| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/03325/И |
| Дугаар | 210/МА2025/02103 |
| Огноо | 2025-12-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2025/02103
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч М.Баясгалан, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/06945 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох,
Орон сууц албадан чөлөөлүүлэх, 18,456,742 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр *******д эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 154,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.
1.2. ******* урьдчилгаа төлбөрт 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 30,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 50,000,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 124,000,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төлөхөөр тохиролцсон боловч гэрээний үүргээ зөрчиж үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. Үлдэгдэл төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Гэрээний 3.5-д 2024 оны 10 дугаар сарын 01-ний дотор үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тохиолдолд үл маргах журмаар орон сууцыг худалдан авагч нь чөлөөлж өгөх-өөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл маргаан бүхий орон сууцыг чөлөөлж өгөөгүй. Удаа дараа гэрээнээс татгалзаж, байр чөлөөлөхийг шаардсан боловч ямар нэг үр дүнд хүрээгүй.
1.3. Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг *******ийн эзэмшлээс чөлөөлж, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд хүлээн аваагүй түрээсийн орлогын алдагдал 18,456,742 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ******* нь нийт төлөх ёстой 154,000,000 төгрөгөөс 80,000,000 төгрөгийг төлсөн нь үнэн. Үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаанд улирлын чанартай ажил хийж байгаа учраас орлогогүй болох асуудал үүссэн. Энэ талаар *******ийн нөхөр *******-той уулзах болгондоо хэлж байсан.
2.2. 2024 оны 12 дугаар сарын сүүлээр байрны эзний нөхөр ... 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж болно ... гээд гарсан. Энэ үед төлбөр төлөх хугацаа сунгагдсан гэж ойлгосон, энэ хугацаанд багтаагаад төлнө гэж бодож байсан боловч өвдөж ажлаа 05 дугаар сард эхлүүлсэн. Одоо хийсэн ажлынхаа гүйцэтгэлийг 06 дугаар сарын 02-ны өдөр өгөх боловч манай улсын хүнд суртал, баяр наадмын амралт зэрэг хугацаа тооцох боломжгүй хүндрэл байгаа учраас 2025 оны 08 дугаар сарын 31-ний дотор үлдэгдэл төлбөрийг бүрэн барагдуулах боломжтой болно гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******ийн эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгч *******ээс 61,543,258 төгрөгийг гаргуулан хариуцагч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,178,184 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 1,178,184 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй үндэслэлээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон. 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдээгүй, хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2, 77.3, 77.9 дэх хэсгийг ноцтой зөрчсөн, хариуцагчийн хуулиар олгогдсон шүүх хуралд биечлэн оролцох, шүүх хуралдаанд адил тэгш эрхтэй оролцох, шударгаар мэтгэлцэх, өмгөөлүүлэх зэрэг эрхийг ноцтой зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжих, зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх зарчмууд, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг тус тус зөрчсөн.
4.2. Анхан шатны шүүх нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгчээс 61,543,258 төгрөг гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хууль зүйн үндэслэлгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.
Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний төлбөрөөс 80,000,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл төлбөр 124,000,000 төгрөгийг төлөх байсан хугацааг харилцан тохиролцож аман байдлаар сунгасан.
Гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх хэлбэр, хугацааг ямар байдлаар тогтоосноо баримтаар нотлоогүй, гэрээний төлбөр төлөхийг шаардаж, хугацаа тогтоосон, гэрээнээс татгалзах санал гаргаж байсан баримтыг шүүхэд гаргаагүй нь нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болох ба хариуцагч гэрээний үүргээ зөрчсөний улмаас гэрээнээс татгалзах үндэслэл нэхэмжлэгч талд үүссэн буюу Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөл бий болсон гэж үзэх үндэслэлгүй байхад шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.
4.3. Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцыг худалдагч талаас шилжүүлэн өгсний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байгаа тул бусдын өмчлөлийн зүйлийг хууль бусаар эзэмшиж, өмчлөгчид хохирол учруулсан гэж үзэхгүй.
******* ХХК-ийн түрээсийн үнэ тодорхойлсон албан бичгийг үндэслэн түрээсийн төлбөр 18,456,742 төгрөгийг хохирол гэж үзэж хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасанд хамаарахгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний үүргээ ноцтой зөрчсөн буюу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа гэрээнээс татгалзаж байгаа талаар мэдэгдсэн. Мөн нэмэлт хугацаа тогтоосон боловч хариуцагч нь үүргээ биелүүлээгүй. Үүргийн биелэлт хэт удааширснаас үүдэн нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан.
