Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/02050

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 197/ШШ2025/09863 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 13,534,940 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,534,940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Тодруулбал,

 

нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр *******тай зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулж 4,000,000 төгрөгийг сарын 4.8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлсэн боловч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тэрээр үндсэн зээл дээр хуримтлагдсан хүүг нэмчих, дараа өгье гэж хойшлуулсаар 8,397,277 төгрөгийн төлбөртэй болсон. Ингээд уг төлбөрийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 10 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцоод зээлийн эргэн төлөлтийн графикийг сарын 3.5 хувийн хүүтэй шинэчилсэн хэдий ч 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 360,000 төгрөг төлөөд дахин төлөөгүй. Хариуцагч нь 18 сарын хугацаанд 2,194,714 төгрөг төлөх үүрэгтэйгээс 974,680 төгрөг төлсөн тул үлдэх 2,091,774 төгрөг дээр үндсэн зээл 8,397,277 төгрөг, алданги 3,045,890 төгрөгийг тус тус нэмээд нийт 13,534,940 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна... гэсэн бол,

 

хариуцагч нь ...нэхэмжлэгч компаниас автомашин барьцаалан зээл авсан, зээлээ 2019 оны 10 дугаар сар хүртэл төлж байгаад ковидын улмаас зээлээ төлж чадахгүйд хүрч хойшлуулсан, зээлийн эргэн төлөлтөд 2,700,000 төгрөгийг тус компанийн дансанд шилжүүлсэн, харин захирлынхан дансанд шилжүүлсэн 1,200,000 төгрөгийн баримт олдохгүй байна. Тиймээс үндсэн зээл 4,000,000 төгрөгийг төлчихсөн, алданги тооцож байгаа бол тэрийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна зохигчийн маргааны зүйлийн талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

 

3.1. ******* ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр *******тай зээлийн гэрээ байгуулж, түүнд 4,000,000 төгрөгийг сарын 4.8 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай зээлдүүлэх,

 

3.2. Зээлдэгч ******* нь сар бүрийн 28-ны өдөр зээл болон зээлийн хүүнд тэнцүү төлөлт /бүрэн хорогдох/-өөр 337,000 төгрөгийг төлсөөр 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төлж дуусгах үүрэг хүлээжээ. /х.х-ийн 9-12/

 

4. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж, 286.2-т Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаанд зөвхөн хөдлөх хөрөнгө барьцаална гэж тус тус заасан.

 

Хэргийн баримтаар нэхэмжлэгч ******* ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд хариуцагч *******д зээлийн гэрээний зүйлийг өгөх үүрэг хүлээсэн байна.

 

Тайлбарлавал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч нь зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Хэдийгээр талуудын хооронд 4,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зээлдэгч *******д зээлийн гэрээний дагуу 3,980,000 төгрөгийг өгсөн, хариуцагч нь 8 удаагийн төлөлтөөр 2,361,000 төгрөгийг буцаан төлсөн болох хэргийн баримтаар тогтоогдож байна. /х.х.-ийн 14, 15, 28-34/

 

Анхан шатны шүүхийн талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн боловч мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасан барьцаалан зээлдүүлэх журмаар олгох зээлийн гэрээний харилцаа байгааг анхаараагүйгээс гадна нэхэмжлэлийн шаардлагаас хүү болон алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

5. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчид 3,980,000 төгрөг зээлдүүлсэн бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 7,418,720 төгрөг /3,980,000 х 4.8% = 191,040 х 18 = 3,343,720 + 3,980,000/ төлөх үүрэг хүлээсэн /үндсэн зээл болон зээлийн хүү/-ээс 2,361,000 төгрөг төлсөн тул үүнийг хариуцагчийн төлөх үүргээс хасвал тэрээр 5,057,720 төгрөг /7,418,720 2,361,000/-ийг алдангийн хамт төлөх үүрэг хүлээнэ.

 

6. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох харилцаанд тухайн зохицуулалт хамаарах бөгөөд талууд зээлийг хүүтэй байхаар харилцан тохиролцох бол бичгээр гэрээ байгуулсан тохиолдолд тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д ...Зээлийн хүүгийн хэмжээ: 1 сарын 4.8%... гэж тохирсон нь дээрх хуульд нийцсэн тул нэхэмжлэгч нь хүү шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх хариуцагч нь зээлийн хүүгийн хэмжээний талаар маргаагүй байхад зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд хохиролтой гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүг хэрэгсэхгүй болгосон нь талуудын зарчимд нийцээгүй байна.

 

7. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, 232.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заасан.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д зээлдэгч нь зээл болон хүүг зээлийн эргэн төлөх графикийн хуваарьт өдөр төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө гэж тохиролцсон нь хуулийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй.

 

Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр дууссан боловч нэхэмжлэгч нь хариуцагчийн сүүлийн төлөлт хийсэн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн алданги тооцсон байгааг үндэслэн уг өдрөөс нэхэмжлэл гаргасан 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 790 өдрийн алданги 19,977,50 төгрөг /5,057,720 х 0.5 = 25,288 х 790 / төгрөг болж байгаа учир Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангид 2,528,860 төгрөг төлөх үүрэгтэй.

 

Зээлийн хүүг буцаан төлөх нь зээлдэгчийн үндсэн үүрэг учир нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдлийн нийлбэр дүнгээс алданги тооцсоныг буруутгахгүй.

 

Дээрхийг нэгтгээд хариуцагч нь үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл нийт 5,057,720 төгрөг, алданги 2,528,860 төгрөг, нийт 7,586,580 төгрөгийн үүргийг биелүүлээгүй байна.

 

Гэвч нэхэмжлэгч нь анхан шатны шүүхээс үндсэн зээлийн үлдэгдлийг 2,309,547 төгрөг гэж тогтоосонд гомдол гаргаагүйгээс гадна хариуцагчаас зээлийн хүүнд 2,091,774 төгрөг, алдангид 2,200,660 төгрөг, нийт 6,607,987 төгрөгийг гаргуулахаар давж заалдах гомдол гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр хангаж шийдвэрлэх нь талуудын зарчимд нийцнэ.

 

8. Нэхэмжлэгч нь ...хариуцагч нь гэрээгээ хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үндсэн зээл дээр хуримтлагдсан хүү нэмэгдэж 8,674,820 төгрөг болж уг төлбөрийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 10 сарын хугацаанд төлж барагдуулна гэж харилцан тохиролцоод зээлийн эргэн төлөлтийн графикийг 3.5 хувийн хүүтэйгээр шинэчлэн гаргасан... гэсэн боловч уг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт талуудын хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна.

 

Мөн нэхэмжлэгч ******* ХХК нь 4,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг хэрхэн 8,674,820 төгрөг болсныг болон сүүлд 176,063 төгрөг, 1,962,965 төгрөг, 3,232,879 төгрөгийг тус тус хариуцагчид нэмж өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх байдлаар эрх зүйн дүгнэлт өгч, хариуцагч *******аас 6,601,981 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулж байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 197/ШШ2025/09863 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас 6,601,981 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,932,959 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтад ...51,902.75 гэснийг 120,582 гэж тус тус өөрчилж, шийдвэрийг бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Б.МАНДАЛБАЯР