| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1417/Э |
| Дугаар | 1450 |
| Огноо | 2019-09-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 1450
2019 09 17 2019/ШЦТ/1450
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Т.Жаргалсайхан,
Шүүгдэгч, хохирогч Ш.Б, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Б, Б.Б нарт холбогдох 1906 04501 1774 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:
1. Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймагт 1998 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 21 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, “Банана” бааранд хамгаалагч ажилтай, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, Боргүвээ, 5 дугаар хэсгийн гудамжны 44 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, З8а байрны 30 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Г овогт Шийн Б /РД:....../,
2. Монгол Улсын иргэн, Ховд аймагт 1990 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 29 настай бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Оорцог уул” ХХК-д мужаан ажилтай, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 3 дугаар гудамжны 1627 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Бгийн Б /РД:......./,
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Ш.Б нь 2019 оны 07 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Банана” бааранд үйлчлүүлж байсан Б.Бтэй маргалдан улмаар түүний тус нүүрэн газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Банана” бааранд тус бааранд хамгаалагч ажилтай Ш.Бтой маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Бын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт Ш.Бын хохирогчоор өгсөн: “Надад “дээр бааранд зодоон болж байна” гэж хэлсэн. Намайг дээшээ гарахад Б 3 найзынхаа хамт нэг залууг зодож байсан. Би Б болон зодоон хийж байсан хүмүүсийг шатаар буулгасан. Шатны доор очоод нөгөө залуу руу Б дайраад байхаар нь би “болиоч” гэж хэлэхэд над руу дайрсан. Би баруун гараараа Бгийн зүүн нүд рүү цохисон. Тэгээд муудалцаж, гадаа гараад харилцан зодолдсон...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Бгийн хохирогчоор өгсөн: “Тухайн газрын караокед орсон. Караокед дуулж байгаад цаг дууссан учир доод давхарт бааранд ороод сууж байх үед нэг хүн манай найзыг мөрлөсөн. Би мөрлөсөн хүнээс уучлалт гуйгаад явуулсан. Гэтэл нөгөө хүн буцаж ирээд миний цээж рүү толгойгоороо тулаад өдөөд байсан. Манай найз нөгөө хүний араас ирээд хавсарч унагаасан. Тэр үед хамгаалагч орж ирээд бид нар бүгд баарнаас гарахаар шатаар явж байх үед Б гараараа миний нүд рүү цохихоор нь би зөрүүлээд нэг удаа цохисон. Тэгээд баарны гадаа гарсан байх үед араас ирээд намайг дахин цохисон...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бгийн хохирогчоор өгсөн: “... Миний бүжгийн талбай дээр маргалдсан залууг манай найз Эрдэнэсүх хавсарч унагаасан юм байна лээ, үүнээс болж бааранд хамгаалагчаар ажиллаж байсан Ш.Б баарны хяналтын камерт харагддаггүй хэсэгт аваачиж миний нүүрэн хэсэгт цохисон, энэ үед манай найз Эрдэнэсүх нь Ш.Быг хойш салгаад барьсан байсан. Бид нар баарнаас гараад байж байхад Б ахин ирж цохиход нь би харилцан цохиж зодолдсон...” гэх мэдүүлэг /хх.9-10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Бын хохирогчоор өгсөн: “... Би дөнгөж саяхан буюу хэдхэн минутын өмнө /2019 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө/ 02:10 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Банана бааранд хамгаалагчийн ажлаа хийж байтал манайхаар үйлчлүүлж байсан үл таних 4 залуу бүжгийн талбай дээр байсан нэг залуутай зодолдоод байна гэхээр нь би гаднаас гүйж ирээд дундуур нь ороод салгах гэтэл тэр дунд байсан бор өнгийн цамцтай /Б.Б/ залуу “... чи найз нь юм уу...” гэж хэлээд миний нүүрэн тус газар 4 удаа цохисон... Бааранд зодоон болоод байхаар нь би дундуур нь ороод салгах гэтэл намайг зодсон. Бор өнгийн цамцтай Б.Б гэгч залуу миний нүүрэн тус газар маш олон удаа цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх.6-8/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Эрдэнэсүхийн өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө өөрийн найзууд болох Б болон Энхбатын хамт Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Банана гэх караокед үйлчлүүлж байсан. Бидний цаг дууссан тул авсан пиво уухаар доош бааранд нь ороод суусан. Би бүжиглэдэггүй тул ширээн дээрээ хараад сууж байхад Б нь нэг залуутай маргалдаад байсан. Би очиж дундуур нь орж салгасан. Тэр хоёр ямар ч байдлаар нэг нэгэндээ гар хүрч зодоон хийгээгүй байж байтал гаднаас баарны хамгаалагч гэх залуу /Ш.Б/ нь орж ирээд Бтэй маргалдаж эхэлсэн бөгөөд Ш.Б нь Бг гаръя гээд байсан. Би өмсөж байсан савхиа орхиод араас нь гартал баарны хонгилд Ш.Б нь Бг цохиж унагасан байсан. Би араас нь очиж Ш.Бын араас нь тэвэрч барьсан. Энэ үед Б босч ирээд Ш.Бын нүүрэн хэсэгт нь цохисон... Энэ үед Б нь баарнаас гараад явсан байсан бөгөөд Ш.Б араас нь гарсан. Би араас нь гараад ирэхэд Б такси барих гээд зогсож байхад Ш.Б нь гүйж очоод Бг цохиход Б нь харилцан зодолдож хэд хэд харилцан цохилцсон. Тэнд байсан хүмүүс тэр хоёрыг хурдан салгаж би цагдаад дуудлага өгч удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх.21-22/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч С.Чулуунсүхийн 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 9299 дугаартай: “... Б.Бгийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруул, зүүн хацар, дагзны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, хүзүүнд зулгаралт, баруун мөр, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх.14/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Сэлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 9270 дугаартай: “... Ш.Бын биед баруун хацар, дээд уруулд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.15 /,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бгийн яллагдагчаар өгсөн: “... Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би өмнө нь зүгээр байж байгаад яг зодоон болсон хэсгийг хагас хугас санаж байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад нэхэмжилж байгаа болон гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх.40-41/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Бын яллагдагчаар өгсөн: “... Баарны гадна шат руу буухад Б над руу “чи хэн юм бэ” гэж дайраад байхаар нь би өөдөөс нь харилцан зодолдсон. Бг найз нь салгаад цагдаад дуудлага өгсөн... Би уг гэмтлийг Бгийн биед учруулснаа хүлээн зөвшөөрч байна... Надад нэхэмжилж байгаа болон гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх.42-43/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Ш.Б нь 2019 оны 07 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Банана” бааранд үйлчлүүлж байсан Б.Бтэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Банана” бааранд тус бааранд хамгаалагч ажилтай Ш.Бтой маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бгийн хохирогчоор өгсөн: “... бааранд хамгаалагчаар ажиллаж байсан Ш.Б баарны хяналтын камерт харагддаггүй хэсэгт аваачиж миний нүүрэн хэсэгт цохисон... Бид нар баарнаас гараад байж байхад Б ахин ирж цохиход нь би харилцан цохиж зодолдсон...” гэх мэдүүлэг /хх.9-10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Бын хохирогчоор өгсөн: “... Бааранд зодоон болоод байхаар нь би дундуур нь ороод салгах гэтэл намайг зодсон. Бор өнгийн цамцтай Б.Б гэгч залуу миний нүүрэн тус газар маш олон удаа цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх.6-8/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Эрдэнэсүхийн өгсөн: “... Би өмсөж байсан савхиа орхиод араас нь гартал баарны хонгилд Ш.Б нь Бг цохиж унагасан байсан. Би араас нь очиж Ш.Бын араас нь тэвэрч барьсан. Энэ үед Б босч ирээд Ш.Бын нүүрэн хэсэгт нь цохисон... Би араас нь гараад ирэхэд Б такси барих гээд зогсож байхад Ш.Б нь гүйж очоод Бг цохиход Б нь харилцан зодолдож хэд хэд харилцан цохилцсон...” гэх мэдүүлэг /хх.21-22/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч С.Чулуунсүхийн 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 9299 дугаартай: “... Б.Бгийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруул, зүүн хацар, дагзны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, хүзүүнд зулгаралт, баруун мөр, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх.14/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Сэлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 9270 дугаартай: “... Ш.Бын биед баруун хацар, дээд уруулд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.15 /,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бгийн яллагдагчаар өгсөн: “... Би өмнө нь зүгээр байж байгаад яг зодоон болсон хэсгийг хагас хугас санаж байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.40-41/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Бын яллагдагчаар өгсөн: “... Баарны гадна шат руу буухад Б над руу “чи хэн юм бэ” гэж дайраад байхаар нь би өөдөөс нь харилцан зодолдсон... Би уг гэмтлийг Бгийн биед учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.42-43/,
Шүүхийн хэлэлцүүлэгт Ш.Бын хохирогчоор өгсөн: “... Шатны доор очоод нөгөө залуу руу Б дайраад байхаар нь би “болиоч” гэж хэлэхэд над руу дайрсан. Би баруун гараараа Бгийн зүүн нүд рүү цохисон. Тэгээд муудалцаж, гадаа гараад харилцан зодолдсон...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Бгийн хохирогчоор өгсөн: “... Тэр үед хамгаалагч орж ирээд бид нар бүгд баарнаас гарахаар шатаар явж байх үед Б гараараа миний нүд рүү цохихоор нь би зөрүүлээд нэг удаа цохисон. Тэгээд баарны гадаа гарсан байх үед араас ирээд намайг дахин цохисон...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б, Б.Б нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.Б, Б.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ш.Б, Б.Б нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдлийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Ш.Б, Б.Б нар нь хохирогчийн хувьд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.Б, Ш.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ш.Б, Б.Б нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б, Б.Б нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Ш.Б, Б.Б нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ш.Б, Б.Б нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.
Ш.Б, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г овогт Шийн Б, Б овогт Бгийн Б нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б, Б.Б нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Ш.Б, Б.Б нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ш.Б, Б.Б нарт сануулсугай.
5. Ш.Б, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хувьд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ш.Б, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР