Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 1464

 

 

 

 

 

  2019         09         20                                         2019/ШЦТ/1464

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ,

Улсын яллагч Б.Алтанцэцэг,

Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эод холбогдох 1906 04200 1797 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Хэнтий аймагт 1997 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Нармандал” уул уурхайн компанид нэвтрэгч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны 23 дугаар гудамжны 358 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Дын Э /РД:.......... /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Д.Э нь архи согтуруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутагт байрлах Шархад сервис гэх машин засварын газар эхнэр Н.Болортуяаг бусадтай хардан агсам тавьж, иргэн Э.Энхболдын эзэмшлийн 78-34 УНМ улсын дугаартай Хьюндай Верна маркийн тээврийн хэрэгслийн баруун талын хаалгыг эвдэж гэмтээн 134.500 төгрөгний хохирол, 69-98 УБД улсын дугаартай Тоёота Алтиза маркийн тээврийн хэрэгслийн урд хойд салхины шил, баруун урд хаалганы шил, зүүн хойд хаалганы шил зэргийг хагалж гэмтээн 510.000 төгрөгийн хохирол нийт 644.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэцүүлэгт шүүгдэгч Д.Эын өгсөн: ‘’Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэг зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Энхболдын өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 14 цагийн үед гэртээ байж байхад манай засварын газрын захирлын эхнэр Нямхүү над руу залгаад “Эрка ирээд хоёр машиныг чинь эвдчихлээ хурдан хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь яваад очсон чинь миний эзэмшлийн 78-34 УНМ улсын дугаартай Хьюндай Верна маркийн авто машины баруун талын хаалга хонхойж гэмтсэн, 69-98 УБД улсын дугаартай Тоёота Алтиза маркийн авто машины 4 талын цонх, урд талын салхины шил, хойд талын салхины шил хагарсан байдалтай байсан. Би очоод тэнд байсан хүмүүсээс миний машиныг яагаад эвдэлсэн талаар асуухад “Согтуу орж ирээд агсам тавиад чиний машиныг эвдчихээд яваад өгсөн, очиж өргөдөл өгөөрэй” гэсэн... нийт 644.500 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /хх.9-10/,

“Кости эстимэйт” ХХК-й гаргасан 78-34 УНМ улсын дугаартай Хьюндай Верна маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 134.500 төгрөгөөр үнэлсэн тайлан /хх.14-16/,

“Ашид билгүүн” ХХК-й гаргасан 69-98 УБД улсын дугаартай Тоёота Алтиза маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 510.000 төгрөгөөр үнэлсэн тайлан /хх.20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Эын яллагдагчаар өгсөн: “... Хүлээн зөвшөөрч байна. Эсэргүүцэх зүйл болон гомдол байхгүй... Би хохирол мөнгөө барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх.29-31/ зэрэг болно.     

Шүүхийн хэлэцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу, цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Д.Э нь архи согтуруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07-р сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 24-р хорооны нутагт байрлах Шархад сервис гэх машин засварын газар эхнэр Н.Болортуяаг бусадтай хардан агсам тавьж, иргэн Э.Энхболдын эзэмшлийн 78-34 УНМ улсын дугаартай Хьюндай Верна маркийн тээврийн хэрэгслийн баруун талын хаалгыг эвдэж гэмтээн 134.500 төгрөгний хохирол, 69-98 УБД улсын дугаартай Тоёота Алтиза маркийн тээврийн хэрэгслийн урд хойд салхины шил, баруун урд хаалганы шил, зүүн хойд хаалганы шил зэргийг хагалж гэмтээн 510.000 төгрөгийн хохирол нийт 644.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Энхболдын өгсөн: “... миний эзэмшлийн 78-34 УНМ улсын дугаартай Хьюндай Верна маркийн авто машины баруун талын хаалга хонхойж гэмтсэн, 69-98 УБД улсын дугаартай Тоёота Алтиза маркийн авто машины 4 талын цонх, урд талын салхины шил, хойд талын салхины шил хагарсан байдалтай байсан. Би очоод тэнд байсан хүмүүсээс миний машиныг яагаад эвдэлсэн талаар асуухад “Согтуу орж ирээд агсам тавиад чиний машиныг эвдчихээд яваад өгсөн, очиж өргөдөл өгөөрэй” гэсэн... нийт 644.500 төгрөгийн хохирол учирсан...’’ гэх мэдүүлэг /хх.9-10/,

“Кости эстимэйт” ХХК-й гаргасан 78-34 УНМ улсын дугаартай Хьюндай Верна маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 134.500 төгрөгөөр үнэлсэн тайлан /хх.14-16/,

“Ашид билгүүн” ХХК-й гаргасан 69-98 УБД улсын дугаартай Тоёота Алтиза маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 510.000 төгрөгөөр үнэлсэн тайлан /хх.20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Эын яллагдагчаар өгсөн: “... Хүлээн зөвшөөрч байна... Би хохирол мөнгөө барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх.29-31/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Эын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Эод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Д.Эын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Д.Э нь хохиролд 500.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч О.Энхболд нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Д.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үнэдсэлэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Эын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Эод эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар, учруулсан бодит хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Эод оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Дын Эыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эод 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Д.Эод оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Эод сануулсугай.

          5. Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 500.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Энхболд нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР