Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 044

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза би Өлгий сумын 6 дугаар багийн оршин суугч Т.Даркейгээс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/270 дугаар захирамжийн ...иргэн Т.Даркейн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт Тирлик захын урд талд байршилтай эзэмшил газраас 314 м.кв газрын эзэмших эрхийг хэсэгчилэн хүчингүй болгож... гэсэн хэсгийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Даркей шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Монгол улсын иргэн Т.Даркей би 1999 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Өлгий сумын Засаг даргын шийдвэрээр 1786 м.кв газрыг Газрын тухай хуульд нийцүүлэн холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн зохих журмын дагуу авсан юм. Түүнээс хойш уг газарт гэр ахуйн барааны дэлгүүр, хашаа бусдад түрээслүүлсэний байр барьж худалдааны үйлчилгээний зориулалтаар ашиглаж ирсэн юм. Үүний өмнө нь 16 жил эзэмшиж ирсэн газрыг үргэлжүүлэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/129 дугаар захирамж ёсоор Өлгий сумын 11 дүгээр баг, Тирлик захын урд талд байрлалтай 1760.0 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшихээр болж дахин гэрчилгээ авсан юм. Аймгийн Газрын албанаас 00436000 дугаартай гэрчилгээ олгосон. Т.Даркей би байнга худалдаа наймаа эрхэлдэг ба тухайн газрыг одоо хүртэл зориулалтын дагуу ашиглаж байна. Гэтэл иргэн Т.Даркей надад мэдэгдэлгүйгээр аймгийн Засаг дарга А.Гылымхан нь 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр А/279 дугаар захирамж гарган надад өмнө эзэмшүүлсэн 1760.0 м.кв газраас 314 м.кв газрыг эзэмших эрхийг хүчингүй болгон 1447 м.кв газрыг эзэмшүүлэхээр болжээ. Би тухайн эзэмшилдээ авсан газрын төлбөрийг жил бүр төлж, зориулалтын дагуу ашиглаж байгаа юм. Уг газрыг төрөөс эзэмшүүлсэн хугацаа нь 15 жил ба хугацаа нь болоогүй байхад гэрчилгээгээр хэсэгчилсэн эзэмшүүлсэн газрыг хүчингүй болгож байгаа хууль зүйн үндэслэл муутай гэж үзэж байна. Гэрээнд заасан зарим зүйлийг шууд хийх боломжгүй байсан ба аажмаар хийхээр төлөвлөж байсан юм.

Иймд аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/270 дугаар захирамжийн иргэн Т.Даркейн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт Тирлик захын урд талд байршилтай эзмшил газраас 314 м.кв газрын эзэмших эрхийг хэсэгчилэн хүчингүй болгож... гэсэн хэсгийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Даркейгээс шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие нэхэмжлэгч Т.Даркей тус шүүхэд 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр аймгийн Засаг даргад холбогдуулан аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/270 дугаартай захирамжийн иргэн Т.Даркейн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт Тирлик захын урд талд байршилтай эзэмшил газраас 314 м.кв газрын эзэмших эрхийг хэсэгчилэн хүчингүй болгож гэсэн хэсгийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Миний бие уг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа. Эрх үүргээ ойлгосон, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахгүй гэдгээ бүрэн ухамсарласан.

Иймд миний дээрх хүсэлтийг харгалзан уг хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан гэх үндэслэлээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Даркей нь аймгийн Засаг даргад холбогдуулан аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/270 дугаар захирамжийн ...иргэн Т.Даркейн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт Тирлик захын урд талд байршилтай эзэмшил газраас 314 м.кв газрын эзэмших эрхийг хэсэгчилэн хүчингүй болгож... гэсэн хэсгийг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба энэхүү нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй тул нэхэмжлэгч Т.Даркей нь дээрх шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Даркей нь тус шүүхэд гаргасан аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/270 дугаар захирамжийн ...иргэн Т.Даркейн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт Тирлик захын урд талд байршилтай эзэмшил газраас 314 м.кв газрын эзэмших эрхийг хэсэгчилэн хүчингүй болгож... гэсэн хэсгийг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Т.Даркейн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ М.РИЗА