| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2019/00085/Э |
| Дугаар | 87 |
| Огноо | 2019-10-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Г.Алдармаа
Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч О.Д нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О.Д-д холбогдох 1922001800090 тоот хэргийг 2019 оны 10 сарын 10-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Онги овгийн О-ийн Д / гэв.
Шүүгдэгч О.Д нь 2019 оны 6 дугаар сард Дундговь аймгийн Сайнцагаан сумын...... оршин суух иргэн С.У-ийн гэрээс мөнгөн аяга 3 ширхэг, 32 инчийн зурагт, 40 литрийн багтаамжтай бидон, эрэгтэй хүний хромон гутал 1 хос, тээврийн хэрэгслийн аккумлятор, эрэгтэй хүний бүс зэрэг эд зүйл хулгайлж 1840000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч О.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019 оны 6 сарын дундуур Ууганзаяагийн гэрт байж байгаад Ууганзаяагийн гэрээс нь тэр юмнуудыг нь авч зараад хот руу явсан. Тэгээд хотоос баригдаж ирсэн. Би У-ийн аав С-тай найзууд байгаа юм. Тухайн үед би гэрт нь ганцаараа байсан. Би явахдаа хромон гутлыг нь өмсөж явж байгаад хотод алдчихсан юм. Бусад эд зүйлийг нь зарсан хүмүүсээ цагдаад зааж өгөөд хохирогчид буцаан хүлээлгэн өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
2. Хохирогч С.У-ийн: “...2019 оны 7 сарын дундуур би Хэнтий явж ирээд манай хашаанд байсан “Хонда си ар ви” маркийн тээврийн хэрэгслийн аккумлятор алга болсныг мэдлээ. 2019 оны 2 дугаар сард 150.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Ногоон өнгөтэй аккумлятор байсан. Анх худалдаж авсан үнээрээ нэхэмжилнэ. ...Манайхаас алдагдсан 3 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг эрэгтэй, пойлосон бүс, зурагт, хромон гутал зэрэг эд зүйлс нь манай гэрт байсан юм. Аккумлятор нь хашаанд байсан машинд байсан юм. 40 литрийн хөнгөн цагаан бидон үүдний амбаарт байсан, үүдний амбаар түгжээгүй, ер нь түгждэггүй, бид бидоноороо ус аваад амбаарт хийчихдэг байсан юм. Хөнгөн цагаан тогоо нь манай байшинд байсан, цоож нь Монгол цоож байсан юм. Би хөнгөн цагаан тогоогоо 2019 оны цагаан сарын баяраар нэг л удаа ашигласан. Тэгээд буцаагаад байшиндаа хийсэн байсан, тэрнээс хойш огт үзээгүй байж байгаад сая гэрээс эд зүйл алдагдлаа гэхээр нь эд зүйлсээ бүртгэж үзэхэд тогоо маань байхгүй байсан учир алдагдсан гэж мэдүүлсэн юм. Манай хөнгөн цагаан тогоог Д гуай авсан үгүйг хэлж мэдэхгүй байна. Гэрээс эд зүйл алдагдсан байна гэхээр нь гэртээ ирэхэд манай байшин цоожтой хэвээрээ, цоожинд ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй байсан. Тэр байшингийн түлхүүр Д гуайд байгаагүй, надад түлхүүр нь байсан юм. Тэгэхээр хөнгөн цагаан тогоог Д гуай аваагүй байх гэж бодож байна, тогоо хэзээ яаж алга болсныг мэдэхгүй байгаа, манайхан хүнд өгөөд ч мартчихсан байж магадгүй л гэж бодож байна. Би 3 мөнгөн аяга, зурагт, аккумлятор, 40 литрийн бидоноо олж авсан, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Д гуай нь манай аавын сайн найз байгаа юм, Д гуайг төлбөрийн чадваргүй гэдгийг мэдэж байгаа учраас нэхэмжлээд байх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-34-37/
