| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2019/00074/Э |
| Дугаар | 77 |
| Огноо | 2019-08-21 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Г.Алдармаа
Улсын яллагч Т.Төмөртулга
Шүүгдэгч З.Э нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Э-д холбогдох эрүүгийн 1922003010008 тоот хэргийг 2019 оны 6 сарын 4-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Боржигон овогт З-ын Э
Шүүгдэгч З.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Э.Б-д ‘’Самсунг эс-6’’ маркийн гар утас зарна гэх нэрийдлээр залилж, 140000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч З.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
2. Яллагдагч З.Э-ийн: ‘’...Би 2018 оны 9 сарын 11-ний өдөр өөрийнхөө З.Э гэсэн нэртэй фэйсбүүк хаяг дээр ‘’Самбунг эс-6’’ маркийн гар утас зарна гэсэн зар тавьсан. Тэгсэн Б гэсэн хаягтай хүн ‘’гар утсыг авъя’’ гэж чат бичсэн. Би ‘’140000 төгрөгөнд зарна’’ гэсэн чинь ‘’Дундговь явах замын унаанд явуулах боломжтой юу’’ гэж асуухаар нь ‘’болно’’ гээд дансаар мөнгөө авахаар тохиролцоод надад виза карт байхгүй байсан болохоор найз ‘’У-ын дансыг явуулж мөнгө хийчих’’ гэж хэлсэн. ...Б ‘’унаа олоод эргээд хэлье’’ гэсэн. Тэгээд утсаа орхиод дэлгүүр орчихоод ирсэн чинь Б гэж хүн залгасан байхаар нь эргүүлээд залгатал ‘’унаа олсон чинь утсаа авсангүй, мөнгөө шилжүүлчээд байхад’’ гэсэн. ...Эргээд би Б-тай холбогдоод ‘’машин чинь хотоос гараад явж байна’’ гэж хэлсэн чинь ‘’дахиад машин хайя’’ гэж хэлсэн. Тэгэхээр нь би утсыг явуулахаа болъё гэж бодоод Б-ийн фэйсбүүк хаягийг блоклоод дахиж холбогдоогүй. ...Би У-ын данснаас Б-ийн явуулсан 140000 төгрөгийг авч байрны түрээсэндээ өгсөн’’ гэх мэдүүлэг /хх-32-34/
3. Хохирогч Э.Б-ийн ‘’...2018 оны 9 сарын 11-ний өдөр 14 цагийн үед фэйсбүүкт ороход З.Э гэсэн хаягтай хүн ‘’Самсунг эс-6’’ маркийн гар утас зарна гэсэн зар тавьсан байсан. Тэгээд тэр З.Э гэсэн хаягруу ‘’140000 төгрөгөнд зарах уу’’ гэж асуухад ‘’үгүй’’ гэсэн. Тэгээд дараахан нь надруу ‘’мөнгө чинь бэлэн байгаа юм бол шууд ав’’ гэж чат бичсэн. Тэгэхээр нь би ‘’мөнгө бэлэн байна, би Дундговьд байдаг, замын унаагаар явуулна гэвэл мөнгө дансаар шилжүүлье’’ гэж хэлэхэд ‘’унаа нь хаанаас явдаг’’ юм гэж асуухад ‘’Нарантуул захаас явдаг’’ гэж хэлсэн. Тэгсэн надруу манай найзын данс гээд Г.У гэсэн данс явуулсан. ...Тэгээд 140000 төгрөгөө шилжүүлчихээд ...............дугаарруу мөнгөө хийчихлээ гэж хэлэх гээд 4-5 удаа залгахад утсаа авахгүй байж байгаад миний дугаарыг блоклосон байсан...” гэх мэдүүлэг /хх-8-9/
4. ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгад: Г-ын У-ын дансруу 2018.09.11-ний өдөр данснаас 140000 төгрөгийн шилжүүлэг хийгдсэн байна. /хх-19/
5. Багануур дүүргийн шүүхийн 2012.12.14-ний өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоол, /хх-49-55/
6. Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдаж, хэрэгт авагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч З.Э нь 2018 оны 09 сарын 11-ний өдөр З.Э гэх “Facebook” хаягаар “Самсунг эс-6” маркийн гар утас зарна гэж зар тавьж улмаар насанд хүрээгүй хохирогч Э.Б-д мөнгөө шилжүүлвэл орон нутгийн унаанд утсыг өгч явуулна гэж итгүүлэн бусдын дансаар 140.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч З.Э-ийн бусдыг залилсан дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд дээрхи баримтуудыг үндэслэн шүүгдэгч З.Э-ийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч З.Э нь Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 12 сарын 14-ний өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор бусадтай бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаа тогтоож, засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай арга хэмжээ авч шийдвэрлэсэн болох нь хэргийн 49-55 дугаар талд авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Шүүгдэгч З.Э нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хэргийн 63-64-р хуудсанд авагдсан насанд хүрээгүй хохирогч Э.Б болон хууль ёсны төлөөлөгч Э.А нарын хүсэлтээр тогтоогдож байгаа бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан шүүгдэгч З.Э-д Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсэн зүйлгүй, хохирогчид хохирол төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хэргийн 63-64-рт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овгийн З-ын Э-ийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Э-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч З.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид хохирол төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