Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2025/02059

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/07557 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

 

56,233,404 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ХХК нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ******* ХХК-тай ******* дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээгээр ******* ХХК нь ******* төслийн В5 блокийн өрлөгийн ажил, шавар, амалгааны ажил, талбай дотор материал зөөвөр, тээврийн ажлыг хийж гүйцэтгэх, ******* ХХК нь хөлсийг төлөх үүргийг хүлээсэн. Түүнчлэн, тус гэрээний хавсралтаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг ханган ажиллахад талуудын хоорондын хүлээх үүрэг хариуцлагын гэрээг байгуулсан.

1.2. ******* ХХК ажил гүйцэтгэх явцад буюу 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр барилга дээрээс хүн унасан осол гарч, гэрээ зөрчигдсөн. Иймд талуудын хооронд байгуулагдсан ******* дугаар ажил гүйцэтгэх гэрээний стандарт нөхцөлийн 8.1, 8.1.1-д тус тус заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэн. Тус гэрээ дүгнэсэн актаар ...******* ХХК-ийн гэрээ цуцлах хүртэл хийж гүйцэтгэсэн ажлыг 19.5 хувьтай буюу 146,048,665 төгрөг гэж дүгнэсэн.

 

1.3. Хийсэн ажлын нийт дүнгээс гэрээний баталгааны 8 хувь буюу 9,811,893 төгрөг, ХАБЭА-н торгууль 5,500,000 төгрөг, ажил зогссон 19 хоногийн алданги 11,449,660 төгрөгийг суутгаж, хариуцагчид өмнө урьдчилан олгосон 175,520,515 төгрөгөөс суутгалуудыг хасаж тооцон 56,233,404 төгрөг буцааж төлөхөөр тооцоо нийлсэн акт үйлдсэн. Хариуцагч тооцоо нийлсэн актаар хүлээн зөвшөөрсөн 56,233,404 төгрөгийг буцаан төлөөгүй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлд хариу тайлбар гаргаагүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас 56,233,404 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 439,118 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 439,118 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. ******* ХХК нь ******* ХХК-д холбогдуулан 56,233,444 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тооцоо нийлсэн акт гэх хавтаст хэрэгт авагдсан баримтыг үнэн зөв гэж үзэхгүй байгаа ба тооцоо хийж харилцан тохиролцохдоо илт алдаа гаргасан гэж үзэж, маргаж байна. Нийт гүйцэтгэсэн ажлын үнэлгээг буруу тооцож гаргасан. Үнэн зөв баримт мэдээлэлд тулгуурлаагүй бодитой үнийн дүнд харилцан маргаангүй үйл баримтад үндэслээгүй учир хүлээн зөвшөөрөхгүй.. Ажлын гүйцэтгэлд нийт гүйцэтгэсэн ажилд шинжээч томилж үнэлгээ гаргуулах хүсэлтэй.

4.2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч талын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, мэтгэлцэх боломж олгоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 5, 6, 99, 107 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөн. Мөн хуулийн 38 дугаар зүйлд заасан нотлох баримт гаргаж өгөх, бүрдүүлэх боломж олгоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж байна.

4.3. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Тус иргэний хэрэг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр үүсэж нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хариуцагчид гардуулжээ. Ингэхдээ хариуцагчийн төлөөлөгчид эрх, үүрэг танилцуулсан байна. Түүнчлэн, өмгөөлөгч ******* нь 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хэргийн материалтай танилцаж, эрх үүрэгтэй мөн танилцсан байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч хэн аль нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй талаар болон мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлэх талаар мэдэж байсан байна. Иймд анхан шатны шүүх хуульд зааснаар хэргийг шийдвэрлэсэн нь зөв болжээ.

5.2. Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй талаар, мөн шинжээч томилуулах хүсэлтэй байгаа талаар дурджээ. Гэвч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш хариуцагчид шүүхэд хүсэлт гаргах, ажиллагаа хийлгэх эрх нь нээлттэй байсан ч өөрөө сайн дураар энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна. Нөгөө талаас шүүх хариуцагчид тус эрхийг нь хүчээр эдлүүлэх боломжгүй, иргэний хэргийн шүүх нотлох баримт санаачилгаараа цуглуулдаггүй. Мөн хавтаст хэрэгт хариуцагчийн нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, тамга дарсан баримт авагдсан.

