| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 181/2016/00904/И |
| Дугаар | 957 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 957
2016 оны 10 сарын 12 өдөр Дугаар 181/ШШ2016/00957 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8 дугаар баг, 17 дугаар байшин, 60 тоотод оршин суух, Ач хариад овогт Галдангийн Пунцагбалжир /РД:РЭ69031015/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3-д байрлах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэр биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Пунцагбалжир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чингүн, П.Хадбаатар, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Иргэн Г.Пунцагбалжир нь “Радио, телевизийн сүлжээ” улсын төсөвт газрын даргын 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 70 дугаар тушаалаар Хөвсгөл аймаг дах Радио, телевизийн станцын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогджээ.
Гэтэл тус “Радио, телевизийн сүлжээ” улсын төсөвт газрын даргын 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 163 дугаар тушаалаар уг албан тушаалаас хууль бусаар халсан байна. Иймд зөрчигдсөн эрхээ хамгаалуулж тухайн үеийн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд гомдол гаргаснаар тус шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4850 дугаар шийдвэрээр түүнийг Хөвсгөл аймаг дахь Радио телевизийн станцын даргын үүрэг гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоосон юм. Хариуцагч уг шийдвэрийг эс зөвшөөрөн иргэний хэргийг дээд шатны шүүхүүдэд хянуулсан боловч анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн болно.
Хариуцагч тал шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлсэн тул Г.Пунцагбалжир нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан боловч цалингийн олговорыг олгосон ба харин ажилд томилох шүүхийн шийдвэр өнөөг хүртэл бодитой бүрэн биелэгдсэнгүй.
Хариуцагч “Радио, телевизийн сүлжээ” улсын төсөвт газрын дарга шүүхийн шийдвэрийг биелүүлснээр харагдуулахын тулд зөвхөн Радио, телевизийн станц гэж байгуулан түүний даргаар Г.Пунцагбалжирыг томилсон мэтээр үр дүн гаргахгүй дүр эсгэсэн тушаал гарган Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж хуурсан байна.
Иймд Г.Пунцагбалжир нь “Радио, телевизийн сүлжээ” улсын төсөвт газрын даргын дээд шатны албан тушаалтан болох Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргад гомдол гаргахад тус газрын дарга Ц.Жадамбаа 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Г.Пунцагбалжирыг Хөвсгөл аймаг дахь Радио, телевизийн сүлжээний газрын даргаар томилох нь зүйтэй гэсэн 1/453 тоот албан бичгийг “Радио, телевизийн сүлжээ” улсын төсөвт газрын даргад явуулсан боловч үл ойшоосон байна.
Харин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба “Радио, телевизийн сүлжээ” улсын төсөвт газрын даргын шүүхийн шийдвэрийг биелүүлсэн мэтээр дүр эсгэсэн хуурамч тушаалыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй болжээ.
Иймд Г.Пунцагбалжир нь тус албанд амаар болон бичгээр олон удаа гомдол гаргасны эцэст ахлах шийдвэр гүйцэтгэгч П.Хадбаатар 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 3/385 тоот хариу мэдэгдэх хуудсаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай мэдэгдсэн байна. Г.Пунцагбалжир нь уг хариу мэдэгдэх хуудсыг хүлээн аваад П.Хадбаатарын дээд шатны албан тушаалтан болох тус албаны дарга хурандаа Т.Энхбатад 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр огноолсон гомдол баталгаат шуудангаар явуулахад Монгол Улсын иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан хугацаанд хянан шийдвэрлэж хариу өгөөгүй ба 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Г.Пунцагбалжир, Т.Энхбат даргатай уулзах гэхэд завгүй гээд ажил хэрэгчээр хандаагүй байна. Харин ахлах шийдвэр гүйцэтгэгч П.Хадбаатартай нь уулзахад “шүүхэд ханд” гэжээ.
Ийнхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэрийг бүрэн утгаар нь биелүүлэхгүй ихээхэн чирэгдүүлж хохироож байгаад Г.Пунцагбалжир нь туйлын гомдолтой байгаа болно.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай шийдвэрээр Монгол Улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасны дагуу түүнд ирүүлэлгүй мөн хууль зөрчжээ.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэр биелүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4850 дугаар шийдвэр, Давж заалдах шатны 10 дугаар шүхийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1195 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор “Радио, телевизийн сүлжээ” улсын төсөвт үйлдвэрийн газраас Г.Пунцагбалжирын ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговорт 2,549,456 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 55,741 төгрөг гаргуулж, Г.Пунцагбалжирыг Хөвсгөл аймгийн Радио телевизийн станцын даргын үүрэг гүйцэтгэгчийн ажил эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 15250402 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгчид хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2/13558 тоот албан бичгээр өгснөөр ажилгүй байсан хугацааны нөхөн олговор, улсын тэмдэгтийн хураамжийн хамт тус албаны дансанд шилжүүлсэн. Дээрх мэдэгдлээр ажилд эгүүлэн тогтоосон тушаалыг гаргаж хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул төлбөр төлөгч “Радио, телевизийн сүлжээ” улсын төсөвт үйлдвэрийн газрын дарга Ч.Оюунбаатарт
1. 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 3/26088 тоот албан бичиг,
2. 2015 оны 8 дугаар сарын 20-ний өдрийн 3/28195 тоот албан бичиг,
3. 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 3/17664 тоот албан бичгүүдээр удаа дараа мэдэгдсэний дагуу 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 56 дугаар тогтоолоор Г.Пунцагбалжирыг шүүхийн шийдвэрт заагдсан ажил, албан тушаалд эгүүлэн томилсон тушаал гаргаж шийдвэр бүрэн биелэгдсэн. Ажилд эгүүлэн тогтоосон тушаалыг төлбөр авагч Г.Пунцагбалжирт 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр танилцуулсан байдаг.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-д зааснаар мэдэгдлийг хүлээн авсан хариуцагч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдах ажилд нь эгүүлэн тогтоосноор шийдвэр биелэгдсэнд тооцно гэсэн хуулийн заалтын дагуу тус гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болгосон нь хуулийн дагуу явагдсан байх тул Г.Пунцагбалжирын гаргасан хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Пунцагбалжир нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож, Улсын Дээд шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 84 дүгээр тогтоолыг бодитойгоор бүрэн гүйцэтгэхийг тус албанд даалгах шаардлага гаргасныг хариуцагч шүүхийн шийдвэр биелэгдсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4850 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 1195 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор Г.Пунцагбалжирыг Хөвсгөл аймаг дахь Радио телевизийн станцын даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2,549,456 төгрөг олгож шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 15250402 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 340 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцжээ.
Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 3/385 тоот хариу мэдэгдэх хуудсыг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч мэдсэн, зөвшөөрөхгүй талаарх гомдлоо 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны даргад гаргасан боловч гомдлын хариуг өгөөгүй үндэслэлээр 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэлээр гаргажээ.
Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-ын даргын 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 56 дугаар тушаалаар намайг Хөвсгөл аймгийн радио, телевизийн сүлжээний газрын радио телевизийн станцын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь дүр эсгэсэн үйл ажиллагаа, Хөвсгөл аймаг дахь станц нь газар болж өөрчлөгдсөн тул байхгүй албан тушаалд намайг томилсон тушаал гаргаж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн мэт харагдуулсан байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба уг тушаалд үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй гэж тайлбарласан байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-ын дарга Ч.Оюунбаатар нь 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 56 дугаартай тушаал гаргаж, Г.Пунцагбалжирыг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс Хөвсгөл аймгийн радио, телевизийн сүлжээний газрын радио телевизийн станцын даргын үүрэг гүйцэтгэгчээр эгүүлэн томилсон нь Улсын Дээд шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 84 тоот тогтоолд заасантай нийцсэн байна.
“Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ нь шүүхийн шийдвэрт заасан 2,549,456 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, түүнийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрт заасан ажил, албан тушаалд томилсон дээрх тушаалыг гаргасан тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т “...хариуцагч нь урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдахь ажилд нь эгүүлэн тогтоосноор шийдвэр биелэгдсэнд тооцно” гэж заасныг баримтлан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцсон нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “...сургалт дууссаны хойно ажлаа хүлээн авахаар очиход өмнө эрхэлж байсан даргын ажил биш ерөнхий инженерийн ажил байсан тул үргэлжлүүлэн ажиллаагүй” гэх тайлбар болон ажилд эгүүлэн томилсон тушаалын дагуу 2016 оны 4 дүгээр сарын 15-17-ны хооронд “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-аас зохион явуулдаг сургалтад хамрагдсан байдал зэргээс дүгнэвэл шүүх ажилд эгүүлэн томилсон тушаалыг дүр эсгэсэн, биелэгдэх боломжгүй тушаал гэж үзэх боломжгүй байна.
Хэрэгт авагдсан Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1/453 тоот албан бичгээс үзвэл “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-ын дүрэм өөрчлөгдөж, тус газрын аймаг дахь станц нь газар болж өөрчлөгдөн зохион байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байх боловч Г.Пунцагбалжирын урьд эрхэлж байсан ажил, албан тушаал өөрчлөгдсөн бол түүнтэй тохиролцож тохирох өөр ажил, албан тушаалд авах үүрэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.6-д заасны дагуу ажил олгогчид байдаг тул энэхүү тохиролцоонд хөндлөнгөөс оролцох эрх Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд байхгүй гэж үзнэ.
Иймд байхгүй албан тушаалд томилсон тушаалд үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ажиллагаа хуульд нийцээгүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.
Тодорхой үйл ажиллагаа гүйцэтгэхийг хариуцагчид даалгасан шүүхийн шийдвэрийг ямар тохиолдолд биелэгдсэнд тооцохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 37.3-т заасан зохицуулалтаар тодорхой заасан байх тул хуульд заасан энэ журмыг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцсон нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь ажил олгогчийг хууль болон шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ үндэслэлгүй тушаал гаргаж, эсхүл нэхэмжлэгчийн эрхийг дордуулсан тушаалаар гүйцэтгэсэн гэж үзэж байгаа бол энэ талаарх гомдлыг ажил олгогчид холбогдуулан шүүхэд гаргаж, шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан ажиллагаа, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон тогтоол нь хуульд нийцсэн байхын зэрэгцээ нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр мэдсэн атлаа ажиллагааны талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасан хугацааг хэтрүүлсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэр биелүүлэхийг даалгах тухай Г.Пунцагбалжирын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.3, 67 дугаар зүйлийн 67.3-т заасныг баримтлан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэр биелүүлэхийг даалгах тухай Г.Пунцагбалжирын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА