| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2019/0274/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/290 |
| Огноо | 2019-10-09 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2019/ШЦТ/290
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Ундрах,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч Д.Ннарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н холбогдох эрүүгийн 1938004610334 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ннь 2018 оны 11 дүгээр сарын 25-наас 27-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн нутаг Сайр гэх газраас иргэн Б.Л-йн 6 тооны хонийг, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Цагаан-Уул сумын 3-р багийн нутгаас иргэн Н.Зандангаваа, Ц.Ц нарын 27 тооны хонийг тус тус завшсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Ннь 2018 оны 11 дүгээр сарын 25-наас 27-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн нутаг Сайр гэх газраас иргэн Б.Л-йн 6 тооны хонийг, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Цагаан-Уул сумын 3-р багийн нутгаас иргэн Н.Зандангаваа, Ц.Ц нарын 27 тооны хонийг буюу бусдын алдуул малыг завшсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938004610334 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Нмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Зандангаваа, Лхагвацэнгэл, Цагаанбүрэн нарын хонь манай хоньтой нэг зүгт бэлчдэг юм. 2018 оны 11 дүгээр сард Лхагвацэнгэлийн 1 тооны эр төлөг манай хонинд нийлсэн байхаар нь би нядлаад идчихсэн юм. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын эхээр байхаа хэдний өдрийг нь мэдэхгүй байна. Нэг их бороо орсон өдөр би хонио бэлчээрээс нь тууж ирсэн. Тэгэхэд манай хонинд айлын 27 тооны хонь нийлсэн байсан. Тэгэхээр нь би тэр 27 тооны хониноос 5 төлийг Замь гэж хүнд өрөндөө өгсөн. Тэгсэн чинь маргааш нь Зандангаваа, Цагаанбүрэн хоёр хүрч ирээд манай 2 айлын хонь нийлж явдаг юм. Та манай хонинуудаас авсан байна гэхээр нь би хонь жишээд манай хонинд 27 тооны хонь нийлсэн байсан. Би 5 төлгийг өрөндөө өгсөн гэдгээ хэлээд тэр 5 төлгийг буцаагаад зүсээр тэр хоёрт авч өгсөн…Би Лхагвацэнгэл, Цагаанбүрэн, Зандангаваа нарын хохирлыг бүгдийг нь төлсөн...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.Цмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манайх Цагаан-Уул сумын Тосон багийн нутаг Урт жалга гэх газар хаваржиж байхдаа Зандангаваа ахынхтай хонио нийлүүлж маллаж байгаад 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Зандангаваа ахын хониноос хонио ялгаж авах үед манай 2 гэрийн хониноос хонь дутсан байна гэдгийг мэдсэн юм. Тэгээд маргааш нь Зандангаваа ах ойр хавийн айлын хониноос алдсан хонио шүүж яваад Умар гэдэг айлын хонинд Зандангаваа ахын нэг төлөг байсан юм. Энэ яагаад танай хонинд байдаг билээ гээд асуухад нь Мөнхнасан авчирч тавьсан. Мөнхнасан Д.Наас авсан гэж хэлсэн гэсэн. Тэгээд Зандангаваа ах бид хоёр Д.Нын хонинд очиж хонио шүүж үзэхэд манай 5 хонь Зандангаваа ахын 14 ширхэг хонь байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/,
Хохирогч Н.З-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр манай Цагаанбүрэнгийнх манай малнаас малаа ялгаж авах үед манай хониноос хонь дутсан гэдгийг мэдсэн. Тэгээд Цагаанбүрэнгийн хонийг ялгаж өгчөөд хонио тоолж үзэхэд 52 ширхэг хонь дутсан юм. Цагаанбүрэнгийн хониноос 6 хонь дутсан юм. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ойр хавийн бүх айлын хониор хонио шүүгээд хайж явтал Умар гэх айлын хонинд манай нэг төлөг байсан юм. Уг төлгийг Умар гэдэг хүнээс асуухад Д.Н манай дүү Мөнхнасанд өгсөн төлөг байна. Д.Наас очиж асуу гэсэн. Тэгээд Д.Нын хонь хээр бэлчээд явж байхад нь Цагаанбүрэн бид 2 шүүж үзэхэд манай 14 хонь, Цагаанбүрэнгийн 5 хонь байсан...Д.Н Цагаан-Уул сумын Тосон багийн нутаг Зогдоо гэх газар Тааваагийн хониноос манай өөрийн хэдэн хонь тэгээд танай 27 тооны хонийг цуг тууж ирсэн гэж хэлсэн. Тэгээд Цагаанбүрэн бид 2 Д.Нын хониноос очиж 19 хонь ялгаж аваад явсан. Тэгээд цуглуулаад манай 19 хонь Цагаанбүрэнгийн 5 хонийг олж авсан. Дараа нь 2019 оны 6 сарын 30-ны үед Д.Нын хониноос манай 3 тооны хонь гарч ирсэн нийтдээ манайх 22 тооны хонь Цагаанбүрэнгийнх 5 тооны хонь нийт 27 тооны хонийг олсон...Нэг сарын дараа үлдсэн хонинууд маань Улаан толгойн доод талаас олдсон...Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27-31-р хуудас/,
Хохирогч Б.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 11-р сарын 23-25-ны хооронд идшээ хийчээд Мөрөн сумруу 2018 оны 11-р сарын 25-ны өдөр орж 2 хоноод буцаад гэртээ 27-ны өдөр ирээд 28-ны өглөө хонио тоолж үзсэн чинь 6 хонь дутсан байсан. Тэгээд ойр хавийн бүх айлын хониор явж шүүсэн боловч олдоогүй. Тэгээд 2019 оны эхээр Д.Н гэх айлын хүргэн Шонхоо нь манай төрсөн дүү Д.Ндоржид хэлэхдээ Цэнгэл ахын хонийг манай хадам аав Д.Н нь алж идсэн. Д.Нын өвөлжөөний хашаан дээр баахан хонины арьс байгаа тэнд очиж Цэнгэл ахыг шүүж үз гэж хэлсэн байсан…Манайх хонио зүсээр нь бүртгэхэд 6 сувай эм хонь алга болсон байсан юм. Д.Н нь цагдаад битгий хэлээчээ гээд гуйгаад байхаар нь цагдаад хэлэлгүй алдсан 6 ширхэг сувай эм хонио 6 ширхэг эм хониор нь буцаагаад төлүүлж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,
Гэрч Б.Д*ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.Нын хүргэн Шонхоо надад Лхагвацэнгэл ахын чинь хониноос манай хадам аав Д.Н тав, зургаан хонь гаргацан, будаг нь яг мөн байна лээ. Хадам аав Д.Нын өвөлжөөний хашаан дээр хонины арьснууд нь байгаа тэнд очиж үз гэж хэлсэн. Лхагвацэнгэл ах Д.Нын өвөлжөөний хашаан дээр очиж үзэхэд 6 хонины арьс байсан гэсэн...2 хоногийн дараа Д.Н Лхагвацэнгэл ахад 6 хонь өгсөн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,
Гэрч Д.О-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.Н гэж хүнээс 1 хонины авцаатай байсан юм тэрнийгээ авлаа гэсэн. Манайд угаасаа хонь мал нь байдаг болохоор малруугаа хийгээд явсан. Тэгээд 2019 оны 6-р сарын 24-ний өдөр Зандангаваа надруу утсаар Умар ахаа манай хонь үзэгдэв үү зүүн талын чих нь урд хойноосоо ухмал, баруун талын чих нь цуурхай эмтэй хонинууд байгаа гэж асуухад нь би Д.Нын хонинд очиж шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41-р хуудас/,
Гэрч Ц.З-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад Д.Н гэж хүн хонь зараагүй 2019 оны эхээр 2 сард цагаан сарын үеэр ирээд надаас 600.000 төгрөгийг зээлж аваад хавар нь мал өгнө гэсэн байсан. Тэгээд энэ 600.000 төгрөгний өлтөгөнд 12 тооны төлөг өгсөн юм. Энэ 12 төлөгний 4 төлөг нь Зандангаваагийн төлөг юм байна лээ. Уг 4 төлгийг Зандангаваа эхнэртэйгээ ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,
