| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1428/Э |
| Дугаар | 1486 |
| Огноо | 2019-08-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 1486
2019 09 26 2019/ШЦТ/1486
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ,
Улсын яллагч Б.Алтанцэцэг,
Хохирогч Ч.Халиун,
Шүүгдэгч Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Хд холбогдох 1906 02436 1828 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2001 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Нийгмийн ажлын 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 7 дугаар гудамжны 435 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г Х /РД:................../,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Г.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энхтөв” нэртэй зочид буудалд иргэн Ч.Халиунтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар алгадах, өшиглөх зэргээр зодож, үснээс зулгаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Хгийн өгсөн: “Тухайн өдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Халиунтай харилцан зодолдсон. Миний хөл, гар хөхөрч, шалбарсан байсан. Би Халиуныг намайг цагдаад өгнө гэж бодоогүй. Би шинжилгээ өгөөгүй учир өргөдөл гаргаж чадаагүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Халиуны өгсөн: “Тухайн өдөр шүүгдэгч, бид хоёрыг хамт байх үед Отгонбаатар ирсэн. Араас Эрхэмээ ирээд бид нар хамт архи уугаад сууж байхад шүүгдэгч надад “ариун цэврийн өрөө оръё” гэж хэлээд гараас татсан. Шүүгдэгч, бид хоёрын дунд үл ойлголцол үүсч, шүүгдэгч намайг шууд алгадсан. Би өөрийгөө хамгаалах үүднээс шүүгдэгчийг эргүүлж цохих үед намайг үсэдсэн. Хэрүүл маргаан үүссэн учир бид нарыг буудлаас буудлын ажилчид хөөж гаргасан. Тухайн үед шүүгдэгч над руу дайрч орилоод байсан. Би буудлын ажилтны гар утсаар ээж рүүгээ ярьсан. Миний хүзүү шалбарч, гар, хөл хөхөрч, хүзүү хөдлөхөө больсон. Хохиролд 126.000 төгрөгийг нэхэмжилж байна. Тухайн үед байцаагч “баримтаа өгөөрэй” гэж хэлээгүй учир би баримтаа цуглуулаагүй. Би сэтгэл санааны хохирол гэж 1.000.000 төгрөгийг нэхэмжилснээс татгалзаж байна. Өмнө нь шүүгдэгч намайг цохиж, зодох гэж оролдож байсан учир одоо би шүүгдэгчээс айж байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Халиуны өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 15 цагийн үед Сансарын И-мартын хажууд Х гэх найзтайгаа хамт байж байхад Хгийн найз Баатар гэх залуу ирсэн. 15 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхтөв гэсэн зочид буудалд орж бид нар архи уусан. Тухайн буудлаас 20 цагийн үед гарахаар төлбөрийг төлж байсан. 18 цагийн үед Баатар Хгийн найз гэх Эрхэмээ гэх залуу ирсэн. Бид нар юм яриад сууж байхад Х намайг нойл оръё гэхэд өөдөөс хараад үгүй гэхэд миний гарнаас базаад нойл оръё гэж орилоод намайг чирч бие засах өрөө лүү орсон. Ойр зуурын юм ярьж байснаа миний нүүр лүү алгадсан. Чи одоо яагаад байгаа юм гээд би зөрүүлээд түлхсэн чинь намайг үсдэж аваад газар унагасан. Би зөрүүлээд үснээс нь зулгаасан. Найзууд нь орж ирээд тухайн нойлоос гаргасан. Нойлоос гарсны дараа гараараа нүүр лүү цохиод намайг үсдэж дараад нүүрлүү өшиглөөд зодсон. Цементэн шалан дээр миний толгойг мөргүүлсэн. Хэвлий болон гуя руу Х өшиглөсөн. Би уйлаад байж байхад буудлын ресепшин орж ирээд нөгөө хоёр найз Хг надаас салгасан. Тэр 3 гараад яваад өгсөн би ээжтэйгээ утсаар ярьсан. Миний нүүр маажигдсан шарх олон үүссэн доод уруул хавдаж цус гарсан байсан. Миний үс туг тугаараа унасан байсан. Тэр буудлаас гарахад үүдэнд машинтай Х сууж байсан. Над руу “хөөе чи ийшээ суугаадах” гэж орилсон. Би суухгүй такси бариад ах дээрээ очсон...” гэх мэдүүлэг /хх.13-14/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Хгийн гэрчээр өгсөн: “... Би 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр найз Ч.Халиун болон манай эрэгтэй найзууд болох Баатар, Эрхэмээ бид 4 нийлээд 18 цагийн үед Баянзүрх дүүрэгт байрлах Улаанбаатар их сургуулийн ард байх зочид буудалд архи уухаар орсон. Ингээд нэрийг нь үл мэдэх буудалд ороод хар Чингис гэх нэртэй 0.5 литрийн архи мөн том савтай пиво хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусгачихаад би Халиунааг гэртээ харья, явъя орой болчихлоо гэж хэлтэл байж бай гээд байсан. Тэгээд байж байснаа Халиунаа, Эрхэмээ гэх залуутай өөр өрөөнд орох гээд байсан. Тэгэхээр нь би “чи болиоч ээ, онигоотой юм, хүн амьтан юу гэж бодох юм” гэж хэлтэл над руу уурлаад зүгээр унтах гээд байна чамд ямар хамаатай юм гэсэн. Ингээд миний уур хүрээд “арчаагүй новш вэ” гэж хэлэн алгадчихсан. Тэгтэл Халиунаа намайг буцаагаад алгадсан. Ингээд тэнд бид хоёр зодолдсон бөгөөд би тэр үед согтуу байсан болохоор юу болсныг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх.16/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Отгонбаатарын өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр найз Ч.Халиун, Г.Х хоёртой өдөр 12 цагийн үед уулзсан бөгөөд ойр зуурын юм ярьж миний машин дотор сууж байсан. Тэгээд бид гурав 15 цагийн үед Баянзүрх дүүргийн Кино үйлдвэрт байрлах дэн буудалд орсон бөгөөд тэр дотор 0.5 литрийн архи уусан. Ингээд үдээс хойш 17 цагийн үед манай найз Эрхэмбаяр бид 3 дээр ирсэн. Ингээд бид 4 нийлээд тэр газар пиво болон архи уугаад жоохон согтсон. Тэгээд байж байтал манай найз Эрхэмбаяр болон Ч.Халиун хоёр хажуу талд өрөө авч ороод тэр өрөөндөө хононо гэсэн. Тэгтэл Г.Х нь Ч.Халиунд уурлаад гэртээ харья, явъя гэж хэлсэн. Ингээд Ч.Халиун явахгүй гээд тэр хоёр хэрэлдэж эхэлсэн бөгөөд удалгүй зодолдож эхэлсэн. Ингээд Эрхэмбаяр тус зодооныг салгаад би Г.Хг тэр газраас авч гаран гэрт нь хүргэж өгсөн. Харин Эрхэмбаяр гэртээ харьсан гэж надад хэлсэн. Ч.Халиуныг яасныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.18/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О.Болороогийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4763 дугаартай: “... Ч.Халиуны биед баруун нүдний гадна хэсэг, хоёр гуяны цус хуралт, нүүр, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Хгийн яллагдагчаар өгсөн: “... Би Ч.Халиунд гэмтэл учруулсан нь үнэн боловч миний биед Ч.Халиун мөн гэмтэл учруулсан. Би найз болохоор нь эмнэлэгт үзүүлээгүй, цагдаад мэдэгдээгүй, мөн сүүлд цагдаа дээр дуудагдан очоод мэдүүлэг өгөхөд шүүх эмнэлэгт үзүүлэх үү гэхэд миний гэмтлүүд эдгэрсэн байсан. Бид хоёр яг адилхан зодолдсон бөгөөд зодолдсон шалтгаан нь Ч.Халиун дөнгөж танилцсан залуутайгаа буудалд хонох гээд байсан. Тийм болохоор би найз гэдэг утгаараа тийм заваан, тэр залуутай хонуулахгүй ямар нэг юм болчихож магадгүй гэж сэтгэл гарган явъя гэж хэлтэл хэрүүл хийгээд байсан. Тийм шалтгааны улмаас болж бид хоёр зодолдсон...” гэх мэдүүлэг /хх.36/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Г.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энхтөв” нэртэй зочид буудалд иргэн Ч.Халиунтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар алгадах, өшиглөх зэргээр зодож, үснээс зулгаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Халиуны өгсөн: “... Ойр зуурын юм ярьж байснаа миний нүүр лүү алгадсан. Чи одоо яагаад байгаа юм гээд би зөрүүлээд түлхсэн чинь намайг үсдэж аваад газар унагасан. Би зөрүүлээд үснээс нь зулгаасан. Найзууд нь орж ирээд тухайн нойлоос гаргасан. Нойлоос гарсны дараа гараараа нүүр лүү цохиод намайг үсдэж дараад нүүр лүү өшиглөөд зодсон. Цементэн шалан дээр миний толгойг мөргүүлсэн. Хэвлий болон гуя руу Х өшиглөсөн... Миний нүүр маажигдсан шарх олон үүссэн доод уруул хавдаж цус гарсан байсан. Миний үс туг тугаараа унасан байсан...” гэх мэдүүлэг /хх.13-14/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Хгийн гэрчээр өгсөн: “... Ингээд миний уур хүрээд арчаагүй новш вэ гэж хэлэн алгадчихсан. Тэгтэл Халиунаа намайг буцаагаад алгадсан. Ингээд тэнд бид хоёр зодолдсон...” гэх мэдүүлэг /хх.16/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Отгонбаатарын өгсөн: “... Ингээд Ч.Халиун явахгүй гээд тэр хоёр хэрэлдэж эхэлсэн бөгөөд удалгүй зодолдож эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх.18/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О.Болороогийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4763 дугаартай: “... Ч.Халиуны биед баруун нүдний гадна хэсэг, хоёр гуяны цус хуралт, нүүр, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Хгийн яллагдагчаар өгсөн: “... Би Ч.Халиунд гэмтэл учруулсан нь үнэн... Бид хоёр яг адилхан зодолдсон бөгөөд зодолдсон шалтгаан нь Ч.Халиун дөнгөж танилцсан залуутайгаа буудалд хонох гээд байсан... Тийм шалтгааны улмаас болж бид хоёр зодолдсон...” гэх мэдүүлэг /хх.36/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Халиуны өгсөн: “... Шүүгдэгч, бид хоёрын дунд үл ойлголцол үүсч, шүүгдэгч намайг шууд алгадсан. Би өөрийгөө хамгаалах үүднээс шүүгдэгчийг эргүүлж цохих үед намайг үсэдсэн... Тухайн үед шүүгдэгч над руу дайрч орилоод байсан... Миний хүзүү шалбарч, гар, хөл хөхөрч, хүзүү хөдлөхөө больсон...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Хгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Хд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Г.Хгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Г.Х нь хохиролд 126.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Ч.Халиун гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Г.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Г.Хгийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Г.Хд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дахь заалтад тус тус зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г.Хд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Г Хг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Хд сануулсугай.
4. Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 126.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Халиун гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР