| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01167/И |
| Дугаар | 1141 |
| Огноо | 2016-08-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 1141
| 2016 оны 08 сарын 29 өдөр | Дугаар 135/ШШ2016/00621 | Дархан-Уул аймаг |
Хэргийн индекс: 135/2016/01167/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 2 дугаар баг, **** тоотод оршин суух, Б*** овогт А***н Н*** /регистрийн дугаар ***, утас ***/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг,*** тоотод байрлах “*** ХХК” /утас ***/-д холбогдох ,
“6,662,250 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам, хариуцагч Т.Э***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Н*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...2015 оны 04 дүгээр сарын сүүлчээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Төвд 9 давхар барилга барина гэсэн зарыг телевизорээр болон гудамжинд наасан зарыг олж мэдсэн. Ингээд уг зарын дагуу *** ХХК-ийн захирал Т.Э***той уулзсан юм. Тухайн байгууллагын ня-бо ***тэй ч уулзсан юм. Ингээд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багт баригдаж буй 2 байрны 4 давхарт 2 өрөө *** тоот40,41 мкв талбай бүхий байрыг захиалж 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулсан юм. Байрны захиалгын урьдчилгаа төлбөрийг 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 4,441,500 төгрөгийг Т.Э*** өгсөн бөгөөд үлдэгдэл мөнгийг 2016 оны 05 дугаар сарын 01-нд төлж барагдуулна гэж жилийн гэрээ байгуулж 0,5 хувиар алданги тооцно гэж нэмэлт гэрээ байгуулсан. Гэтэл өнөөдрийг хүртэл тус захиалсан барилга байхгүй болсон бөгөөд Т.Э***оос урьдчилгаа болгож өгсөн мөнгөө авах гэхээр олдохгүй өдийг хүрч байна. Нэмэлт гэрээний дагуу 0,5 хувийн алданги болон урьдчилгаанд өгсөн мөнгөө тооцож нийт 6,662,250 төгрөгийг *** ХХК-иас гаргуулж өгнө үү.” гэв.
Хариуцагч *** ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“...*** ХХК нь иргэн А.Н***гаас байрны урьдчилгаа 4,441,500 төгрөг авсан үнэн хүлээн зөвшөөрч байна. Харин алданги 2,220,750 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй 2016 оны 04 дүгээр сарын 12-нд хийсэн гэрээг хүчинд автаж хийсэн одоо манай ажил зогссон байгаа. Газрын маргаан гарсан.
Иймд манай дансанд орсон мөнгөн төлбөрийг төлнө.” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Н*** нь *** ХХК-иас орон сууц захиалгаар барих 3 талт гэрээний үндсэн дээр төлсөн байрны урьдчилгаа мөнгө 4,441,500 төгрөг, алданги 2,220,750 төгрөг нийт 6,662,250 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч *** ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги 2,220,750 төгрөгийг төлөхөөс татгалзаж маргасан болно.
Зохигчид нь 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Орон сууц захиалгаар барих гурван талт гэрээ байгуулж, гэрээгээр “...Захиалагч нь Сайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 4 давхарт 2 өрөө *** тоот40,41 мкв талбайтай орон сууцыг захиалан бариулахаар тохиролцов.
...Хоёр тал харилцан тохиролцсноор орон сууцны үнэ Нэг мкв-ийн үнэ 1,100,000 төгрөг байна. Орон сууцны урьдчилгаа төлбөр 10 хувь байна.
...Гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг баталсан зураг, төслийн дагуу МУын барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм чанар стандартад нийцүүлэн 2016 оны 2 дугаар улиралд багтаан барьж улсын комисст хүлээлгэн өгөх ашиглалтанд оруулан захиалагчид хүлээлгэнэ өгнө...” гэж гэрээний гол нөхцлийн талаар тохироцож, гэрээг байгуулсан байна. /хх-/
Дээрх тохиролцооноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан гэрээний харилцаа үүссэн байна.
Уг гэрээг байгуулснаас хойших хугацаанд буюу 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгч А.Н*** нь орон сууцны урьдчилгаа төлбөрт 4,441,500 төгрөгийг хариуцагч *** ХХК-ний эзэмшлийн ХААН банк дахь *** тоот данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлэгийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа ба энэ талаар зохигчид маргаагүй болно.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч А.Н*** нь гэрээнд заасан хөлс болох 4,441,500 төгрөг төлөх үүргээ бүрэн биелүүлсэн байх бөгөөд хариуцагч *** ХХК нь гэрээнд заасан хугацаанд ажил гүйцэтгэн, хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 226 дугаар зүйлийн 226.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч А.Н*** нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар ажлын хөлсөнд урьдчилан өгсөн 4,441,500 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.
Хариуцагчийн төлөөлөгч Т.Э*** нэхэмжлэгчийн төлсөн 4,441,500 төгрөгийг буцаан өгөхийг зөвшөөрдөг боловч алданги 2,220,750 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.
Энэхүү татгалзлын үндэслэлээ хариуцагч тал “2016 оны 04 дүгээр сарын 12-нд хийсэн гэрээг хүчинд автаж хийсэн...” гэж тайлбарладаг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу дээрх тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Хэрэгт авагдсан баримтаар
Нэхэмжлэгч А.Н***, хариуцагч *** ХХК-ний захирал Т.Э*** нарын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “ ...4,441,500 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулна. Дурдсан хугацаанд дээрх мөнгийг өгөөгүй тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролсон” гэрээг байгуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “ Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.3-т “ Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.4-т “ Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасны дагуу хариуцагч тал тохиролцсон хугацаандаа 4,441,500 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэгч тал гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар тооцож алданги нэхэмжлэх эрхтэй болно.
Иймд хариуцагчаас орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 4,441,500 төгрөг, алданги 2,220,750 төгрөг, нийт 6,662,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч А.Н*** нь шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтийг ирүүлсэн байх тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.4-д заасныг баримтлан хариуцагч *** ХХК-иас орон сууцны урьдчилгаанд төлсөн 4,441,500 төгрөг, алданги 2,220,750 төгрөг, нийт 6,662,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Н***д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 122,000 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч А.Н***д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА