Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/02004

 

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч М.Баясгалан, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/08124 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ******* нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 18,253,021 төгрөг, зээлийн хүү 3,900,964 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 149,548 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 22,318,533 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч ******* ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , хариуцагч ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Зээлдэгч ******* нь ******* банктай 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ******* тоот харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж, энэ гэрээний дагуу ******* нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ******* тоот цалингийн зээлийн гэрээ болон хөдлөх эд хөрөнгө болон эдийн хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж, 19,200,000 төгрөгийг сарын 1.73 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай буцаан төлөх үүргийг хүлээн онлайн цалингийн зээл авсан.

1.2. Ингэхдээ 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр цалингийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож баталгааны гэрээг ******* той байгуулсан.

1.3. Зээлдэгч ******* нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн, хугацаа хэтрүүлсэн тул зээлийн гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч ******* болон ******* нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 18,253,021 төгрөг, зээлийн хүү 3,900,964 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 149,548 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 22,318,533 төгрөг гаргуулах гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******* ийн тайлбарын агуулга:

2.1. ******* нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ******* банкнаас 19,200,000 төгрөгийн зээлийг авсан боловч тодорхой шалтгааны улмаас хуваарийн дагуу төлж чадаагүй. Банкнаас нэхэмжилсэн 22,318,533 төгрөгийг 9 сарын хугацаатай төлөх боломжтой.

2.2. Банкнаас авсан 19,200,000 төгрөгөөс нэг ч төгрөг ******* нь аваагүй бөгөөд тухайн үед банкнаас тавьсан шаардлагын дагуу танил ах болох ******* ыг гуйж баталгааны гарын үсэг зуруулсан. Банкнаас нэхэмжилсэн мөнгийг ******* миний бие хариуцаж төлөх ёстой. Энэ зээлийн төлбөр ******* од хамаагүй.

2.3. Миний хариуцаж төлөх ёстой төлбөр, банктай эвлэрэх талаар ярилцсан боловч үр дүнд хүрээгүй гэжээ.

 

3. Хариуцагч ******* ын татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Зээлийн гэрээ болон батлан даалтын гэрээтэй маргахгүй байна. Учир нь батлан даагч миний бие үүрэг гүйцэтгэгч ******* тэй хамтран зээлийг хариуцахаар гэрээнд заагаагүй. Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон гэдэг нь тогтоогдоогүй байхад надаас шууд нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Эхлээд ******* ээс нэхэмжлээд дараа нь надаас нэхэмжлэх нь зүйтэй.

3.2. Үүрэг гүйцэтгэгч хугацаанаас өмнө үүргээ гүйцэтгэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зээлийг шаардаад төлбөрийн чадваргүйг нотолсон баримтыг ирүүлээгүй байхад баталгаа гаргагчаас гэрээнд заасан төлбөрийг нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Төлбөрийн чадваргүйг нотолсон ямарч баримт байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.3. ******* нь оршин суугаа хаягтаа байхгүй байгаа буюу амьдрахаа больсон, хаяг нь тодорхой бус байгаа тул үүрэг гүйцэтгэгч оршин суугаа газраа өөрчилсний улмаас үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон тул батлан даалтын гэрээнээс татгалзах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 234 дүгээр зүйлийн 234.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ******* ******* нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 22,303,533 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,542 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч ******* ******* нараас 269,467 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч ******* ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, мөн зүйлийн 208 дугаар зүйлийн 208.4 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй, мөн зүйлийн 208.6-д Үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүй болсон буюу үүргийн гүйцэтгэлийг хангах эд хөрөнгийн хэмжээ багассан, эсхүл хөрөнгөгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ хуулийн 208.4-т заасан хугацаанаас өмнө үүргээ нэн даруй гүйцэтгэхийг түүнээс шаардах эрхтэй гэжээ. Гэвч баталгааны гэрээний үүргийн дагуу банк нь хариуцагч ******* оос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч үндсэн зээлдэгч ******* нь төлбөрийн чадваргүй, зээлээ төлөх боломжгүйг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

5.2. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэжээ. Гэвч нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт хугацаа тогтоож байсан гэх нотолгоо байхгүй. Мэдэгдэл хүргүүлсэн гэх авч хаяг буруу буюу хуурамчаар сүүлд нөхөж хийсэн.

5.3. Баталгааны гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгч нь хариуцагч ******* оор үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой гэж тайлбарлаж байх боловч ******* нь үндсэн үүргийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцоогүй, баталгааны гэрээгээр бие дааж хариуцлага хүлээж оролцохоор гэрээ байгуулсан. Тодруулбал. хариуцагч ******* нь хамтран үүрэг гүйцэтгэгч биш тул зээлийн гэрээний төлбөрийг хамтран хариуцах үндэслэлгүй. Зээлдэгч ******* нь зээлийн үүргийг гүйцэтгэж чадахгүй, төлбөрийн чадваргүй болсон нь тодорхой болсон, энэ талаар нэхэмжлэгч баталсан тохиолдолд нөхөх хариуцлага хүлээлгэх үндэслэл бий болох учиртай. Гэтэл ******* ийн хувийн байдлыг тогтоогоогүй байхад хамтран үүрэг хүлээлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Цалингийн зээлийн гэрээний 8.2-т заасныг үндэслэн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний төлбөрийг шаардсан. 2025 оны 03 дугаар сарын байдлаар зээлийн төлбөрийг буцаан төлөх шаардлага гаргасан. ******* ийн төлбөрийн чадвартай эсэхийг банк тогтоох боломжгүй бөгөөд бид зээлээ төлөхгүй байгаа учраас шүүхэд хандсан.

6.2. Банкны зээлийн ажилтан нь ******* болон ******* нарын зээлийн гэрээн дээрх хаягаар очиж, мэдэгдэх хуудас гардуулах гэсэн боловч гэрээнд дурдагдсан хаяг эзэнгүй байсан тул мэдэгдэх хуудас дээр энэ тухай бичсэн. Банк мэдэгдэх хуудсыг хуурамчаар үйлдэнэ гэсэн ойлголт байхгүй. Хариуцагч тал зээлээ төлөхгүй зугтааж байсан.

6.3. Хэрэв ******* нь зээлийн гэрээний батлан даагчаар ороогүй байсан бол банкнаас ******* т 19,200,000 төгрөгийн өндөр дүнтэй зээл олгохгүй байсан. Өөрөөр хэлбэл, ******* нь "******* банк" ХК-тай баталгааны гэрээ байгуулж, тухайн зээлийг төлөхгүй тохиолдолд өөрийн эд хөрөнгө болон мөнгөн хөрөнгөөр төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. ******* зээлээ төлөөгүй тохиолдолд банк зээлийн гэрээний үүргийг ******* оос давхар шаардах эрхтэй гэж үзэж байна гэв.

 

7. Хариуцагч ******* нь давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч ******* ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ******* ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 18,253,021 төгрөг, зээлийн хүү 3,900,964 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 149,548 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 22,318,533 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* зөвшөөрсөн тайлбар гаргасан, хариуцагч ******* нь баталгааны гэрээний дагуу нөхөх хариуцлага хүлээх тул зээлдэгч ******* ийг зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж чадахгүй, төлбөрийн чадваргүй болсныг тогтоосны дараа баталгааны гэрээний үүргийг шаардах ёстой тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг үнэн зөв тогтоосон, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

4. Анхан шатны шүүх ******* ХК болон ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, ******* ХК болон ******* нарын хооронд Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт заасан баталгааны гэрээний харилцаа үүссэн талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, дараах үйл баримтыг үнэн зөв тогтоосон байна. Үүнд:

4.1. ******* ХК болон ******* нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр №******* дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХК нь 19,200,000 төгрөгийг сарын 1.73 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлэх, ******* нь уг зээлийг хүүгийн хамт тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн;

4.2. ******* ХК болон ******* нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр №БГ/******* дугаартай баталгааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь хариуцагч ******* нь банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцахаар үүрэг хүлээж харилцан тохиролцсон;

4.3. Зээлдэгч ******* зээлийн гэрээгээр хүлээсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зөрчсөн;

4.4. Үндсэн зээлийн үлдэгдэл 18,253,021 төгрөг, зээлийн хүү 3,900,964 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 149,548 төгрөг, нийт 22,303,533 төгрөгийн тооцоололд зохигч маргаагүй;

 

5. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт заасан баталгааны гэрээний онцлог нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаарддаг онцлогтой бөгөөд анхан шатны шүүх ******* ХК болон ******* нарын хооронд байгуулагдсан гэрээний 3.2-т зээлдэгч зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлж чадаагүй тохиолдолд баталгаа гаргагч нь уг төлбөр болон түүнийг төлүүлэхтэй холбогдон гарсан зардлыг өөрийн хөрөнгөөр үл маргах журмаар төлнө гэж тохиролцсон байх тул ******* ХК болон ******* нарын хооронд Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт заасан баталгааны гэрээний харилцаа үүссэн, уг харилцаанд Иргэний хуулийн батлан даалтын гэрээний зохицуулалт хамаарахгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

 

6. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээхээр, мөн зүйлийн 460.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй байхаар тус тус зохицуулсан ба хариуцагч ******* нь ******* ХК-тай нөхөх хариуцлага хүлээх батлан даалтын гэрээ бус харин үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардах баталгааны гэрээг байгуулсан тул зээлдэгч ******* ийг зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж чадахгүй, төлбөрийн чадваргүй болсныг тогтоосны дараа баталгааны гэрээний үүргийг шаардах ёстой гэх хариуцагч ******* ын татгалзал үндэслэлгүй, энэ талаар гаргасан түүний давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Хариуцагч ******* нь ******* ХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан нэмэлт хугацаа тогтоох журмыг хэрэгжүүлээгүй, зээлдэгчид мэдэгдэл хүргүүлж байсан гэх боловч хаяг нь буруу, хуурамчаар сүүлд нөхөж хийсэн гэх үндэслэлийг давж заалдах гомдолд дурдсан.

7.1. Хэрэгт ******* ХК-ийн зүгээс ******* ******* нарт хүргүүлж байсан гэх 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн огноо бүхий мэдэгдэл нотлох баримтаар авагдсан байх ба хаягаар очиход эзгүй байсан гэсэн тэмдэглэгээ хийгдсэн байна.

Уг баримтад хийсэн тэмдэглэгээнд ******* ын иргэний үнэмлэхийн хуулбарт бичигдсэн хаягийг тэмдэглэсэн байх бөгөөд уг баримтыг хуурамчаар нөхөж үйлдсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, нөгөө талаар зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг зөрчиж 353 хоног хугацаа хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасан үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй нөхцөл байдал үүссэн гэж үзнэ. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс нотариатын зардал 15,000 төгрөг гаргуулах шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн тухайн хэсэгт үнэлэлт дүгнэлт өгөхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/08124 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр урьдчилан төлсөн 50,950 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 220,000 төгрөг, нийт 270,950 төгрөгийн 269,467 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар илүү төлсөн 1,483 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч ******* од олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

 

Б.УУГАНБАЯР