| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/03891/И |
| Дугаар | 210/МА2025/02147 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/02147
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч М.Баясгалан, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/07642 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрөөс 49,748,912 төгрөг буцаан гаргуулах, алдангид 24,874,456 төгрөг, нийт 74,623,368 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Тус компани нь ******* ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр арматурын тор нийлүүлэх гэрээ байгуулж, төлбөрт 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 288,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 288,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Гэрээний дагуу ******* ХХК-аас 334,359,638 төгрөгийн бараа материалыг хүлээн авсан ба ******* ХХК нь ковидын нөхцөл байдал, тээвэрлэлттэй холбогдуулан үлдсэн 241,640,361.72 төгрөгийн бараа материалыг гэрээний дагуу нийлүүлэх боломжгүй гэсэн хариуг мэдэгдсэн.
1.2. Гэрээний дагуу бараа материал болон 241,640,361.72 төгрөгөө шаардсан ч тухай бүр барагдуулах боломжгүй гэсэн тайлбар удаа дараа гаргасан тул манай компани боломжит нөхцөлөөр төлбөрийг барагдуулахын тулд 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 31,341,450 төгрөгийн арматурын тор, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 59,000,000 төгрөгийн арматурын тор, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 26,550,000 төгрөгийн арматурын тор, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 75,000,000 төгрөгийн арматурын тор хүлээн авч буцаан авах төлбөрөөс суутгасан.
1.3. Гэрээний төлбөрийн үлдэгдэл 49,748,912 төгрөг, гэрээний 12.1, 12.2.2-т заасны дагуу алдангид 24,874,456 төгрөг, нийт 74,623,368 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд хариу тайлбар өгөөгүй байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 74,623,368 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 531,067 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 531,067 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Манай компани ******* ХХК-тай арматурын тор нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд 49,748,912 төгрөгийн арматурын торыг нийлүүлээгүйг хүлээн зөвшөөрч байна. Алдангид 24,874,456 төгрөгийг гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй.
4.2. 2020 оноос 2023 оныг хүртэл дэлхий нийтийн хөл хорио, цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа доголдож хэвийн явагдах боломжгүй болсон бөгөөд гэрээнд заасан үүргээ цаг хугацаанд нь биелүүлэх боломжгүй болсон. Гэвч манай компанийн зүгээс боломжит бүх нөөц бололцоогоо ашиглан худалдан авагчид шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж байсан бөгөөд тэр тухайгаа ч нэхэмжлэгчид цаг тухайд тайлбарлаж мэдэгдэж байсан. Тухайн арматурын торыг манай компани ашиглаагүй бөгөөд ******* ХХК нь хүлээж авсан бөгөөд тухайн компани төлбөрөө нэхэмжлэгчид шууд төлөх үүрэгтэй байсан боловч төлбөр төлөөгүйн улмаас энэхүү нөхцөл байдал үүссэн.
4.3. Нэхэмжлэгчийн шаардаж буй алданги буюу 24,874,456 төгрөгийн алданги нь хэт өндөр байгаа бөгөөд манай компанийн зүгээс төлөх боломжгүй болоод байгаа юм. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасныг харгалзан үзэж, нэхэмжлэгчийн шаардаж буй алдангийн хэмжээг 50 хувиар буюу 12,392,228 төгрөгөөр багасгаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр, мөн оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч компанийн зүгээс 2 удаа 288,000,000 төгрөгийн гүйлгээгээр нийт 566,000,000 төгрөг төлсөн. Хариуцагч нь алдангийн хэмжээг 50 хувиар бууруулах буюу 12,392,228 төгрөгөөр багасгаж өгнө үү гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй. Мөн гэрээнд заасны дагуу барааг нийлүүлээгүй, захиалагч тал бараа нийлүүлэх хугацааг хэтрүүлсэн. Үүний улмаас нэхэмжлэгчид байгууллагад орлогын хохирол учирсан. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзсэн.
