Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2025/02058

 

 

******* гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч О.Одгэрэл, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/08633 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

 

70,479,920.38 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* , нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь компанийн удирдлагаас тавьсан хүсэлтийн дагуу ******* ХХК-д 33,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Зээлдүүлсэн мөнгөн хөрөнгийг бүрдүүлэхдээ 13,000,000 төгрөгийг нь өөрөө тэтгэврийн зээл авч, үлдсэн 20,000,000 төгрөгийг *******-гоос тэтгэврийн зээлийн хүүтэй тэнцүү хэмжээний хүүтэй зээлж бүрдүүлсэн ба 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ******* ХХК-ийн нягтлан бодогч *******-т бэлнээр хүлээлгэн өгч, 81 дугаартай орлогын баримт үйлдсэн.

1.2 ******* ХХК-ийн санхүүгийн байдал хүнд байсныг харгалзан банкнаас болон иргэнээс зээлсэн зээлийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өөрийн хөрөнгөөр хаасан. Зээлээ төлөх талаар компанийн удирдлагад асуудлыг тавьж байсан боловч төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Хэдийгээр бичгээр үйлдсэн гэрээ байхгүй ч тухайн үеийн компанийн гүйцэтгэх захирал ******* , нягтлан ******* нарт жилийн 18 хувийн хүүтэй тэтгэврийн зээл авсан, мөн тийм хүүтэйгээр хүнээс зээл авснаа мэдэгдэхэд бага хүүтэй байгааг онцолж байсан.

1.3 Иймд тус компанид зээлдүүлсэн 33,000,000 төгрөг, зээлийн хөрөнгийг бусдаас зээлээр бүрдүүлсэнтэй холбоотойгоор зээлийн хүүд төлсөн 3,775,561.64 төгрөг, зээлээ төлөөгүйгээс учирсан хохирлыг харьцангуй бага хүүтэй, тогтвортой байсан *******-ны 365 хоногийн хугацаатай хадгаламжийн хүүгээр тооцож 33,704,358.74 төгрөг, нийт 70,479,920.38 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хариуцагчтай зээлийн гэрээний харилцаа үүссэнийг нэхэмжлэгч баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Аман хэлцэл хийсэн гэж тайлбарласан боловч гэрээний харилцаа үүссэн гэх үйл баримт тогтоогдоогүй байх тул нэхэмжлэл үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан ******* ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 33,000,000 төгрөгийн 81 дүгээр орлогын баримтын тасалбараар нэхэмжлэгч нь хариуцагчид 33,000,000 төгрөгийг зээлийн зориулалтаар шилжүүлэн өгсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

2.2. Нэхэмжлэгчийн 33,000,000 төгрөгийг шаардах эрх дууссан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч нь дээрх мөнгө гаргуулах талаар 3 жилийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан тухай холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 70,479,920.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 510,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь 33,000,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж зөв дүгнэсэн. Би 33,000,000 төгрөгийг бэлнээр зээлдүүлэхдээ эргэн төлөх хугацаа, зээлийн хүүгийн талаар тохиролцоогүй, боломжтой болохоороо өгөөрэй гэж хэлсэн тул хариуцагч нь олон жил уг зээлийг төлөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4.2. ******* нь 2018 оны 05 дугаар сард ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* аас ******* ХХК-д өгсөн 33,000,000 төгрөгийг тус компани төлөх боломжтой эсэхийг асуухад ******* ХХК-ийн санхүүгийн байдал хүнд байгаа гэж надад хариулж байсан. Тиймээс би ******* ХХК-ийн захирал ******* тай уулзаагүй, тус компанаас мөнгө нэхэлгүйгээр өөрийн боломжоороо авсан зээлүүдээ төлж хаасан. Гэтэл анхан шатны шүүх намайг 2018 оны хавар хариуцагчаас мөнгөө шаардсан болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна гэж дүгнэн, түүнээс хойш 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу юм. Гэрч ******* нь тэр үед ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан болохоос биш ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал байгаагүй. Би түүнээс "******* ХХК-ийн санхүүгийн байдал ямар байгаа, мөнгө төлөх чадвартай болсон уу гэдгийг л асууж тодруулсан болохоос биш ******* ХХК-ийн захиралтай уулзаагүй, түүнд мөнгөө төл гэдэг шаардлагыг тэр үед тавиагүй юм. Гэтэл шүүх гэрч ******* тай миний ******* ХХК-ийн санхүүгийн байдлын талаар хийсэн яриаг хариуцагч ******* ХХК-аас мөнгө шаардсан мэтээр буруугаар тайлбарлаж, шийдсэнд гомдолтой байна.

4.3. Шүүх гэрч ******* ыг ******* ХХК-ийг төлөөлөх эрхтэй албан тушаалтан мөн гэж үзсэн юм бол би ******* тай ярилцаад ******* ХХК мөнгө төлөх боломжгүй байгаа тул мөнгө нэхэхээ хойшлуулсан гэдгийг зөв дүгнэсэнгүй. Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.3 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох талаар тус тус заасан. Шүүх хөөн хэлэлцэх хугацаа эхэлсэн бас дууссан гэж буруу дүгнэсэн.

4.4. Шүүх Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсгийг иш татсан байдаг. Би ******* ХХК, ******* ХХК-д холбогдох хоёр өөр маргааныг хамтад нь 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэрнээс өмнө ******* ХХК-д мөнгөө төл гэсэн шаардлагыг гаргаж байгаагүй. Харин шүүхэд өгсний дараа ******* ХХК нь надаас зээл аваагүй, мөнгө төлөх ёсгүй гэсэн тайлбар гаргасанд гомдолтой байна.

4.5. Би "******* ХХК-д өгөх зорилгоор 13,000,000 төгрөгийн тэтгэврийн зээл авч, мөн таньдаг хүнээсээ 20,000,000 төгрөг хүүтэй зээлж, эцэст нь 2 зээлийн хүүд 3,775,561 төгрөг төлж зээлээ хаасан. Энэ зээлийн хүүг хариуцагч нь надад төлөх нь шударга болно. Иймд үндсэн зээл 33,000,000 төгрөг, хүү 3,775,561 төгрөг, нийт 36,775,561 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилнэ. Хариуцагчаас хохиролд 33,704,358 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас 36,775,561 төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгч нь үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ******* ХХК-ийн удирдлагууд хүсэлт тавьсны дагуу мөнгө зээлсэн гэдэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* гэх хүнтэй холбоотой, ******* нь ******* ХХК-ийн хүсэл зоригийг илэрхийлсэн гэдэг.

5.2. ******* нь ******* ХХК-тай хамааралгүй. ******* ХХК нь ******* ХХК-ийн охин компани биш. Тухайн цаг хугацаанд мөнгө зээлээгүй, манайх төсөл хэрэгжүүлээгүй. 33,000,000 төгрөгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулаагүй. Хэрэв тийм бол өнгөрсөн хугацаанд та бүхэн шаардах эрхээ хэрэгжүүлэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Гэтэл 7-8 жилийн дараа ******* ХХК зээлсэн мөнгөө өгнө үү гэдэг байдлаар шүүхэд хандаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

5.3. Хэрэгт цугларсан баримтаар ******* болон ******* нарын хүсэл зориг харагддаг. Энэ хэрэг хаанаас үүдэлтэй вэ гэвэл ******* ХХК нь ******* тай холбоотой маргаан үүсгэж эхлэнгүүт тэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ******* гэрчээр оролцдог. Ингээд аль аль талдаа гэрчээр оролцохдоо нэг нэгэндээ ашигтай байдлаар мэдүүлэг өгөх замаар өнөөдрийг хүртэл 4, 5 хэрэгт оролцоод явж байгаа. Үнэн зөв тайлбараа гаргадаггүй.

5.4. Шүүх хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан гэж үндэслэлтэй дүгнэлт гаргасан. Нэхэмжлэл гаргахдаа болон нэхэмжлэлд хариуцагч талаас хариу тайлбар бичгээр гаргасны дараа нэхэмжлэгч тухайн тайлбарт хариу тайлбар гаргадаг. Гэхдээ өнгөрсөн хугацаанд ******* ХХК-ийн бүх удирдлагуудад хандаж мөнгөө шаардаж байсан гэдэг боловч давж заалдах гомдолдоо ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал, нягтлан, удирдлагуудад нэг ч удаа шаардах эрхээ хэрэгжүүлж байгаагүй гэх зөрүүтэй тайлбар гаргадаг. ******* нэхэмжлэгчээс мөнгө зээлж авсан асуудал байхыг үгүйсгэхгүй. Хариуцагчаа зөв тодорхойлсон эсэх асуудлаар мэтгэлцсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:  

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33,000,000 төгрөг, бусдаас зээлж авч өгсөн зээлийн мөнгөн хөрөнгийг өөрийн хөрөнгөөр төлж барагдуулсантай холбоотой учирсан хохирол буюу зээлийн хүүд төлсөн 3,775,561.64 төгрөг, олон жилийн хугацаанд зээлийг буцаан төлөөгүйтэй холбоотой учирсан хохирол буюу 33,000,000 төгрөгөөс Төрийн банкны 365 хоногийн хугацаатай хадгаламжийн хүүгээр тооцож гаргасан дүн болох 33,704,358.74 төгрөг, нийт 70,479,920.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь хэргийн баримтаар нотлогдоогүй, мөн хуульд заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч нь 2017 онд ******* ын тавьсан саналын дагуу ******* ХХК-д 33,000,000 төгрөгийг бэлнээр зээлдүүлсэн, ингэхдээ эргэн төлөгдөх хугацаа, зээлийн хүү тогтоогоогүй; /хх 36-39/

3.2. ******* ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 81 дүгээр орлогын баримтын тасалбар нэртэй, ******* даргаас гэсэн гүйлгээний утгатай, 33,000,000 төгрөг гэсэн гүйлгээний дүн бүхий баримт үйлдэж, нягтлан бодогч гарын үсэг зурж, санхүүгийн тэмдгээр баталгаажуулсан; /хх-6/

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт нотлох баримтаар авагдсан бэлэн мөнгөний орлогын баримт зэргийг үндэслэн талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн дүгнэлт нь үндэслэл бүхий болсон бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт тус тус нийцсэн байна.

 

5. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар буруу дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс залруулна.

5.1. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасан. ******* болон ******* ХХК нарын хооронд зээлийн гэрээ амаар байгуулагдсан, талууд зээлийн хүү болон эргэн төлөх хугацааны талаар тохиролцоогүй болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч ...нэхэмжлэгч ******* нь ******* аас зээлийг буцаан төлөхийг 2018 оны хавар шаардсан тул уг цаг хугацаанаас хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах гурван жилийн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход хөөн хэлэлцэх хугацаа 2021 онд дууссан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон байна.

5.2. Учир нь, буцааж төлөх хугацаа тогтоогоогүй зээлийн гэрээний үүргийг зээлдүүлэгч зээлдэгчээс шаардсан цаг хугацаанаас хойш 1 сарын дотор буцаан төлөх үүрэг Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгчид үүснэ. Нэхэмжлэгч нь 2018 онд зээлдэгч ******* ХХК-д бус ******* ад зээлийн эргэн төлөлттэй холбоотой тодорхой шаардлага тавьж байсныг үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчээс шаардсан гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар ******* аас шаардсан тухайн цаг хугацаанаас мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасан журмын дагуу хугацааг тоолохгүй. Харин мөн зүйлийн 76.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс шаардах эрх үүснэ гэж зааснаар нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн цаг хугацааг нэхэмжлэгч ******* ******* ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр тодорхойлно.

5.3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолоход зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 33,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

6. Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүүгийн төлбөрт 3,775,561 төгрөгийг нэхэмжилсэн боловч уг мөнгөн дүнг нэхэмжилж буй үндэслэл нь хариуцагчид 33,000,000 төгрөгийг зээлдүүлэхийн тулд бусдаас зээл авч 3,775,561.64 төгрөгийн хүү бусдад төлсөн, бусдад төлсөн зээлийн хүүгээ хариуцагчаас нэхэмжилж байгаа гэх тул уг шаардлагыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан зээлийн хүү шаардсан шаардлага гэж үзэхгүй. Харин Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохирол шаардсан шаардлага гэж үзнэ.

Анхан шатны шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгч өөрийн санаачилгаар бусдаас авсан зээлийг хүүгийн хамт бусдад буцаан төлснийг хариуцагч нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж үзэхгүй, уг үүргийг хариуцагч хүлээх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцсэн тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Нэхэмжлэгч нь хариуцагчаас олох ёстой байсан орлогод 33,704,358.74 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо уг шаардлагаасаа татгалзсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/08633 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас 33,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,775,561.64 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

2 дахь заалт нэмж, уг заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан хохирол буюу олох ёстой байсан орлогод 33,704,358.74 төгрөг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч ******* нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж дугаарлан уг заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 510,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 322,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* д олгосугай гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 гэж өөрчлөн дугаарлаж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 341,850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

 

ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ

 

 

Б.УУГАНБАЯР