Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/02051

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/05309 дугаар шийдвэртэй,

 

*******ийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 8,423,646 төгрөг гаргуулах тухай үндсэн, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1900 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Миний бие 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр *******т 46,750,000 төгрөгийг 2 жилийн хугацаатайгаар зээлдүүлж, зээлийн гэрээг байгуулсан. Тухайн зээлийн гэрээгээр 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сарын 1.45 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги төлөх нөхцөлтэй ба хариуцагч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүрийн 17-ны өдөр зээлээ төлөх үүрэгтэй байсан. Уг зээлийн гэрээний хугацаа 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дууссан боловч хариуцагч ******* одоог хүртэл зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 6,318,381 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд, зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 6,318,381 төгрөг, сар тутмын гэрээний хүүгийн төлбөр 702,584 төгрөг, мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 222 өдрийн алдангид 1,402,681 төгрөг нийт 8,423,646 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Би, Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* ******* гудамж, ******* дугаар байр, 42 тоот хаягт байрлах 58.1 м.кв талбайтай орон сууцыг худалдан авахаар болсон. Тухайн үед байрны 1 м.кв талбайг 2,500,000 төгрөг, нийт 145,250,000 төгрөгөөр тооцож, ипотекийн зээлээс илүү гарах дүнг хүүгүйгээр 3-5 жилд хуваан төлөхөөр тус тус тохиролцож зээл хөөцөлдөж эхэлсэн. Ипотекийн зээл батлагдан 100,000,000 төгрөг худалдагчийн дансанд шилжсэн үеэс худалдагчийн зүгээс өөрт ашигтайгаар орон сууцны үлдэгдэл төлбөр барагдуулах гэрээ биш зээлийн гэрээг байгуулсан байдаг. Бодит байдал дээр талуудын хооронд зээлийн эрх зүйн харилцаа үүсээгүй буюу байрны үлдэгдэл төлбөр 45,250,000 төгрөгийг төлөхтэй холбоотой худалдах, худалдан авах гэрээний харилцаанд оролцсон. Үлдэгдэл мөнгийг төлөхдөө 2 жилийн хугацаатай, сүүлийн 1 жил нь хүүтэй зээлийн гэрээг байгуулахгүй бол та нарын төлсөн 100,000,000 төгрөгтэй тэнцэхүйц манай компанийн бартераар авсан хотын захад хуучин орон сууцыг ав гэх саналыг хэлж, *******аас үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны орлого 2 хувийн татварын 1 хувийг надаас гаргуулахаар зээлийн гэрээний үнийн дүн дээр нэмсэн зэрэг хэзээ ч урьд ярьж байгаагүй нөхцөлийг тулгасан. Тус гэрээнд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвар 1,500,000 төгрөгийг *******аас төлүүлэхээр тусгасан ба үүнд хүү алданги тооцон нэхэмжилсэн зэрэг нь үндэслэлгүй байна. Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан *******аас 7,720,977 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 702,669 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн *******, ******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 149,730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 138,486 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 391,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 321,500 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

1. Хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн тухай:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтээ шүүх хуралдааны өмнөх өдөр буюу 2025 оны 06 сарын 17-ний өдөр [email protected], i bkhs [email protected] хаягаар хүргүүлсэн, тyс өдөр шүүгчийн туслахтай холбогдоход хүсэлт ирсэн гэж мэдэгдсэн. Тус хүсэлтэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ээлжийн амралттай болохоо нотлон гарын үсэг бүхий эх хувь хүсэлт, ээлжийн амралтын тушаалын эх хувийг хавсаргаад хүргүүлсэн. Тус хүсэлтийг шүүхэд цаасаар ч хүргүүлсэн байдаг. ...Миний бие ээлжийн амралттай хугацаандаа эмнэлгээр үзүүлж явсан бөгөөд цаг авч, шинжилгээ өгч явсан байдаг.

Гомдлыг нотлохоор ээлжийн амралтаа авч ээлжийн амралтын цалин авсан болох нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, ээлжийн амралт авах болсон болон ээлжийн амралттай байх хугацаанд өвчтэй бөгөөд эмнэлгээр явж байсныг нотлох шинжилгээ өгсөн баримтууд, эмчийн магадалгаа, хүсэлтээ өмнөх өдөр нь илгээсэн болохыг нотлох цахим шуудангийн хуулбар хавсаргав.

2. Шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй тухайд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан *******г ...гэрчээр асуулгах хүсэлтийг шүүхээс хангасан. Хүсэлтэд хариуцагчийн хаягийг тодорхой бичиж явуулсан.

Гэвч анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 27490 дугаар захирамжид гэрчийг дуудах утасны дугаар хариуцагчаас тодруулахад шүүх хуралдаанд дагуулан очно гээд холбогдох мэдээллийг ирүүлээгүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрч асуулгах хүсэлтээ дэмжиж ирээгүй үндэслэлээр шүүгчийн захирамжийн биелэлт хангагдсан гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй гэжээ. ******* миний бие 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр шүүгчийн туслах *******тай дугаараар холбогдоход гэрчийн дугаарыг асуусан би хараад хэлье гэхтэй давхцан та мэдэгдчих үү гэсэн би тэгье гэж хэлсэн. Учир нь хариуцагчийн ээж бөгөөд хариуцагч гадаад явснаас хойш хариуцагчийн утасны дугаарыг барьж байгаа болно. Би, тухайн үед гэрчид товыг мэдэгдсэн бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралд ирэхгүй болохыг нь огт мэдээгүй. Ирэхгүйг нь мэдсэн бол гэрчийг албадан ирүүлэх хүсэлт гаргах байсан. Миний зүгээс шүүгчийн захирамжид дурдсан шиг мэдээллийг өгөөгүй, хүсэлтээсээ татгалзсан зүйл байхгүй.

...Шүүгчийн захирамж заавал биелэгдэх зарчмын дагуу гэрчийг шүүх дуудаж мэдүүлэг авах /энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* тов мэдэгдсэнийг шүүх дуудсан гэж үзэх эсэх/ ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-т Гэрч шүүхийн дуудсанаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг албадан ирүүлэхийг шүүхээс цагдаагийн албанд даалгаж, холбогдох зардлыг гэрчээр гаргуулахаар тогтоож болно. гэж заасныг анхан шатны шүүхээс зөрчсөн байна. ...Иймээс анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 сарын 24-ний өдрийн 14579 дугаар захирамж хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсэг 2 заалттай байх ба хэргийн оролцогчоос давж заалдах гомдол гаргах эрхтэй эсэх асуудлыг орхигдуулсан нь шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл зөрүүтэй гарсан гэж үзэхээр байна.

3. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тухайд:

Шүүхээс ...үлдэгдэл төлбөрийг хэзээ хэрхэн төлсөн талаар бичгийн баримт ирүүлээгүй гэж үндэслэл бүхий дүгнэсэн бөгөөд зээлээр худалдах, худалдан авах гэрээний зүйл болох үлдэгдэл төлбөрийг *******ын эзэмшилд хэзээ шилжүүлсэн тодорхойгүй байхад нэхэмжлэгч нь 7,720,977 төгрөгийг шилжүүлэн авах эрхтэй, 2023 оны 08 сарын 01-ний өдрөөс хойш 1,402,681 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Зээлийн гэрээ гэж үзэхэд мөнгө шилжүүлсэн баримт байхгүй бөгөөд бэлнээр өгсөн гэх боловч хэзээ өгсөн нь тодорхойгүй байсаар байна. Маргааны тухайд 46,750,000 төгрөг, 145,250,000 төгрөг, 49,898,000 төгрөг гэх ялгаатай үнийн дүн байгаа, орон сууцны үлдэгдэл төлбөр дээр талууд маргаантай байгаа болно. Гэтэл шүүхээс үнийн дүнд маргаагүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. ...орон сууцны үлдэгдэл төлбөр 45,250,000 төгрөг бөгөөд энэ мөнгийг худалдан авагчийн эзэмшилд хэзээ шилжүүлсэн болохоо, шилжүүлснээр үнийг шаардах, хүү тооцох, алданги шаардах эрхтэй атал шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Хариуцагчийн шаардаж буй 46,750,000 төгрөг бол *******ын орон сууцны үлдэгдэл төлбөр 45,250,000 төгрөг дээр үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 1 хувийн татвар 1,500,000 төгрөгийг нэмсэн. Иймээс нэхэмжлэгч нь *******т 1,500,000 төгрөгийн эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн гэж үзэх үндэслэлгүй. ...1900 дугаартай зээлийн гэрээний үнийн дүнд 1 хувийн татвар орсон болох, нэхэмжлэгчийн хэлсэнчлэн 1 м.квадрат нь 2,500,000 төгрөгийн үнэтэй орон сууц болохыг гэрч ******* гэрчлэх байсан. Энэ агуулгын хүрээнд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Хариуцагчаас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг нотлохоор нотариатаас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан хэдий ч шүүх хангаагүй. Иймд зээлийн гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1,3.2, 3.3. 3.7 дахь заалтаас бусад хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоохоор шийдвэрлэв гэжээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаас үзвэл шүүхээс Иргэний хуулийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл байхгүй бөгөөд гэрээний талууд хүсвэл шаардлагад нийцэж байгаа хэлцлийн хүчин төгөлдөр гэж үзэх эрхтэй байна.

Мөн Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.1-д бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ гэж зааснаас үзвэл эд хөрөнгө эзэмшилд шилжүүлсэн байх энэхүү эд хөрөнгийн үнийг бэлэн мөнгөөр төлөх талаар дурдсан байх гэсэн агуулгатай байна. Гэвч зээлийн гэрээ нь бэлэн мөнгө л шилжүүлээд байгаагаас үзвэл 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ биш гэж үзэхээр байна.

Иймд, шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,423,646 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1900 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хууль болон талуудын байгуулсан гэрээг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар талууд 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ******* нь Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* //, ******* зам гудамж, ******* дугаар байр, 42 тоот хаягт байрлах 58.1 м.кв талбайтай орон сууцыг *******т 149,898,000 төгрөгөөр худалдахаар тохирчээ. /х.х-ийн 19/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Тайлбарлавал, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол, худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

 

4. Зохигч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч ******* нь худалдах, худалдан авах гэрээний зүйлийг хариуцагч *******т хүлээлгэн өгч, орон сууцны өмчлөх эрхийг түүнд шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан.

 

Тодруулбал, талууд худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчийн хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул уг орон сууцыг өмчлөх худалдагч *******ийн эрх дуусгавар болж, улмаар худалдан авагч *******т өмчлөх эрх үүсжээ.

 

5. Нэхэмжлэгчийн тайлбараар хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний үнэ 149,898,000 төгрөгөөс урьдчилан 3,148,000 төгрөгийг төлж, 100,000,000 төгрөгийг банкны зээлийн санхүүжилтээр төлсөн ба үлдэх 46,750,000 төгрөгийг дараа нь төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан гэснийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч үүнд үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны 2 хувийн татвар 1,500,000 төгрөг багтсанаас гадна гэрээний үнийн дүнг 145,250,000 төгрөг байсан гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан баримтаар зохигч 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчид 46,750,000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар зээлдүүлэхээр тохиролцсон ба эхний 1 жил буюу 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүү тооцохгүй бөгөөд уг өдрөөс эхлэн сарын 1.45 хувиар хүү тооцохоор тохирсон байна. /х.х-ийн 4/

 

6. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно гээд 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг дуусгавар болгох зорилгоор ийнхүү 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу худалдах, худалдан авах гэрээний төлөгдөөгүй 46,750,000 төгрөгийг хожим төлөхөөр тохирчээ.

 

Энэ тохиолдолд зохигчийн байгуулсан худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болж, харин хариуцагч ******* нь төлөөгүй үлдсэн 46,750,000 төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч *******т төлөх үүрэг хүлээсэн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх талууд худалдах, худалдан авах гэрээний үүргийг сольж, тэдгээрийн хооронд шинээр зээлийн гэрээний харилцаа үүссэн байхад үүнийг анхаарахгүй тухайн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

7. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч нь зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Нэгэнт хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 46,750,000 төгрөгийг төлөөгүй, үүнийг зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээсэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй.

 

8. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан зохигчийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг үзвэл 1 м.кв талбайн үнийг 2,500,000 төгрөгөөр тохирсон гэж дүгнэх боломжгүй байна.

 

Үүнээс гадна худалдах, худалдан авах гэрээний үнэ болох 149,898,000 төгрөгт нэхэмжлэгч буюу худалдагч *******ийн төлбөл зохих үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны 2 хувийн татвар шингэсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

9. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн мөнгийг буцаан төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой.

