Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 4640

 

   2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2016/04638

               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэгийг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон ...тоотод байрлах, .. регистртэй, “Доорхан монголиа” ХХК-ийн

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Бат-Ур” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч “Доорхан монголиа” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай байгууллага “Бат-Ур” ХХК-тай 2013 оны  дүгээр сарын 13-ны өдрийн ДХ-09/41 тоот “Дарь эхийн хуучин эцэст граажийн автомат хаалга 2 ширхэг, алсын удирдлага 4 ширхэгийг нйлүүлэн, суурьлуулах” гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээний үүргийн гүйцэтгэлд “Бат-Ур” ХХК-иас нийт 6,127,500 төгрөг авахаар болсон. Гэтэл захиалагч байгууллага гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төлбөрөө төлөхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “Бат-Ур” ХХК-ийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд “Бат-Ур” ХХК /ерөнхий захирал Ц.Энхболд/-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч “Доорхан монголиа” ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох 2097281 регистртэй, “Бат-Ур” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд “Бат-Ур” ХХК нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тул “Доорхан монголиа” ХХК-ийн хүсэлтийг хангаж, “Бат-Ур” ХХК-ийг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

 

Мөн хүсэлт гаргагч “Доорхан монголиа” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх тухай хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистртэй, “Бат-Ур” ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Тахарын ерөнхий газрын харъяа Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын Эрэн сурвалжлах хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.“Бат-Ур” ХХК нь регистртэй, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Хос бэрс” ХХК-ийн байранд байрлах бүртгэлтэй, Ерөнхий захирал Ц.Э, ..дугаарыг эзэмшдэг болохыг тус тус дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        А.САРАНТУЯА