Гэрч О.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Цагаанбүрэнгийнх манай малнаас малаа ялгаж авах үед манай хонь дутсан гэдгийг нь мэдсэн. Тэгээд Цагаанбүрэнгийн хонийг ялгаж өгчөөд манайх хонио тоолж үзэхэд 52 тооны хонь дутаж байсан. Цагаанбүрэнгийн хониноос 8 тооны хонь дутсан юм. Тэгээд маргааш нь манай нөхөр Зандангаваа ойр хавийн айлуудын хониор шүүгээд явж байгаад Умар гэх айлын хонинд манай 1 төлөг байсныг олсон. Уг төлгийг Умар гэх хүн манай баз дүү Мөнхнасан нь Д.Наас авсан төлөг байна гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр Цагаанбүрэн 2 Д.Нын хонинд очиж шүүж үзэхэд манай 14 тооны хонь Цагаанбүрэнгийн 5 тооны хонь байсныг ялгаж авсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49-р хуудас/,
Гэрч Л.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манайх 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Зандангаваа ахын малнаас хонио ялгаж авах үед манай хонь дутсан гэдгийг мэдээд маргааш нь манай нөхөр Цагаанбүрэн нь ойр хавийн айлуудын хониноос хонио хайгаад Д.Н гэж айлын хониноос манай 5 хонь Зандангаваа ахын 14 хонь олж авсан. Одоо манай хониноос 4 хонь 5 хурга дутаж байгаа. Д.Н гэдэг хүнээс нэхнэ гэж бодож байгаа яагаад гэвэл Зандангаваа ах манай хоёрын хонийг Д.Н нь өөрийн хоньруугаа нийлүүлчээд бид нарт хэлэлгүй цааш нь 4 төлөгийг нь Замлинжамц гэдэг хүнд зарсан. Мөн 1 төлгийг нь Мөнхнасан нарт зарж борлуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/,
Гэрч Ш.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын дунд үеэр юм өдрийг нь санахгүй байна. 2 хоног бороо орсон юм. Тэр бороо орж байх үед жишээд бороонд хөөгдөөд уруудаад манай хонь руу 27 ширхэг 1 хурга нийлсэн байсан. Уг 27 хонь 1 хурга нь намайг сумын төврүү бинзен авах гээд явж байтал нь манай арын уулын ард бороонд уруудаж жишсэн бололтой байж байсан. Тэгэхэд нэг мотоциклтой хүн тэр 27 хонь 1 хургыг тойрч харсанаа надруу давхиад ирсэн. Д.Н гэж хүн байсан. Надаас манай хонь үзэгдэв үү гэхээр нь хэд орчим тооны хонь юм бэ гэж асуухад 100 гаруй ноосоо хяргуулсан хонь байгаа гэхээр нь би харсанаа хонио хэлсэн. Уруудаад 100-гаад хонь явлаа гэж хэлсэн. Тэгээд би сумын төв орж бензин авчаад буцаад ирэхэд харанхуй болсон байсан. Тэгээд маргааш өглөө нь босоод хонио бэлчээж байхад нөгөө 27 хонь 1 хурга нь манай хоньтой нийлсэн байсан. Тэгээд байж байтал удалгүй Д.Н манайд ирээд хонь дутаад байна. Өчигдрийн ард байсан хонинууд хаана байна гэхээр нь би манай хоньтой нийлсэн байгаа очоод үз гэсэн чинь очиж үзсэнээ манай хонинууд мөн байна гээд нөгөө 27 хонь 1 хургыг хонины бэлчээр дээрээс ялгаж аваад явсан. Тэгээд дараа нь нэг өдөр надруу Зандангаваа утсаар яриад танай хонь руу хонь нийлээд Д.Н танай хониноос ялгаад аваад явсан юм уу гэж асуухад нь би тэгсэн. Манай хоньтой нийлсэн байсан 27 хонь 1 хургыг Д.Н нь эм тамгыг нь хэлээд манай хонь мөн байна гэж хэлээд аваад явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54-р хуудас/,
Гэрч Ц.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Одгэрэл гэж хүн бий тэр хүнээс хавар нь төлгөө авах гэтэл Д.Н гэдэг хүнээс очоод авчих би Д.Наас нэг хонь авах ёстой юм машиныг нь засаж өгсөн юм гэхэд би Д.Н гэж хүн дээр очиж нэг эр төлөг аваад өөрийн баз Умарын хонинд тавьсан юм. Тэгээд байж байтал Отгонжамъянгийн хүү Пүрэвсүрэн нь надруу утасдаад таны тавьсан байсан нэг төлгийг Зандангаваа ах ирээд манай төлөг байна гээд аваад явчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/,
Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Лхагвацэнгэл ах Мөрөн ороод 2 хоноод эргэж ирсэн. Ирээд надаас хонио тоолж хүлээж авсан юм. Тэгэхэд 6 хонь дутсан гэдгийг мэдсэн юм. Тэгээд 2019 оны эхээр Д.Нын өвөлжөөний хашаан дээр байсан хонины арьснууд дундаас Лхагвацэнгэл ахын алга болсон 6 хонины арьс гарч ирсэн гэсэн. Тэгээд Д.Н нь 6 хонийг төлж өгсөн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72-р хуудас/,
Гэрч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны эхээр Д.Нын хүргэн Шонхоо нь манай хадам дүү Д.Ндоржид Цэнгэл ахын хонийг манай хадам аав Д.Н нь алж идсэн хадам аавын өвөлжөөний хашаан дээр баахан хонины арьс байгаа тэнд очиж үз гэхэд би нөхөр Лхагвацэнгэлийн цуг очиж тэр арьсанд шүүж үзэхэд манай ногоон өнгийн будагтай 6 ширхэг хонины арьс байсан. Тэгээд цагдаа дуудлаа гэхэд яах юм бэ ах нь одоо төлөөд өгчихье гээд гуйгаад байсан. Тэгээд 3 хоногийн дараа очиж 6 хонио хониор нь буцааж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74-р хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 79-р хуудас/,
Хохирогч Ц.Ц, Б.Л нар нь гомдол саналгүй болсон тухай хүсэлт /хх-ийн 115-116-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101-104-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1938004610334 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Ннь 2018 оны 11 дүгээр сарын 25-наас 27-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн нутаг Сайр гэх газраас иргэн Б.Л-ийн 6 тооны хонийг, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Цагаан-Уул сумын 3-р багийн нутгаас иргэн Н.Зандангаваа, Ц.Ц нарын 27 тооны хонийг буюу бусдын алдуул малыг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Нмөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Хохирогч Ц.Ц/хх-ийн 20-22-р хуудас/, хохирогч Н.З-ийн /хх-ийн 27-31-р хуудас/, хохирогч Б.Л-ийн /хх-ийн 35-36-р хуудас/, гэрч Б.Д.-ийн /хх-ийн 37-38-р хуудас/, гэрч Д.О-ы /хх-ийн 39-41-р хуудас/, гэрч Ц.З-ын /хх-ийн 42-43-р хуудас/, гэрч О.Э-ын /хх-ийн 47-49-р хуудас/, гэрч Л.Ц-йн /хх-ийн 50-51-р хуудас/, гэрч Ш.Ц-н /хх-ийн 52-54-р хуудас/, гэрч Ц.М-н /хх-ийн 55-56-р хуудас/, гэрч Б.Д-ын /хх-ийн 71-72-р хуудас/, гэрч Б.С-н /хх-ийн 73-74-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 79-р хуудас/,
Хохирогч Ц.Ц, Б.Л- нар нь гомдол саналгүй болсон тухай хүсэлт /хх-ийн 115-116-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, хохирогч нарын зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Алдуул мал завшсан гэмт хэргийг шүүгдэгч Д.Ннь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Д.Ннь хохирогч Н.З-, Б.Л-, Ц.Ц нарын алдуул малыг авсан бөгөөд хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгч Д.Ныг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завшсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Ннь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Ннь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Д.Ннь 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1938004610334 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.НЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг завших гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ныг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Ннь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1938004610334 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР