Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 204

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг би

          Нэхэмжлэгч: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багт оршин суудаг Адуучин овогт Д О нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Архангай аймгийн Цахир сумын Цахир багт оршин суудаг Боржигон овогт Д Б-д холбогдох

          “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Д.О нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Б 2001 онд албан ёсоор гэр бүл болж, 2004 онд хүү Б.Б, 2007 онд охин Б.Э, 2010 онд охин Б.М, 2013 онд охин Б.Н нарыг төрүүлсэн. Хамт амьдарч байх хугацаанд Д.Батсайхан нь намайг үргэлж хэл амаар доромжилж, зодож, нүддэг байсан. Би аргаа бараад хүүхдүүдээ аваад өөрийн ах дүү нараа бараадан Тосонцэнгэл суманд шилжин ирсэн боловч Д.Батсайхан нь араас ирж намайг болон хүүхдүүдээ зодож, нүдээд ална гэж хутга, сүх гаргаж айлгаад байхаар нь сум дундын цагдаагийн хэлтэст мэдэгдэж санамж өгсөн боловч үл тоон дахин ирж зодож, нүдээд хутга, шөвгөөр ална гэж намайг болон хүүхдүүдийг маань

 айлгаж хоол хүнснээс булаан аваад явсан.

Энэ үйлдэл нь удаа дараа давтагдаж байдаг тул бие болон сэтгэл санааны хохиролтой байна. Эд хөрөнгийн маргааны тал дээр миний хэдэн мал байгаа гэж бодож байтал сая 8 дугаар сард 10 гаран бог авч ирж өгсөн. Өнгөрсөн жил 4 үнээ, хэдэн бяруу айлд тавьсан байсан. Одоо 2 үнээ, 2 бяруу нэхэмжилж байна. Миний хувьд эвлэрэх ямар ч боломж байхгүй, 4 хүүхдээ тэжээх гэж ядаж байхад дээр нь энэ хүний дарамт надад хэрэггүй. Д.Б нь үр хүүхдээ гэж бодохгүй байгаа, шүүхээс эвлэрэх хугацаа өгсөн байхад эвлэрэх талаар нэг ч удаа санал санаачилга гаргаагүй. Бидэнд тус нэмэр болохгүй үр хүүхдийнхээ хоол хүнснээс хулгайлж аваад зарж архи уугаад байгаа хүнтэй цаашид амьдрах бодолгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Б нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.О хүүхдүүддээ бодоод эвлэрэн хэлэлцэх боломжтой гэвэл надад татгалзах зүйл байхгүй. Тосонцэнгэл сум руу 3 жилийн өмнө эхнэр маань хүүхдүүд болон гэр, 2 шүдлэн үхэр аваад явсан. Мөн явснаас нь хойш би жил бүр эхнэр болон хүүхдүүддээ группийн мөнгө, идэш, ноолуурын мөнгө явуулж байсан. Би эхнэртэйгээ хамт амьдарч байх хугацаандаа зодож байсан удаагүй. Д.О эвлэрэхгүй цаашид хамт амьдарч чадахгүй гэвэл гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин 2 хүүхдээ өөрийн асрамжиндаа авах хүсэлтэй байна. Одоо Д.О өгөх мал гэж байхгүй, 10 ямаа 1 хургатай хонь авчирч өгсөн, мал тооллогын бичгээ авчирч өгсөн байгаа. Мөн би эрхэлсэн тодорхой ажилгүй, группд байдаг учраас хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Д.Б холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Адуучин овогт Д О, Боржигон овогт Д Б нар нь 2001 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болж, 2001 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн ба тэдний дундаас 2004 оны 4 дүгээр сарын 30-нд хүү Б.Б, 2007 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр охин Б.Э, 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдөр охин Б.М, 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдөр охин Б.Н нар төрсөн болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Зохигчдод Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлт цуцлахыг хориглосон нөхцөл байдал тогтоогдохгүй байх боловч нэхэмжлэгч, хариуцагч нар нь хоёулаа гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа бөгөөд зан харьцааны хувьд таарч тохирохгүй, тусдаа амьдраад 3 жил болсон тухайн хугацаанд Д.Батсайхан нь хүүхдүүддээ анхаарал халамж тавиагүй уулзаагүй зэрэг байдлаас үзэхэд гэрлэгчид нь цаашид хамт амьдрах бодит нөхцөл байдал байхгүй болсон байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаас тэдэнд 3 сарын хугацаанд эвлэрэх хугацаа өгч, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хэргийг шилжүүлсэн боловч гэрлэгчид нь эвлэрэн хэлэлцэх ямар нэгэн санал санаачлага гаргаагүй байна.

Иймд шүүх тэдний гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2004 оны 4 дүгээр сарын 30-нд хүү Б.Б, 2007 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр охин Б.Э, 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдөр охин Б.М, 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдөр охин Б.Н нар нь бага насны хүүхдүүд байх бөгөөд сүүлийн 3 жилийн хугацаанд ээжийнхээ асрамжинд байгаа, мөн Б.Б, Б.Э нараас асрамжийн талаар санал асуухад ээж болон дүү нартайгаа хамт амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байдал, эцэг Д.Б нь өөрийн гэсэн орон гэргүй, тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа зэрэг байдлыг харгалзан хүүхдүүдийн хүмүүжил сурч боловсроход нь хайр халамж анхаарлыг эх нь хүүхдүүддээ илүү тавих боломжтой гэж шүүх үзэж байгаа тул хүү Б.Б, охин Б.Э, охин Б.М, охин Б.Н нарыг эх Д.Осорлхамын асрамжинд үлдээж, эцэг Д.Б хуульд заасан хэмжээгээр сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хүүхдэд олгох тэтгэлгийн хэмжээг хуульчилсны дагуу хуульд заасан хэмжээгээр тэтгэлгийг тогтоох нь зүйтэй байна.

            Зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдах нь зохистой байна.

Түүнчлэн эцэг Д.Б нь хүү Б.Б, охин Б.Э, охин Б.М, охин Б.Н нартай уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх зэрэг хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг эх Д.Осорлхамд даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2 үнээ, 2 бяруу нэхэмжилсэн боловч хариуцагч нь “... 2015 оны жилийн эцсийн тооллогоор 34 толгой бог мал тоолуулсан бөгөөд өнгөрсөн өвлийн зуданд 29 толгой мал хорогдсон байгаа, би 11 толгой малыг Д.О аваачиж өгсөн, одоо надад мал байхгүй гэж тайлбарлаж энэ талаар 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 51 тоот Архангай аймгийн Цахир сумын багийн засаг даргын тодорхойлолтыг нотлох баримтаар ирүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч энэ  талаар маргаагаагүй, хариуцагчид 4 тооны бод мал байгаа талаар ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн 2 үнээ, 2 бяруу нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн боловч хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм. Тиймээс гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлд төлбөл зохих 70200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч Д.Б гаргуулж төрийн сангийн 090400941тоот дансанд оруулах нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116. 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Адуучин овогт Д О, Боржигон овогт Д Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар нь 2004 оны 4 дүгээр сарын 30-нд хүү Б.Б, 2007 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр охин Б.Э, 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдөр охин Б.М, 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдөр охин Б.Н нарыг эх Д.О асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин Б.Э, охин Б.М, охин Б.Н нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, хүү Б.Б 11 наснаас 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Д.Б-р тэжээн тэтгүүлсүгэй.  

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг баримтлан хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, Засгийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг тэтгэлэг авагчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.О нэхэмжлэлийн шаардлагаас 2 үнээ, 2 бяруу нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.Б-с 70200 төгрөгийг гаргуулж төрийн сангийн 090400941 тоот дансанд оруулсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд зөв төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ хэвээр үргэлжлүүлэхийг даалгасугай.

8. Монгол Улсын хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдүүд эцэг, эхтэйгээ байнгын харилцаатай байх эрхтэй бөгөөд эцэг Д.Б-г хүү Б.Б, охин Б.Э, охин Б.М, охин Б.Н нартай уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх зэрэг хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг эх Д.О-д даалгасугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Энхцэцэгт даалгасугай.  

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

            12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОТГОНХИШИГ