Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 159

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Ариунжаргал,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа,

Шүүгдэгч Н.А  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1915002110132 дугаартай, 163/2019/0145/Э индекстэй эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймгийн ... оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Н.А .         

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.А  нь /яллах дүгнэлтээр/ 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Орхон сумын ... гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А  өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй гэв.

1915002110132  дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч С.О ын өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр намайг албан ажлаар хөдөө явж байхад Орхон сумын ... гэх газраас **-** ОРА улсын дугаартай ачааны машин ойгоос мод ачаад явлаа гэж И.Л  гэдэг хүн хэлсэн. Тус мод бэлтгэсэн газар нь талбайн тусгаарлалт хийгдээгүй газар байсан. Ойг аймгийн Засаг даргын болон сумын Засаг даргын захирамжаар 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хаачихсан байгаа. Байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх саналтай. ...” гэх мэдүүлэг /хх 28 тал/,

Гэрч И.Л ын өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өглөө 10 цагийн үед Булган аймгийн Орхон сумын ...-наас мод ачсан машин орж ирээд  Орхон   аймгийн   зуг  засмал   замруу  орсон. Би хойноос нь машинтай гүйцэж түрүүлж очсон. Очоод би **-** ОРА улсын дугаартай ачааны машины жолоочоос    бичиг баримтаа шалгуул гэхэд шалгуулаагүй. Ачиж яваа модыг тоолоход 30 ширхэг мод байсан…ийм   учир   сумын   байгаль   орчины   хяналтын   улсын   байцаагч С.О ад мэдэгдсэн юм. ...” гэх мэдүүлэг /хх-31-32-р тал/,

Гэрч Б.Г гийн өгсөн: “...А аас “ямар учраас ойгоос зөвшөөрөлгүй мод  бэлтгээд   байна”   гэж  асуусан   чинь  А   гэх   залуу   “Булган   явчихаад буцахдаа хоосон яваад яахав гээд мод   аччихсан юм аа, ах уучлаарай” гэж байсан. …Ийм учир цагдаагийн байгууллагад хандсан. …Ойг 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Аймгийн  засаг даргын  захирамжаар  хаачихсан  байгаа  тул  ойгоос  мод  бэлтгэх эрхийн бичиг иргэдэд өгөхгүй байгаа. ...” гэх мэдүүлэг /хх 33-р тал/,

Шүүгдэгч Н.А  яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгаас эхнэр Б гийн эзэмшлийн **-** ОРА улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгсэлтэй Булган аймаг руу хүнтэй уулзах ажлаар явсан юм. Тэгээд Булган аймагт орж нөгөө хүнтэйгээ уулзчихаад буцаад Орхон аймаг явах замдаа Булган аймгийн Орхон сумын нутагт уулнаас 2 босоо хуурай мод унагааж, унагаасан моднуудаа 1 метр 40см хэмжээтэй тасдаж, нийт 27 ширхэг мод болгоод машиндаа ачаад Орхон аймаг руу явж, зарсан юм. Би мод бэлтгэж тээвэрлэхдээ эрхийн бичиг болон гарал үүслийн гэрчилгээ аваагүй. ...” гэх мэдүүлэг /хх 58-р тал/,

Булган аймгийн Булган суман дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 09 тоот дүгнэлтэд: Шинэс төрлийн хэрэглээний хуурай мод 1.96 м3 , нийт хохирол 117600 төгрөг гэх дүгнэлт /хх-38 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: ...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Орхон сумын ... гэх газар байх ба  уг газар нь боролзгоно ихтэй, өвс шарлаж гандсан, модны гишүү ихтэй газар байв. Уг моднуудаас хөрөөдсөн ...гэх модны үзүүр болон хожуулуудынх нь зургийг авч бэхжүүлэв ...гэжээ /хх-7-9 тал/,

Модонд үзлэг хийсэн тэмдэглэлд: “... 23 ширхэг шинэс төрлийн хуурай  мод байв... уг моднууд нь түлшний, хуурай шинэс төрлийн байна. ...” гэжээ /хх-10 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх 1-2 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-6 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-9 тал/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-11 тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12 тал/, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх 14-21 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын талаарх баримтууд /хх 61-62 тал/, хохирол төлсөн баримт /хх-71 тал/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Н.А  нь 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн нутаг “Дайвууны ам” гэх газраас 1.96 м3 хэмжээтэй, хэрэглээний хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр **-** ОРА улсын дугаартай, “Mazda Bongo” загварын тээврийн хэрэгслээр Орхон аймаг руу тээвэрлэсэн, худалдсан хууль зүйн факт буюу байгаль орчны эсрэг гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.     

Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Н.А ийн хууль бус үйлдлийн улмаас байгаль экологид 117600 төгрөгийн шууд хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 09 тоот дүгнэлт, хэрэг учралын газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийн гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.   

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.  

Хууль бусаар мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэдэгт мод бэлтгэх болон тээвэрлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас  аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Н.А ийн дээрхи үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 117600 төгрөгийн  шууд хохирол учирч, шүүгдэгч Н.А  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан нөхөн төлбөрийн хамт 352800 төгрөгийн хохирлыг төлсөн байна.

Шүүгдэгч Н.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Н.А ийн хууль бусаар бэлтгэж 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн 27 ширхэг буюу 1,96 м3 модыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцож, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улаан өнгийн моторт цахилгаан хөрөөг тус тус албадан гаргуулж, үнийг улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх **-** ОРА  улсын дугаартай “Mazda Bongo” загварын тээврийн хэрэгсэл нь түүний эхнэр Г.Б гийн эзэмшлийнх байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, өмчлөгч эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Н.А  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Н.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Н.А т оногдуулсан 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй болохыг дурьдаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

4.Энэ хэрэгт шүүгдэгч Н.А  нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5-д заасныг журамлан хэрэгт 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн 27 ширхэг буюу 1,96 м3 шинэс төрлийн мод болон улаан өнгийн моторт цахилгаан хөрөөг хурааж, үнийг Улсын төсөвт шилжүүлж, **-** ОРА  улсын дугаартай “Mazda Bongo” загварын тээврийн хэрэгслийг нь түүний өмчлөгч эзэмшигч Орхон аймгийн ... оршин суух Г.Б д олгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНХАНД