Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 01254

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 11 өдөр                         Дугаар 142/ШШ2016/01254                                    Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1964 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн 1-19-44 тоотод оршин суух Даваажавын Цогзолмаагийн /регистрийн дугаар РД64053002/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1968 онд төрсөн, 48 настай эмэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-22-23 тоотод оршин суух, Боржигон овгийн Лувсандоржийн Мөнхцэцэгт  /регистрийн дугаар РХ68061204/ холбогдох 1 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Цогзолмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Цогзолмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Цогзолмаа би Мөнхцэцэгийн хүсэлтээр 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр болсон. Ингээд өөрийнх нь Хаан банкны 5094172666 дансруу 300 000 төгрөг 5094093591 дансруу 200 000 төгрөг тус тус шилжүүлэх гэж гар утсаар ярьж тохиролцсоны дагуу 2015 оны 06 дугаар сарын 29-нд 200 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 01-нд 300 000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрч одоог хүртэл мөнгийг минь өгөөгүй байна. Иймд Мөнхцэцэгээс зээлийн гэрээний дагуу 1 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Л.Мөнхцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Д.Цогзолмаагийн нэхэмжлэлийн шаардлагаас 350 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч үлдэх 650 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Би Д.Цогзолмаагаас 500 000 төгрөг аваад 150 000 төгрөгийг нь 2015 оны 08 дугаар сарын 29-нд өгсөн. 500 000 төгрөг авахдаа бичгээр гэрээ хийгээгүй учир хүү төлөх үндэслэл байхгүй. Би Цогзолмаад 200 00 төгрөгийг 2016 оны 07 дугаар сард өгнө гэтэл авахгүй бөөнд нь 1 сая төгрөг авна гэхээр нь өгөөгүй. Иймд Д.Цогзолмаагийн нэхэмжлэлийн шаардлагаас 650 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Цогзолмаа хариуцагч Л.Мөнхцэцэгт холбогдуулан 1 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг үндэслэн хариуцагчаас үндсэн зээл 500 000 төгрөг, хүү 500 000 төгрөг, нийт 1 000 000 төгрөг нэхэмжилж байгаагаас хариуцагч 350 000 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрч байгаа.

Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.Зохигчид 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан байх ба гэрээнд “...иргэн Мөнхцэцэгт 2015 оны 06 дугаар сарын 29-нд 200 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 01-нд 300 000 төгрөг тус тус сарын 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлсэн.Хэрэв хугацаа хэтэрвэл хүүг нь хоногоор нь бодож өгөхөөр тохиролцов” гэжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

Зохигчидын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд “..Хэрэв хугацаа хэтэрвэл хүүг нь хоногоор нь бодож өгөхөөр тохиролцов” гэж дурьдсан байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр тохиролцож болохоор байна.Өөрөөр хэлбэл хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд хүү төлөх биш алданги төлөхөөр тохиролцох боломжтой юм.

Талууд үндсэн зээл 500 000 төгрөгийн талаар маргаагүй.Харин хариуцагч нэхэмжлэгчид 150 000 төгрөгийг буцааж төлсөн гэсэн тайлбараа нотлох баримт ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн “...би Мөнхцэцэгээс 100 000 төгрөг буцааж авсан” гэсэн тайлбарыг үндэслэн хариуцагчаас 450 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй гэж үзсэн.

Тодруулбал талууд үндсэн зээл 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн асуудлаар маргаагүй, түүнчлэн гэрээгээр 1 сарын хугацаанд хүү төлөхөөр тохиролцон бичгээр гэрээгээ байгуулсан тул хариуцагч 500 000 төгрөгийг 1 сарын хүү 50 000 төгрөгийн хамт нийт 550 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэг үүснэ.

Үүнээс нэхэмжлэгчийн буцааж авсан гэж зөвшөөрч байгаа 100 000 төгрөгийг хасч хариуцагчаас 450 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч хоног тутамд тооцож хүү нэхэмжлэх эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 550 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 14 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасныг баримтлан хариуцагч Л.Мөнхцэцэгээс 450 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Цогзолмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 550 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Мөнхцэцэгээс 14 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Цогзолмаад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Р.ҮҮРИЙНТУЯА