| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 301/2025/00638/и |
| Дугаар | 211/МА2025/00021 |
| Огноо | 2025-12-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 211/МА2025/00021
211/МА2025/00021
М ХХК-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 301/ШШ2025/00497 дугаартай шийдвэртэй,
Нэхэмжлэгч: У хот Б дүүрэг 0 дугаар хороо М ХХК-ийн байранд байрлах “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймгийн Э сумын 0 дугаар баг Х гэх газар оршин суух Б овогт Лийн Бд холбогдох,
4,434,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч Л.Бы давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагч Л.Б
Нарийн бичгийн дарга Г.Билгүүнсаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Барааны үнэ 4,434,400 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн үндэслэл: Хариуцагч Л.Б 14 нэр төрлийн 4,434,400 төгрөгийн үнэ бүхий барааг 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор үнийг төлж барагдуулахаар тохиролцож барааг хүлээн авсан ч үнийг төлөөгүй тул барааны үнэ 4,434,400 төгрөгийг гаргуулна гэжээ.
Хариуцагч Л.Бы татгалзлын үндэслэл: Нэхэмжлэгчээс авсан бараа нь тоо ёсоороо байгаа. Эхнэр төрөөд удаагүй байгаа. Би өөрөө авто осолд орсон болохоор мөнгө өгөх боломжгүй барааг буцааж өгөх саналтай гэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Баас барааны үнэ 4,434,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Баас 85,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагч Л.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол тайлбартаа: Анх М ХХК-ы захирал Э гэдэг хүнтэй бараа зарагдаагүй тохиолдолд буцааж өгөхөөр тохиролцож барааг авсан.
Тухайн үед зарагдсан барааны үнийг, зарагдаагүй үлдэгдэл барааны хамт өгөлцөж, авалцахаар тохирчхоод шүүхэд шууд 14 нэр төрлийн барааны үнийг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй.
Намайг осолд орж эмнэлэгт ухаангүй, утастай харьцах боломжгүй үед баахан залгасан байх. Бараа нь бэлэн байхад утсыг нь авахгүй байх шалтгаан надад байгаагүй. Тиймээс нэхэмжилсэн 4,434,400 төгрөгийг төлөх үндэслэлгүй, зарагдаагүй барааг нь буцаан өгөхөөр тохиролцсоны дагуу барааг нь өгөх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү? гэжээ.
Хариуцагч Л.Б давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбарын агуулга: М ХХК-ийн захирал н.Этай анх зарагдсан барааныхаа тооцоог хийгээд үлдэгдэл бараагаа буцааж авна гэж аман гэрээ хийсэн. Гэтэл одоо тэрээр үлдэгдэл бараагаа авахгүй гээд байгаа. Бараанаас 2-3 ширхэг зарагдсан, үлдсэн бараа хэвээрээ байгаа. Шүүх хуралдааны дараа н.Э захиралтай уулзах гээд ажил дээр нь очиход байгаагүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Л.Бд холбогдуулан түүнд худалдсан барааныхаа үнэ 4,434,400 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
3. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Л.Бд 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 14 нэр төрлийн барааг хүлээлгэн өгсөн байна.
4. Хариуцагч Л.Б нь нэхэмжлэлд дурдагдсан тоо ширхэг, үнэ бүхий барааг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй байна.
5. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Л.Б уг эд зүйлсийн үнийг нь 2025 оны 07 дугаар сарын 15-ны дотор төлөхөөр худалдан авсан гэж, харин хариуцагч Л.Б нь М ХХК-ы захирал Этай уг барааг худалдан борлуулах, зарагдаагүй барааг буцаан өгөхөөр тохиролцсон, худалдан авахаар тохиролцоогүй гэж маргажээ.
6. Талууд ямар нөхцөлөөр харилцан тохиролцож уг 14 нэр төрлийн барааг хүлээлцсэн болох нь маргааны зүйл болжээ.
7. Өөрөөр хэлбэл хариуцагч Л.Б нь амаар тохиролцсон гэрээний дагуу, зарагдсан барааны үнийг, зарагдаагүй барааны хамт шилжүүлэх үүрэг хүлээсэн, 14 нэр төрлийн барааны үнийг бүрэн төлөх үүрэггүй гэж, харин нэхэмжлэгч нь 14 нэр төрлийн барааг хариуцагч худалдан авсан тул үнийг нь төлөх ёстой гэж тус тус тайлбарлаж маргажээ.
8. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор хариуцагч Л.Бы 2025 оны 05 сарын 29-ний өдөр гаргасан “4,434,000 төгрөгийн бараа авсан нь үнэн. 2025.07.15-нд барагдуулж дуусна” гэсэн өргөдөл, 14 нэр төрлийн барааны зарлагын баримтыг шүүхэд гаргасныг хариуцагч Л.Б баримтаар няцаагаагүй бөгөөд нэхэмжлэгчтэй худалдах-худалдан авах гэрээнээс өөр төрлийн гэрээ хийсэн гэдэг тайлбараа, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй байна.
9. Тиймээс анхан шатны шүүх нэхэмжлэгч М ХХК-ы хариуцагч Л.Баас 14,434,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлж, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
11. Иргэний хуулийн 262 дугаар зүйл буюу зээлээр худалдах-худалдан авах гэрээ нь худалдах-худалдан авах гэрээний нэг төрөл боловч худалдан авсан эд зүйлийн үнийг нэг дор биш, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх учраас талуудын хооронд хүү тохирох, ийнхүү тохирсноор гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ нь эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэнээс нэмэгдсэн шинжтэй байдаг.
12. Мөн худалдах-худалдан авах гэрээнд худалдсан эд зүйлийн үнийг хэсэгчлэн төлөх хугацааг тохирч болдог бөгөөд худалдсан эд зүйлийн үнийг хэсэгчлэн төлснөөр эд хөрөнгийн үнэ нэмэгдээгүй байдгаараа худалдах-худалдан авах гэрээ нь зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс ялгаатай байдаг. Эд зүйлийн үнийг хэсэгчлэн төлөхөөр тохирсон л бол зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэх нь учир дутагдалтай.
13. Нэхэмжлэгч, хариуцагч нар эд зүйлийн үнийг төлөх хугацааг тохиролцсон болохоос үүний төлөө хүү тооцож, үнэ нэмэгдүүлэхээр тохиролцоогүй тул тэдний хооронд амаар байгуулсан гэрээ нь зээлээр худалдах-худалдан авах гэрээний үндсэн шинжээс илүү энгийн худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулж байна.
14. Худалдах худалдан авах гэрээг заавал бичгээр хийхийг шаардахгүй бөгөөд Хулдалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх худалдан авагч нь хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
15. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 14 нэр төрлийн 4,434,400 төгрөгийн барааг худалдах-худалдан авахаар тохиролцож нэхэмжлэгч нь хэлэлцэн тохиролцсон барааг хүлээлгэн өгсөн, хариуцагч нь хүлээн авсан байх тул хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүрэгтэй.
16. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн барааг нэхэмжлэгчид буцаан өгөх талаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй бүх төрлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан.
18. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар 07-ны өдрийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчилэн тогтоох тухай 03 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс сард 792,000 төгрөг байхаар тогтоосон тул энэхүү иргэний хэрэг нь тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байна.
19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхээр заасан тул давж заалдах шатны шүүхийн энэхүү магадлалд зохигч гомдол гаргахгүй, энэхүү магадлал шүүхийн эцсийн шийдвэр болохыг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 301/ШШ2025/00497 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4-д “ гэснийг 243 дугаар зүйлийн 243.1” гэж өөрчилж шийдвэрийн бусад зүйл, заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Л.Бы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Бы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэхүү магадлал шүүхийн эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЭНХТӨР
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
Д.БАЙГАЛМАА