| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01165/И |
| Дугаар | 01253 |
| Огноо | 2016-10-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 01253
2016 оны 10 сарын 11 өдөр Дугаар 142/ШШ2016/01253 Орхон аймаг
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: “Хөх тэнгэрийн заяа” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: 1979 онд төрсөн, 37 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол багийн Баянталын 03 дугаар гудамжны 54 тоотод оршин суух Ноён овгийн Баасангийн Сэлэнгэд /регистрийн дугаар ФЖ79072407/ холбогдох 1 275 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хөх тэнгэрийн заяа ХХК-аас Б.Сэлэнгэ нь барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,500,000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг 60 хоногийн хугацаатай сарын 10% хүүтэй зээлж авсан. Зээлийн эргэн төлөлтийг зээл авснаас хойш өдөрт 50,000 төгрөгөөр төлж барагдуулахаар гэрээгээр тохиролцсон боловч 43 өдрийн зээлийн төлөлт 2 150 000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл, үндсэн зээл, зээлийн хүү болох 850 000 төгрөгийг төлөлгүй хохироож байна. Барьцаат зээлийн гэрээний 10-т зааснаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд 0,5% алданги бодохоор тохиролцсон байх тул гэрээг 2015-11-25-наас 2016-01-24-ний хооронд байгуулсан ба түүнээс хойш өнөөдрийг хүртэл 174 хоног, өдрийн алданги 4250 төгрөг нийт 174*4250=739 500 төгрөг болж байна. Гэвч Иргэний хуулийн 232.4-т заасныг удирдлага болгон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50% буюу 850 000-ын 50% болох 425 000 төгрөг болгон алдангийг тооцлоо. Иймд Сэлэнгээс зээлийн үндсэн үүрэг 850 000 төгрөг, алданги 425 000 төгрөг нийт 1 275 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Сэлэнгэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Б.Сэлэнгэ нь тус компаниас нэхэмжилж барьцаат зээлийн үлдэгдэл болох үнийн дүнтэй танилцлаа. Үүнийг би хүлээн зөвшөөрч байна. Дээрх нэхэмжилж буй мөнгөн дүнг 2016 оны 12 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулна. Манайх банкинд 11 дүгээр сарын 15-ны дотор 52 0000 000 төгрөгийг үлдэгдэл төлөх шаардлагатай байгаа учраас үүнийг хийж дуусгаад дараагийнхаа ажлын боломжийг харгалзан бодож төлөх хугацаатай бичлээ. Миний хүсэлтийг хүлээн авна уу” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хөх тэнгэрийн заяа” ХХК нь хариуцагч Б.Сэлэнгэд холбогдуулан 1 275 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1 275 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлнө гэсэн тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 35150 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 17575 төгрөг, төрийн сангаас 17575 гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Хөх тэнгэрийн заяа” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Сэлэнгэд холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэгчийн шаардлага 1 275 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 35150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 17575 төгрөг, төрийн сангаас 17575 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА