Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2020/0217

 

“Г” ХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.О, хариуцагч С.Ж, хариуцагч Б.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нарыг оролцуулан Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Г” ХК-ийн гомдолтой, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар шийдвэрээр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 14 дүгээр зүйлийн 14.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 он/ 14 дүгээр зүйлийн 14.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус баримтлан “Г” ХК-аас Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0174301 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг хуульд нийцсэн гэж дүгнэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай бөгөөд эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох ажиллагаа явуулаагүй байхад хэрэгт авагдсан баримтыг нотлох баримтаар үнэлэн шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хуульд үл нийцэж байна.

Зөрчилд холбогдогчийг эрх бүхий албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан эсэхийг шалгаж тогтоохдоо нотлох баримтаа заавал хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ёстой. Гэтэл эрх бүхий албан тушаалтан болох татварын улсын байцаагч нар “Г” ХК-тай холбоотой зөрчлийн хэрэгт нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагааг огт хийгээгүй бөгөөд хэрхэн яаж цуглуулж бэхжүүлсэн нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудыг шууд нотлох баримтаар тооцож шийтгэл оногдуулах, шүүх түүнийг нь шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 5-д заасантай нийцэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0174301 дугаартай шийтгэлийн хуудсаар “Г” ХК-ийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “М г э и” ХХК-аас 290,909,090 төгрөгийн бараа, материал худалдан авсан мэтээр тайлагнаж, татвар ногдуулах орлогоо бууруулсан гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу 8,727,272 төгрөгийн торгууль, 29,090,909 төгрөгийн хохирол, 12,945,454 төгрөгийн нөхөн төлбөр, нийт 50,763,635 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Үүнийг эс зөвшөөрч, гомдол гаргагч “Г” ХК-аас “...үйлдвэрийн байрандаа засвар хийж, энэхүү засварын ажилдаа “М г э и” ХХК-аас 290,909,090 төгрөгийн бараа, материал худалдсан авсан бөгөөд тус компаниас нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авсан, ... тус падааныг хуурамч гэдгийг нь шалгаж тогтоолгүйгээр манай компанид шийтгэл оногдуулж буй нь учир дутагдалтай” гэх үндэслэлээр маргажээ.

Харин хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд “Г” ХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 001895860 дугаар падаанаар 290,909,090 төгрөгийн бараа, материалыг “М г э и” ХХК-аас нэмэгдсэн өртгийн албан татвартайгаар худалдан авснаар 2015 оны 12 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж, уг худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварыг хасагдах нэмэгдсэн өртгийн албан татварт тооцож тайлагнасан үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

“М г э и” ХХК-ийн захирал Р.Б нь 2015-2016 онуудад олон тооны аж ахуйн нэгжүүдэд “... бараа худалдан борлуулсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын цахим шивэлт хийсэн, бараа импортлоогүй атлаа импортлосон мэтээр тайлагнаж, татвар ногдох орлогыг бууруулан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх боломжийг бусдад олгосон” болох нь эрүүгийн хэрэг бүртгэлтийн явцад тогтоогдсон, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10а3/827 дугаар албан бичгээр Татварын ерөнхий газарт хандаж, “...Татварын ерөнхий хуулийн дагуу арга хэмжээ авах”-ыг хүссэний дагуу, Татварын ерөнхий газраас 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 дугаар албан бичгээр Өмнөговь аймгийн Татварын хэлтэст хандан нэр бүхий аж ахуйн нэгжийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх талаар мэдэгдсэн, дээрх компаниас “хий бичилттэй” нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авсан аж ахуйн нэгжүүдийн нэрсийн жагсаалтад “Г” ХК[1] багтсан байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 14 дүгээр зүйлийн 14.4-д “албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ”, 14.5-д “албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж тус тус зааснаас үзвэл, “Г” ХК нь “М г э и” ХХК-аас 290,909,090 төгрөгийн үнэ бүхий бараа, материалыг худалдан аваагүй, нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөөгүй атлаа хуурамчаар үйлдсэн падааныг нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх дүнгээс хасч татвар ногдуулах орлогоо бууруулсан зөрчил гаргажээ.

Тодруулбал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бараа материал борлуулсан “М г э и” ХХК нь “ямар нэг борлуулалт хийгээгүй, ... нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд хий бичилт хийж аж ахуйн нэгжүүдэд өгсөн” үйлдлээ хүлээн зөвшөөрсөн нь Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаартай тогтоолоор тогтоогдсон байх тул “Г” ХК-ийн худалдан авсан гэх нийт 290,909,090 төгрөгийн бараа материалын хувьд “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгдсөн” гэж шүүх дүгнэх боломжгүй, энэ үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хуульд нийцсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Түүнчлэн гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “...өмнө нь “Г” ХК-ийг дээрх зөрчлийг гаргасан гэж 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1102201869 дугаартай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулж байсан боловч шүүхийн шийдвэрээр тус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож байсан. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа /шалгаж шийдвэрлэгдсэн асуудалд/ зөрчлийн хэрэг нээж хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан дахин шийтгэл оногдуулж буй нь шударга ёсонд нийцэхгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр “...хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлгүй ... татварын улсын байцаагч нар зөрчлийн хэрэг нээж хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж нотлох үүргээ хэрэгжүүлээгүй” гэсэн агуулгаар 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1102201869 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа татварын улсын байцаагч нараас зөрчлийн хэрэг нээж, холбогдох нотлох баримт цуглуулсны үндсэн дээр “Г” ХК-ийн зөрчилд шийтгэл оногдуулсаныг буруутгах үндэслэлгүй юм.  

Иймд гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

                                       ШҮҮГЧ                                                                          Г.БИЛГҮҮН

                                       ШҮҮГЧ                                                                          Д.БААТАРХҮҮ

 

 


[1] Хавтаст хэргийн 69 дүгээр тал,