Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 01255

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 11 өдөр                       Дугаар 142/ШШ2016/01255                                    Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1987 онд төрсөн, эмэгтэй 29 настай, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг Баян-Өндөрийн 02 дугаар гудамжны 36 тоотод оршин суух Монгол овгийн Буяндэлгэрийн Должинсүрэнгийн /регистрийн дугаар АГ87110900/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1986 онд төрсөн, эрэгтэй 30 настай, Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-5-77 тоотод оршин суух Тоонь харин овгийн Доржсүрэнгийн Өлзий-Оршиход /регистрийн дугаар УГ86032312/ холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Должинсүрэн, хариуцагч Д.Өлзий-Орших, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Должинсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2008 онд Д.Өлзий-Оршихтой танилцаж, 2014 он хүртэл хамтран амьдарсан. Бидний дундаас 2010 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүү Ө.Булган-Эрдэнэ төрсөн. Бид хоёр хамт байх хугацаанд Д.Өлзий-Орших байнга архи ууж, агсам тавьж, сүүлдээ гар хүрч зоддог болсон. Үүний нэг тод жишээ нь намайг хүчтнй алгадахад миний чихний хэнгэрэг цоорч эмнэлэгт хэвтэж, хагалгаанд орж нөхүүлсэн. Архи их ууснаасаа болж гэрийн эд зүйлс миний монетон ээмэг, гинж, бөгжийг ломбарданд тавьж уудаг болсон. Архи ууж ирэх болгондоо муу муухай үгээр дайрч доромжилж, эд зүйлс авч шидэн дарамталдаг. Энэ байдал нь хүүхдийн хүмүүжилд маш муугаар нөлөөлж байна. Ийм учраас бид хоёр цаашид эвлэрч, хамтран амьдрах боломжгүй. Одоогийн байдлаар бид тусдаа амьдраад 2 жил болж байна. Энэ хугацаанд Д.Өлзий-Орших нь хүүхэдтэйгээ нэг ч удаа уулзаагүй. Иймээс бидний гэрлэлтийг цуцалж, хүү Ө.Булган-Эрдэнийг өөрийн асрамжинд авч, аав Д.Өлзий-Оршихоос тэтгэмж гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Өлзий-Орших шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Д.Өлзий-Орших нь 2008 оноос 2014 он хүртэл Б.Должинсүрэнтэй хамт амьдарч байсан. Амьдарч байх хугацаандаа архи уудаг байсан нь үнэн. Байнга гар хүрч зодож байгаагүй, 1 удаа согтуу ирээд хэрүүл хийж байгаад алгадахад хэнгэрэг нь цоорч эмчлүүлсэн. 2014 онд Должинсүрэн Орос руу сургуульд явсан. Яваад 2 сарын дараа надаас холбоогоо тасалсан. Бидний хүү Булган-Эрдэнэ надтай хамт амьдарч байсан. 2015 оны 02 сард хүүг авч яваад дахин уулзуулаагүй. 9 сард уулзаад хэд хонож байхад Должинсүрэн утасдаад хүүхэд өөртөө дасгалаа буцааж өг гэж ярьсан. Түүнээс хойш хүүхэдтэйгээ уулзах гээд уулзаж чадаагүй, утсаар ярихаар утсаа авдаггүй, нэг бол хөдөө байгаа гээд уулзуулдаггүй. Надад хүүхэдтэйгээ уулзахгүй байх шалтгаан байхгүй. Миний хувьд Должинсүрэнгээс гэрлэлтээ цуцлуулах шалтгаан байхгүй. Хэрвээ гэрлэлт цуцалвал хүүхдийн тэтгэлэг төлнө” гэжээ.

Хариуцагч Д.Өлзий-Орших шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Б.Должинсүрэн үнэхээр өөр хүнтэй амьдарч байгаа надтай эвлэрч амьдарахгүй гэж байгаа бол би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна.Харин би хүүтэйгээ уулзаж байх хүсэлтэй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Должинсүрэн нь хариуцагч Д.Өлзий-Оршиход холбогдуулж гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Должинсүрэн шүүх хуралдаанд “...би одоо өөр хүнтэй хамтын амьдралтай болсон, нэг сартай жирэмсэн, гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлээ дэмжиж байгаа. Эвлэрч амьдрах боломжгүй. Хүүхдээ өөрийнхөө асрамжинд авна, тэтгэлэг тогтоолгоно, Эд хөрөнгийн маргаан байхгүй” гэсэн шаардлагаа дэмжиж оролцсон.

Хариуцагч Д.Өлзий-Орших шүүх хуралдаанд “...Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна, хүүхдийн тэтгэлэг төлнө, хүүтэйгээ уулзаж баймаар байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө” гэсэн тайлбар гаргасан.

Гэрлэгчид нь 2009 онд гэр бүл болж, 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн тэдний дундаас 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүү Ө.Булган-Эрдэнэ төрсөн нь Г-928 дугаар гэрлэлтийн гэрчилгээ, Г-370 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

Зохигчид хэн аль нь цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, тусдаа амьдарч байгаа, бие биенээ хүндэтгэн үзэж эвлэрч хамт амьдрах боломжгүй гэж байх тул тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэлээ.

Гэрлэгчдийн дундаас төрсөн хүү Ө.Булган-Эрдэнийг асрамжиндаа авна гэсэн нэхэмжлэгчийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа, хүү бага насны, хүүхдэд тавих анхаарал халамж зэрэг нөхцөл байдлыг харгалзан хүү Ө.Булган-Эрдэнийг эх Б.Должинсүрэнгийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.

Хүүхдийн тэтгэлэг нэхэмжилнэ гэсэн нэхэмжлэгчийн шаардлагыг хариуцагч Д.Өлзий-Орших хүлээн зөвшөөрч маргаагүй, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагч Д.Өлзий-Оршихоос хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр” тооцож нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлно гэж заасан.

Д.Өлзий-Оршихоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан түүний 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэгийн дүн 1 024 800 / амжиргааны доод түвшин 170 800 х12 сар=2 049 600 үүний 50 %  1 024 800 / төгрөгнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 29 145 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэв.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200  төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Должинсүрэн, хариуцагч Д.Өлзий-Орших нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Ө.Булган-Эрдэнийг эх Б.Должинсүрэнгийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Ө.Булган-Эрдэнийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Д.Өлзий-Оршихоос гаргуулан Б.Должинсүрэнд олгосугай.

4.Зохигчидын хооронд эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 29 145 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай. 

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Б.Жадамбад даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-тзааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Р.ҮҮРИЙНТУЯА