлттэй байгаа. Ийм учраас үүнд анхаарах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Төрийн албаны тухай хуулийн 11.6-д энэ хуулиар зохицуулаагүй, хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж заасан байгаа. Харин ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлаас чөлөөлөх талаар мэдэгдэх хуудас өгсөн үүнийг нэхэмжлэгч өөрөө хүлээж авч байсан байна. Мөн ажлаас халагдсан албан тушаалтанд тэтгэмж олгох үүргийг ажил олгогч хүлээдэг. Үүнийг өгөөгүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн холбогдох заалтын дагуу тэтгэмж олгоогүй, хууль бус тушаал гаргасан гэж үзэх учиртай. Тийм учраас нэхэмжлэгчийн данс руу тэтгэмжийн мөнгийг шилжүүлсэн байдаг. Гэхдээ анх ажлаас чөлөөлөгдөх үед өмнө дарга тэтгэмжийг өгөөгүй байсан, дараа нь шинээр томилогдсон дарга тэтгэмжийн мөнгийг шилжүүлж өгсөн нь Төрийн албаны тухай хуульд нийцсэн гэж бодож байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар нэхэмжлэгч маргаан бүхий орон тоонд томилогдохын тулд түүний урьд эрхэлж байсан ажлын байрны тодорхойлолт нь байх ёстой. Өнөөдөр хүртэл нэхэмжлэгч ямар чиг үүргийг гүйцэтгэж ирсэн бэ гэдгийг тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод зааснаар тогтоогдох бөгөөд ажлын чиг үүргийг нотлоогүй байж, нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдсан гэж үзэх боломжгүй учраас хариуцагчийг буруутгах үндэслэл байхгүй байна. Харин ч А.Багдат, К.Гүлбану нарын ажлын байрны тодорхойлолт гарч ирсэн байна .

Тийм учраас энэхүү маргаанд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг хэрэглэх боломжгүй байдалтай байна. Нэхэмжлэгч Х.Нурсултаны гүйцэтгэж байсан албан тушаал нь цахим худалдан авалт байсан ба энэ нь бараа худалдан авалт биш, цахим ертөнцөөр харьцах техник, технологи хөгжсөн учраас Дорнод аймагт байгаа хүн Баян-Өлгий аймагт ажиллуулж байгаа шалгаруулалтад заавал биечлэн хүрэлцэн ирэх шаардлагагүй, цахим худалдан авалт хийх шинэ ажлын байр юм. Ихэвчлэн маргаж байгаа этгээд би урьд нь ийм ажил хийж байсан гэж ажлын байрны тодорхойлолтыг гаргаж өгөх ёстой. Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т зааснаар сонгон шалгаруулалт явуулаагүй гэж маргаж байгаа, одоо ч гэсэн сонгон шалгаруулалт явуулах бүрэн боломжтой байна. К.Гүлбануг Хөдөлмөрийн тухай хуулиар ажлаас халахыг хориглосон учраас түүнтэй маргах ямар ч үндэслэл байхгүй байна.

А.Багдатын хувьд тасралтгүй 4 жил төрд ажилласан ажлын дадлага, туршлагатай хүн байсан юм. Хэрвээ Х.Нурсултаныг авч үлдээд, А.Багдатыг ажлаас чөлөөлсөн бол асуудал бүр хүндэрч хуулийг ноцтой зөрчих нь тодорхой байгаа. Худалдан авах ажиллагааны алба болон Өмчийн алба нь ажлын чиг үүргийн хувьд ялгаатай, нэг нь аймгийн Засаг даргын дэргэд ажилладаг, нөгөө нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд ажиллаж байсан эдийн засгийн чиглэлээр үүрэг гүйцэтгэж ирсэн байгууллага байсан юм. Харин дээрх хоёр байгууллагыг нэгтгээгүй, нэгтгэх эрх зүйн үндэслэл ч байхгүй. Аймгийн Засаг дарга эрх хэмжээний хүрээнд эдгээр байгууллагуудыг татан буулгаж, Орон нутгийн өмчийн газрыг шинээр байгуулж бүтэц, орон тоог баталсан байдаг. Уг байгууллагад 11 албан тушаалтан ажиллаж байгаа, үүнд багтаах бүрэн боломжтой гэж нэхэмжлэгч талын маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь уг байгууллагад дарга, ня-бо, нярав, архив, бичиг хэргийн ажилтан, жолооч зэрэг ажилтнууд байгаа эдгээр орон тоонд ажиллуулах ёстой гэж үзэх үндэслэлгүй байна. Одоогийн байдлаар Төрийн албаны салбар зөвлөл эрх зүйн чадамжгүй байгаа учраас Орон нутгийн өмчийн газрын захиргааны албан хаагч нарыг түр орлон гүйцэтгэгчээр авч ажиллуулж байгаа. Маргааш сонгон шалгаруулалт зарлаж хууль ёсоор томилох нь тодорхой байгаа. Харин энэ үед тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг нэхэмжлэгч Х.Нурсултан хангах эсэх нь тодорхой бус байгаа.

Өөрөөр хэлбэл төрийн албанд 5 сар ажилласан хүнийг Төрийн албаны салбар зөвлөл бүртгэх, сонгон шалгаруулалтад оролцуулах нь эргэлзээтэй байгаа. Сул орон тооны сонгон шалгаруулалтын асуудал ажил олгогч А.Даримханд холбоогүй, энэ нь Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээний асуудал гэдгийг хэлье. Дээрх байдлаас дүгнэхэд 2 орон тоо хасагдсан болох нь тогтоогдож байгаа. Дараагийн асуудал бол нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хэд хэдэн удаа өөрчилж байгаа нь бид нарт эргэлзээ төрүүлж байгаа ба нэхэмжлэгчийн төрд ажиллах эрх нь зөрчигдөөгүй гэж үзэж байна. Учир нь Х.Нурсултаныг шинээр байгуулагдсан Орон нутгийн өмчийн газарт шилжүүлсэн гэдэг нь тогтоогдохгүй байгаа. Шинээр батлагдсан орон тоонд ганцхан худалдан авалт гэсэн үг байгаа, түүнээс биш ажлын байрны тодорхойлолт нь тэс өөр байдаг. Тийм учраас өмчийн чиглэлийн албан тушаалд намайг даалгаж өг гэж шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Нурсултан нь тус шүүхэд анх Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон Орон нутгийн өмчийн газрын даргад холбогдуулан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Орон нутгийн өмчийн газрын бүтэц, орон тоог батлах тухай А/502, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Орон нутгийн өмчийн газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай А/605 дугаар захирамжуудыг хүчингүй болгох, аймгийн Орон нутгийн өмчийн газрын бүтэц орон тоонд Худалдан авах ажиллагааны албаны ажил худалдан авалт, зөвлөх үйлчилгээ, цахим мэдээлэл хариуцсан мэргэжилтний орон тоог нэмж батлахыг аймгийн Засаг даргад даалгах, Х.Нурсултаныг Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнээр шилжүүлэн томилохыг газрын даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагатай тохиолдолд дараа нь маргах болно гэх үндэслэлээр аймгийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, харин Орон нутгийн өмчийн газрын даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж, аймгийн Орон нутгийн өмчийн газрын бүтэц, орон тоог баталсан аймгийн Засаг даргын 2016 оны А/502, А/605 дугаар захирамжуудаар бий болсон тус газрын мэргэжилтнүүдийн аль нэг сул орон тоонд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т зааснаар томилохыг Орон нутгийн өмчийн газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүсчээ.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч дахин өөрчилж, Орон нутгийн өмчийн газрын орон нутгийн өмчийн ажил худалдан авалт хариуцсан мэргэжилтэн эсхүл орон нутгийн өмчийн ашиглалт, хяналт хариуцсан мэргэжилтний орон тоонд томилохыг тус газрын даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүсч, Төрийн албаны тухай хуулийн 27.2.3, 27.2.4-т заасан үндэслэлээр мэргэжилтний дээрх 2 орон тооны аль нэгэнд томилогдвол зөрчигдсөн эрх сэргээгдэх болно гэж тайлбарлажээ[1].

Нэхэмжлэлийн энэхүү шаардлагын хүрээнд х , дараах үндэслэлээр .

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугар сарын 27-ны өдрийн 4 дугаартай Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 3 дахь хэсгээр төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан Засгийн газрын зарим хэрэгжүүлэгч агентлагуудыг татан буулгасны нэг нь Худалдан авах ажиллагааны газар байх ба тогтоолын 4 дэх хэсгээр татан буугдаж байгаа Засгийн газрын агентлагуудын холбогдох албан хаагчдын орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа Засгийн газрын агентлагуудын байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Улмаар Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 09 дугаартай тогтоолоор өмнө нь аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн тоонд Худалдан авах ажиллагааны алба ажиллуулахаар тогтоосон Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоол болон уг тогтоолд өөрчлөлт оруулах тухай 2015 оны 08 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгож, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн тоонд худалдан авах ажиллагааны албатай Орон нутгийн өмчийн газар нэртэй байгууллагыг шинээр ажиллуулахаар тогтоожээ.

Засгийн газрын дээрх шийдвэр гарсантай холбогдуулан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас аймгийн Засаг дарга нарт 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1/49 дугаартай Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгээр[2] Орон нутгийн өмчийн газрын даргыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх худалдан авах ажиллагааны нэгжийн даргыг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга төрийн өмчийн бодлого, зохицуулатын асуудал эрхлэсэн төрийн захиргааны байгууллагын даргатай ... зөвшилцөн томилж, чөлөөлнө гэж заасны дагуу зөвшилцөн томилох, зөвлөмжийн дагуу тус газрын үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг боловсруулах, бүтэц, зохион байгуулалтыг батлахыг, мөн Орон нутгийн өмчийн газрын өмчийн бодлогын болон худалдан авах ажиллагааны асуудлаар хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж хүргүүлсэн байна.

Үүний дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/488 дугаар захирамжаар[3] Орон нутгийн өмчийн газрыг байгуулж, тус газрын дүрмийг баталж, Орон нутгийн өмчийн газар шинээр байгуулагдсантай холбоотойгоор Худалдан авах ажиллагааны албыг татан буулгаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Орон нутгийн өмчийн албаны чиг үүрэг болон албан хаагчдын орон тоо, цалингийн санг, мөн Худалдан авах ажиллагааны албаны 2016 оны зарцуулагдаагүй төсөв, орон нутгийн өмчийн албаны 2016 оны төсвийг тус тус Орон нутгийн өмчийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөн аймгийн Засаг даргаас 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Орон нутгийн өмчийн газрын бүтэц, орон тоог батлах тухай А/502, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Орон нутгийн өмчийн газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай А/605 дугаар захирамжаар тус газрын бүтэц орон тоог баталж, орон нутгийн өмчийн болон худалдан авах ажиллагааны чиглэлийн үйл ажиллагааны чиг үүргийг хэрэгжүүлэх албан хаагчдын тоог тогтоосноор шинээр батлагдсан Орон нутгийн өмчийн газрын зарим орон тоонд хуучнаар Орон нутгийн өмчийн албаны болон Худалдан авах ажиллагааны албаны зарим албан хаагчид томилогдон ажилласан байна.

Дээрх нөхцөл байдал болон Засгийн газрын 2016 оны 04, 09 дугаартай тогтоолуудын агуулгаас үзэхэд Худалдан авах ажиллагааны албаны чиг үүрэг бүрмөсөн дуусгавар болоогүй байх ба тухайн байгууллага бие даасан байгууллага байхаа больж, чиг үүргийн хамт цалингийн сан, албан хаагчдын орон тоо, эд хөрөнгө нь шинээр байгуулагдсан Орон нутгийн өмчийн газарт шилжүүлэх болсноор тус газрын[4] харьяа Худалдан авах ажиллагааны алба байхаар зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгджээ.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 144 дүгээр тогтоолоор анх Худалдан авах ажиллагааны алба байгуулагдах үед Монгол Улсын Шадар Сайдын 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 58 дугаартай тушаалаар батлагдсан Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны үлгэрчилсэн журам-д[5] албаны дарга, ...худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн ахлах мэргэжилтэн, мэргэжилтнүүдтэй байна гэж зааж, аймгийн Засаг дарга нарт хүргүүлсэн Худалдан авах ажиллагааны газрын 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн мэргэжил, арга зүйн зөвлөмжид[6] Худалдан авах ажиллагааны албыг 4 хүний бүтэц орон тоотойгоор байгуулах гэж тусгагдсаны дагуу Баян-Өлгий аймгийн Худалдан авах ажиллагааны алба нь албаны дарга 1, мэргэжилтний 3 орон тоотойгоор ажиллаж ирсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын бүтцийг тогтоосон шийдвэрээр[7] худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо 2 болж, мэргэжилтний орон тоо 1-ээр цөөрч батлагдсан байх ба хуучнаар Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтнээр ажиллаж байсан А.Багдат, Х.Гүлбану, Х.Нурсултан нар нь тус албаны даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10, 11, 12 дугаар тушаалуудаар мэргэжилтний албан тушаалаас тус тус чөлөөлөгдөж, харин Орон нутгийн өмчийн газрын дарга нь томилох эрх бүхий этгээдийн хувьд А.Багдатыг орон нутгийн өмчийн бараа, зөвлөх үйлчилгээний худалдан авалт хариуцсан мэргэжилтнээр, Х.Гүлбануг орон нутгийн өмчийн ажил худалдан авалт хариуцсан мэргэжилтнээр тус тус томилж, Х.Нурсултанд нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн[8] байна.

Нэхэмжлэгч Х.Нурсултан нь анх Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тооны сонгон шалгаруултад орж тэнцснээр Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаартай тогтооолоор төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгджээ.[9]

Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 41 дүгээр зүйлд удирдах албан тушаалтны шалгалтад тэнцсэн төрийн жинхэнэ албанд анх орох иргэнийг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгснөөр тооцно гэж зааснаар нэхэмжлэгч Х.Нурсултаныг Төрийн албаны тухай хуулийн 17.3-т заасан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч, төрийн жинхэнэ албанд тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн гэж үзэх бөгөөд аймгийн Худалдан авах ажиллагааны мэргэжилтний сул орон тоо гарснаар томилох эрх бүхий этгээдээс 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр захиалга өгснөөр салбар зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаартай тогтоолоор төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэдийн нөөцийн бүртгэлд байсан Х.Нурсултаныг тус албаны мэргэжилтний албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлснээр аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар тушаалаар томилогдон ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч байна.

Х.Нурсултан нь төрийн жинхэнэ албан тушаалд хууль ёсоор томилогдон ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан нэмэгдэл баталгааг эдлэх бөгөөд уг баталгаагаар хангах үүргийг төрийн байгууллага, албан тушаалтан төрийн албан хаагчийн өмнө хүлээх үүрэгтэй юм.

Төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч ...дээрх байдлаар тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн тохиолдолд уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж авах талаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зохицуулсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.Нурсултаны ажиллаж байсан хуучнаар аймгийн Худалдан авах ажиллагааны албаны бараа худалдан авалт,цахим хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг нотлох баримтаар ирүүлэхийг шүүхээс хариуцагч талаас шаардахад уг баримтыг олдоогүй гэх хариуг[10] ирүүлсэн.

Хэрэгт авагдсан иргэн Х.Гүлбанугийн ажиллаж байсан тус албаны ажил худалдан авалт хариуцсан мэргэжилтэн, А.Багдатын ажиллаж байсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтуудаас үзэхэд Худалдан авах ажиллагааны албаны эдгээр мэргэжилтнүүд нь худалдан авах ажиллагааны асуудлаар ижил төрлийн ажил үүрэг гүйцэтгэж байсан байх ба Х.Нурсултан нь тус албаны мэргэжилтний хувьд бусад мэргэжилтнүүдтэй мөн ижил төрлийн ажил үүрэг гүйцэтгэж байсан нь, эдгээр 3 мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтоор батлагдсан ажлын чиг үүрэг нь ижил төстэй байсныг тус албаны даргаар ажиллаж байсан Х.Саулеш нь шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөх замаар мэдэгдсэн. Мөн шинээр байгуулагдсан Орон нутгийн өмчийн газрын орон нутгийн өмчийн бараа, зөвлөх үйлчилгээний худалдан авалт хариуцсан мэргэжилтэн болон орон нутгийн өмчийн ажил худалдан авалт хариуцсан мэргэжилтний 2017 оны 01 дүгээр сарын 04, 2017 оны 01 дүгээр сарын 25, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрүүдэд тус тус батлагдсан ажлын байрны тодорхойлолтуудас үзэхэд эдгээр ажлын байрны чиг үүрэг нь хоорондоо ижилхэн, мөн хуучнаар Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтнүүдийн хэрэгжүүлж байсан ажлын чиг үүрэг хэвээр байгаа нь тогтоогдож байна.

Мөн Х.Нурсултаныг анх аймгийн Худалдан авах ажиллагааны албаны бараа худалдан авалт, цахим хариуцсан мэргэжилтнээр, А.Багдатыг худалдан авах ажиллагааны мэргэжилтнээр, Х.Гүлбануг ажил худалдан авалт, санхүү хариуцсан мэргэжилтнээр томилсон нь, шинээр байгуулагдсан Орон нутгийн өмчийн газарт батлагдсан худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан мэргэжилтний 2 ажлын байрны нэг нь орон нутгийн өмчийн бараа, зөвлөх үйлчилгээний худалдан авалт хариуцсан мэргэжилтэн нэртэй байгаа нь, мөн Х.Гүлбану, Х.Нурсултан нар нь худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтнээр 2016 оны 05 дугаар сарын 30, 06 дугаар сарын 01-ний өдрүүдэд томилогдсон нь, дээрх 3 мэргэжилтний ажлын байрны чиг үүрэг ижил байсан нь, Худалдан авах ажиллагааны албаны чиг үүргийг Орон нутгийн өмчийн газарт шилжүүлэх болсон нь, Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан 2 мэргэжилтний ажлын байрны чиг үүргүүд нь хоорондоо мөн ижилхэн байгаа нь аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргын 2014 оны 02, 2016 оны 06, 07 дугаар тушаал, Монгол улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоол, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны А/502, А/605, 2017 оны А/272 дугаар захирамж, Худалдан авах ажиллагааны албаны болон Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтууд, гэрч Х.Саулешийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.

Дээрх нөрцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч Х.Нурсултаны анх томилогдон ажиллаж байсан бараа худалдан авалт хариуцсан мэргэжилтэн нэртэй орон тоо хэвээр батлагдсан, түүнчлэн А.Багдат, Х.Гүлбану, Х.Нурсултан нар нь худалдан авах ажиллагааны асуудлаар ижил төрлийн чиг үүрэг хэрэгжүүлж байсан тохиолдолд томилох эрх бүхий этгээдээс Орон нутгийн өмчийн газрын бүтцээр цөөрч батлагдсан 1 орон тоо нь Х.Нурсултаны ажлын байр байсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтнээр ижил төрлийн чиг үүрэг гүйцэтгэж байсан 3 мэргэжилтний орон тоо дээрх байдлаар Орон нутгийн өмчийн газрын бүтэц орон тоог батлах үед 1-ээр цөөрсөн тохиолдолд тус газрын мэргэжилтний[11] 2 орон тоонд хуучнаар Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтнээр ажиллаж байсан А.Багдат, Х.Гүлбану, Х.Нурсултан нарыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан журмаар шалгаруулаагүй нь хариуцагчийн тайлбараар тогтоогдсон. Х.Гүлбану, Х.Нурсултан нарын худалдан авах ажиллагааны мэргэжилтнээр ажилласан хугацаа нь адилхан 5 сар байхад, нэхэмжлэгч Х.Нурсултан нь хуульд зааснаар Орон нутгийн өмчийн газрын худалдан авалт хариуцсан мэргэжилтний 2 ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүүтэйгээр хангах эсэхийг харгалзахгүйгээр, хуульд заасан журмаар А.Багдат, Х.Гүлбану, Х.Нурсултан нарыг шалгаруулж, шалгарсан албан хаагчийг мэргэжилтний 2 орон тоонд томилон ажиллуулах үүргээ хариуцагч биелүүлэхгүйгээр шууд А.Багдат, Х.Гүлбану нарыг томилж, Х.Нурсултанд нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д засаан төрийн албаны шудрага ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчим, 27.2.3-т заасныг тус тус зөрчсөн хууль бус байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчээс Төрийн албаны тухай хуулийн 27.2.3, 27.2.4-т т заасан үндэслэлээр орон нутгийн өмчийн ажил худалдан авалт хариуцсан мэргэжилтэн болон орон нутгийн өмчийн ашиглалт хяналт хариуцсан мэргэжилтний аль нэгэнд нь томилохыг ажил олгогчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Х.Нурсултан нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд ажлын байр цөөрсөн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т зааснаар ажил олгогчоос зохион байгуулах Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтний 2 орон тооны шалгаруулалтад оролцох, шалгарсан тохиолдолд тухайн ажлын байранд ажиллах, 27.2.3-т зааснаар маргаан бүхий ажлын байранд томилогдон ажиллах боломжгүй тохиолдолд 27.2.4-т зааснаар цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжин ажиллах эрхтэй бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн маргаан үндэслэлтэй байна.

Орон нутгийн өмчийн ашиглалт хяналт хариуцсан мэргэжилтний ажлын байрны хувьд энэ нь шинээр батлагдсан сул орон тоо болох нь, томилох эрх бүхий этгээдээс хуульд заасан журмаар зохих газарт сул орон тооны захиалга өгөөгүй нь, тухайн ажлын байранд хуучнаар Худалдах авах ажиллагааны албаны болон Орон нутгийн өмчийн албанд ажиллаагүй, улмаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэдийн мэргэшлийн шалгалтад ороогүй иргэн Б.Ботакөз нь хууль бусаар ажиллаж байгаа нь тогтоогдсон.

Нэхэмжлэгч хуулийн 27.2.3-т заасан баталгааг хуульд зааснаар эдлэх боломжгүй тохиолдолд хуулийн 27.2.4-т зааснаар мэргэжил, мэргэшлийн шаардлагыг хангах тохиолдолд өөр ажил албан тушаал болох орон нутгийн өмчийн ашиглалт хяналт хариуцсан мэргэжилтний сул орон тоонд шилжин ажиллах эрхтэй юм.

Гэвч нэхэмжлэгч эхний ээлжинд Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т заасан баталгааг эдлэх эрхтэй байх тул энэ үндэслэлээр Орон нутгийн өмчийн газрын орон нутгийн өмчийн ажил худалдан авалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг ажил олгогчид даалгах талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь, дээрх байдлаар хариуцагчаас ажил олгогчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т заасан үндэслэлээрОрон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан мэргэжилтний 2 орон тоонд хуучнаар Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтнээр ажиллаж байсан А.Багдат, Х.Гүлбану, Х.Нурсултан нарын хэн нь уг 2 орон тоонд ажиллах шаардлагыг хангах эсэхийг хуульд заасан журмаар шалгаруулаагүй нь тогтоогдсон. Эдгээр 3 иргэний аль аль нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд хуулийн дээрх үндэслэлээр шалгаруулалтад оролцож, тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хэн нь илүү хангаж байгаагаас шалтгаалж 2 нь Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнээр ажиллах эрхтэй юм. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаас үзэхэд Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан 2 мэргэжилтний ажлын байрны нэгэнд томилогдон ажиллаж байсан Х.Гүлбану нь өөрийн хүсэлтээр өөр ажилд буюу тус газрын нягтлан бодогчийн албан тушаалд томилогдсон нь түүний өөрийнх нь гаргасан хүсэлт, томилох эрх бүхий этгээдийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03 дугаартай тушаалаар, мөн Х.Гүлбанугийн оронд хуучнаар Худалдах авах ажиллагааны албаны болон Орон нутгийн өмчийн албанд ажиллаагүй, улмаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэдийн мэргэшлийн шалгалтад ороогүй иргэн Д.Ансаганыг томилон ажиллуулсан нь мөн өдрийн 04 дугаартай тушаалаар тус тус тогтоогдсон.

Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан мэргэжилтний 2 орон тоонд дээрх байдлаар ажиллах эрхтэй А.Багдат, Х.Гүлбану, нэхэмжлэгч Х.Нурсултан нараас Х.Гүлбану нь өөрийн хүсэлтээр өөр ажилд буюу нягтлан бодогчийн ажилд томилогдсон тохиолдолд маргаан бүхий орон тоонд нэхэмжлэгчийг томилон ажиллуулхаас татгалзсан, иргэн Д.Ансаганыг маргаан бүхий албан тушаалд томилсон хариуцагчийн шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх, 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх төрийн албаны зарчим, хуулийн 27.2.3-т заасныг тус тус зөрчсөн хууль бус байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Х.Нурсултаныг дээрх аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнээр ажил олгогч үргэлжлүүлэн ажиллах үүрэгтэй байсан тул түүний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангаж шийдвэрлэлээ.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс энэхүү маргааныг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн өдрийг оролцуулж, 7 сар 11 хоногт ногдох цалин хөлстэй тэнцэх олговорт 3.830.539 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч аймгийн Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтнээр ажилласан хугацаанд түүний цалин хөлс нь зөвхөн албан тушаалын үндсэн цалингаас бүрдсэн байх ба хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд тэрээр тухайн үедээ цалингийн сүлжээний ТЗ-4-1 шатлалаар цалинжсан байна.

Маргаан бүхий албан тушаал нь Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолоор ТЗ-5 зэрэглэлд хамаардаг, маргаан бүхий ажлын байрны тодорхойлолтод албан тушаалын зэрэглэл нь мөн ТЗ-5 гэж тусгагдсан, уг орон тоонд одоогоор ажиллаж байгаа иргэн Д.Ансаган нь ТЗ-5-1 шатлалаар цалинжсан, Х.Нурсултан нь төрийн албанд 5 сар ажилласан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох олговорыг Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2, Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолыг үндэслэл цалингийн сүлжээний ТЗ-5-1 шатлалаар 509948 төгрөгөөр тооцоолж шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4,106.3.7,106.3.12-т заасныг тус тус баримтлан

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын орон нутгийн өмчийн ажил худалдан авалт хариуцсан мэргэжилтнээр Х.Нурсултаныг томилохыг тус газрын[12] даргад даалгаж, ажилгүй байсан хугацаанд ногдох олговорт 3.830.539 /гурван сая найман зуун гучин мянга таван зуун гучин есөн/ төгрөгийг Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгч Х.Нурсултанд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээрзүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давжзаалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА

 

 

 

 


[1] Хэргийн 2 дугаар хавтаст, 200-201 дүгээр хуудас

[2] Хэргийн 38-40 дүгээр хуудас

[3] Хэргийн 80 дугаар хуудас

[4] Орон нутгийн өмчийн газар

[5] Хэргийн 93-96 дугаар хуудас

[6] Хэргийн 97-100 дугаар хуудас

[7] Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны А/502, Б/605, 2017 оны А/272 дугаар захирамжууд

[8] Орон нутгийн өмчийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаар тушаал,/хэргийн хуудас/

[9] Хэргийн 42 дугаар хуудас

[10] Хэргийн 214 дүгээр хуудас

[11] Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан мэргэжилтэн

[12] Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газар