5.2. Анхан шатны шүүх 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдааныг явуулсан. Гэтэл хариуцагч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг гаргасан. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулан өгч шүүх хуралдааныг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 15 цагт товлож шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зуруулсан. Шүүх хуралдааны явцад хариуцагч нь хүсэлт гаргаагүй учраас нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хүндэтгэн үзэх шалтгаангүй тохиолдолд хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэдэг. Хариуцагч анхан шатны шүүхэд эмнэлгийн магадалгааг ирүүлсэн боловч тухайн магадалгаанд хавсаргасан баримтад онош нь тодорхойгүй байсан. Мөн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг ирүүлээгүй учраас анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой гэж дүгнэсэн. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй. Хариуцагч нь өмнөх шүүх хуралдаанд оролцож шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зурсан. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй.
5.3. Хариуцагч нь ******* ХХК-ийн үнэлгээтэй холбогдуулан маргасан. Тухайн үнэлгээг анхан шатны шүүх хуралдааны явцад нотлох баримтаар гаргаж өгөхөд маргаагүй. Шүүх нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчид бодит хохирол үүссэн. Хариуцагч нь орон сууцыг хүлээн авч үр шимийг нь хүртэж байсан. Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасан үндэслэлээр нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
5.4. Уг хэргийн хувьд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон үйл баримт тодорхой байхад заавал албадан ирүүлж шүүх хуралдааныг явуулах шаардлагагүй байсан. Учир нь хариуцагч хариу тайлбараа өгснөөс хойш нотлох баримт болон бусад баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байдлаас харахад нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэл болсон гэж үзсэн. Хариуцагч нь хариу тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн атлаа нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Хариуцагч нь шүүх хуралдаанд оролцоогүй буюу мэтгэлцэх эрхээ эдлээгүй нь өөрийнхөн буруутай үйлдлээс болсон. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж, орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, хохирол буюу 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн орлогын алдагдал 18,456,742 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр төлөх хугацааг аман байдлаар харилцан тохиролцож сунгасан, гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэл бүрдээгүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дараах үйл баримтыг үнэн зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. ******* болон ******* нарын хооронд 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ******* тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, ******* нь *******д эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 154,000,000 төгрөгөөр худалдах, орон сууцыг 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөх, ******* нь *******т урьдчилгаа төлбөрт 30,000,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дотор, үлдэгдэл 124,000,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр харилцан тохиролцсон;
3.2. ******* нь орон сууцыг *******ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгсөн;
3.3. ******* нь *******т 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 30,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 50,000,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөгийг төлсөн;
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.
5. Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцны үнэ болох 154,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу орон сууцны үнээс 74,000,000 төгрөгийг төлөөгүй, нэхэмжлэгч нь уг үүргийн зөрчилтэй холбогдуулан төлбөрийг бүрэн төлж барагдуулах нэмэлт хугацааг хариуцагчид олгож байсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон, нэмэлт хугацаа олгосон боловч үр дүн гараагүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан, ийнхүү гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Нэхэмжлэгч орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс хуульд заасан журмын дагуу татгалзсан тул орон сууцыг хариуцагч *******ийн эзэмшлээс чөлөөлөхөөр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн байна.
6. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нөхөр *******-той харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөх хугацааг сунгасан гэсэн тайлбар гаргасныг анхан шатны шүүх хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагч уг тайлбараа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн байх бөгөөд хариуцагчийн тайлбарт дурдагдсан уг үйл баримт нь хэргийн баримтаар тогтоогдоогүйн зэрэгцээ худалдах, худалдан авах гэрээний тал биш этгээдтэй гэрээний нөхцлийн талаар харилцан тохиролцсон гэх хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй тул худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөх хугацаа сунгагдсан гэж үзэхгүй.
7. Иймд анхан шатны шүүх гэрээнээс татгалзах урьдчилсан нөхцөл бүрдээгүй байхад нэхэмжлэгч гэрээнээс татгалзсаныг үндэслэлтэй гэж үзэж орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хүлээн аваагүй түрээсийн орлогын алдагдалд 18,456,742 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 5.2-т Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг зөрчсөн тал хариуцна гэж заасан, гэрээний дээрх нөхцлийн агуулга болон зохигчийн тайлбаруудыг харьцуулан судлахад талууд нэг талын буруугаас гэрээ цуцлагдсан тохиолдолд учирсан хохирлын хэмжээг хэрхэн тооцох талаар урьдчилан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэн 18,456,742 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан хохиролд тооцож хариуцагчаас гаргуулсан, ийнхүү гаргуулсан мөнгөн дүнг нэхэмжлэгчээс хариуцагчид буцаан шилжүүлэх 80,000,000 төгрөгөөс хасаж тооцохоор шийдвэрлэсэн нь буруу болжээ.
8.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.2 буюу Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг зөрчсөн тал хариуцна гэсэн заалт нь үгийн шууд утгаараа аль нэг талын буруугаас гэрээ цуцлагдсан тохиолдолд нөгөө талд учирсан хохирлын хэмжээг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн зах зээлийн үнэ ханшаар тодорхойлох утга агуулгыг илэрхийлээгүй байхад анхан шатны шүүх талууд учирсан хохирлын хэмжээг хэрхэн тооцох талаар талууд урьдчилан тохиролцсон гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй, Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан журмын дагуу гэрээний заалтыг хэрхэн тайлбарлаж дээрх дүгнэлтийг хийсэн хууль зүйн үндэслэл тодорхойгүй, нотлох баримтыг үнэлсэн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтад нийцээгүй байна.
8.2. Нэхэмжлэгч нь уг шаардлагын үндэслэлээ хариуцагчийн үүргийн зөрчлийн улмаас худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан, хариуцагч нь гэрээний 3.5-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний дотор үл маргах журмаар чөлөөлж өгөх ёстой байсан, уг хугацаанд чөлөөлж өгөөгүй тул 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хүлээн аваагүй түрээсийн орлогын алдагдалд 18,456,742 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа гэж тайлбарласан байх ба хүлээн аваагүй түрээсийн орлогын хэмжээг 1 сарын 1,757,785, төгрөгөөр тооцон нэхэмжилсэн.
8.3. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан хохирол шаардах эрхийн хүрээнд мөн зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор заасан.
Нэхэмжлэгчийн хохирол шаардсан шаардлагын үндэслэлээс үзэхэд хариуцагч гэрээний 3.5-д заасны дагуу орон сууцыг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор чөлөөлж өгөх үүргээ биелүүлсэн бол нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 18,456,742 төгрөгийн түрээсийн орлого олох боломжтой байсан, уг боломжийг алдагдуулсан гэх үндэслэлээр буюу Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлого-ыг хохиролд тооцон шаардсан байна.
8.4. Гэвч нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний зүйл болсон орон сууцыг тухайн хугацаанд бусдад түрээслүүлэн шаардлагад дурдсан хэмжээний орлого олох байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, ******* ХХК-ийн түрээсийн үнэ тодорхойлсон албан бичигт дурдсан хэмжээний түрээсийн орлого нэхэмжлэгчид зайлшгүй орох байсан гэж үзэх үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн хариуцагчаас хохирол шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт буюу эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******ийн эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгч *******ээс 80,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч *******д олгосон өөрчлөлтийг оруулна.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталбал зохих хуулийн заалтыг буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлаагүй, мөн шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй заалт буюу Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгийг баримталсан алдааг давж заалдах шатны шүүхээс залруулсан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт мөн оруулна.
10. Хариуцагч нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, хэргийн оролцогчийн гаргасан хүсэлт баримтыг үнэлээгүй, хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн гэх агуулгатай гомдол гаргасан.
10.1. Анхан шатны шүүх 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаан хойшилсон өдөр мэдэгдэж, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зуруулсан байх тул хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.
Шүүхэд хариуцагч нь 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн огноо бүхий эмнэлгийн магадалгааг ирүүлсэн байх боловч уг магадалгаанд 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөрт өвчтэй байсан, эмчид үзүүлсэн гэсэн тэмдэглэгээ хийгдсэн, ажлаас чөлөөлсөн гэх хэсэгт ямар нэгэн тэмдэглэгээ хийгдээгүй, Яаралтай тусламжийн хуудсанд 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цаг 53 минутад эмч үзэж 11 цаг 05 минутад дууссан гэсэн, мөн ... яаралтай мэс заслын болон цочмог эмгэг үгүй, хэвтэн эмчлүүлэх заалтгүй тул зөвлөгөө өгч буцаав гэсэн тэмдэглэгээ тус тус хийгдсэн, шүүх хуралдааныг хойшлуулах талаар ямар нэгэн хүсэлт шүүхэд ирүүлээгүй байх тул хэргийн оролцогчийн гаргасан хүсэлт баримтыг үнэлээгүй, хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/06945 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******ийн эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгч *******ээс 80,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,456,742 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтын ... 56.1 ... гэснийг ... 56.2 ... гэж, ... 1,178,184 ... гэснийг ... 927,950 ... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 526,866 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Б.УУГАНБАЯР