| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2019/00039/Э |
| Дугаар | 80 |
| Огноо | 2019-08-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.2.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Алдармаа
Улсын яллагч Т.Төмөртулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Сайнбилэг
Шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Л-д холбогдох эрүүгийн 1922000500039 тоот хэргийг давж заалдах шатны шүүхээс 2019 оны 8 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Боржгин овгийн Б-ийн Л
Яллах дүгнэлтэнд дурдсанаар: Шүүгдэгч Б.Л нь 2019 оны 2 сарын 21-ний шөнө Дундговь аймгийн Адаацаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-ний 8 нэрийн барааны дэлгүүрт бусадтай бүлэглэн хууль бусаар нэвтэрч хүнсний бараа бүтээгдэхүүн, ахуйн бараа зэрэг эд зүйлийг хулгайлж хохирогч У.З-д 458750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би дотогшоо орж аваагүй. Гаднаас орж ирээд зууханд дулаацаж байсан. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.
2. Яллагдагч Б.Л-ийн: “...2019 оны 2 сарын 21-ний өдөр би Адаацаг суман дээр өвөөгийндөө хэвтэж байсан юм. Тэгээд би 18 цагийн орчимд дүү болох Б.Ц-той хамт мотоцикльтой хөдөө яваад орой 21 цагийн орчимд Адаацаг сумын төв дээр эргээд Б.Ц-той хамт ирсэн.Тэгээд бид хоёр ‘’А’’ ХХК-ний хүнсний дэлгүүрийн гадаа зогсож байгаад мотоциклио дэлгүүрийн баруун талд байх хашааны гадаа тавиад бид хоёр дэлгүүрийн баруун талд байх галлагааны өрөөрүү очтол тэр хаалга нь цоожгүй нээлттэй байхаар нь бид хоёр дотор нь орсон. Би галлагааны өрөөний хаалганы хажууд зогсож байтал манай дүү Б.Ц зүүн талд байх ханыг нь хөлөөрөө өшиглөөд тэгээд том нүх гаргаад тэр нүхээр нь бид хоёр ар араасаа цувраад орсон юм. Манай дүү Б.Ц лангуунаас эд зүйл хулгайлаад тэгээд миний өвөрт хийсэн би болохоор хөлдөөгчнөөс нь 4 ширхэг зайрмаг авсан мөн батерей цэнэглэгч, утасны чихэвч 3 ширхэг, мөн 2 боодол бохь, хараа нэртэй 0.5 л архи 1 ширхэг, альфин гольд шоколад 2 ширхэг, алимны фанта ундаа 1.5 л 1 ширхэг, 2.5л сэнгүр нэртэй пиво 1 ширхэг, мөн шилтэй компод 2 ширхэг зэргийг хулгайлсан. Тэгээд бид хоёр дэлгүүрээс гарах гэтэл гэнэт өөдөөс гар чийдэнгийн гэрэл гараад ирэхээр нь би зуухны ар талд нуугдсанаа би өөрөө гараад цагдаа дээр очсон юм. Тэгээд тэр цагдаа намайг барьсан юм. Би Б.Ц-ийг 2 давхарт байгаа гэж цагдаад хэлсэн. Би өөрийнхөө хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Миний буруутай үйлдэл байсан...” гэх мэдүүлэг /хх-52-55 /
3. Хохирогч У.З-ын: “...Манай дэлгүүрээс хөх өнгийн шилтэй QUALV архи 0,75 л 1ш, хараа архи 0,5 л 1ш, нийслэл пиво 2,5 л 1ш, Fanta ундаа 1.25 л 1ш, сэнгүр 0.5 л 2ш, Bacshus вакус 250 мл 2 ш, Lets be mild хүйтэн кофе 240 мл 1ш, газар шим компот 1ш, Cherry compote 1ш, Сайра загас 1ш, салями хиам 1ш, Schoko үрлэн чихэр 1ш, Max fun шоколад 2ш, Alpen gold шоколад, Sandisk М/card 3ш, Super буу тоглоомон 1ш, Бохь 15ш, чихэвч 5ш, цэнэглэгч 3ш, цэнэглэгч карт 2500 төгрөг 9ш, 1000 төгрөг 9ш, гутлын тос 1ш, Flash, Гар чийдэн 1ш, хуруу зай 4ш, цэнэглэгч 2ш, машины цэнэглэгч 1ш, утас цэнэглэгч 2ш, утасны зай батерей 4ш, наалдан пад 3ш, Nokia утас 2ш, сироп 5ш, кофе 3ш, асаагуур 4ш, 100 төгрөгийн дэвсгэрт 15ш, 50 төгрөгийн дэвсгэрт 19ш, улаан бал 1ш, хурууны лент 3ш, бугуйн цаг 1ш, Iuice blecberry 2ш, бамбар маруужин 6ш, Wenus маруужин 3ш, айсланд 1ш, тeso 1ш, марко 2ш, өсгөгч холбогч 1ш зэрэг зүйлүүд хулгайд алдагдсан байсан. Алдагдсан бараанууд 464200 төгрөгийн эд зүйл алдагдсан байна...” гэх мэдүүлэг /хх-20-22/
4. Гэрч Ж.М-ын: “...Би “А” ХХК-ний дэлгүүрт хувиараа галч хийдэг ажилтай, өчигдөр шөнө 23 цагийн орчимд дэлгүүртээ гал түлэх гээд эргээд очсон чинь хаалга онгорхой байгаа юм шиг байсан тэгээд дотогш орох гэтэл нүдний үзүүрт гэрэл тусах шиг болохоор нь толгойдоо зүүсэн гэрэл юм байх гэж бодоод тоолгүй дотогшоо орсон чинь галлагааны өрөөний хана цөмөрсөн байсан. Тэгэхээр нь сандраад буцаж гараад ойр хавиар нь хүн байна уу гээд хараад байсан чинь С гэх хүн гэрээсээ гараад ирсэн. Тэгээд би С-ийг утсаа өгч байгаач би дэлгүүрийн эзэн У-тай ярих гэсэн юм гээд утсаар нь ярьсан.Тэгээд дэлгүүр дотор хулгайч орсон юм шиг байна хана цөмөрсөн байдалтай байна гэхэд У намайг цагдаад мэдэгд гэж хэлсэн. Тэгээд удаагүй байсан чинь сумын хэсгийн цагдаа ахлагч М.Б ирсэн. Тэгээд цагдаа дотогшоо орж шалгахад улаан дээлтэй залуу зуухны ард байсан. Тэр залууг дуудаж гаргаж ирээд цагдаагийн хэсэгрүү аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-25-26/
5. Гэрч Б.С-ийн ‘’...Миний дүү Б.Л нь үг дуу цөөтэй, их даруухан, архи уудаггүй, тамхи татдаггүй багаасаа мал дээр гарсан ямар нэгэн сургуульд сурч байгаагүй ганц бие, ээж ааваасаа тусдаа гараагүй хүн байгаа юм. Урьд өмнө хэрэгт холбогдож байгаагүй, хааяа нэг л сум ордог, голцуу хөдөө мал малладаг байсан...” гэх мэдүүлэг /хх-36-37/
6. Гэрч Ю.Б-ийн: ‘’...Миний отгон хүү Л одоо 20 нас хүрч байгаа, үг дуу цөөтэй ярихдаа маруухан хүүхэд байгаа юм. Огт сургуульд сурч байгаагүй бараг 10 нас хүрч байж хэлд орж байсан юм. Уул чанар нь дуу цөөтэй даруу төлөв занатай, архи тамхи хэрэглэдэггүй. ...Ямар нэгэн гаж буруу зуршилгүй, хүний үгэнд сайн ордог, тусархуу хүүхэд байгаа юм...’’ гэх мэдүүлэг /хх-38-39/
7. Адаацаг сумын үнэлгээний комиссийн эд зүйлд үнэлгээ хийсэн акт /хх-43-44/
Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Б.Л нь 14 насанд хүрээгүй Б.Ц-той бүлэглэн 2019 оны 2 сарын 21-ний шөнө Дундговь аймгийн Адаацаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-ний 8 нэрийн барааны дэлгүүрт хууль бусаар нэвтэрч хүнсний бараа бүтээгдэхүүн, ахуйн бараа зэрэг нийт 458750 төгрөгийн эд зүйлийг хулгайлж байх явцдаа баригдсан болох нь тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дундговь аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 3 сарын 29-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд зааснаар яллагдагч Б.Ц-ийг эрүүгийн хариуцлага хүлээх 14 насанд хүрээгүй гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Л-гийн бусадтай бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Л-г бусадтай бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад 458750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь хохирол төлбөрөө нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Л-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Л нь 1999 оны 8 сарын 1-ний өдөр төрсөн бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ 19 настай байсан, сургуульд сурч байгаагүй, бичиг үсэг, тоо мэдэхгүй, бусадтай харилцах болон хэл ярианы хөгжил муутай болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаархи баримтуудаар тогтоогдож байна.
Иймд түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь хулгайлсан эд зүйлээ биетээр хохирогчид хүлээлгэн өгсөн, хохирогч У.З нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржгин овогт Б-ийн Л-г бусадтай бүлэглэн тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйл, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Боржгин овгийн Б-ийн Л-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 8.6 дугаар зүйл, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Л-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан энэхүү шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, мөн хугацаанд оршин суух газраа өөрчлөх болон зорчин явахдаа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ялыг биечлэн эдлүүлдэг журамтайг шүүгдэгч Б.Л-д анхааруулсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолд бүхэлд нь иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