3. Гэрч Б.Б-ны: “...Би Дундговь аймгийн зах дээр ачааны машинаар ачаа ачдаг юм. 2019 оны 7 сарын дундуур, яг хэзээг санахгүй байна. Намайг зах дээр зогсож байтал үл таних барзгар нүүртэй, бор царайтай залуу ирээд өмсөж явсан бараан өнгийн куртканы халааснаас мөнгөн аяга гаргаж ирээд ‘’та энэ аягыг 30.000 төгрөгөнд авчих’’ гээд гуйгаад зогсоод байхаар нь хэний аяга болохыг асуухад ‘’миний аяга байгаа юм’’ гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр хүнээс 1 ширхэг мөнгөн аяга 30.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр хүн мөнгөө аваад л яваад өгсөн. Би тэр хүнийг урьд өмнө нь харж байгаагүй, тэр хүнээс худалдаж авсан мөнгөн аяган дээр “Дэрэн-80” гэсэн бичиг байсан, би тэр хүнийг Дэрэн сумын хөдөөний хүн байна гэж л бодсон юм. Би тэр хүнээс өөр ямар нэгэн эд зүйл аваагүй, тэр хүнтэй дахиж уулзаагүй. Би тэр хүнээс аяга худалдаж авсан 30.000 төгрөгөө нэхэмжлэхгүй. Надад байгаа мөнгөн аягыг хураалгахад татгалзах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-39/
4. Гэрч С.С-ийн: “... 2019 оны 6 дугаар сарын сүүлээр аккумлятор хөнгөн цагаан авах уу гэж үл таних хар, барзгар царайтай хүн манайд ирсэн, тэгээд авна гэж хэлсэн. Тэгээд тэр хүнээс ногоон өнгийн 40 амперын аккумляторыг 5000 төгрөгөөр, 1 ширхэг 40 литрийн хөнгөн цагаан бидон 7 кг байдаг учраас 1000 төгрөгөөр 1 килограммыг бодож 7000 төгрөгөөр худалдаж авсан. Миний юм байгаа юм гэж байсан. Битон нь их муу хаягдалд өгөхөөр байсан. Аккумлятор муудсан минийх гэж хэлж байсан. Тэр хүн надад өөр ямар нэгэн эд зүйл үзүүлээгүй. ...Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ тухайн хүнээс 12000 төгрөгөө нэхэмжилсэн, би энэ нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Надад зарсан 40 литрийн бидон, акумляторыг эзэн нь гэх хүн цагдаагийн хамт ирээд надаас хурааж аваад явсан’’ гэх мэдүүлэг /хх-40-41/
5.Гэрч С.С-ын: ‘’... Манай хүүгийн гэрт 2019 оны 6 сарын 7, 8-ны өдрөөс хойш миний багын найз Д түр амьдарч байсан юм. Тэгээд 2019 оны 6 дугаар сарын 14-ний 21 цагийн үед хүүгийн гэрт би ирэхэд Д зурагт үзээд хэвтэж байсан, манайд очиж хонох уу гэхэд яах юм бэ гэж байсан. Тэгээд би харьж амарчихаад маргааш нь буюу 2019 оны 6 сарын 15-ны өдрийн 14 цагт хүүгийндээ очиход гэрийг нь цоожлочихсон түлхүүрийг нь үлдээдэг газар хийгээд Д явчихсан байсан. Тэгээд гэрт ороход хамгийн түрүүнд зурагт байхгүй болсон байсныг мэдсэн, тэгээд эд зүйлүүдээ шалгахад 40 литрийн хөнгөн цагаан бидон, 20 литрийн хөнгөн цагаан тогоо амбаараас алга болсон байсан. Гэрийн зүүн хойно байдаг авдар дотор байсан дуураймал мөнгөн бүс, 3 ширхэг мөнгөн аяга алга болсон байсныг мэдсэн. Сүүлд хашаанд байсан жийпний төрлийн машины аккумлятор алга болсоныг манай хүү мэдсэн байсан. Д цүнхээ аваад, өмд, футболк, өмсөж явсан гутлаа үлдээгээд явчихсан байсан’’ гэх мэдүүлэг /хх-42/
6.Гэрч М.Б-ийн: ‘’... 2019 оны 6 сарын дундуур зах дээр байж байтал нэг үл таних эрэгтэй ирээд мөнгөний хэрэг болоод байна 1 ширхэг зурагт, 2 ширхэг мөнгөн аягыг барьцаанд тавья, долоо хоногийн дараа эргүүлээд авна гэж хэлсэн. Тэгээд би 1 зурагт, 2 мөнгөн аягыг нь би барьцаанд аваад 75000 төгрөг өгсөн. Тэгээд тэр хүн эргэж ирж аваагүй одоог хүрсэн. Тэр надад өөр ямар нэгэн эд зүйл зараагүй. ...Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө 75.000 төгрөгийг нэхэмжилсэн, энэ нэхэмжлэлээсээ татгалзаж байна...’’ гэх мэдүүлэг /хх-44-46/
7.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, схем зураг /хх-12-15/
8. 2019 оны 7 сарын 17-ны өдрийн эд зүйл түр хураан авсан тэмдэглэлд: ‘’DL45SF гэсэн бичигтэй ногоон өнгийн, DAD гэсэн бичиг, логотой 1 ширхэг аккумлятор, 40 литрийн 1 ширхэг хөнгөн цагаан бидон’’ гэжээ. /хх-16-17/
