Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 1462

 

                        

 

 

 

  2019         09         20                                         2019/ШЦТ/1462

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Л.Бурмаа /ҮД:0475/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Эт холбогдох 1806 03307 0196 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт 1993 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, эрэгтэй, 26 настай, дээд боловсролтой, Олон улсын харилцааны менежер мэргэжилтэй, “Bright” ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн гудамжны 9 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, О овогт Гийн Э /РД:......../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Г.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарт дулаан” хотхоны орчим иргэн Ш.Дашнямын гээгдүүлсэн гар утас, бугуйн цаг зэргийг завшсаны улмаас 395.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Эийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Дашнямын өгсөн: “... Би тухайн үед архи ууж байсан айлаасаа гараад шатаар буугаад орцноос гарах үед сандал харагдахаар нь тэнд очиж суусан өөр зүйл санахгүй байгаа. Би өөрийн эд зүйлсээ хэрхэн яаж алдсан талаараа санахгүй, мэдэхгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх.16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баярмаагийн өгсөн: “... нэг өглөө 08 цагийн үед ажилдаа явах гээд манай аавын эзэмшилийн 46-46 ДАА улсын дугаартай хөх өнгийн приус 20 маркийн автомашиндаа суух гээд гарч ирэхэд манай машины хойд талын шил арчигч хугарчихсан, жолоочийн эсрэг талын хаалганы борооны хаалтыг хугалчихсан хойд талын хаалга, дугуй хэсэг рүү бөөлжсөн байсан, тэгээд тэр бөөлжисний хэсэгт Самсунг галакси жи-5 маркийн хар өнгийн гэртэй, хар хөх өнгийн гар утас, төмөр оосортой төмөр цаг байсныг нөхөрт хэлээд манай нөхөр газраас авсан, тэгээд манай байрны хүн байгаа байх гэж бодоод машинаа янзлуулъя гээд утсыг нь үзэхэд унтарсан байсан, тэрнээс хойш манай нөхөр миний нэр дээр байдаг 99519453 гэсэн дугаарыг хийж ашиглаж байсан...” гэх мэдүүлэг /хх.21/,

357620081487732 IMEI кодтой утсанд 99519453 дугаар ашиглагдаж байгаа талаар үүрэн телефоны “Мобиком корпораци” ХХК-й 2018 оны 08 дугаар сарын 24-ний 18/4378 тоот албан бичиг /хх.47/,

Гар утас, цаг зэрэг гээгдэл эд зүйлсийг 395,000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ний үнэлгээний тайлан /хх.22-23/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Г.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарт дулаан” хотхоны орчим иргэн Ш.Дашнямын гээгдүүлсэн гар утас, бугуйн цаг зэргийг завшсаны улмаас 395.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Дашнямын өгсөн: “... Би тухайн үед архи ууж байсан айлаасаа гараад шатаар буугаад орцноос гарах үед сандал харагдахаар нь тэнд очиж суусан өөр зүйл санахгүй байгаа. Би өөрийн эд зүйлсээ хэрхэн яаж алдсан талаараа санахгүй, мэдэхгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх.16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баярмаагийн өгсөн: “... нэг өглөө 08 цагийн үед ажилдаа явах гээд манай аавын эзэмшлийн 46-46 ДАА улсын дугаартай хөх өнгийн приус-20 маркийн автомашиндаа суух гээд гарч ирэхэд манай машины хойд талын шил арчигч хугарчихсан, жолоочийн эсрэг талын хаалганы борооны хаалтыг хугалчихсан хойд талын хаалга, дугуй хэсэг рүү бөөлжсөн байсан, тэгээд тэр бөөлжисний хэсэгт Самсунг галакси жи-5 маркийн хар өнгийн гэртэй, хар хөх өнгийн гар утас, төмөр оосортой төмөр цаг байсныг нөхөрт хэлээд манай нөхөр газраас авсан, тэгээд манай байрны хүн байгаа байх гэж бодоод машинаа янзлуулъя гээд утсыг нь үзэхэд унтарсан байсан, тэрнээс хойш манай нөхөр миний нэр дээр байдаг 99519453 гэсэн дугаарыг хийж ашиглаж байсан...” гэх мэдүүлэг /хх.21/,

357620081487732 IMEI кодтой утсанд 99519453 дугаар ашиглагдаж байгаа талаар үүрэн телефоны “Мобиком корпораци” ХХК-ий 2018 оны 08 дугаар сарын 24-ний 18/4378 тоот албан бичиг /хх.47/,

Гар утас, цаг зэрэг гээгдэл эд зүйлсийг 395.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ний үнэлгээний тайлан /хх.22-23/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Эийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Г.Эийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Ш.Дашням нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Г.Эийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Г.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Эт холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О овогт Гийн Эийг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Эт холбогдох 1806 03307 0196 дугаартай эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх нэг жилийн хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

3. Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ш.Дашням нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                     С.ӨСӨХБАЯР