5.2. Хариуцагчтай харилцан тохиролцохын тулд бэлэн мөнгө бус арматурыг зах зээлийн үнээс өндөр үнээр авч өрийг барагдуулсан. Хариуцагч анх барьж байсан барилгаасаа орон сууц санал болгосон боловч тухайн орон сууцны м.кв талбайн үнийг 2,300,000 төгрөгөөр тохиролцсон. Гэтэл сүүлд нь орон сууцны м.кв талбайн үнэ 4,000,000 төгрөг болж өссөн тул талууд харилцан тохиролцож чадаагүй. Алдангийн хэмжээг бууруулах боломжгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүйн улмаас нийлүүлэгдээгүй барааны үлдэгдэл төлбөр 49,748,912 төгрөгийг буцаан гаргуулах, гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан алдангид 24,874,456 төгрөг гаргуулах, нийт 74,623,368 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд хариу тайлбар гаргаагүй байна.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. ******* ХХК нь худалдах, худалдан авах гэрээний нийт үнийн дүн болох 620,000,000 төгрөгөөс 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 288,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 288,000,000 төгрөг, нийт 576,000,000 төгрөгийг ******* ХХК-д урьдчилан төлсөн;
3.2. ******* ХХК нь гэрээний дагуу нийлүүлэх бараанаас 334,359,638 төгрөгийн барааг нийлүүлсэн, 241,640,361.72 төгрөгийн барааг нийлүүлээгүй;
3.3. ******* ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 31,341,450 төгрөгийн 100мм*100мм*8мм, 6000мм*1200мм sheet minimum хэмжээтэй 1,099.7 ширхэг арматурын тор, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 59,000,000 төгрөгийн 100мм*100мм*8мм, 6000мм*1200мм sheet minimum хэмжээтэй 2000 ширхэг арматурын тор, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 26,550,000 төгрөгийн 100мм*100мм*8мм, 6000мм*1200мм sheet minimum хэмжээтэй 900 ширхэг арматурын тор, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 75,000,000 төгрөгийн 100мм*100мм*8мм хэмжээтэй 30 ширхэг арматурын тор буюу нийт 191,891,450 төгрөгийн барааг худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөрийг нь урьдчилан төлсөн боловч нийлүүлэгдээгүй барааны үнэ болох 241,640,361.72 төгрөгөөс суутган тооцох байдлаар хүлээн авсан, урьдчилан төлсөн төлбөрөөс 49,748,912 төгрөгийн бараа нийлүүлэгдээгүй үлдсэн;
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байна.
5. Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 49,748,912 төгрөгийн барааг дутуу нийлүүлсэн тул нийлүүлэгдээгүй барааны үнийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүх дүгнэн хариуцагчаас 49,748,912 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн.
6. Анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлэх барааг дутуу нийлүүлсэн үүргийн зөрчилтэй холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан гэрээний 12.1, 12.2.2-т заасныг үндэслэн хариуцагчаас алдангид 24,874,456 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
6.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 12.1-д Талууд гэрээгээр хүлээсэн үүрэгтээ ямар ч тохиолдолд хүндэтгэлтэй хандах бөгөөд аль нэг тал нь үүргээ биелүүлээгүйн улмаас нөгөө талд учирсан илүү зардал, нэмэлт төлбөр, хохирлыг гэм буруутай тал хариуцна гэж, мөн зүйлийн 12.2.2-т Худалдагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол гэрээний нийт үнийн дүнгээр тооцон хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алдангийг худалдан авагчид төлнө гэж тус тус заасан байх ба гэрээний 12.2.2-т алдангийг гэрээний нийт үнийн дүнгээр тооцон хоног тутамд 0,5 хувиар тооцохоор заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоох зохицуулалтад нийцээгүй, тодруулбал, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс бус нийт үүргээс тооцохоор гэрээнд тусгасан
6.2. Талуудын алдангийн тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцээгүй байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 24,874,456 төгрөгийн алдангийг 12,392,228 төгрөгөөр багасгах хүсэлтэй буюу нэхэмжлэгчийн алданги нэхэмжилсэн шаардлагыг 12,482,228 төгрөгийн хэмжээнд зөвшөөрсөн агуулга бүхий хүсэлт, тайлбарыг шүүхэд гаргаж байх тул талуудын зарчим-ын хүрээнд хариуцагчаас алдангид 12,482,228 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчаас дутуу нийлүүлсэн барааны үнэ 49,748,912 төгрөг, алданги 12,482,228 төгрөг, нийт 62,231,140 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/07642 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 62,231,140 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,392,228 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 531,067 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 469,105 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 213,225 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Б.УУГАНБАЯР