Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/02052

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 197/ШШ2025/09980 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 6,757,446.90 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,757,446.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Тодруулбал,

 

нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...хариуцагчтай 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 15,500,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлж хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0,2 хувийн алданги тооцохоор тохирсон. Хариуцагч нь төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тул ******* УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж, үнэлүүлэхэд 10,575,000 төгрөг болсныг зээлээс хасаж тооцоод зээлийн үлдэгдэл 5,344,991.90 төгрөг, торгууль 790,000 төгрөг, татвар 372,456 төгрөг, үнэлгээний төлбөр 250,000 төгрөг, нийт 6,757,446.90 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн бол,

 

хариуцагч нь ...би, ******* УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 20,500,000 төгрөгөөр худалдаж авахдаа 5,000,000 төгрөгийг төлж, 15,500,000 төгрөгийг дээрх байгууллагаас зээл авч бүрэн төлсөн, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нийт 9,897,205.99 төгрөг төлсөн, эрүүл мэндийн байдлаас болж тогтоосон хугацаанд төлбөрийг ялимгүй хэтрүүлсэн, гэтэл машиныг хурааж авсан тул зээлийн үүргийг эд хөрөнгөөр бүрэн төлсөн гэж үзэж үлдэгдэл зээл нэхэмжилснийг зөвшөөрөхгүй... гэжээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна зохигчийн маргааны зүйлийн талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

 

3.1. ******* ХХК нь 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр *******тэй зээлийн гэрээ байгуулж, түүнд 15,500,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлдүүлэх,

 

3.2. Зээлдэгч ******* нь сар бүрийн 05-ны өдөр зээл болон зээлийн хүүнд тогтмол 809,680.31 төгрөг /бүрэн хорогдох/-ийг төлсөөр 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлж дуусгах үүрэг хүлээжээ. /х.х-ийн 9-10/

 

Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр эсэх болон хариуцагч нь нэхэмжлэгчид өнгөрсөн хугацаанд гэрээний үүрэгт 9,897,206 төгрөг төлсөн талаар зохигч маргаангүй.

 

4. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж заасан.

 

Хэргийн баримтаар нэхэмжлэгч ******* ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд хариуцагч *******д зээлийн гэрээний зүйлийг өгөх үүрэг хүлээнэ.

 

Тайлбарлавал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч нь зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар хариуцагч нь бусад этгээдээс 25,500,000 төгрөгөөр тээврийн хэрэгсэл худалдан авахдаа урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөг төлж, нэхэмжлэгчээс үлдэх 15,500,000 төгрөгийг зээлэн авч, худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг төлсөн байна. /х.х-ийн 54-55/

 

Анхан шатны шүүхийн талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх дүгнэлт зөв боловч маргааны талаар эрх зүйн зөв дүгнэлт өгөөгүй, мөн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

 

5. Талуудын тайлбараар зохигч зээлийн гэрээ байгуулахдаа хариуцагчийн худалдан авсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэрийг нэхэмжлэгчид шилжүүлсэн, хожим хариуцагч нь зээлийг буцааж төлөх үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч нь тухайн тээврийн хэрэгслийг хураан авч, үнэлгээ тогтоосон үйл баримтын талаар маргаагүй. /х.х-ийн 51-53/

 

Хэдийгээр талууд үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцааны болон фидуцийн гэрээ бичгээр байгуулаагүй боловч дээр дурдсанаар тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэрийг зээлдүүлэгчид шилжүүлсэн, түүнчлэн тээврийн хэрэгслийг хураан авч, үнэлгээ тогтоосон зэргээс дүгнэвэл барьцааны гэрээний харилцаа үүссэн байна.

 

Тодруулбал, хариуцагчийн ...барьцааны зүйл болох тээврийн хэрэгслийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хураан авч, үнэлгээнд оруулж, худалдан борлуулсан... гэх тайлбар нь нэхэмжлэгчийн ...******* УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслээ үнэлгээнд оруулж, нийт төлөх дүнгээсээ хасуулахаар болсон... гэх тайлбараар няцаагдаж байх тул хариуцагчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг хураан авч, үнэлгээ тогтоож, худалдан борлуулсан үйлдлийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй хийсэн гэж үзэхгүй.

 

6. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2-т Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаанд зөвхөн хөдлөх хөрөнгө барьцаална гэж, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох харилцаанд гагцхүү хөдлөх эд хөрөнгө барьцаалах бөгөөд дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангах журамтай.

 

Гэвч хэргийн баримтаар барьцааны зүйл болох ******* УЕВ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 10,575,000 төгрөгөөр үнэлсэн байх боловч дуудлага худалдаагаар худалдан борлуулсан болох нь тогтоогдсонгүй. /х.х-ийн 13-24/

 

7. ******* ХХК-ийн хөрөнгийн үнэлгээнд тусгагдсан тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 10,575,000 төгрөг нь дуудлага худалдааны суурь үнэлгээ тул нэхэмжлэгч нь үүнээс бага, аль эсхүл их үнээр худалдсан гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар баримтаар нотлоогүй учир тээврийн хэрэгслийг худалдан борлуулж хариуцагчийн төлөх ёстой зээлийн төлбөрөөс хассанаар 5,344,991 төгрөгийн төлбөрийн зөрүү үлдсэн гэж шууд дүгнэх боломжгүй.

 

Тийм учир дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 

Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний хүрээнд тухайлсан харилцаа болох барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасан гэрээний харилцаа үүссэн байхад эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний агуулгаар хариуцагчийг тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгчид бодитоор өгч үүргийг дуусгавар болгосон гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй байна.

 

8. Хэргийн баримтаар нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******ийн худалдаж авсан тээврийн хэрэгслийн үнэлгээний төлбөрт 250,000 төгрөг, торгууль 790,000 төгрөг, татвар 372,456 төгрөг, нийт 1,412,456 төгрөгийг бусдад төлжээ. /х.х-ийн 25-30/

 

8.1. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т Барьцаалуулагч шаардсан бол барьцааны зүйлийг худалдахын өмнө түүний үнэлгээг шинжээчээр тогтоолгож болох бөгөөд холбогдох зардлыг барьцаалуулагч хариуцна гэж заасан.

 

Иймд, нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн үнэлгээний төлбөрт төлсөн 250,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

 

8.2. Мөн Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэл хариуцагчийн эзэмшилд байх хугацаанд Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс 790,000 төгрөгийн торгууль ногдуулсныг төлснөөс гадна автотээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татвар, автын агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөрт 372,456 төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдсон ба хариуцагчийн зүгээс үүнийг баримтаар няцаагаагүй байна.

 

Иймд, дээрхийг нэгтгэн дүгнээд хариуцагчаас тээврийн хэрэгслийн торгууль 790,000 төгрөг, татвар 372,456 төгрөг, үнэлгээний төлбөр 250,000 төгрөг, нийт 1,412,456 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 5,344,991 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

 

Анхан шатны шүүх талуудын хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ тэдгээрийн хооронд үүссэн харилцааг зөв тогтоогоогүй, түүнчлэн маргааны зүйлийн талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй байгаа нь Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 24 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалын бүтэц аргачлал-д заасантай нийцээгүй болохыг үүгээр нэмж дурдана.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 197/ШШ2025/09980 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр 281.1, 496 дугаар зүйлийн 496.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******эс 1,412,456 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,344,991 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтад ...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагчаас 37,549 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийг бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,069 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Б.МАНДАЛБАЯР