Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 4642

 

 2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2016/04641

                       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэгийг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эх гудамж 45-2241 тоотод оршин суух, ЦА61021162 регистртэй, Мааньч ургийн овогт Цэрэв овогтой Оюунчимэгийн,

Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 10 дугаар байрны 36 тоотод оршин суух, ЧП60031001 регистртэй, Боржигон ургийн овогт Агваанжанцан овогтой Пүрэвсүрэнд холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,000,000 /долоон сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Оюунчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Золбоо /ШТҮД: 2187/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

А.Пүрэвсүрэн нь 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Нарантуул зах дээр лангуу зарна хэмээн Ц.Оюнчимэгээс 7,500,000 төгрөг авсан байна. Ингээд Ц.Оюунчимэг нь лангууг очиж үзэхэд бусдад түрээслэсэн байсан ба А.Пүрэвсүрэн нь “түрээсийн хугацаа удахгүй дуусна, тэгэхээр хүлээлгэж өгнө” гэж байсан. Гэтэл удалгүй Нарантуул захад гал гарч, тухайн лангуу нь шатаж, Нарантуул зах ажиллахаа больсон. Иймд Ц.Оюунчимэг нь лангуугаа авч чадаагүй тул А.Пүрэвсүрэнгээс 7,500,000 төгрөгөө буцааж авахыг хүсэхэд 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 500,000 төгрөг өгөөд, үүнээс хойш нэг ч төгрөг өгөөгүй байна. Ц.Оюунчимэг нь А.Пүрэвсүрэнгээс үлдсэн мөнгөө авъя гэхэд “удахгүй өгнө, санаа зоволтгүй” гэж хэлдэг байсан бөгөөд сүүлдээ “мөнгө байхгүй, зуу зуун мянгаар нь хувааж өгнө” гэдэг байсан боловч 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл үлдсэн 7,000,000 төгрөгийн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй байна. Иймд А.Пүрэвсүрэнгээс 7,000,000 төгрөгийг гаргуулан Ц.Оюунчимэгт олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Пүрэвсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Би Нарантуул худалдааны төвд махны лангуу ажиллуулдаг байсан. 2013 оны 8 дугаар сарын эхээр Ц.Оюунчимэг над руу утсаар яриад “лангуугаа зарсан уу, зараагүй бол би авъя. Хүнээс дуулаад ярьж байна” гэж хэлсэн. Би уулзаж байж яръя гэж хэлсэн. Үүнээс 3 хоногийн дараа ажил дээр ирж уулзахад нь “би гурван хүүхэдтэйгээ амьдардаг сургуулийн төлбөр хэрэгтэй л байна, гэхдээ одоо лангуугаа хүнд түрээслүүлсэн байгаа, гарах нь арай болоогүй” гэж хэлэхэд, Ц.Оюунчимэг “би одоо бол хүний лангуу түрээслэдэг. Танай лангуу орлого сайтайг би мэдэж байна. Өөр хүнд битгий өгөөрэй, нөгөөдөр уулзъя” гээд явсан. 2013 оны 8 дугаар сарын 10-нд Ц.Оюунчимэг миний ажил дээр ирээд лангуу авахаар шийдсэнээ хэлсэн. Би 15 хоногийн дараа түрээсийн хугацаа дуусахаар болъё гэсэн боловч Ц.Оюунчимэг “тэр хамаагүй, би мэдэхгүй биш. Өөр хүн авчихаж магадгүй, одоо шууд шийдье, хүлээж авлаа” гээд мөнгөө өгөөд худалдаж авсан. Нарантуул шатсаны дараа бид хоёр уулзаад би “чамд итгээд гэрээ хийгээгүй буруу байна, одоо гэрээ хийе” гэхэд тэр зөвшөөрөөгүй. Тэгээд зах шинээр баригдахаар лангуугаа авахаар тохиролцоод Ц.Оюунчимэг явсан. Гэтэл түүний дүү хоёр хүний хамт миний ажил дээр болон гадуур ирж удаа дараа дарамтлаад байхаар нь “Лангуу зарсан нь үнэн” гэж 2016 оны 5 дугаар сард шаардсаных нь дагуу бичиж өгсөн гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Оюунчимэг нь хариуцагч А.Пүрэвсүрэнд холбогдуулан, лангуу худалдах, худалдан авах хэлцлийн дагуу төлсөн 7,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч А.Пүрэвсүрэнгээс нэхэмжлэлд бичгээр хариу тайлбар ирүүлж, нэхэмжлэгч Ц.Оюунчимэгээс лангуу худалдах, худалдан авах хэлцлийн дагуу 7,500,000 төгрөгийг хүлээн авч, 500,000 төгрөгийг буцаан төлсөн талаар маргаагүй бөгөөд лангуу шатсаны улмаас худалдан авагчид хүлээлгэж өгөх боломжгүй байсан гэж тайлбарласан байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд харуицагчаас ээжийнх нь бие муудаж, харж асрах шаардлагатай гэх шалтгаанаар эмнэлгийн магадлагааг хавсарган шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн боловч баримтад дурдсан хүн түүний эх мөн эсэх нь тодорхойгүй, А.Пүрэвсүрэн асарч байгаа гэх зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул түүний эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. /хх 14, 20/

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Зохигчид 2013 оны 7 дүгээр сарын 06-ны өдөр Нарантуул худалдааны төв дэх хүнсний лангууг худалдахаар харилцан тохиролцож, худалдан авагч Ц.Оюунчимэг нь худалдагч А.Пүрэвсүрэнд 7,500,000 төгрөг төлөх, худалдагч нь лангууг худалдан авагчид шилжүүлэх үүрэг хүлээсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүлийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч Ц.Оюунчимэг нь хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлж, 7,500,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байх бөгөөд, хэлцэл хийгдсэний дараа Нарантуул худалдааны төв шатсаны улмаас хариуцагч А.Пүрэвсүрэн нь хэлцлийн дагуу лангууг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй боловч, хожим дахин шинээр баригдахаар лангууг авахаар тохиролцсон гэж тайлбарлана.

Хариуцагчийн дээрх тайлбарыг нэхэмжлэгч эс зөвшөөрөх бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан өөрийн тайлбар татгалзлыг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж шүүх дүгнэв.

Худалдан авагч лангууг авахаас татгалзсанаар 500,000 төгрөгийг буцаан төлж, үлдэх 7,000,000 төгрөгийг төлөх талаар хариуцагч хүлээн зөвшөөрч 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр баталгаа гаргасан байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна. /хх 5/

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул шүүхийн зардлыг хариуцагчид хариуцуулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЧП60031001 регистртэй Боржигон овогт Агваанжанцангийн Пүрэвсүрэнгээс 7,000,000 /долоон сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Мааньч овогт Цэрэвийн Оюунчимэгт олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 127,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 127,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах шатны журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ                         А.САРАНТУЯА