5.3. Гомдолдоо хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй гэжээ. Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдааны товыг шүүхээс мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Шүүх хуралдаан болсон өдөр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хариуцагчийн төлөөлөгчтэй утсаар холбогдоход би очихгүй гэж мэдүүлсэн. Өмгөөлөгч ******* нь хүсэлт ирүүлсэн боловч нотлох баримтын шаардлага хангахгүй баримт хавсаргасан, хүндэтгэн үзэх шалтгаантай гэдгээ нотлоогүй. Шүүхээс зохигчдын шүүх хуралдаанд биечлэн оролцох, тайлбар мэдүүлэг өгөх, нотлох баримт гаргаж өгөх эрх, үүргийг хүчээр эдлүүлэх боломжгүй. Анхан шатны шүүх зохигчдын хэн алины эрхийг зөрчөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалсантай холбоотойгоор урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 175,520,515 төгрөгөөс гэрээ дүгнэсэн актын дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс болон холбогдох бусад суутгалуудыг хассаны дараа үлдэх 56,233,404 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлд хариу тайлбар гаргаагүй байна.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дараах үйл баримтыг үнэн зөв тогтоогдсон байна. Үүнд:

3.1. ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ******* дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь ******* төслийн В5 блокийн гадна дотор өрлөг, шавар, амалгааны ажил, талбай дотор материал зөөх, тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэх, ******* ХХК нь ажлын хөлс төлөх үүргийг хүлээсэн, мөн гэрээний хавсралтаар ажил гүйцэтгэх гэрээний стандарт нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагын тухай харилцан тохиролцсон; /хх-ийн 6-17/

3.2. Талууд гэрээ хэрэгжих явцад аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөний улмаас ******* дугаартай ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэн, актад ******* ХХК-ийн гэрээ цуцлах хүртэл хийж гүйцэтгэсэн ажлыг 19.5 хувьтай буюу 146,048,665 төгрөг, хийсэн ажлын нийт дүнгээс гэрээний баталгааны 8 хувь буюу 9,811,893 төгрөг, торгууль 5,500,000 төгрөг, ажил зогссон 19 хоногийн алданги 11,449,660 төгрөгийг суутгаж, хариуцагчид өмнө урьдчилан олгосон 175,520,515 төгрөгөөс суутгалуудыг хасаж тооцон хариуцагч 56,233,404 төгрөг буцааж төлөхөөр тохиролцож, актад талууд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан; /хх-22-26/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримталж техникийн алдаа гаргасныг давж заалдах шүүхээс залруулна.

 

5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, гэрээ дүгнэсэн актад үндэслэн хариуцагч ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжилтийн явцад гэрээний үүргийн зөрчил гаргаж, аюул ажиллагааны дүрэм зөрчсөний улмаас гэрээ цуцлагдсан, гэрээ цуцлагдах хүртэл ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил 19.5 хувьтай буюу 146,048,665 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн, хийсэн ажлын нийт дүнгээс гэрээний баталгааны 8 хувь буюу 9,811,893 төгрөг, торгууль 5,500,000 төгрөг, ажил зогссон 19 хоногийн алданги 11,449,660 төгрөгийг суутгаж, хариуцагчид өмнө урьдчилан олгосон 175,520,515 төгрөгөөс суутгалуудыг хасаж тооцоход хариуцагч нь нэхэмжлэгчид 56,233,404 төгрөгийг буцааж төлөх үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт тус тус нийцсэн байна.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдолдоо нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа талаар болон хийж гүйцэтгэсэн ажлын үнэлгээг шинжээч томилуулан тогтоолгох хүсэлтэй байгаа талаар дурдсан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 161 дүгээр зүйлийн 161.4-т зааснаар анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй үйл баримтыг давж заалдах гомдлын үндэслэлд заах эрхгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

 

7. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

7.1. Анхан шатны шүүх хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гардуулж, хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлаж өгсөн, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан анхан шатны шүүх нотлох баримт гаргаж өгөх, бүрдүүлж цуглуулах боломж олгоогүй гэх гомдлыг хүлээж авахгүй.

7.2. Анхан шатны шүүх 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчид 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр мэдэгдсэн /хх-36/, хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр шуудангаар хүргүүлсэн /хх-40/ байхад хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тодорхойгүй, хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд ирүүлж, хүсэлтдээ 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн огноо бүхий шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хавсаргасан байх боловч уг баримт нь шүүгчийн гарын үсэг, шүүхийн тамга, тэмдэггүй /хх-42/ байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтыг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхээр шийдвэрлэсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, мэтгэлцэх боломж олгоогүй гэх гомдлыг хангахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/07557 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 243 дугаар зүйлийн 243.1 ... гэснийг ... 343 дугаар зүйлийн 343.1 ... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 439,118 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Б.УУГАНБАЯР