| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2019/0277/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/295 |
| Огноо | 2019-10-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2019/ШЦТ/295
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч Ч.Батзориг,
Шүүгдэгч О.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Нхолбогдох эрүүгийн 1938006550368 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Н нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух эхнэр П.Тзодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Н нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух эхнэр П.Тзодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938006550368 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “... Эхнэр П.Т маань надруу харж хэсэг хэвтэж байгаад санаа алдаад буцаад цаашаагаа хараад хэвтчихсэн. Тэгэхээр нь би чи юунд цаашаагаа харчихаад байгаа юм бэ гээд маргалдсан. Маргалдаж байхдаа надад Ганцоож гэдэг залуутайгаа унтаж хэвтсэн талаараа хэлсэн. Би үүнийг сонсоод өөрийнхөө биеийг барьж чадалгүй түүнийг хөлөөрөө салтаа орчим руу нь 2 удаа өшиглөж, босоод ирэхээр нь гараараа толгойруу нь цохисон...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч П.Тийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг буруу харж унтлаа гэж хэрүүл хийж эхэлсэн. Тэгээд сүүлдээ цохиж зодсон асуудал болсон. Миний толгой руу гараараа цохиж намайг үсдэж байгаад орны толгой, хана, шкаф зэрэг газруудыг мөргүүлсэн. Мөн миний нуруу хэсэгт дэвсэж зодсон. Гарыг маань өргүүлж байгаад салтаа руу маань өшиглөсөн...Би нөхөр О.Нтай гэр бүл болоод 9 жил болж байна. Хоёр хүүхдийн минь эцэг учраас гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 20-21-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Аав О.Н шөнө ирчихсэн ээжийг зодож байсан. Би тухайн үед аавыгаа болиоч ээ гэж хэлэхэд дуугүй хөнжил дооруугаа ороод унт гэж хэлсэн. Тэгэхээр нь хөнжил доогуураа толгойгоо шургуулаад унтчихсан юм шиг нүдээ аниад л хэвтэж байсан. Тэр шөнө ээж маань унтаагүй, би ч гэсэн унтаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 471 дугаартай дүгнэлтэд:
1. П.Тийн биед баруун мөр, бугалга, зүүн дал, шанаа, баруун зүүн гуянд цус хуралт, тархинд доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.
3. П.Тийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 26-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-47-р хуудас/,
Хохирогч П.Тийн шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 48-49-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1938006550368 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Н нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух эхнэр П.Тзодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч О.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч П.Тийн /хх-ийн 17-18, 20-21-р хуудас/, насанд хүрээгүй гэрч Э.Б-ийн /хх-ийн 22-23-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 471 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-р хуудас/, Хохирогч П.Тийн шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 48-49-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч О.Н нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч О.Н нь хохирогч П.Тийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч О.Нг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.Н нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 47-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч О.Н нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1938006550368 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1938006550368 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР