| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2019/00076/Э |
| Дугаар | 76 |
| Огноо | 2019-08-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Г.Алдармаа
Улсын яллагч Т.Төмөртулга
Шүүгчдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-д холбогдох эрүүгийн 1922001290075 тоот хэргийг 2019 оны 8 сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Агтчин овгийн Д-ийн Э
Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 5 сарын 3-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ‘’Э’’ эмнэлгийн байрнаас иргэн Н.О-ийн өмчлөлийн ‘’Жэй-6 плас’’ маркийн гар утсыг хулгайлж 500000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Сайнцагаан сумын 7 дугаар багт байрлах “Э ” эмнэлгийн байрнаас гар утас авсан гээд байгаа. Тэр үед өөрийн мэдрэлгүй, биеэ удирдах чадваргүй, согтуу байсан. Намайг гар утас аваад явсан гэдгийг хөндлөнгийн хүүхдүүдээс мэдээд тэр хүүхдүүдийг дуудаж надаас утсаа авсан байсан. Согтуугаараа үйлдсэн байна гэж ойлгож байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.
2. Хохирогч Н.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ‘’ Би 2019 оны 5 сарын 3-ны өдөр ажил дээрээ буюу ‘’Э’’ эмнэлэг дээр ээлжтэй байсан юм. Би эмнэлгийн коридорт сувилагчийн постны ширээн дээр өөрийн эзэмшлийн ‘’Жэй-6 плас’’ маркийн гар утсаа орхиод өвчтөнд эмчилгээ хийж байгаад ирэхэд постны ширээн дээр байсан миний гар утас алга болсон байсан. Би утасруугаа залгаад байтал нэг хүүхэд аваад ‘’та юун хэн бэ энэ гар утсыг нэг хүн зарна гээд явж байна’’ гэж хэлэхэд нь би ‘’наад гар утас чинь эгчийнх нь гар утас байгаа юм, хулгайд алдчихлаа, наад гар утсаа аваад ‘’Э’’ эмнэлэг дээр хүрээд ир’’ гэж хэлсэн. Би гар утсаа хамаатаны дүү М-аас 2019 оны 4 сард 500000 төгрөгөөр худалдаж авсан юм...” гэх мэдүүлэг /хх-9/
3. Гэрч Д.Ч-ийн: “...2019 оны 5 сарын 3-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 20 цагийн орчимд ‘’Э’’ эмнэлгээс гар утас хулгайд алдлаа, алдсан гар утсыг нь зарах гээд явж байна’’ гэсэн дуудлагыг Цагдаагийн газрын жижүүрээс аваад Д.Э-г хайгаад явж байтал ‘’М’’ зочид буудлын хогийн цэг дотроос гарч ирсэн. Д.Э-тэй очиж уулзаад биед нь үзлэг хийхэд баруун гарын ханцуйн дотроос хулгайд алдсан гар утас гарч ирсэн ...” гэх мэдүүлэг /хх-12-13/
4. Насанд хүрээгүй гэрч М.Б-ын: “...Би найз И.А-ны хамт сургуулиасаа гараад ‘’М төв’’ орчихоод тэндээсээ А дэлгүүрээр ороод гартал нэг танихгүй хүн бид хоёрын араас дуудаад ‘’гар утас авах уу’’ гэсэн. Бид хоёр утсыг үзэж байхад тэр утсанд дуудлага ирээд тасарсан. Тэр утас кодгүй байсан болохоор утасруу нь эргүүлэн залгаад ‘’согтуу хүн энэ утсыг зарах гээд явж байна’’ гэж хэлсэн. Тэр утсаар ярьсан хүн ‘’Э’’ эмнэлэг дээрээс хулгайд алдсан, авчираад өгөөч гэсэн. Тэгээд тэр утсыг нь тэр согтуу хүнд эргүүлж өгөөд ‘’Э’’ эмнэлэг дээр очоод утасны эзэнтэй уулзсан. Тэр эмнэлэг дээр цагдаа ирээд бид хоёр цагдаа нартай хамт яваад тэр согтуу хүнийг ‘’М’’ зочид буудлын хогийн цэг дээрээс барьж авсан бөгөөд цагдаа нэгжихэд баруун гарын ханцуйн дотроос нь нөгөө утас гарч ирсэн. ... ” гэх мэдүүлэг /хх-16-17/
5. Насанд хүрээгүй гэрч И.А-ны ‘’ ...Би найз Г.А-ын хамт 2019 оны 5 сарын 3-ны өдөр А дэлгүүрээр орчихоод гартал үл таних согтуу хүн бид хоёрруу ирээд гар утас авах уу гэсэн. Бид хоёр утсыг үзэж байхад тэр утсанд дуудлага ирсэн. Манай найз Г.А утсыг аваад ярьтал утасны эзэн байсан. Г.А утасны эзэнд ‘’согтуу хүн зарах гээд явж байна’’ гэж хэлсэн. Тэгээд утсыг тэр согтуу хүнд эргүүлж өгөөд ‘’Э’’ эмнэлэг дээр ирж утасны эзэнтэй уулзсан. Тэгээд бид хоёр цагдаа нартай хамт яваад тэр согтуу хүнийг ‘’М’’ зочид буудлын хогийн цэг дээрээс барьж авсан. Тэр согтуу хүнийг цагдаа нэгжихэд гарын ханцуйн дотроос нөгөө утас гарч ирсэн...’’ гэх мэдүүлэг /хх-18-19/
6. Гэрч О.М-ын: ‘’...Би 2019 оны 2 сард Самсунг Жэй-6 плас маркийн гар утсыг Улаанбаатар хотоос 750000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд өөр утас авах болоод хамаатаны эгч О-т 2019 оны 4 сард 500000 төгрөгөөр зарсан юм...’’ гэх мэдүүлэг /хх-20/
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 сарын 6-ны өдрийн 33 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ‘’J6 PLUS маркийн гар утас 1 ширхэг 500000 төгрөг ‘’ гэжээ /хх-23/
8. Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтууд болон эд мөрийн баримтыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Д.Э нь архидан согтуурсан үедээ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багт байрлах ‘’Э’’ эмнэлгээс иргэн Н.О-ийн эзэмшлийн ‘’J6 PLUS’’ маркийн гар утсыг хулгайлж 500000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Э-ийн бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Э-г бусдын эд хөрөнгийг хулгайлж 500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь ‘’Э’’ эмнэлгээс гар утас хулгайлсан үйлдлээ ‘’архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас санахгүй байна’’ гэсэн тайлбарыг гаргаж байх боловч энэ нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хөнгөрүүлэх үндэслэл болохгүй юм. Мөн шүүгдэгч нь хохирогчийн утсыг бусдад зарах гээд явж байсан болох нь насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгээр, шүүгдэгчийн биеэс хохирогчийн алдсан гэх гар утсыг хураан авсан болох нь эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрч Д.Ч-ийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа болно.
Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Д.Э нь Дундговь аймгийн Сайнцагаан суманд оршин суух бүртгэлтэй боловч уг хаягтаа оршин суудаггүй болох нь Сайнцагаан сумын 8 дугаар багийн Засаг даргын 2019 оны 6 сарын 6-ны өдрийн 74 тоот албан бичгээр, эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн гэх өмч хөрөнгөгүй болох нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсэн зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид хулгайлсан гар утсаа биетээр хүлээлгэн өгсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хэргийн 8-9, 23, 49-рт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Агтчин овгийн Д-ийн Э-г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Агтчин овгийн Д-ийн Э-д 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид хулгайлсан гар утсаа биетээр хүлээлгэн өгсөн болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