| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/24769/И |
| Дугаар | 210/МА2025/02005 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/02005
******* СӨХ-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч О.Одгэрэл, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 197/ШШ2025/13877 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* д холбогдох,
Дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 1,680,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагч ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч ******* д холбогдуулан 2025 оны 01 дүгээр сараас 2025 оны 07 дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1,680,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгө нь СӨХ-ны эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг нь эрхлэн хариуцдаг орон сууцнаас тусдаа бие даасан үл хөдлөх эд хөрөнгө, мөн СӨХ-г үүсгэн байгуулсан хурлын шийдвэр, тэмдэглэл хууль бус тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
4. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
4.1. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр олгосон 47 дугаартай гэрчилгээгээр Чингэлтэй дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах этгээдээр ******* СӨХ-г бүртгэсэн;
4.2. Хариуцагч ******* нь Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, Их тойруу гудамж ******* байр хаягт байрлах 159 м.кв талбайтай, эмнэлгийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэгдсэн;
4.3. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/112 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо, Их тойрог ******* хаягт байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий 144 м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалтаар ******* ХХК-д эзэмшүүлсэн;
4.4. ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр ******* бүртгэлтэй бөгөөд ******* ХХК-д Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр байрны өргөтгөлд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгогдсон байна.
5. Хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь ******* СӨХ-ны хариуцдаг орон сууцнууд буюу Чингэлтэй дүүргийн ******* дугаар хорооны ******* дугаар байрнаас тусдаа ******* гэсэн хаягтай үл хөдлөх эд хөрөнгө байхад анхан шатны шүүх хариуцагчийг ******* СӨХ-ны гишүүн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэг буюу Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэсний дагуу тухайн сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байна гэсэн зохицуулалтад нийцээгүй, СӨХ-ны гишүүн биш этгээдээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасныг үндэслэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон байна.
6. Хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь ******* СӨХ-ны хариуцдаг орон сууцнуудаас тусдаа хаяг бүхий үл хөдлөх эд хөрөнгө боловч ******* СӨХ-ны хариуцдаг орон сууцтай залгаа баригдсан, халуун, хүйтэн ус, халаалтын хоолой зэрэг нь ******* СӨХ-ны хариуцдаг орон сууцны шугам сүлжээтэй холбоотой болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдсон. Иймд хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийн халуун, хүйтэн ус, халаалтын хоолой зэрэгтэй холбогдсон шугам сүлжээний эзэмшил, ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, холбогдох бусад зайлшгүй зардлыг ******* СӨХ хариуцаж байгаа тул хариуцагчийг тэр хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.
7. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан. ******* СӨХ болон ******* нарын хооронд хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийн халуун, хүйтэн ус, халаалтын хоолой зэрэгтэй холбогдсон шугам сүлжээний эзэмшил, ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, холбогдох бусад зайлшгүй зардалтай холбоотой гэрээ байгуулагдаагүй, үүрэг үүсээгүй байхад ******* СӨХ нь шугам сүлжээний эзэмшил, ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, холбогдох бусад зайлшгүй зардлыг дангаар хариуцаж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2025 оны 01 дүгээр сараас 2025 оны 07 дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 1,680,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцнэ. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар тодорхойлж баримталсан нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтыг баримтлах нь зүйтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 197/ШШ2025/13877 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т тус тус ... гэснийг ... 492 дугаар зүйлийн 492.1.1-д ... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Б.УУГАНБАЯР