Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 4640

 

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2016/04640

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэгийг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москвагийн гудамж 40/1 тоотод байрлах, 2025191 дугаарын регистртэй “Дашваанжил” ХХК-ийн,

Хариуцагч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 49 дүгээр байрны 13 тоотод оршин суух, УГ83071511 дугаарын регистртэй, Чонос ургийн овогт Сажий овогтой Батзоригт холбогдох,

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Батзориг нь манай компанид 2006 оноос 2012 оны хооронд Хий цэнэглэх станцын дарга, ерөнхий инженер, Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженерээр тус тус ажиллаж байсан. Компанийн зүгээс ажилтныхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд автомашин авахад нь дэмжлэг үзүүлж, мөн компанийн өмчлөлийн байранд үнэ төлбөргүй амьдруулсан. С.Батзориг нь ажиллах хугацаандаа удаа дараа өр төлбөр гаргаж ажилдаа хайнга хандсанаас компанид их хэмжээний хохирол учруулж байсан бөгөөд ажилд ирэхгүй хаяж явсан тул 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаас халсан. Ажлаас халснаас хойш компанийн байрыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл чөлөөлж өгөхгүй байна. Иймд С.Батзоригийн амьдарч буй “Дашваанжил” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг 5 дугаар хороо 10 дугаар хороолол 49 дүгээр байрны 13 тоот байрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: С.Батзориг нь манай компанид 2006 оноос 2012 оны хооронд хий цэнэглэх станцын  дарга, ерөнхий инженер, Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженерээр тус тус ажиллаж байсан. Компанийн зүгээс ажилтныхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд автомашин  авахад нь дэмжлэг үзүүлж, мөн компанийн өмчлөлийн байранд үнэ төлбөргүй амьдруулсан. С.Батзориг нь ажиллах хугацаандаа удаа дараа өр төлбөр гаргаж ажилдаа хайнга хандсанаас компанид их хэмжээний хохирол учруулж байсан бөгөөд ажилд ирэхгүй хаяж явсан тул 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаас халсан. Ажлаас халснаас хойш компанийн байрыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл чөлөөлж өгөхгүй байна. Иймд С.Батзоригийн амьдарч буй “Дашваанжил” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 49 дүгээр байрны 13 тоот байрыг чөлөөлж өгнө үү гэв.

            Хариуцагч С.Батзориг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сажий овогтой Батзориг миний бие нь 2005 онд ШУТИС-ийн геологийн сургуулийн Нефть хийн хангамжийн ангийг бакалаврын зэрэгтэйгээр төгсөж мөн оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тус байгууллагад ШШХЦС-ийн мастерын албан тушаалтайгаар ажил амьдралын гараагаа эхэлсэн. 2005 оны 8 дугаар сарын 01-ний өдөр тус компанийн Ерөнхий инженер, станцын даргын албан тушаал дээр томилогдон 2010 он хүртэл ажилласан. 2010-2011 онд Ерөнхий инженерийн албан тушаал, 2011-2012 онд Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженер, 2012 онд Технологи инженер гэх албан тушаалд томилогдон ажиллаж байсан. 2013 онд Дарханд болсон шүүх хуралд тус компанийн захирал Н.Баатаржавын шахалтаар хуурамч нотлох бичиг бүрдүүлж өгснөөр 2 жилийн тэнсэн хорих ял авсан. 2012 оны 12 сарын 15-ны өдөр хүний нөөцийн менежерт 30-ны өдөр ээлжийн амралтаа авах хүсэлтэй байгаагаа бичгээр гарган өгсөн. Дээрх жилүүдэд ажиллаж байх хугацаанд ээлжийн амралтыг нэг ч удаа авч байгаагүй. 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ээлжийн амралтаа авах хүсэлтэй байгаагаа захирлуудад хэлэхэд амралт өгөхгүй, ажлаасаа гар гэсэн тул ажлаас гарсан. Би 8,6 жил ажиллах хугацаандаа хөдөлмөрийн хуульд заасан ажлын цагийг байнга хэтрүүлэн ажиллаж байсан бөгөөд хүү цагийн ажлын хөлсийг бодож өгдөггүй байсан. Миний бие ШШХЦС-ын технологийн горим, аваарь осол, компанийн борлуулалтыг тасалдуулахгүйн тулд ажлын цаг наргүй хагас бүтэн сайнгүй хоёргүй сэтгэлээр ажиллаж байхад 2009 онд хийн түлш дутагдсан гэж Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэсэгт мэдэгдэл гарган С.Батзориг миний биеийг шалгуулахад хийн түлш вагонтцистернээс дутуу ирсэн талаарх холбогдох нотлох баримтыг цагдаагийн хэсэгт өгч тухайн хэрэг хаагдаж байсан. Анх ажилд орж байхад 5 жил ажиллавал 1 өрөө байрны 70 хувийг компаниас гаргаж өгнө гэж аман гэрээ хийж байсан. 2009 оны намар Дарханд томилолтоор ажиллаад ирэхэд 10 дугаар хороололд одоогийн амьдарч байгаа байрыг авч өгсөн. Ажиллаж байх хугацаандаа захирлуудад тохиролцсоны дагуу байрыг минь нэр дээр минь шилжүүлэн өгөөч гэж удаа дараа аман болон бичгээр хүсэлтл тавьж байсан. Иймд тус компанийн удирдлагуудтай хэлэлцээр хийн, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны 49-1-ийн 13 тоот байрыг миний нэр дээр шилжүүлэх хүсэлтэй байна гэжээ.

            Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК нь хариуцагч С.Батзоригийн хууль бус эзэмшлээс тус компанийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 49 дүгээр байрны 13 тоот дахь, улсын бүртгэлийн Ү-2205020040 дугаартай 38,96 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч С.Батзориг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаан бүхий орон сууцны 70 хувийг “Дашваанжил” ХХК-иас гаргаж өгөхөөр аман хэлцэл хийж, 2005-2012 он хүртэл тус компанид тогтвортой ажилласан учир маргаан бүхий байрыг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хүсч маргасан.

Хэргийг анхны удаа хэлэлцэхээр товлогдсон 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчаас өвчтэйн улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэх хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхээр хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан. Мөн дараагийн буюу 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчаас Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхцсан гэх шалтгаанаар хуралдаан хойшлуулах хүсэлтийг шүүх мөн хүлээн авч, энэ шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

Гэвч дахин товлогдсон 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч мэдсэн боловч мөн өвчтэйн улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг шүүх хангалгүй орхиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу түүний эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. /хх 17-20, 26-29, 31-33/

Маргааны зүйл болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 49 дүгээр байрны 13 тоот дахь улсын бүртгэлийн Ү-2205020040 дугаартай 38,96 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц нь нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК-ийн хууль ёсны өмчлөгч болох нь зохигчдын тайлбар болон 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 000085142 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. /хх 4, 15/

Харин хариуцагч С.Батзориг нь нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК-д тогтвортой олон жил ажилласан бөгөөд компанийн зүгээс уг орон сууцны 70 хувийн төлбөрийг хариуцахаар аман хэлцэл хийсэн гэж тайлбарлан маргах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хангалттай биелүүлээгүй гэж үзлээ.

Нэгэнт маргаан бүхий орон сууцны өмчлөгч нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК мөн эсэх талаар зохигчид маргаагүй бөгөөд өмчлөгч мөн болох нь баримтаар тогтоогдсон учир Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК нь хариуцагч С.Батзоригийн хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардлах эрхтэй байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул шүүхийн зардлыг хариуцагчид хариуцуулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 10 дугаар хороолол 49 дүгээр байрны 13 тоот дахь, улсын бүртгэлийн Ү-2205020040 дугаартай 38,96 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг хариуцагч УГ83071511 регистртэй, Чонос овогт Сажийгийн Батзоригийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах шатны журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         А.САРАНТУЯА