9. 2019 оны 7 сарын 24-ний өдрийн эд зүйл түр хураан авсан тэмдэглэлд: ‘’HAIER гэсэн бичигтэй хар өнгийн 1 ширхэг зурагт, 2 ширхэг шинэ цагийн мөнгөн аяга’’ гэжээ. /хх-21-22/
10. 2019 оны 8 сарын 10-ны өдрийн эд зүйл түр хураан авсан тэмдэглэлд: ‘’Б.Б-аас хулгайд алдагдсан хажуу дээрээ ‘’Дэрэн-80’’ гэсэн бичигтэй, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг’’ гэжээ. /хх-26-27/
11. Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-20, 25, 30/
12.Дундговь аймгийн Сайнцагаан сумын Үнэлгээний комиссийн 2019.07.01, 2019.07.18, 2019.07.24-ний өдөр эд зүйлд үнэлгээ хийсэн актад: ‘’Haier маркийн 32 инчийн зурагт 480000 төгрөг, 1 хос хром гутал 600000 төгрөг, дуураймал мөнгөн бүс 50000 төгрөг, 40 литрийн хөнгөн цагаан бидон 110000 төгрөг, 20 литрийн хөнгөн цагаан тогоо 90000 төгрөг, 45 ампертай 1 ширхэг аккумлятор 150000 төгрөг, шинэ цагийн 3 ширхэг мөнгөн аяга 450000 төгрөг’’ гэжээ. /хх-47-48, 52-53, 57-58/
13. Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч О.Д нь 2019 оны 6 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Дундговь аймгийн Сайнцагаан сумын ................ тоотод оршин суух иргэн С.У-ийн гэрээс мөнгөн аяга 3 ширхэг, 32 инчийн зурагт, 40 литрийн багтаамжтай бидон, эрэгтэй хүний хромон гутал 1 хос, тээврийн хэрэгслийн аккумлятор, эрэгтэй хүний дуураймал мөнгөн бүс зэрэг эд зүйл хулгайлж 1840000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Д нь хохирогч С.У-ийн гэрээс эд зүйл хулгайлсан нь дээрхи баримтаар тогтоогдож байх боловч хохирогчийн гэрт хууль бусаар нэвтэрсэн гэх Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдгч О.Д нь хохирогчийн гэрт амьдарч байх хугацаандаа түүнийг эзгүй хойгуур дээрхи эд зүйлийг нь нууц, далд аргаар авч бусдад зарж борлуулсан болох нь тогтоогдож байгаа болно.
Шүүгдэгч О.Д нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч О.Д-г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдын эд хөрөнгийг хулгайлж 1840000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч О.Д нь хохирогч С.У-д хулгайлсан эд зүйл болон 3 ширхэг мөнгөн аяга, 32 инчийн зурагт, 40 амперийн аккумлятор, 40 литрийн хөнгөн цагаан бидон зэрэг эд зүйлийг хүлээлгэн өгсөн, хромон гутал 1 хос, дуураймал мөнгөн бүсийг хохирогч нь нэхэмжлэхгүй гэсэн боловч хохирогчид 120.000 төгрөгийг төлсөн болох нь хх-ийн 82-рт авагдсан баримтаар тогтоогдож байна. Мөн шүүгдэгч нь гэрч М.Б-д 75.000 төгрөг, Б.Б-д 30.000 төгрөг, С.С-д 12.000 төгрөг төлсөн баримт хэргийн 82-рт авагдсан болно.
Дээрхи нөхцөл байдал нь шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэх үндэслэл болох ба энэ нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч О.Д нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Өтгөн багт оршин суудаг талаархи тус багийн засаг даргын 2019.10.01-ний өдрийн 973 дугаартай албан бичгийн хуулбар хэрэгт авагдсан бөгөөд түүний хувийн байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.Д-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч хулгайд алдсан эд зүйлээ биетээр хүлээн авсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Онги овгийн О-ийн Д-г хүндрүүлэх нөхцөлгүйгээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Онги овгийн О-ийн Д-д 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч О.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