Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/02087

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/07036 дугаар шийдвэртэй,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

*******нд холбогдох,

 

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 8848 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

*******наас 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 8848 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч "******* ХХК"-ийн гүйцэтгэх захирал *******гийн гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болох хүртэл хугацаагаар түдгэлзүүлснийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гардан авч, танилцаад Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т "Энэ хуулийн 59.1-д заасан шийдвэр гарсан бол төлбөр төлөгч-иргэн, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл төлөөлөгчид түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэнэ" гэж заасны дагуу төлбөр төлөгч *******д шийдвэр гүйцэтгэх албаны 8848 дугаартай тогтоолыг мэдэгдэх үүрэгтэй байсан ч өнөөдрийг хүртэл хугацаанд албан ёсоор огт мэдэгдээгүй болно. 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дээрх 8848 дугаартай тогтоолын хуулбартай танилцахад мэдэж, тухайн тогтоол нь зохих журмын дагуу гараагүй, нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх хуульд заасан урьдчилсан нөхцөл бүрдээгүй хууль бус тогтоол гэж үзэж байна.Түүнчлэн *******ны 8848 дугаартай тогтоолыг хуульд заасны дагуу төлбөр төлөгчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг зөрчсөн байна. Тус нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хуучнаар Хан- Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар 2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдэд зохион байгуулалтын өөрчлөлт хийж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх болж, Нийслэлд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхүүдийг тус тус байгуулсан. Үүний дагуу 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 192/Ш32025/02169 дугаартай Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлэх захирамж гаргасан. Уг шилжүүлэх захирамжийг зохигчид танилцуулаагүй, мэдэгдээгүй бөгөөд хялбар ажиллагааны шүүхээс хэргийг хүлээн авсны дараа хэрэг нь хялбар ажиллагааны шүүхэд ирсэн тухай мэдэгдсэн болно. Улмаар хэргийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлснээс хойш хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан. Гэтэл хялбар ажиллагааны шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 197/Ш32025/09023 дугаартай "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамж гарсан байдаг. Тус захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6, 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон тул тус захирамжид гомдол гаргасан. Гомдлын дагуу 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шүүгчийн захирамжид гаргасан гомдлын дагуу гомдлыг хянан хэлэлцсэн бөгөөд тус хурлаар "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг харьяаллын шүүхэд дахин гаргаж шийдвэрлүүлэх талаар тайлбарласан. Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хуулийн хугацааг зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд итгэн эрхээ хамгаалуулах гэж бүхий л хугацаанд явсан болно. Иймд *******ны даргын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 8848 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолоор үүсгэн ажиллагааг эхлүүлсэн. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал, 5 хувийн хувьцаа эзэмшигч *******д шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар санал санаачилra гаргадаггүй. Иймд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй төлбөр төлөгч хуулийн этгээдийн удирдах алба тушаалтны гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхээр заасан бөгөөд *******д мэдэгдэх хуудсыг гардуулж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан байна. Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд үндэслэл журмын дагуу төлбөр төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан буюу хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн ажиллагаа нь хуульд нийцсэн байна. Төлбөр төлөгч ******* ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад ******* нь өөрийн биеэр оролцсон нь нотлогддог. ******* ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Я.Адьяасүрэн байгаа юм. Тийм учраас Я.Адьяасүрэн нь ******* ХХК-ийг төлөөлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох ёстой юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.3-т төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй гэдэг нөхцөл байдлын үндсэн дээр тухайн тогтоолыг гаргасан. Я.Адьяасүрэн нь гадаад улсад явж байхдаа оргон зайлах уу гэдгийг бид мэдэхгүй. Сэдэл нь ямар байхыг мэдэхгүй. Бид урьдчилан сэргийлэх байдлаар дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Төлбөр төлөгч ******* ХХК болон түүний удирдах албан тушаалтан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэснээс хойш буюу 2024 оны 01 дүгээр сараас хойш хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй байх, тогтоол маань хуульд нийцэж байгаа бөгөөд *******гийн нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.1.1, 271 дүгээр зүйлийн 271.3.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******гийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдуулан гаргасан Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 8848 дугаартай Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Нэг. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тухайд:

...Монгол Улсын хэмжээнд төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх бүрэн эрхийг гагцхүү Шийдвэр гүйцэтгэх албаны дарга бөгөөд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хэрэгжүүлдэг.

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 8848 дугаартай тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-т эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн бол гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн байдаг.

Хэрэгт авагдсан баримтаар Төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн бол гэх хуулийн урьдчилсан нөхцөл огтоос бүрдээгүй болно. Мөн ******* нь эрэн сурвалжлагдаагүй учраас түүнийг эрэн сурвалжлагдаж байгаа гэж үзэх боломжгүй юм. Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдөх төлбөрөө төлөөгүй нь түүний удирдах албан тушаалтны гадаадад зорчих эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

...Хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгч нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлж шийдвэрлүүлэх журамтай байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.2, 59.1.3-т заасан аль нэг үндэслэлийг тогтоохгүйгээр төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх санал гаргасан байхад хариуцагч уг арга хэмжээг авсан нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Хоёр. Нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж, дүгнэж чадаагүй тухайд:

...Шийдвэр гүйцэтгэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчид гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэл, тэмдэглэлийг танилцуулсан боловч үүнээс хоёр хоногийн дараа гарсан маргаан бүхий Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 8848 дугаартай тогтоолыг огт танилцуулаагүй.

...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т тус тус зааснаар хариуцагч 8848 дугаартай тогтоолыг хэрхэн танилцуулсан талаараа нотлох үүрэгтэй боловч ийнхүү нотлоогүй, шүүхээс диспозитив зарчмыг зөрчиж, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол танилцуулсныг 8848 дугаартай тогтоолыг танилцуулсан мэтээр тайлбарлаж, нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэл муутай гэж буруутгасан нь үндэслэлгүй.

Гурав. Гадаад зорчих эрх түдгэлзүүлэх шийдвэр гарсан талаар төлбөр төлөгчид танилцуулаагүй, мэдэгдээгүй нь уг арга хэмжээг хүчингүй болгох үндэслэлтэй тухайд:

...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичиг хүлээн авах баталгаанд нэхэмжлэгч гарын үсэг зурсан бөгөөд үүнд гэрийн хаяг, утасны дугаар, цахим шуудан, fecebook, viber зэрэг тухайн 8848 дугаар тогтоол танилцуулах харилцаа холбооны хэрэгслээ үнэн зөв мэдүүлсэн байхад хариуцагч тогтоолыг танилцуулах, хүргүүлэх талаар тодорхой үйлдэл, үйл ажиллагаа огт хийгээгүй болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой.

Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхэлсэн. Үүнээс хойш шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар шийдвэр гүйцэтгэгч удаа дараа нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч биелүүлээгүй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу 50,000,000 төгрөгөөс дээш гүйцэтгэх баримт бичигт төлбөр төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага буюу ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******гийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх мэдэгдлийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчид гардуулж өгсөн. Үүнээс хойш *******гийн гадаадад зорчих эрхийг мэдэгдлийн дагуу түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага буюу шууд төлөөлөх этгээдийг дуудсан боловч ******* дуудсан хугацаанд ирдэггүй. Мөн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ******* хүсэлт гаргасан. Уг хүсэлтдээ гадаадаас санхүүжилт авах болсон тул гадаадад зорчих эрхийг сэргээлгэж өгнө үү гэх агуулгыг дурдсан. Шийдвэр гүйцэтгэх байгууллага *******гийн хүсэлтийг хангаж шүүхийн шийдвэрийг биелүүлэх нөхцөл боломжоор хангаж гадаадад зорчих эрхийг түр хугацаагаар сэргээсэн. Гадаадад зорчих эрх түдгэлзүүлснээр тухайн этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзэж байна. Давж заалдах гомдолд мэдэгдээгүй гэж дурдсан боловч шийдвэр гүйцэтгэгчээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх талаар мэдэгдлийг гардуулж өгсөн нь хуульд нийцсэн. Иймд, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******нд холбогдуулан Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 8848 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

 

3.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/02213 дугаар захирамжаар ******* ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 3,353,547,414 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ******* ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, /х.х-ийн 31/

 

3.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газар нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШЗ2023/23429 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, мөн 183/ГХ2023/01934 тоот гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, /х.х-ийн 28-30, 32/

 

3.3. Улмаар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 8848 дугаар тогтоолоор төлбөр төлөгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******гийн гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн байна. /х.х-ийн 64/

 

Зохигч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа болон төлбөр төлөгч ******* ХХК нь төлбөрийг төлөөгүй үйл баримтын талаар маргаагүй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно гээд

59.1.1-т эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн гэж,

59.1.2-т хөрөнгөө нуун дарагдуулсан гэж,

59.1.3-т төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй тус тус заасан.

 

Тодруулбал, төлбөр төлөгч нь тавин сая төгрөгөөс дээш төлбөрийг төлөх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх хугацаанд эрэн сурвалжлагдаж байгаа, аль эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө нуун дарагдуулсан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй гэх урьдчилсан нөхцөлийн аль нэг нь бүрдсэн тохиолдолд уг арга хэмжээг хэрэгжүүлнэ.

 

5. Хэрэгт авагдсан баримтаар Хан-Уул дүүргийн 208 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ******* ХХК-ийн захирал *******д гүйцэтгэх хуудас дахь төлбөрийг төлөөгүй гэсэн үндэслэлээр түүний гадаадад зорчих эрхийг хязгаарлах саналыг эрх бүхий этгээдэд хүргүүлж байгаа талаар мэдэгдсэн байна. /х.х-ийн 37/

 

Ингээд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3-т Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 271.1, 271.2-т зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 271.3.5-д шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн төлбөр төлөгч-иргэн, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн удирдах албан тушаалтны гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, сэргээх гэж зааснаар 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төлбөр төлөгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******гийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлжээ.

 

6. Гэвч хэргийн баримтаар төлбөр төлөгч ******* ХХК болон тус компанийн гүйцэтгэх захирал ******* нар төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн, хөрөнгөө нуун дарагдуулсан, оршин суугаа хаяг тодорхойгүй буюу эрэн сурвалжлагдаж байгаа гэх зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй байхад гадаадад зорьчих эрхийг хязгаарлаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18 дахь хэсэгт улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно гэж заасан.

 

Тодруулбал, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх нь Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд хууль гаргахгүйгээр, эсхүл хуульд заагаагүй болон нийцээгүй үндэслэл, шалтгаанаар аль нэг байгууллага, албан тушаалтан иргэний энэхүү эрхийг хязгаарлаж болохгүй.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу төлбөрийг албадан барагдуулах ажиллагаа хэвийн явагдаж байгаа болон хэдийгээр төлбөр төлөгч этгээд мэдэгдэх хуудсанд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй боловч тэрээр тус ажиллагаанд зохих ёсоор оролцож байгаа тохиолдолд түүний гадаадад зорчих эрхийг шууд хязгаарлах учиргүй.

 

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т Энэ хуулийн 59.1-д заасан шийдвэр гарсан бол төлбөр төлөгч-иргэн, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл төлөөлөгчид түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэнэ гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь төлбөр төлөгч этгээд биш боловч тэрээр төлбөр төлөгч ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх гүйцэтгэх захирал болохын хувьд түүний гадаадад зорьчих эрхийг хуульд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд түдгэлзүүлж болох ба ийнхүү мэдэгдэх нь иргэний мэдэх эрхийг хангах, хариу тайлбар, татгалзал гаргах, тус шийдвэрийн талаар эрх бүхий этгээдэд гомдол гаргах зэрэг эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой юм. /х.х-ийн 100-103/

 

9. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т Иргэний эрхийг дараахь аргаар хамгаална гээд 9.4.7-д бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Шүүх дараахь хэргийг гомдлоор авч хэлэлцэнэ гээд 156.1.1-д шүүх, прокурор, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага болон Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гаргасан гомдол гэж тус тус заасан.

 

Тодруулбал, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг маргаанд хамаарах бөгөөд энэ тохиолдолд нотлох үүрэг хариуцагчид ногдоно.

 

Хэргийн баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчид гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тухай мэдэгдээгүй, мэдэгдсэн гэсэн тайлбараа дээр дурдсан хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нотлоогүй.

 

Анхан шатны шүүхийн нэхэмжлэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр эд хөрөнгө битүүмжлэх тогтоолтой танилцсан нь түүнийг гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоолын талаар мэдээгүй гэж үзэхгүй гэх дүгнэлт үндэслэл муутай болжээ.

Тус нэхэмжлэлийн хариуцагч нь Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хэдий ч гадаадад зорьчих эрхийг хязгаарлах тогтоол нь *******наас явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарах тул нэхэмжлэгч нь хариуцагчийг буруу тодорхойлсон гэж үзэхгүй.

Иймд, дээр дурдсаныг тус тус үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 8848 дугаартай тогтоолыг хүчингүй болгосон өөрчлөлт оруулна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/07036 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******нд холбогдуулан гаргасан Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 8848 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай гэж,

 

2 дахь заалтад ...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Б.МАНДАЛБАЯР