| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/18605/И |
| Дугаар | 210/МА2025/02086 |
| Огноо | 2025-12-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/02086
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
*******т холбогдох,
Гэрээний үүрэгт 559,448 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан гэрээний үүрэгт 559,448 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Тодруулбал,
нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...хариуцагчтай 2024 оны 10 сарын 09-ний өдөр ******* үйлчилгээний хэрэглэгчийн гэрээ байгуулж, сүлжээ хүлээн авагч 469,000 төгрөгийн төхөөрөмж худалдсан. Манай байгууллага интернэт, телевиз болон камер харах багцалсан үйлчилгээг үзүүлэх үүргийн дагуу үйлчилгээг хэрэглэгчид зохих ёсоор хүргэж ирсэн. Хэрэглэгч нь үйлчилгээний төлбөрийг сарын бүрийн 05-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд нэмэлт үйлчилгээний төлбөрийн хамт төлөх үүргийг хүлээсэн боловч 5 сарын хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй гэрээний үүргээ зөрчиж байна. Иймд, 2024 оны 11, 12 сарын төлбөр 87,948 төгрөг, төхөөрөмжийн үнэ 469,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал 2,500 төгрөг, нийт 559,448 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн бол,
хариуцагч нь ...тухайн төхөөрөмжийг захиалж хүргүүлж авсан талаар маргахгүй, хүргэж өгөхдөө холбож өгөөгүй, дараа нь төхөөрөмжөө холбуулж чадаагүй талаар мэдэгдэж дахин дуудлага өгөхөд ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.
3. Хэрэгт авагдсан баримтаар талууд 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Tentech үйлчилгээний хэрэглэгчийн гэрээ байгуулж, хариуцагч ******* урьдчилгаа төлбөрт 30,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлж, Tentech 8 ******* багцын үйлчилгээ авахаар төхөөрөмж худалдан авчээ. /х.х-ийн 8-9/
Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж, 248 дугаар зүйлийн 248.2-т Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж тус тус заасан.
Хавтаст хэргийн 8 дугаар талд авагдсан зарлагын баримтад хүлээн авсан гэх хэсэгт хариуцагч ******* гарын үсэг зурснаас гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан ...10 дугаар сарын 23-ны өдөр төхөөрөмжөө авч ирсэн боловч холболт хийгдээгүй... гэх тайлбар гаргасан зэргээс үзвэл хариуцагч нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрээний зүйлийг хүлээн авсан байна.
Тиймээс хариуцагчийн ...төхөөрөмжийг холбож өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэх тайлбар үндэслэлгүй.
5. Түүнчлэн дээр дурдсан хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заажээ.
Хариуцагч нь төхөөрөмжийг хүлээн авсан 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс хойш тухайн төхөөрөмж нь зохих ёсоор ажиллаж байгаа эсэх талаар /доголдолтой/ 6 сарын дотор шаардлага гаргаагүй байх тул нэгэнт худалдан авсан төхөөрөмжийн үнэ 469,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.
Гэвч хариуцагч тал гэрээ байгуулахдаа урьдчилгаа төлбөрт 30,000 төгрөгийг төлсөн байх тул үүнийг хасаад хариуцагчаас төхөөрөмжийн үнэ 439,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
6. Мөн хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-аас тоног төхөөрөмжөөс гадна Tentech 8 ******* багцын үйлчилгээ худалдан авахаар тохиролцсон.
Нэхэмжлэгч нь 2024 оны 11, 12 дугаар сард үйлчилгээ үзүүлсний төлбөрт 87,948 төгрөгийг шаардсан боловч хариуцагчид чухам хэдэн төгрөгийн үнэ бүхий ямар үйлчилгээ үзүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар баримтаар нотлоогүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийн төхөөрөмжийг холбож өгөөгүй гэх тайлбарыг нэхэмжлэгч нь няцаагүй, төхөөрөмжийг холбосны дараа үйлчлүүлэгч нь үйлчилгээ авах боломжтой болох ба тийнхүү төхөөрөмжийг холбоогүй байхад ямар үйлчилгээг хэрхэн үзүүлсэн болох нь нотлогдохгүй байх тул үйлчилгээ үзүүлсний төлбөрт 87,948 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.
7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал 2,500 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын хүрээнд дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 197/ШШ2025/11223 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад ...2,500 гэснийг 120,448 гэж, ...556,948 гэснийг 439,000 гэж,
2 дахь заалтад ...17,358.44 гэснийг 13,820 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,433 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Б.МАНДАЛБАЯР