| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1433/Э |
| Дугаар | 1463 |
| Огноо | 2019-09-20 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | М.Үүрийнтуяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 1463
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч М.Үүрийнтуяа,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох 1906 03667 1846 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автоинженер мэргэжилтэй, “Хос шугам” ХХК-д инженер ажилтай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 22 дугаар хороолол, 4-12 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 18 дугаар байрны 24 тоотод түр оршин суух, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Бгийн Б /РД:......../,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.Б нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Баянцээл худалдааны төвийн орчимд иргэн Т.Анужингийн Ай фоне-8 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бий өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Анужингийн өгсөн: “... Тухайн өдөр би 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 07 хорооны 30 дугаар байрнаас гарч ирээд Баянцээлийн баруун талын төв замаас такси барих гээд зогсож байсан чинь нэг үл таних залуу над дээр ирээд “намайг хүмүүс хөөгөөд байна, гар утсаараа нэг яриулчих” гэсэн, тэгэхээр нь би “яасан гэнээ” гээд таксинд суусан чинь миний араас дагаад суусан, тэгээд миний барьж байсан гар утсыг булааж аваад машинаас буугаад зам хөндлөн гараад буугаад яваад өгсөн...’’ гэх мэдүүлэг /хх.8-9/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бий гэрчээр өгсөн: “Би 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянцээлийн гудамжинд байрлах нэг бааранд найз Нандинбаяр, Чойжин нарын хамтаар 21 цагт орж 0.75 литрийн архи 4-5 шилииг хувааж уугаад 00 цагийн орчимд баарнаас гараад Баянцээлийн гудамжинд байж байтал нэг шар цамцтай эмэгтэй замын гарцан дээр таарахаар нь би “гар утсаа өгч байгаач, нэг яриадахъя” гэтэл тэр эмэгтэй надаас тамхи асуусан, би хариуд нь нэг ченж эссэ өгтөл намайг таксинд суучих гэтэл би таксины зөв талын суудал дээр түрүүлж суутал тэр эмэгтэй араас суусан, тэр үер эмэгтэйн утсыг аваад таксинаас гарч зугтаагаад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 18-21 тоотод байх гэртээ харьсан...’’ гэх мэдүүлэг /хх.11-12/,
“Дамно” ХХК-й 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн БЗД2-19-497 дугаартай дүгнэлт /хх.14-15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бий яллагдагчаар өгсөн: “... Би найзуудаасаа салаад ганцаараа үлдчихсэн, өөрийнхөө утсыг үзэхэд миний утас байхгүй байсан. Тэгээд би нэг охинтой Баянцээлийн тэнд явган хүний гарцан дээр явж байгаад тараад утсыг нь гуйж өөрийн 99141757 гэсэн дугаар луу залгаж үзээд байж байхад тэр охин такси бариад намайг чи эхлээд суучих гэхээр нь би таксинд суугаад жоохон байж байгаад нөгөө талын хаалгаар нь буугаад утсыг нь аваад явчихсан байсан. Би тэр охины утаснаас өөрийн утас луу залгахад миний утас холбогдохгүй байсан. Би тэр охины утсыг аваад шууд гэртээ ирээд унтчихсан байсан. Өглөө би сэрээд янз бүрийн юм болж магадгүй гэж бодоод Монтел дээр очоод зарчихсан. Би ямар хүнд зарснаа санахгүй байна. Утсыг нь 100.000 төгрөгөөр зарчихсан юм... Би хохирол мөнгийг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх. 33-35/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Б нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Баянцээл худалдааны төвийн орчимд иргэн Т.Анужингийн Ай фоне-8 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Анужингийн өгсөн: “... нэг үл таних залуу над дээр ирээд намайг хүмүүс хөөгөөд байна гар утсаараа нэг яриулчих гэсэн, тэгэхээр нь би “яасан гэнээ” гээд таксинд суусан чинь миний араас дагаад суусан, тэгээд миний барьж байсан гар утсыг булааж аваад машинаас буугаад зам хөндлөн гараад буугаад яваад өгсөн...’’ гэх мэдүүлэг/хх.8-9/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бий гэрчээр өгсөн: “... нэг шар цамцтай эмэгтэй замын гарцан дээр таарахаар нь би гар утсаа өгч байгаач нэг яриадахъя гэтэл тэр эмэгтэй надаас тамхи асуусан... би таксины зөв талын суудал дээр түрүүлж суутал тэр эмэгтэй араас суусан, тэр үер эмэгтэйн утсыг аваад таксинаас гараад зугтаагаад ... гэртээ харьсан...’’ гэх мэдүүлэг /хх.11-12/,
“Дамно” ХХК-й 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн БЗД2-19-497 дугаартай дүгнэлт /хх.14-15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бий яллагдагчаар өгсөн: “... би таксинд суугаад жоохон байж байгаад нөгөө талын хаалгаар буугаад утсыг нь аваад явчихсан байсан. Би тэр охины утаснаас өөрийн утас луу залгахад миний утас холбогдохгүй байсан. Би тэр охины утсыг аваад шууд гэртээ ирээд унтчихсан байсан. Өглөө би сэрээд янз бүрийн юм болж магадгүй гэж бодоод Монтел дээр очоод зарчихсан... Утсыг нь 100.000 төгрөгөөр зарчихсан юм...” гэх мэдүүлэг /хх. 33-35/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бий гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцов.
Б.Бий үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Т.Анужингийн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Б.Бий энэ гэмт хэргийн улмаа бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Бий үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзэн шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох зарим албадлагын арга хэмжээ тус тус авахаар шийдвэрлэв.
Б.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан бодит хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ялтанд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Б.Бд сануулж байна.
Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Бгийн Бийг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дархь заалтууд, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтыг баримтлан Б.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар, ялтанд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Б.Бд сануулсугай.
5. Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 910.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР