Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/02088

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/08341 дугаар шийдвэртэй,

 

*******ын нэхэмжлэлтэй,

*******, ******* нарт холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 47,747,689.3 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

...би, *******тай холбогдоод 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр уулзаж, ******* УКО улсын дугаартай, хар хөх өнгийн 2008 оны Lexus RX400h маркийн автомашиныг 44,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Урьдчилгаа төлбөрт 22,000,000 төгрөгийг тухайн өдрөө *******гийн Хаан банкны ******* тоот данс руу эхнэр *******гийн ******* тоот данснаас шилжүүлж, үлдэх 22,000,000 төгрөгийг ******* ХХК-аас авсан зээлийн хөрөнгөөр төлсөн. Автомашинаа гэрээнд зааснаар 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан. Улмаар 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шатахуун түгээх станцаас бензин хийх гэтэл гоожоод, гэнэт хянах самбар дээр баахан гэрэл асаад унтрахгүй, арын суудлын сэнс нь дуугараад байсан. Оношилгооны төв дээр очиж үзүүлэхэд усанд орсноос болж баттерей нурсан, хэлбэлзэлтэй, явах эд ангиуд зэвэрч цоорсон, үүнийгээ хар лакаар будсан байна гэж хэлсэн. Тэгээд *******тай холбогдоход би сайн мэдэхгүй байна, автомашинаа янзлуулчих, мөнгийг нь өгье гэж хэлж байсан. Би, засварын газарт очсон боловч засах боломжгүй автомашин байна гэсэн учир энэ талаар *******д хэлээд автомашинаа буцааж ав, мөнгөө авъя гэж зөндөө гуйж захидал бичсэн. Эхэндээ янзлуулж өгье гэж хариу бичдэг байснаа сүүлдээ утсаа салгаад алга болсон тул 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст түүнд холбогдуулан өргөдөл бичиж өгөхөд Баянзүрх дүүрэг рүү шилжүүлсэн. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаанд 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ХХК-ийн засварын газар оношилгоонд оруулахад хөдөлгүүрийн блокны заглушка зэвэрч цоорсон, хөдөлгүүр зэв ихтэй, бензин банкны хоолой зэвэрч хугарсан, өндөр хүчдэлийн баттерей хэлбэлзэл ихтэй, явах эд анги зэв ихтэй гэсэн дүгнэлт гарсан. Цагдаагийн байгууллагаас Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилсон бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 445 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн блокны заклушик шингэн алдсан гэмтэлтэй, шатахууны хоолой тасарч зэвэрсэн гэсэн.

...Миний бие ******* ХХК-иас 22,000,000 төгрөгийг жилийн 31.6 хувь, сарын 2.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 14-ий өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл зээлийн үндсэн төлбөрт 1,613,592.68 төгрөг, хүүд 2,979,769.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 419,429.24 төгрөг, нийт 5,012,791 төгрөг төлсөн. Тиймээс Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1, 253.2, 254 дүгээр зүйлийн 254.2, 254.6, 254.7 дахь хэсэгт заасны дагуу 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3604 дугаартай гэрээг цуцалж, автомашины урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 22,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаарх зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр 20,734,898.30 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 14-өөс 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл зээлийн өр төлбөрт төлсөн 5,012,791 төгрөг, нийт 47,747,689.3 төгрөгийг *******, ******* нараас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өөрийн унаж байсан УКО улсын дугаартай автомашиныг худалдахаар фейсбүүкт зар тавьж, ******* гэх хүнтэй холбогдсон. Улмаар түүнд автомашиныг үзүүлсэн бөгөөд тэрээр засварын газарт оношилгоонд оруулж нэг бүрчлэн шалгасны үндсэн дээр хүлээн авч, мөн өдрөө нэр дээрээ шилжүүлсэн. Тухайн автомашин нь миний өмч боловч анх худалдан авах үедээ ах *******ийн нэр дээр авсан учир шууд түүнээс шилжүүлсэн юм. Наймааг би хийж, мөнгийг өөртөө хүлээн авсан тул ах ******* уг асуудалд огт хамааралгүй. Харин 44,000,000 төгрөгөөр тохирч худалдсан атал үндэслэлгүйгээр зээлийн өр төлбөр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Талууд автомашиныг бүрэн шалгаж хүлээлцсэнээс хойш ямар гэмтэл учирсан, мөн өнөөдрийг хүртэл хэдий хэмжээнд элэгдэл, хорогдол үүссэн талаар тооцох аргагүй тул миний зүгээс наймааг буцаах боломжгүй. ...би энэ автомашиныг өгөхдөө анхнаасаа сайн үзэж шалгаж аваарай гэж хэлсэн. Тэгээд яг худалдаж авахдаа оношилгооны газарт оношлуулж авсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 44,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,747,689.3 төгрөг болон хариуцагч *******ид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,  УКО улсын дугаартай, Lexus, RX400h маркийн автомашиныг хариуцагч *******д буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч *******од даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 396,688 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 377,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

...Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлд ... 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бензин хийх гэтэл гоожоод байсан, оношилгоонд оруулсан, засварлах боломжгүй тул цагдаад хандсан... гэх талаар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...1 жил гаруй хугацаанд манай гэрийн гадна байна... гэх талаар дурдсан боловч тус тээврийн хэрэгсэл нь олон нийтэд нээлттэй мэдээллийн эх сурвалж болох smartcar.mn мэдээллийн цахим сайтаас шүүж үзэхэд 2024 оны 10 дугаар сарын 16-нд буюу гэмтэл учраад бензин хийж болохгүй байсан гэх өдрийн дараа өдөр нь замын хөдөлгөөнд оролцож, торгууль бичигдсэн үйл баримт илэрхий байна. Мөн улсын хилээр импортлогдсон үеийн нөхцөл байдлын талаар дурдахдаа 268.910 км явсан, 2008 онд үйлдвэрлэгдсэн, гэмтэлгүй тээврийн хэрэгсэл гэж тусгагдсан байгаа бөгөөд эдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4- д заасан нийтэд илэрхий үйл баримт гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн ...251 дүгээр зүйлийн 251.2-д зааснаар гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэл нь зориулалтын дагуу ашиглагдах буюу замын хөдөлгөөнд оролцох боломжтой эсэх нь тус эд хөрөнгө нь биет байдлын хувьд доголдолтой эсэхийг шийдвэрлэх үндсэн гол баримт болох бөгөөд нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар тус тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаад торгуулсан байгаа нь зориулалтын дагуу ашиглах боломжтой байсныг илтгэж байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар доголдолтой холбоотой доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, гэрээг цуцлах тухай шаардлагыг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор гаргахаар байгаа юм. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2025 оны 04 дугаар 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байгаа нь хуулиар зохицуулсан шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Мөн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхтэй гэж үзэн, талууд гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасныг үндэслэн шийдвэр гаргасан боловч тээврийн хэрэгслийг *******д шилжүүлэн өгөхийг *******од даалгаж шийдвэрлэсэн нь бодит байдлаар биелэгдэх боломжгүй юм.

Учир нь, талуудын хооронд маргаан бүхий гэрээний харилцаа үүсэхээс өмнө УКО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хариуцагч *******ийн өмчлөлд байсан ба яг одоогийн байдлаар ХХК-ийн өмчлөлд байгаа нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Гэтэл шүүх нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа буцаах үр дагавар үүснэ гэх талаар дүгнэсэн боловч хэргийн зохигч биш гуравдагч этгээдийн өмчлөлд байгаа эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх талаар шийдвэр гаргаж, гэрээ байгуулахаас өмнө тээврийн хэрэгслийн өмчлөгч биш байсан этгээдийг өмчлөгчөөр тогтоосон мэтээр дүгнэлт хийсэн нь илтэд үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Тухайн автомашиныг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр худалдаж авахдаа ******* ХХК-ийн зээлээр авсан. 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Дэнжийн 1000 руу очоод хүнс, ойр зуур зүйлс аваад Биокомбинат руу явсан. Замдаа 3-4 зураас бензинтэй байсан учраас нэмж бензин хийхээр бензин түгээх газарт зогсоход ард зогсож байсан автомашины жолооч автомашины доод хэсгээр бензин гоожоод байна гэж хэлсэн учраас буугаад харахад доод хэсгээр нь бензин асгарсан байсан. Бензин түгээгч таны автомашинд бензин хийж болохгүй гоожоод байна гэж хэлсэн. ******* руу утсаар ярихад би хөдөө явж байна, ярих боломжгүй хоолой өвдөөд байна, чи засварын газраар засуулаарай дугаарыг нь өгье гэж хэлсэн. 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Да хүрээ худалдааны төвийн автомашины сэлбэг зардаг газарт очиход сэлбэг нь байна, гэхдээ засуулах боломжгүй, учир нь доод эд анги нь бүхэлдээ зэв авсан болохоор засвар авах боломжгүй гэж хэлсэн. Тус газраас зэвэрсэн хоолойг шинээр худалдаж авсан. Да хүрээ худалдааны төвөөс гэртээ харих замд торгууль бичигдсэн байсан. Тухайн автомашиныг ачилтын тэргээр ачуулаад үнэлгээний газар очиж үнэлгээ хийлгэсэн гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 47,747,689.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.

 

3. Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч *******тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, арлын дугаартай, ******* УКО улсын дугаартай, Lexus RX400h маркийн тээврийн хэрэгслийг 44,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна. /х.х-ийн 8-9/

 

Хэдийгээр ******* нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр *******оос олгосон итгэмжлэлийг үндэслэн тус худалдах, худалдан авах гэрээг *******той байгуулсан боловч гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийн өмчлөгч нь ******* эсэх талаар зохигч маргаагүй учир Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно гэж зааснаар төлөөллийн харилцаа бий болоогүй.

 

Тиймээс анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, хариуцагч *******ид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Тайлбарлавал, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол, худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

 

5. Зохигчийн тайлбараар нэхэмжлэгч ******* нь худалдах, худалдан авах гэрээний үнэ 44,000,000 төгрөгийг төлсөн бол, хариуцагч ******* нь тээврийн хэрэгслийг түүнд хүлээлгэн өгсөн байна.

 

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөх эрх худалдан авагч *******од шилжсэн гэж дүгнэнэ.

 

Гэвч талууд тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн болон үнийг төлсөн үйл баримтын талаар маргаагүй ч зохигчийн байгуулсан худалдах, худалдан авах гэрээний зүйл доголдолтой байсан эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

 

6. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж, 251.2-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж тус тус заасан.

 

Зохигч тээврийн хэрэгслийн чанарын талаар гэрээгээр тухайлан тохироогүй бол хариуцагч нь зориулалтын дагуу ашиглах боломжтой эд хөрөнгийг худалдах бөгөөд тэрээр нэхэмжлэгчид 2008 онд үйлдвэрлэгдэн 268,000 км явсан тээврийн хэрэгслийг худалдсан байх тул мөн хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1-д Үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй гэж зааснаар дундаас доошгүй чанарын тээврийн хэрэгсэл худалдсан гэдгээ нотлох ёстой.

 

Өөрөөр хэлбэл, гэрээний зүйлийг олон жил ашиглагдаж байсан байдлыг харгалзан авч үзвэл шинэ тээврийн хэрэгслийн адил чанарын талаар өндөр стандартын шаардлага тавихгүй ба энэ утгаараа хуучин тээврийн хэрэгслийн хувьд нэхэмжлэгчийг байгаа байдлаар нь худалдан авсанд тооцно.

 

7. Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгчийг тус тээврийн хэрэгслийг шалгаж авсан учир хожим илэрсэн доголдлын талаар гомдол гаргах эрхгүй гэж маргасан.

 

Хэдийгээр Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д Дараахь тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гээд 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж заасан боловч хариуцагчийн энэхүү татгалзлыг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.

 

7.1. Хэргийн 12 дахь талд авагдсан ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн үзлэгийн хуудсаар ...хөдөлгүүрийн блокны заклушик зэвэрч цоорсон, хөдөлгүүр их зэвтэй, бензин банкны хоолой зэвэрч хугарсан, өндөр хүчдэлийн батерей хэлбэлзэл ихтэй, явах эд анги их зэвтэй... гэжээ. /х.х-ийн 12-14/

 

7.2. Мөн эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэргийг шалгах ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд ...хөдөлгүүрийн блокны заклушик шингэн алдсан гэмтэлтэй, шатахууны хоолой тасарч зэвэрсэн... гэж дүгнэсэн байна. /х.х-ийн 15-29/

 

Тодруулбал, худалдах, худалдан авах гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийн шатахууны хоолой тасарч зэвэрсэн, өндөр хүчдэлийн батерей хэлбэлзэл ихтэй, явах эд анги их зэвтэйн улмаас тээврийн хэрэгслийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болох нь тогтоогдсон.

 

8. Нэхэмжлэгч ******* нь тухайн үед тээврийн хэрэгслийг шалган аваад явсан боловч тээврийн хэрэгслийг байгаа байдлаар нь худалдан авсан гэдэгт энгийн хүний нүдээр хараад мэдэх боломжгүй далд гэмтэл, доголдлыг хүлээн авснаас хойш хугацаанд илэрсэн ноцтой эвдрэл, гэмтэл худалдагчид хамааралгүй гэсэн утгыг шууд илэрхийлэхгүй.

 

Өөрөөр хэлбэл, худалдан авагч нь гэрээний зүйлийг хүлээн авахаас өмнө үүссэн байсан доголдол хожим боломжит хугацаанд /1 хоногийн дараа илэрсэн байна/ илэрсэн, хэрэв үүнийг худалдан авах үед мэдсэн бол худалдан авахгүй байх тийм доголдол байвал ноцтой доголдолтой гэж үзнэ.

 

Иймээс энэхүү магадлалын 7 дугаарт дурдсанаас дүгнэвэл тухайн эвдрэл, гэмтлийг Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж зааснаар худалдагч авагч ******* нь тээврийн хэрэгслийг хүлээн авсан өдрөөс хойш хугацаанд бий болсон доголдол гэж үзэх боломжгүй.

 

9. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж, 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж тус тус заажээ.

 

Зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар талууд худалдах, худалдан авах гэрээний зүйлд баталгаат хугацаа тогтоогоогүй ба нэхэмжлэгч ******* нь гэрээний зүйлийн доголдлыг арилгуулах талаар тийнхүү доголдлыг илрүүлснээс хойш 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хариуцагч ******* руу зурвас бичиж байснаас гадна цагдаагийн байгууллагад гомдол гаргасан зэргээс үзвэл гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Иймд, хариуцагчийн өмгөөлөгчийн ...нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй... гэсэн гомдлыг хүлээн авахгүй.

 

10. Мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.7-д Эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор гол доголдлыг илрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ гэж зааснаар гол доголдлыг худалдан авагчид эрсдэл шилжихээс өмнө анхнаасаа байсан гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэл нь хайбрид буюу хосолсон мотортой бөгөөд тээврийн хэрэгслийн шатахууны хоолой болон батерей гол эд ангид тооцогдох тул уг доголдлыг баталгаат хугацаа тогтоосон бол уг хугацааны дотор, хэрэв тогтоогоогүй бол зургаан сарын дотор илэрсэн бол худалдан авагчид эрсдэл шилжихээс өмнө үүнийг байсанд тооцно.

 

11. Хэрэгт цугларсан баримтаар тус тээврийн хэрэгслийн шатахууны хоолой тасарч зэвэрсэн, өндөр хүчдэлийн батерей хэлбэлзэл ихтэй, явах эд анги их зэвтэй болох нь тогтоогдсон бөгөөд худалдагч ******* энэхүү гэмтэл нь тээврийн хэрэгслийг худалдан авагч *******од хүлээлгэн өгөхөөс өмнө байгаагүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нотлоогүй.

 

Анхан шатны шүүх талууд хуучин тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авахаар тохирсон байгааг үндэслэн гэрээг цуцлах хэмжээний ноцтой доголдол эсэх, мөн гол эд ангийн доголдолд хамаарах эсэх талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй байгааг давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар нэмж дүгнэв.

 

12. Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн үнийг төлөхдөө урьдчилгаа төлбөрт 22,000,000 төгрөгийг төлж, үлдэх 22,000,000 төгрөгийг ******* ХХК-иас зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар фидуцийн гэрээ байгуулж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг уг компанийн нэр дээр шилжүүлжээ. /х.х-ийн 29-36/

 

Хэргийн баримтаар нэхэмжлэгч ******* нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүйгээс фидуцийн зүйлийг зээлдүүлэгч ******* ХХК нь бодитоор гаргуулан авсан гэх үйл баримт тогтоогдоогүй.

 

Иймд, анхан шатны шүүх тээврийн хэрэгслийг хариуцагч *******д буцаан шилжүүлэхийг *******од даалгаж шийдвэрлэсэн нь тус банк бус санхүүгийн байгууллагын эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхгүй, уг компаниас 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн албан бичгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн тайлбар гаргасан байна. /х.х-ийн 5/

 

13. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, хариуцагч *******гийн худалдсан тээврийн хэрэгсэл доголдолтой байсны улмаас талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсантай холбогдуулан нэхэмжлэгч ******* нь учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,747,689.3 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй тул талуудын зарчмын хүрээнд энэ талаар дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/08341 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Б.МАНДАЛБАЯР