 

Зээлийн гэрээний дагуу хариуцагч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс сарын 1.45 хувийн хүү төлөх үүрэг хүлээсэн хэдий ч нэхэмжлэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн хүү тооцсон байгааг үндэслэн зээлийн гэрээний хугацаа дуусах 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зээлийн хүү тооцно.

 

Хариуцагч нь 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүртэл нэхэмжлэгчид 19,000,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 27,750,000 төгрөг /46,750,000 - 19,000,000/-өөс хүү тооцох ба анхан шатны шүүх зээл, зээлийн хүүгийн тооцооллын талаар нарийвчлан тооцоолол хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг доорх байдлаар тооцоолов. Үүнд:

 

9.1. 27,750,000 төгрөг х 1.45% = 402,375 төгрөг /1 сарын хүү/

 

2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг төлснөөс хүү 402,375 төгрөгийг хасаад үлдэх 597,625 төгрөгийг үндсэн зээлээс хасвал 27,152,375 төгрөг /27,750,000 - 597,625/-ийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй.

 

9.2. 27,152,375 төгрөг х 1.45% = 393,709 төгрөг /1 сарын хүү/

 

2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөг төлснөөс хүү 393,709 төгрөгийг хасаад үлдэх 2,606,291 төгрөгийг үндсэн зээлээс хасвал 24,546,084 төгрөг /27,152,375 2,606,291/-ийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй.

 

Мөн хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөгийг төлсөн байх тул үүнийг үндсэн зээлээс хасвал 22,546,084 төгрөг /24,546,084 - 2,000,000/-ийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй.

 

9.3. 22,546,084 төгрөг х 1.45% = 326,918 төгрөг /1 сарын хүү/

 

326,918 төгрөг х 2 /сар/ = 653,836 төгрөг /2022 оны 11, 12 дугаар сарын хүү/

 

2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг төлснөөс хүү 653,836 төгрөгийг хасаад үлдэх 1,346,164 төгрөгийг үндсэн зээлээс хасвал 21,199,920 төгрөг /22,546,084 - 1,346,164/-ийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй.

 

Мөн хариуцагч нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 1,000,000 төгрөгийг төлсөн байх тул үндсэн зээлээс хасвал 20,199,920 төгрөг /22,199,920 1,000,000/-ийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй.

 

9.4. 20,199,920 төгрөг х 1.45% = 307,399 төгрөг /1 сарын хүү/

 

2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 2,500,000 төгрөг төлснөөс хүү 307,399 төгрөгийг хасаад үлдэх 2,192,601 төгрөгийг үндсэн зээлээс хасвал 18,007,319 төгрөг /20,199,920 - 2,192,601/-ийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй.

 

9.5. 18,007,319 төгрөг х 1.45% = 261,106 төгрөг /1 сарын хүү/

 

2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөг төлснөөс хүү 261,106 төгрөгийг хасаад үлдэх 1,738,894 төгрөгийг үндсэн зээлээс хасвал 16,268,425 төгрөг /18,007,319 - 1,738,894/-ийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй.

 

9.6. 16,268,425 төгрөг х 1.45% = 235,892 төгрөг /1 сарын хүү/

 

2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 1,400,000 төгрөг төлснөөс хүү 235,892 төгрөгийг хасаад үлдэх 1,164,108 төгрөгийг үндсэн зээлээс хасвал 15,104,317 төгрөг /16,268,425 1,164,108/-ийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй.

 

9.7. 15,104,317 төгрөг х 1.45% = 219,013 төгрөг /1 сарын хүү/

 

2023 оны 0******* сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг төлснөөс хүү 219,013 төгрөгийг хасаад үлдэх 780,987 төгрөгийг үндсэн зээлээс хасвал 14,323,330 төгрөг /15,104,317 780,987/-ийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй.

 

9.8. 14,323,330 төгрөг х 1.45% = 207,688 төгрөг /1 сарын хүү/

 

2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг төлснөөс хүү 207,688 төгрөгийг хасаад үлдэх 792,312 төгрөгийг үндсэн зээлээс хасвал 13,531,018 төгрөг /14,323,330 792,312/-ийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй.

 

9.9. 13,531,018 төгрөг х 1.45% = 196,200 төгрөг /1 сарын хүү/

 

2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 1,500,000 төгрөг төлснөөс хүү 196,200 төгрөгийг хасаад үлдэх 1,303,800 төгрөгийг үндсэн зээлээс хасвал 12,227,218 төгрөг /13,531,018 1,303,800/-ийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй.

 

9.10. 12,227,218 төгрөг х 1.45% = 177,295 төгрөг /1 сарын хүү/

 

2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 3,200,000 төгрөг төлснөөс хүү 177,295 төгрөгийг хасаад үлдэх 3,022,705 төгрөгийг үндсэн зээлээс хасвал 9,204,513 төгрөг /12,227,218 - 3,022,705/-ийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй.

 

Мөн хариуцагч нь 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 2,494,160 төгрөг төлсөн байх тул үүнийг үндсэн зээлээс хасаад 6,710,353 төгрөг /9,204,513 - 2,494,160/-ийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй.

 

9.11. 6,710,353 төгрөг х 1.45% = 97,300 төгрөг /1 сарын хүү/

 

2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 600,000 төгрөг төлснөөс хүү 97,300 төгрөгийг хасаад үлдэх 502,700 төгрөгийг үндсэн зээлээс хасвал 6,207,653 төгрөг /6,710,353 - 502,700/-ийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй.

 

10. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, 232.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заасан.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги төлнө гэж тохиролцсон нь дээрх хуулийн заалтад нийцэж байх тул уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй.

 

Зээлийн гэрээний хугацаа дууссан 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 225 өдөр байх бөгөөд нэхэмжлэгч нь 222 өдрийн алданги шаардсан тул энэ хугацаагаар алдангийг тооцоход 1,378,176 төгрөг /6,207,653 х 1.5% х 222/ болж байна.

 

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 6,207,653 төгрөг, алданги 1,378,176 төгрөг, нийт 7,585,829 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна.

 

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх хуралдаан биечлэн оролцох боломжоор хангаагүй, гэрчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй гэх гомдлыг хангаагүй гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

11.1. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ХХН-ийн ажилтан *******ийг томилсон байх тул тэрээр шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сольж оролцуулах боломжтой.

Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь ээлжийн амралттай байгаа гэх нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй ба тэрээр эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар холбогдох баримтыг анхан шатны шүүхэд хүргүүлээгүй байх тул анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

Мөн анхан шатны шүүх зохигчийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөгч авах тухай хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж тэдгээрийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж байсан байх тул мэтгэлцэх эрхийг зөрчсөн, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

11.2. Анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШЗ2024/14579 дугаар захирамжаар *******г гэрчээр асуулгах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ. /х.х-ийн 28-29/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдааныг товыг мэдэгдэхэд тэрээр гэрч Д.Дэжимаад шүүх хуралдааны товыг мэдэгдье гэсэн боловч гэрч шүүх хуралдаанд ирээгүй байна. /х.х-ийн 43/

 

Үүнээс гадна гэрч Д.Дэжимдаа нь хариуцагч Д.Галбаярын төрсөн ээж бөгөөд түүнийг гэрчээр оролцуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэснээс хойш хэргийг хянан шийдвэрлэх хүртэл 1 жилийн хугацаанд хариуцагч нь өөрийн хүсэлтээ дэмжиж, гэрчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах талаар идэвхи санаачилга гаргаагүй нь шүүхийн буруутай үйл ажиллагаа гэж шууд үзэх боломжгүй тул энэ талаарх гомдлыг хүлээн авахгүй.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохигчийн давж заалдах гомдол гаргах эрхийг дурдаагүй байгаа нь шүүх хуралдааны тэмдэглэлээс зөрүүтэй байгаа боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй хэдий ч үүнийг шүүх анхаарах ёстой давж заалдах шатны шүүхээс нэмж дурдана.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/05309 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас 7,585,829 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 837,817 төрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалт нэмж, уг заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч *******ын гаргасан нэхэмжлэгч *******т холбогдох 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1900 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтыг 3 гэж дугаарлалтыг өөрчилж,

 

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 149,730 төгрөг, хариуцагчаас төлсөн 3971,700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 136,323 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж,

 

4 дэх заалт нэмж, уг заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 530,186 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Б.МАНДАЛБАЯР